Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2025/ХШТ/119

 

О.Б-эд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                        

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаар магадлалтай, О.Б-эд холбогдох 2322001870039 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, ял шийтгэлгүй, ... овогт Б:

 

Шүүгдэгч О.Б- нь 2023 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайхан-Овоо сум Мааньт багийн нутаг дэвсгэрт “Т А” загварын ... УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийг онхолдуулж, зорчигч Э.М-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 125 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцон хасаж,

шүүгдэгч О.Б-ийн зорчих эрхийг хязгаарласан 3 жил 6 сарын хугацаанд ... аймгийн ... сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах 1 хоногийн ялыг 1 хоног хорих ялаар солихыг анхааруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж,

эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “...” загварын ... УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Г.Г-т өгөхийг Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгаж,

шүүгдэгч О.Б-ээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын зардалд 13.704.710 төгрөг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор уршигт 114.537.500 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д, мөн шүүгдэгч О.Б-ээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн асрамжид байсан ... оны ... дүгээр сарын ...-нд төрсөн ..., ... оны ... дугаар сарын ...-нд төрсөн М..., ... оны ... дугаар сарын ...-нд төрсөн А нарт сар бүр 220.500 төгрөгийн төлбөрийг арван зургаан нас хүртэл, суралцах бол арван найман нас хүртэл гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын зардалд иргэний хариуцагч Б.Г-оос 10.352.355 төгрөгийг, шүүгдэгч О.Б-ээс 3.352.355 төгрөгийг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ээс сэтгэцэд учирсан хор уршигт 114.537.500 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн асрамжид байсан ... оны ... дүгээр сарын ...-нд төрсөн М.М..., ... оны ... дугаар сарын ...-нд төрсөн М.М..., ... оны ... дугаар сарын ...-нд төрсөн М.А... нарт тус тус 748.500 төгрөгийг сар бүр арван зургаан нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл гаргуулсугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... О.Б-эд холбогдох хэргийг Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч О.Б-ийг гэм буруутайд тооцож хохирол хор уршигтай холбоотой асуудлыг хянан шийдвэрлэсэн. О.Б- нь гэм буруугийн талаар, хэргийн үйл баримтын талаар маргаагүй. Гагцхүү анхан болон давж заалдах шатны шүүхийн хохирол хор уршигтай холбоотой хэсгийг хянан шийдвэрлэсэн талаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоохоор шинжээч томилсон. Хэрэгт 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 639 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Уг шинжээчийн дүгнэлтээр “сэтгэцэд 3 дугаар зэрэглэлд хамаарах хохирол учирсан байна” гэсэн  дүгнэлт гарсан.

Хоёр шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцийн хохирол гаргахдаа 2023 онд Өвөрхангай аймагт эрэгтэй хүний дундаж наслалт 70.65 байсан. Үүний хүрээнд амь хохирогчийн насны зөрүү 41.61 байсан гэж үзээд насжилтын зөрүүгээр 114.537.500 төгрөгийг сэтгэцийн хохиролд гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т тус тус зааснаар, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар батлагдсан журмын хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хэмжээг тогтооход зайлшгүй Шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шаардсан хуулийн зохицуулалт байгаа. Энэ хүрээнд хууль хэрэглээний буюу шүүхийн нэгдмэл байдлын хүрээнд сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлын хэмжээний талаар нэгдсэн байдал тогтсон гэж үзэж байна.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан журмын 2.1-5-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хамааруулж ойлгож байгаа тул энэ гэмт хэргээс учирсан хохирол, хор уршгийг заавал шинжээчийн дүгнэлтээр гаргуулах ёстой байсан.

Иймд анхан болон давж заалдах шатын шүүх дээрх хууль, журмын хүрээнд хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 636 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хүрээнд сэтгэцийн хохирлыг гаргаагүй нь үндэслэлгүй буюу хууль хэрэглээний зөрүү үүссэн гэж үзэж байна.

Хоёр шатны шүүх тэжээгчээ алдсан тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтаар амь хохирогчийн дундаж цалинг 4.050.000 төгрөгөөр тооцож гаргасан. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл, нэг байгууллагаас нь 3.500.000 төгрөгийн нийгмийн даатгал төлөгдсөн гэж үзэж байгаа бол гар дээрээ авч байсан цалин нь 3.500.000 төгрөг байсан уу, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, бусад татварууд хасагдаад амь хохирогчид олгож байсан цалин нь хэдэн төгрөг байсан талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Хоёрдугаарт, “...” ХХК-иас 550.000 төгрөг буюу тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хувиараа нийгмийн даатгал төлөгдсөнийг нийт цалин орлогод хамааруулж, тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Өөрөөр хэлбэл, цалин авдаг банкны дансны хуулга авагдаагүй байхад нийгмийн даатгалын хэмжээг бохироор авдаг байсан 3.500.000 төгрөгийг цалин орлогод хамааруулж гаргуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Тиймээс энэ хэсгийг хэлэлцэхгүй үлдээж өгнө үү. Иймд Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дараах байдлаар тайлбар гаргаж байна. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд хор уршиг учирсан байна гэдгийг тогтоосон. Осол 2023 оны 08 дугаар сард гарсан бөгөөд үүнээс 2 жилийн дараа сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход 2 дугаар зэрэглэл гэж тогтоосон. Тиймээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцийн хор уршиг учирсан байна гэдгийг шинжилгээний байгууллага тогтоосон байна. Хэрэв сэтгэцэд гэм хорын хохирол учирсан бол ямар дүнгээр хохирлыг тооцох вэ гэдгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан. Тиймээс шүүхээс аль ашигтай байдлаар буюу насны зөрүүгээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн хоёр байгууллагад ажиллаж байсан эсэх нь эргэлзээтэй, нэг байгууллагад нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгийн цалин хөлсөөр ажиллаж байсныг тооцохгүй гэж байна. Гэтэл тухайн байгууллагад ажиллаж байхдаа нийгмийн даатгал төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шүүхээс амь хохирогчийн цалингийн зөрүүгээр хүүхдүүдэд нь тэтгэмж гаргасан. Ингэхдээ 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс шүүх хуралдаан болох үеийн цалингийн зөрүүг тооцож гаргаагүй нь алдаатай шийдвэр гарсан гэж үзэж байна. Амь хохирогч нь 1-6 насны 3 хүүхэдтэй бөгөөд тухайн осол болсноос хойш 3 жил болж байна. Гэтэл О.Б- нь хөдөлмөрийн чадвартай, цагдан хоригдсон зүйлгүй. Амь хохирогчийн оршуулгын зардлыг ч төлөөгүй байхад хорихоос өөр төрлийн ял оноосон нь үндэслэлгүй байна. Учир нь, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэхээр байна. Гэтэл шүүх О.Б-ийн “би дагавар хүүхэдтэй бөгөөд өвчтэй байдаг” гэдэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн талаас 1-6 насны 3 хүүхэдтэй үлдсэн байхад энэ хүмүүсийн эрх ашгийг орхигдуулсан. Осол болсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрч, хохиролд 7.000.000 төгрөг өгснийг хангалттай гэж үзээд шүүх шийдвэр гаргасныг хуульч хүнийхээ хувьд шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гараагүй гэж үзсэн. Хэрэв шүүгдэгч О.Б- нь хөдөлмөрийн чадваргүй, ажилгүй, тэтгэврийнх байгаад хохиролд 7.000.000 төгрөг өгсөн бол ойлгож болно. Гэтэл шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг. Өмгөөлөгчийн зүгээс шүүхийг хохирогчийн хууль ёсны эрх ашгийг орхигдуулсан тул шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж байна” гэв.

 

Прокурор С.Батсүрэн шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “... шүүгдэгч О.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн үүрэг болгосон заалтыг зөрчиж, хурдыг сонгож, замын нөхцөлд тохируулж яваагүйгээс онхолдон улмаар зорчигч Э.М-ийн амь насыг хохироосон болох нь хуульд заасан үндэслэл журмын үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй", мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж тус тус заасан. Дээрх тохиолдолд нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоох талаар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тодорхой заасан тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. Харин амь хохирогчийн асрамжид байсан 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тогтоосон хэсгийг 2 дугаар хавтаст хэргийн 30-31 дүгээр талд байгаа баримтад тулгуурлан тооцож үзэхэд, тэжээгчээ алдсаны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар Засгийн газраас тогтоосон тэтгэврийн доод хэмжээгээр буюу 440,000 төгрөгөөр тогтоосон байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар амь хохирогчийн орлого нь 1.665.114 төгрөг, үүний 45 хувь нь 749.301 болох бөгөөд 240 сардаа хуваахаар 3,122 болно. Үүнийг шимтгэл төлсөн 59 сардаа үржүүлэхээр 184.203 болох бөгөөд тэтгэврийн доод хэмжээнд хүрэхгүй учир Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар Засгийн газраас тогтоосон тэтгэврийн доод хэмжээгээр буюу 440.000 төгрөгөөр тогтоосон байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар тооцвол цалингийн дунджийг гэр бүлийн 5 гишүүнд хувааж, нэг хүнд ногдох мөнгөн дүнгээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг 3-т хуваасны ногдворыг буюу (440.000:3) хасаад зөрүүг сар бүр гаргуулахаар байна. Амь хохирогчийн авч байсан цалингийн  тодорхойлолтоор 4.050.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон нэг сарын дундаж орлого 1.665.114 төгрөг гэсэн баримтууд зөрүүтэй байгаа бөгөөд энэ бүгдээс дүгнэлт хийхэд, хөдөлмөрийн хөлсний дунджийг цалингийн тодорхойлолтоор тооцох эсэх тодорхойгүй, мөн Иргэний хуулийн 508.3 дугаар зүйлийг зөрчин буруу тогтоосон нөхцөл байдал байгаа нь хүүхдийн эрх зөчигдөж, тэтгэврийн зөрүү буруу тогтоогдох үндэслэл болж байгаагаас гадна хэрэгт авагдсан амь хохирогчийн авч байсан цалингийн тодорхойлолт, тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоосон баримт зөрүүтэй гэж үзвэл иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх өөрчлөлт оруулах боломжтой байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй бөгөөд хохирогчийн хүүхдүүдэд энэ тэтгэврийн зөрүүг иргэний хэргийн журмаар нөхөн тогтоогдох бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн  магадлалд гэм буруутайд тооцсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсгийг хэвээр үлдээж, дээрх дурдсан хэсэгт өөрчлөлт оруулан шийдвэрлэх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн хууль зүйн үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн О.Б-эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Б- нь 2023 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Мааньт багийн нутаг дэвсгэрт “...” загварын ... УАХ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл нь онхолдож, зам тээврийн осол гаргаж зорчигч Э.М-ийн амь нас хохирсон үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон гэж тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Хоёр шатны шүүх шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэм буруутайг тогтоосон хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэн няцаах, өөрчлөх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй байна.

