Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0528

 

“Б Э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ш.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /онлайнаар/ нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор “Б Э м” ХХК нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 к, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 16 дугаар зүйлийн 16.2, 31.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б Э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 22/68 дугаар “Орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай” тогтоолын Б Э м ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “…Нэхэмжлэгч 500,55 га талбайн эзэмшлийн үе нь “Ми” ХХК-ийн үед, үүнээс дараа 256,65 болсон үед буюу орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын давхцал байхгүй үед нэхэмжлэгч нь өөртөө шилжүүлсэн тул энэ асуудлаар “Б Э м” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй, “М” ХХК нь тус асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарласан. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ч 4 дүгээр нүүрний 28-р мөрнөөс 5 дугаар хуудсыг дуустал энэхүү үндэслэлийг тайлбарлажээ. Дээрх үндэслэл нь тус шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон бөгөөд “Б Э м” ХХК-д энэ асуудлаар маргах эрх хамааралгүй гэж дүгнэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Аливаа эд хөрөнгө нь хуульд заасан үндэслэлээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжих бөгөөд эцсийн өмчлөгч, эзэмшигч нь тухайн эд хөрөнгөтэй холбоотой бүхий л эрх, үүрэг хариуцлагыг бусдын өмнө хариуцаж, эд хөрөнгийн өмчлөгч эзэмшигчийн эрх, үүрэг хариуцлагыг залгамжлан авдаг. Гэтэл солбицолд  өөрчлөлт орсон 2013 онд сүүлд өөрчлөлт орсон 2017 оноос өмнө “М” ХХК нь тухайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан нөхцөл байдал нь  “Б Э м” ХХК-ийг 2017 оноос өмнөх асуудлаар маргах эрхгүй, түүнд 2017 оноос өмнөх асуудал хамааралгүй хэмээн тайлбарлаж буй шүүхийн шийдвэр илт үндэслэлгүй.

Мөн “Б Э м” ХХК нь энэхүү солбицолд өөрчлөлт оруулсан 2013, 2017 оны Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэртэй холбогдуулж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэрэг нь 3 шатны шүүхээр орж, дахин анхан шатаар хэлэлцүүлэгдэж байгаа ба шүүх хэргийг хянах явцад “маргаан бүхий тусгай зөвшөөрлийг 2017 оноос өмнө “М” ХХК эзэмшиж байсан учраас “Б Э м” ХХК нь 2017 оноос өмнөх асуудлаар маргах эрхгүй, уг асуудал хамааралгүй” гэж нэг ч дүгнээгүй болно.

Эд хөрөнгийн сүүлийн өмчлөгч, эзэмшигчид тухайн эд хөрөнгийн талаарх бүхий л эрх, үүрэг хариуцлага, эд хөрөнгийн шинж, чанар, үр дагавар залгамжлагдан ирэх бөгөөд хуульд зааснаар өмчлөл, эзэмшил шилжиж, эрх бүхий байгууллагын бүртгэлд өөрчлөлт орсноор тухайн эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар өмнөх өмчлөгч, эзэмшигчийн бүхий л эрх, үүрэг, хариуцлага дуусгавар болсон болно.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д заасан эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэхээр заасан. Тус хуулийн дагуу нөөцөд авах эсэх асуудлыг хэлэлцсэн хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлд тусгасан хэлэлцэх асуудлыг үзэхэд тусгай хэрэгцээнд газар авах тухай гэж заасан болохоос тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн гэх санал байхгүй, энэ талаар нэг ч дурдаагүй.

Мөн тусгай хэрэгцээнд газар авах” гэж байгаа боловч хаана байршилтай, ямар нэртэй, хаана хаанахын солбицолын цэг бүхий хэдэн га газрыг гэдэг нь тодорхойгүй, буюу “Б Э м” ХХК-ийн нөөц нь тогтоогдсон эдийн засгийн эргэлтэд ороход бэлэн болсон Монгол банкны алтны нөөцөд бүртгэгдсэн маргаан бүхий давхцал хэсэг бүхий газрыг хүсч, тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргаж буй эсэх нь тухайн хурлын тэмдэглэлээс огт тодорхой харагдахгүй байгаа. Хурлын шийдвэр нь Засгийн газрын 2017 оны 287 дугаар “Газрыг тусгай хэрэгцээнд” авах гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ыг бүхэлдээ зөрсөн.

