Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 748

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн төлөөлөгч В.Э нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: БДЗдарга

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д “Нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тусгана”, 52.5.1-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл гэдэгт “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн" хамаарна гэж заасан байна. Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдэл нь нэхэмжлэгчийн дараах хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа учраас нэхэмжлэл гаргав.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг батлах тухай” А/109 дүгээр захирамжаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц болон дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх харьяа байгууллагуудын жагсаалтыг баталсан байдаг. Уг захирамжид зааснаар Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх харьяа байгууллага байхаар тогтоож, улмаар дүүргийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн А/171 дүгээр захирамжаар төвийн дүрмийг баталсан. Тус дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар төвийн даргыг дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлөн ерөнхий удирдлагаар хангаж ажиллахаар, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт төвийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг дүүргийн Засаг дарга тогтоохоор тус тус заасан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” А/832 дугаар захирамжийн дагуу дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх харьяа байгууллага болох Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс байхаар тогтоосон. Уг захирамжийн хоёрдугаар хавсралтаар Багануур, Налайх хотын захирагчийн ажлын албаны ажлын байр, албан тушаалын үлгэрчилсэн жагсаалтыг баталсан байхад Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд А/832 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтаар Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дүрмийг баталсан мэт илт хууль бус үйлдэл хийсэн байна.

Уг хууль бус дүрмийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төвийн бүтэц, орон тоог дүүргийн Засаг дарга тогтоож, төвийн даргыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд томилж, чөлөөлөх талаар дурджээ. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамж болон төвийн дүрмийн дагуу дүүргийн Засаг дарга нь өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэх харьяа байгууллага болох Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн даргыг томилж, чөлөөлөх, бүтэц орон тоог тогтоох бүрэн эрхтэй байтал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь анхан шатны нутгийн захиргааны байгууллагын даргыг томилж, чөлөөлж буй нь үндэслэлгүй байна.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4 дэх хэсэгт зааснаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн шатны төсвийн төслийг хэлэлцэн баталж, төсвийн ерөнхийлөн захирагч буюу дүүргийн Засаг дарга нь өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэх харьяа байгууллагуудын төсвийн сар, улирлын хуваарийг баталж, санхүүжилт олгодог. Мөн уг хуулийн 14 дүгээрт зүйлийн 14.2.3-т зааснаар өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах, 14.2.12-т эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох зэрэг бүрэн эрхийг төсвийн ерөнхийлөн захирагчид олгосон.

Төсвийн ерөнхийлөн захирагч болох дүүргийн Засаг дарга нь өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэх харьяа байгууллагын бүтэц, орон тоог батлах эрх бүхий субъект болохын хувьд төсвийн шууд захирагч болох төвийн даргыг ч мөн адил томилж, чөлөөлөх эрхтэй гэж үзэж байна. Энэхүү жишгээр 2013 оноос хойш бусад дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн даргыг дүүргүүдийн Засаг дарга нар томилж, чөлөөлсөөр ирсэн.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3, 23.1.4 дэх хэсэгт хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр зэргийг бүрдүүлж өгөх ёстой. Гэтэл үүсгэн байгуулагч буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын зүгээс шинээр төвийн дүрмийг батлаагүй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс байгуулах, өөрчлөх талаар шийдвэр гаргаагүй байхад өмнөх шийдвэрийг үндэслэн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, гэрчилгээ, тамга шинэчлэн олгосон нь хууль тогтоомжийн дээрх заалтуудыг зөрчсөн байна.