 

Шүүхээс анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч О.Б-ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг харгалзан хуульд заасан эрх хасах болон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршгийг арилгах зорилгын хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ийн оршуулгын зардалд нэхэмжилсэн 20.704.710 төгрөгөөс 7.000.000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч О.Б-ээс 3.352.355 төгрөг, иргэний хариуцагч Б.Г-оос 10.352.355 төгрөгийг тус тус нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

 

Харин анхан болон давж заалдах шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг олгохдоо тооцооллын алдаа гаргасныг зөвтгөх боломжтой гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Эрүүгийн эрх зүйд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шууд ба шууд бус хохирол гэж шинж чанар, үр дагаврыг нь харгалзан ялгамжтай авч үздэг нь хууль хэрэглээнд тогтсон ойлголт болно.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заажээ.

 

Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байхаас гадна таамаглалд бус гагцхүү тухайн хэрэгт хамаарал бүхий хуульд заасан аргаар цуглуулж бэхжүүлсэн баримт сэлт, нотолгоонд үндэслэсэн байх ёстой.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх амь хохирогчийг 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 29 настай байсан, Үндэсний статистикийн хорооны мэдээллийн санд 2023 оны байдлаар Өвөрхангай аймагт эрэгтэй хүний дундаж наслалт 70.65, зөрүү нь 41.65 ба үүнийг тухайн үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 114.537.500 төгрөг гэж таамаглалд тулгуурласан тооцооллоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийн хэмжээг тогтоосон нь бодит байдлыг тогтоох эрүүгийн эрх зүйн нотолгооны зарчимд харшилсан хууль хэрэглээний буруу жишиг болно. 

 

Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хөгшин, залуу, хүүхэд хэн боловч хууль, шүүхийн өмнө эрх тэгш бөгөөд хүнийг ямарваа нэгэн хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг статистик таамаглалд үндэслэсэн хийсвэр тооцооллоор бус гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 82.500.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч О.Б-ээр нөхөн төлүүлэх өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулах нь зүйтэй.

 

Үүнээс гадна давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын амь хохирогчийн бага насны 3 хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалин хөлсний зөрүүг олгосон хэсэгт өөрчлөлт оруулахдаа сарын дундаж цалин хөлс 4.050.000 төгрөгөөс хөдөлмөрийн чадваргүй нэг гишүүнд ногдох хэсгийг “1.012.500 төгрөг” гэж тооцооллын алдаа гаргасны улмаас хүүхэд нэг бүрт оногдвол зохих тэтгэмжийг буруу тогтоожээ.

 

Амь хохирогч “Н” ХХК-иас 3.500.000 төгрөг, “К” ХХК-иас 550.000 төгрөг, нийт 4.050.000 төгрөгийн цалин авч байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /2 дугаар хавтас, 30-33 дахь тал/-оор тогтоогдсон тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заасны дагуу амь хохирогчийн эхнэрт ногдох хэсэг болон 3 хүүхдэд тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэвэр 440.000 төгрөгийг хасаж, хүүхэд тус бүрд 633.333 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг амь хохирогчийн 3 хүүхдэд гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаар магадлалын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай:

 

1.1. “... Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ээс 82.500.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн асрамжид байсан ... оны ... дугаар сарын ...-нд төрсөн М.А, ... оны ... дугаар сарын ...-нд төрсөн М.М, ... оны ... дүгээр сарын ...-нд төрсөн М.М нарт сар бүр 633.333 /зургаан зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулан арван зургаан нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл гаргуулсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                                              Ц.ОЧ

 

                                     ШҮҮГЧИД                                              Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                       Б.БАТЦЭРЭН

 

                                                                                                                                М.ПҮРЭВСҮРЭН                                                                                                                           

 

                                                                                                       Б.ЦОГТ