Тухайн тэмдэглэлээс үзвэл “хуульд тусгай хэрэгцээнд газар авч болох зохицуулалт байгаа тул орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах уу” гэж асуугаад авъя гээд бүгд санал нийлсэн шийдвэрээс үзвэл хуульд заасан орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах Засаг даргын эрх хэмжээг хурал нь өөрөө хэрэгжүүлэх, өөрсдөө хуралдаа санал оруулж, шийдвэрээ гаргасан нь өөрт хамааралгүй эрх хэмжээний асуудлаар шийдвэр гаргасан болохыг тодорхой харж болно.

Орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах асуудлыг Засаг дарга нь өргөн мэдүүлэхийн тулд Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж, тэмдэглэл үйлдэж, шийдвэр гаргаж уг шийдвэрийнхээ дагуу хуралд өргөн мэдүүлэх бөгөөд шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү баримт бичиг, холбогдох мэдээллийг асууж, лавлаж, нотлох баримтаар өдийг хүртэл яагаад өгөөгүй болохыг лавлахад дээрх баримт бичгүүд нь байхгүй, хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй болохоо тодорхой тайлбарласан.

Хариуцагчаас шүүх хуралдааны явцад Засаг даргаас өргөн мэдүүлсэн гэх бичиг нь хаана байна вэ, нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгтэй танилцахад огт байгаагүй тухай хэлэхэд Засаг даргын 1/440 дугаартай албан бичгийг гэж хэлдэг боловч шүүх хуралдааны явцад шүүгч нь хариуцагчаас сүүлд энэ баримтыг гаргаж өгсөн шүү дээ гээд хавтаст хэрэгтэйгээ үдээгүй, нэг хуудас баримтыг үзүүлдэг.

Үүнээс үзвэл анхан шатны шүүхээс шинээр ирсэн баримттай нэхэмжлэгч талыг танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан бөгөөд ийм баримт дахиж шүүх хуралдааны өмнө ирлээ гэж мэдэгдээгүй, шүүх хуралдааны дунд баримтыг харуулсан.

Дээрх 1/4440 дүгээр албан бичигтэй хамт мөн ямар ч баримт хавсаргаж өгөөгүй болохоо хариуцагч хэлдэг. Гэтэл уг 1/4440 дүгээр албан бичигт “тусгай хэрэгцээнд авч өгнө үү” гэх утгатай ганц л өгүүлбэр байгаа болохоос мөн л нөгөө энэхүү солбицолын цэг бүхий газар, хэдэн га, ямар нэртэй газар тусгай хэрэгцээнд авах гээд байгаа нь тодорхойгүй дахин нөхөж үйлдсэн байх боломжтой бичиг байсан.Учир нь шүүхээс үзлэг хийхэд хариуцагчийн бүхий л баримтанд үзлэг хийхэд дээрх баримтууд нэг нь гарч ирээгүй болно.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газрыг тусгай хэрэгцээнд авах тухай хурлын тэмдэглэлд Засаг даргын 1/4440 дугаартай албан бичгийг өргөн мэдүүлсэн, энэ талаарх асуудлыг уг хурал хэлэлцсэн гэх баримт огт байдаггүй, хурлын тэмдэглэлд дурдагдаагүй болно. Гэтэл тухайн өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 8 асуудал хэлэлцэхдээ бусад хэлэлцсэн асуудал дээр Засаг даргын өргөн мэдүүлсэн гэх, тэрний өргөн мэдүүлсэн гэх зэрэг зүйлээ тодорхой дурдаж асуудлыг хэлэлцсэн байдаг.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах хурал хийхээсээ өмнө, мөн Засаг даргаас өргөн мэдүүлээгүй тул Засгийн газрын 287 дугаар журамд заасан бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэхийг лавласан эсэх, энэ талаарх ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй ба тус газрыг тусгай хэрэгцээнд авахаасаа өмнө эрх бүхий байгууллагаас лавлах ажиллагааг огт хийгээгүй. Учир нь тус газар нь 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Нөөцөд хүлээн авч бүртгэх тухай” 254 дүгээр тушаалаар Кадастрын нэгдсэн санд бүртгэгдэж, эдийн засгийн эргэлтэнд оруулахад бэлэн болсон Монгол банк алтны нөөцдөө газартай давхцал үүсэх боломжтойг, шүүх дээр маргаантай эсэх зэрэг асуудлыг мэдэх боломжтой байсан.

          Нэхэмжлэгч нь энэхүү захиргааны хэрэгт хариуцагч талын орон нутгийн нөөцөд авсан  газрын нийт хэмжээний 5-8 хувь хүрэх газартай газартай маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч талын хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас үүссэн тухай асуудлаар маргаагүй, нөөц тогтоолгож, зардал гарган, ажил хийсэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тухай асуудлаар өнөөдөр шүүхэд маргаан үүсгэж, шийдвэрлүүлж байгааг анхааран үзэж Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу “Б Э м” ХХК-ийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхилоо.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар тогтоолоор тус сумын нутагт байрлах зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байх бөгөөд нэхэмжлэгч “Б Э м” ХХК-иас уг тусгай хэрэгцээнд авсан газрын зарим хэсэгтэй өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газар давхцсан гэж тайлбарлан уг тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх ... дээрх тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан талбайд нэхэмжлэгчийн бусдаас шилжүүлэн авсан ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 235,65 га газар хамааралгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй” талаар дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийн гол үндэслэл бусдаас тусгай зөвшөөрөл шилжүүлж авсан “Б Э м” ХХК-д энэ асуудлаар маргах эрх хамааралгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй ... эд хөрөнгийн сүүлийн өмчлөгч эзэмшигчид тухайн эд хөрөнгийн талаарх бүхий л эрх үүрэг, хариуцлага, эд хөрөнгийн үр дагавар залгамжлагдан шилжиж ирснээр өмнөх өмчлөгч, эзэмшигчийн эрх, үүрэг дуусгавар болсон” гэжээ.

Кадастрын хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр “М” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-015646 дугаар тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг 235,65 га болгосон, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг “М” ХХК-иас түүний эзэмшиж байсан хэмжээ, солбицлоор нь “Б Э м” ХХК нь шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн үндэслэл нь маргаан бүхий тогтоолоор шилжүүлж авсан тусгай зөвшөөрлийн 235,65 га-д хамаарах эрхээ зөрчигдсөн гэж үзээгүй, харин анх Моручи ХХК-ийн эзэмшиж байсан 500,25 га талбайн нөөц тогтоогдсон хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзжээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан “М” ХХК нь анх 2010 онд эзэмшиж эхэлсэн уг тусгай зөвшөөрлийн 500,25 га талбайн хэмжээ, солбицлыг өөрчилж 2013 оны 302 дугаар шийдвэрээр багасгаж 56,95 га болгосон, улмаар 2017 оны 512 дугаар шийдвэрээр хэмжээг буцаан нэмэгдүүлж тодорхой солбицлоор 235,65 га болгосон шийдвэрүүдтэй маргаж, шийдвэрлүүлсэн баримтгүй бөгөөд энэ хэмжээ, солбицлоор нэхэмжлэгч “Б Э м” ХХК шилжүүлж авсан байх тул нэхэмжлэгч нь тухайн хэмжээ, солбицол бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг эдлэх эрхтэй, харин шилжүүлж аваагүй газар, талбайг маргаан бүхий тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх бодит болон хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй.

Мөн давж заалдах гомдолд “Газрын тухай хууль зөрчиж Засаг даргаас санал аваагүй” гэжээ.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.3-д “Тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” гэж тус тус заасан байна.

Хонгор сумын Засаг даргаас маргаан бүхий тогтоолын хавсралтад дурдсан байршил бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах саналыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хонгор сумын Засаг даргын 2015 оны 1/1563, 2015 оны 1/1440 дүгээр албан бичгүүдээр тогтоогдсон байх бөгөөд хариуцагч сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин энэхүү маргааныг шийдвэрлэхэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг хэрэглэхгүй, “газар” давхцсан талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иймд Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд тус орон нутгийн зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.