Гэтэл энэ бүх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулалгүйгээр Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдэл нь нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг дарга өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэх харьяа байгууллагын даргыг томилж, чөлөөлөх эрхийг ноцтой зөрчиж байх бөгөөд уг бүртгэлийг хүчингүй болгосноор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8 дахь хэсэгт заасан төсвийн байгууллагын ажилтныг томилж, чөлөөлөх, дүүргийн Засаг дарга өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дэх харьяа байгууллагыг үүсгэн байгуулах, татан буулгах, төсвийн шууд захирагчийг томилох, чөлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” А/832 дугаар захирамжийн дагуу дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх харьяа байгууллага болох Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс байхаар шийдвэрлэсэн тул Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/01 дүгээр тогтоол, дүүргийн Засаг даргын 2017 оны А/08 дугаар захирамжаар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг татан буулгаж, татан буулгах ажлын хэсэг байгуулсан.

Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийн хүрээнд дүүргийн Засаг дарга нь өөрийн харьяа нэгж болох дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн удирдлага, бүтэц, орон тоог баталсны үндсэн дээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг авахаар хуульд заасан байдаг.

Гэтэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01/05 дугаартай албан бичгээр тавьсан хүсэлтийн дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь тус дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг дахин олгосон нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байна.

Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт зааснаар “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох” нь улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох үйлдэл бөгөөд) өнөөдрийн байдлаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга нь хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд албан ёсоор хасалт хийлгээгүй байгаа болно.

Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ирүүлсэн архивын баримтад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дүрмийг ямар байгууллага, албан тушаалтан, хэдийд баталсан талаарх мэдээлэл байхгүй байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжийн нэг, хоёрдугаар хавсралтаар дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг баталсан ба уг захирамжаар тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дүрмийг батлаагүй байхад улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Дүүргийн Засаг даргын зүгээс уг хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1/230 дугаартай албан бичгээр хандсан боловч 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр “Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэдээлэлд өөрчлөлт оруулж бүртгэн, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга олгосон нь холбогдох эрх зүйн актуудад нийцэж байгаа тул уг бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэсэн хариу авсан тул эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр 2017 оны 1 дүгээр 19-ний өдөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болгон гүйцэтгэх удирдлагыг өөрчилж улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын хуудас олгохдоо дараах баримтуудыг үндэслэсэн байна. Үүнд:

1. УБ-05 маягт,

2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас,

3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

4. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/316, Б/317 дугаар тушаалууд,

5. Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2017 оны 01/1 дугаар албан бичиг,

6. Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дүрэм,

7. Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг хүчингүйд тооцон зарлуулсан сонин.

Иймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн төлөөлөгч В.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгааг дараах байдлаар үндэслэжээ.

• Засаг дарга нь өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэх харьяа байгууллага болох Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн даргыг томилж чөлөөлөх, бүтэц орон тоог тогтоох бүрэн эрхтэй байтал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд анхан шатны нутгийн захиргааны байгууллагын даргыг томилж, чөлөөлж буй нь үндэслэлгүй байна.

• Төсвийн ерөнхийлөн захирагч болох дүүргийн Засаг дарга нь өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэх харьяа байгууллагын бүтэц, орон тоог батлах, эрх бүхий субъект болохын хувьд төсвийн шууд захирагч болох төвийн даргыг ч мөн адил томилж чөлөөлөх эрхтэй гэж үзэж байна.

• Гэтэл бүх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулалгүйгээр Баянзүрх дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн нь Баянзүрх дүүргийн Засаг дарга нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагын даргыг томилж чөлөөлөх эрхийг ноцтой зөрчиж байх бөгөөд уг бүртгэлийг хүчингүй болгосноор Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8 дахь хэсэгт заасан төсвийн байгууллагын ажилтныг томилж чөлөөлөх, дүүргийн Засаг дарга өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэх харьяа байгууллагыг үүсгэн байгуулах, татан буулгах, төсвийн шууд захирагчийг томилох, чөлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм зэргээр гаргажээ.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 -д заасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг томилох асуудлаар Баянзүрх дүүргийн Засаг даргын эрх зөрчигдсөн гэж үзжээ. 

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлд сум дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон бөгөөд уг зүйлийн 31.1.8-д хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх эрхийг олгосон байна.

Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай зэрэг манай салбарын хуулиудаар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн даргыг томилох эрхийг дүүргийн Засаг даргад олгосон зохицуулалт байхгүй байна. Иймд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д заасан эрхийг зөрчсөн гэж шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна. Хууль тогтоомжоор дүүргийн Засаг даргад Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг томилох эрх олгосон зохицуулалт байхгүй тул Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тус газрын даргыг томилсон нь эрх зүйн үндэслэлтэй юм.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын нэхэмжлэлд дурдсан төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4 дэх хэсэгт зааснаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн шатны төсвийн төслийг хэлэлцэн баталж, төсвийн ерөнхийлөн захирагч буюу дүүргийн Засаг дарга нь өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэх харьяа байгууллагуудын төсвийн сар, улирлын хуваарийг баталж, санхүүжилт олгох, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т зааснаар өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах, 14.2.12-т эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох зэрэг төсвийн ерөнхийлөн захирагчид олгогдсон эрхээ хэрэгжүүлэх нь Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргыг хэн томилохоос үл хамааран нээлттэй хэвээр байгааг тодруулах нь зүйтэй байна.

Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5-д заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П  “Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тэрээр тайлбарлахдаа “...Засаг дарга нь өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэх харьяа байгууллага болох Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн даргыг томилж, чөлөөлөх, бүтэц орон тоог тогтоох бүрэн эрхтэй байтал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь анхан шатны нутгийн захиргааны байгууллагын даргыг томилж, чөлөөлж буй нь үндэслэлгүй, мөн Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4 дэх хэсэгт зааснаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн шатны төсвийн төслийг хэлэлцэн баталж, төсвийн ерөнхийлөн захирагч буюу дүүргийн Засаг дарга нь өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэх харьяа байгууллагуудын ... хуваарийг баталж, санхүүжилт олгодог, мөн хуулийн 14 дүгээрт зүйлийн 14.2.3-т зааснаар өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах, 14.2.12-т эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны ... зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох зэрэг бүрэн эрхийг төсвийн ерөнхийлөн захирагчид олгосон...” гэжээ. 

Хэдийгээр дүүргийн Засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд   өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэх харьяа байгууллагын бүтэц, орон тоог батлах эрх  бүхий субъект гэдгээрээ Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргыг томилж, чөлөөлөх эрхтэй гэж үзэх боломжтой боловч салбарын асуудлыг хариуцсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь тухайн хэлтсийн даргыг томилсон нь нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “ “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”  гэж тодорхойлсноос дүгнэхэд захиргааны хууль бус ажиллагааны улмаас Баянзүрх дүүргийн Засаг даргын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болсон байх шаардлагыг хуулиар журамласан байна. Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргыг салбарын асуудлыг хариуцсан сайд томилсныг захиргааны хууль бус үйл ажиллагаа гэж үзэхээргүй байна. Учир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд, тухайлбал  Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор: 4/. “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга/эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргыг томилжээ гэж шүүх дүгнэв. 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль зэрэг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хэрэгжүүлэх чиг үүрэгтэй холбоотой  салбарын хуулиудаар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн даргыг томилох эрхийг дүүргийн Засаг даргад тусгайлан олгосон зохицуулалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг дарга Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн  бүртгэлийг хүчингүй болгохоор маргаж байгаа бас нэг үндэслэл нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” А/832 дугаар захирамжийн хавсралтаар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дүрэм батлагдаагүй байхад хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахдаа энэхүү дүрмийг өргөдлийн хамт хавсаргасан гэж маргадаг. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3, 23.1.4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр зэргийг бүрдүүлж өгөхөөр байна. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болсонтой холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга шинээр дүрмийг батлаагүй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс байгуулах, өөрчлөх талаар шийдвэр гаргаагүй байхад өмнөх шийдвэрийг үндэслэн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, гэрчилгээ, тамга шинэчлэн олгосон нь хууль зөрчсөн тул Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр бүртгэсэн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн бүртгэлийг хүчингүй  болгохоор маргаж байгаа. Ийнхүү хүчингүй болгосноор “...нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дэх харьяа байгууллагыг үүсгэн байгуулах, татан буулгах, төсвийн шууд захирагчийг томилох, чөлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм...” гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарладаг. 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өргөдөлд хасагдаж буй өөрчлөлтийн агуулгад “... БЗД-ийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв нь БЗД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болсон... ”, нэмэгдэж буй өөрчлөлтийн агуулгад “...НЗД-ын 2016 оны ... А/832 дугаар захирамж, ХНХ-ын сайдын Б/136, Б/137 дугаар тушаалыг үндэслэн БЗД-ийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс” гэжээ. Тус өргөдөлд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны Б/137 дугаар тушаалаар томилогдсон гүйцэтгэх удирдлага болох гуравдагч этгээд В.Э гарын үсэг зурсан байна. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01/05 дугаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичигт “... үндэслэн Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ... гэрчилгээ, ... тамгыг хүчингүй болгож, шинээр олгож өгнө үү, ... ажлаас чөлөөлөгдсөн дарга нь ... гэрчилгээ, тамга тэмдэг болон бусад холбогдох материалыг хүлээлгэж өгөөгүй болно” гэжээ. Хэдийгээр өмнөх дарга нь гэрчилгээ, тамгаа хүлээлгэж өгөөгүй гэж тус албан бичигт дурдсан ч Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай”  захирамж, салбарын сайдын тушаал зэргийг үндэслэн хуулийн этгээдийн нэрэнд өөрчлөлт орсонтой холбоотой Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн гэрчилгээ, тамгыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр гэрчилгээ, тамгыг шинээр олгохыг хүссэн агуулгыг илэрхийлжээ гэж дүгнэхээр байна. Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өргөдөлд хавсаргасан Дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дүрмийн баруун дээд буланд “НЗД-ын 2016 оны ... А/832 захирамжийн хавсралт” гэж бичжээ. Гэтэл тус А/832 дугаар захирамж  нь 1, 2 дугаар хавсралтаас бүрдэж байх бөгөөд хэлбэр, бүрдүүлбэрийн хувьд Дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дүрмийг батлаагүй боловч захирамжийн 5.4-т “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс” гэсэн нь дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах байгууллагын жагсаалтад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс орсон гэж дүгнэхээр байна. 

Түүнчлэн Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дүрмийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төвийн бүтэц, орон тоог дүүргийн Засаг дарга тогтоож, төвийн даргыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд томилж, чөлөөлөхөөр зохицуулсныг дурдах нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн дүрэмтэй болон Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжтай холбогдуулан аливаа нэгэн гомдол гаргаж байгаагүй гэх тайлбарыг  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хийсэн. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг дарга Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжтай болон тус захирамжаар  Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болсон гэдэгтэй маргаагүй мөртлөө тухайн хэлтсийн даргыг чөлөөлөх, томилох асуудлаар маргаж байгаа нь ойлгомжгүй байна.    

Мөн салбарын сайд Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргыг чөлөөлж, томилсон нь дүүрэгт хувиарлагдах төсөв, санхүүд хохиролтой байдал бий болоод байгаа эсэх, төсвийг захиран зарцуулах   эрхэнд нь сайд халдаад байгаа эсэх талаар шүүхээс тодруулахад төсөв санхүүтэй холбоотой асуудал байхгүй гэх тайлбарыг Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хийснийг тэмдэглэх нь зүйтэй юм. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

23.1.1.нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт;

23.1.2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

23.1.3.үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр;

23.1.4.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;

23.1.5.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;

23.1.6.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. Мөн хуулийн  23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэжээ.

Иймд хуулийн этгээдийн зөвхөн нэршлийн хувьд “төв” нь “хэлтэс” болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан нь нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын ямар нэгэн субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх  үндэслэлээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрыг буруутгах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн  Засаг даргын “Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДОЛГОРСҮРЭН