| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0865/Э |
| Дугаар | 881 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Болор-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 881
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Болор-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Т.Б /РД:...................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороололд үйл ажиллагаа явуулдаг Шөнийн захын орчим иргэн М.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч М.Д-гийн мэдүүлэг /хх7/, гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх13/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №6862 дугаартай дүгнэлт /хх15/, Т.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх27/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх30/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Т.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч М.Д-гийн “...Б, А бид гурав гараад тамхилаад зогсож байгаад А бид хоёрын хоорондоо ам зөрөөд маргалдсан. Бид гурав явах гээд зам гарсан чинь А найз Б гэх залуу руу яриад дуудсан. Удалгүй тэр залуу нь такситай ирсэн. Таксинаасаа бууж ирээд намайг хавсарч унагаагаад өшиглөж зодсон. Тэр үед би ухаан алдсан байсан. Цагдаа нар намайг гэрт хүргэн өгч манай дүү байрны гаднаас намайг тосож авсан байсан. А-тай маргалдлаа гэх шалтгаанаар намайг зодсон. Б эхлээд хөлөөрөө хавсарч унагаагаад дараа нь толгой нүүр хэсэг рүү нь өшиглөөд байсан. Би хамрын эмчилгээ хийлгэнэ. А надад 210,000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх7/
2. Гэрч Б.Б-гийн “...Д, А бид гурвыг замын хажууд зогсож байсан чинь Аийн найз, зүс таних Б гэдэг залуу машинтай ирээд машинаасаа буугаад Д-ын нүүр толгой хэсэгт нь цохиод Д газар унасан чинь өшиглөөд зодохоор нь би Б-г очоод барьж аваад салгасан. Тэгснээ намайг хараад юу байна ахын дүү, энэ муу манай найзыг дээрэлхсэн байна гэсэн юм яриад байсан. Тэгсэн А Д дээр очоод манай найз ирсэн байна, чи одоо яах юм гээд байсан. Би Б-г машинд суулгачхаад А-г машинд суулгах гэсэн чинь Б дахиж дайраад байхаар нь болиулаад тэр хоёрыг машинд суулгаад аваад явсан. Д толгой бариад газар хэвтээд үлдсэн. Д-г Б найз А-г өмөөрөөд зодсон. Б.Д-г гараараа нэг цохиод 2-3 удаа цээж хэсэгт нь өшиглөсөн. Д гараараа нүүрээ хаагаад хажуу талаараа харан хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх13/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №6862 дугаартай шинжээч эмчийн “...М.Д-гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зүүн нүд орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх15/,
4. Т.Б-гийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 19-ний орой 23 цагийн орчим манай найз А над руу утсаар яриад “21 дүгээр хороололд байна, ирээд авчих” гэж хэлсэн. Би “за” гэж хэлээд такси бариад 21 дүгээр хороололд ирэхэд А, Д бас нэг залуутай хамт байж байсан. Тухайн үед А, Д хоёр хоорондоо маргалдсан байсан. Би А-г “явъя, машин руу суу” гэж хэлсэн чинь Д над руу дайраад гартаа барьсан байсан балаараа миний гар руу хатгачхаар нь уур хүрээд нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Газар унахаар нь би толгой руу нь гараараа 2-3 удаа дахиад цохисон чинь Д хашхираад, орилоод газар хэвтээд байсан. Тэгээд А болон хамт байсан залууг нь машиндаа суулгаад аваад явсан. Би явахдаа харсан чинь юм түшээд босож байсан. Д миний гар руу хатгачхаар нь уур хүрээд зодсон. Өмнө нь маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Тухайн үед анх удаа таарсан. Надаас өөр хүн зодож цохиогүй...” гэх мэдүүлэг /хх27/.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Т.Б:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгт, тайлбар дүгнэлт хийж үзэхэд 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороололд үйл ажиллагаа явуулдаг Шөнийн захын орчим шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ хохирогч М.Д-тэй маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч М.Д-гийн мэдүүлэг, гэрч Б.Б мэдүүлэг, шүүгдэгч Т.Б-гийн яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч М.Д-гийн эрүүл мэндэд “...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зүүн нүд орчимд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №6862 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу хохирол хор уршигийг хүний эрүүл мэндэд хүсч учруулсан нь тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Д нь баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч Т.Б нь хохиролд 210,000 төгрөгийг төлсөн байна.
Тиймээс шүүгдэгч Т.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хор бүрэн арилаагүй, хохирогч нь хамрын эмчилгээ хийлгэх тухай мөрдөн байцаалтын шатанд мэлүүлсэн байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “..тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” 1.2 дахь заалтад “... учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Иймд шүүгдэгч Т.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч М.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР