| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0823/Э |
| Дугаар | 865 |
| Огноо | 2019-08-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 865
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-д холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
А.Б /РД:................/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн баялаг” төвийн гадна талд иргэн А.О “архины мөнгө өгсөнгүй, танихгүй хүн дагаж явж архи уух гэлээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хутгаар зүүн гуянд нь хутгалж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч А.О-гийн мэдүүлэг /хх23-27/, гэрч А.О-гийн мэдүүлэг /хх30-31/, гэрч Ц.Э-гийн мэдүүлэг /хх35-37/, гэрч Ж.Б-гийн мэдүүлэг /хх38-40, 41/, гэрч А.З-гийн мэдүүлэг /хх42-44/, гэрч И.Б-гийн мэдүүлэг /хх45-46/ шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14171 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх47/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 306 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх52-53/, шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлэг /хх58/, А.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх83-84/ болон шүүгдэгчийн хувийн байдал тодруулсан баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч А.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч А.О-гийн “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө үүрээр 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөнбаялаг” төвийн гаднаас тамхи авах гээд явж байтал Хангай зах дээр ачигч ажилтай байсан Бтай тааралдсан. Намайг юу хийж байгаа юм гээд би тамхи авч байна гээд байж байхад огт танихгүй нэг залуу хүрч ирээд архи хамт авч уух уу гээд тэр залуу буудлын дэлгүүрээс архи аваад гараад ирсэн. Тэгээд тэр залуутай дүүрэг чиглээд явж байхад Б араас дагаад архинаасаа 1 татуулчих гээд тэр залуу аяга дүүрэн архи хийж өгсөн. Тэгээд Б-г яв гэхэд дахиад хийгээд өгчих гээд дахин хийж өгсөн. Тэгтэл Б явахгүй мөнгө нэхээд байхаар нь 3000 төгрөг өгөөд одоо яв гэхэд гэнэт зүүн гуяруу жирс гээд халуу оргиод явчихсан. Б хутгаар хутгалчхаад зугтаачихсан...маргалдсан зүйл байхгүй, архи өгсөнгүй гэх шалтгаанаар л хутгаар гуянд хатгачихсан...” гэх мэдүүлэг /хх23-27/,
2. Гэрч А.О-гийн “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед танихгүй дугаараас О залгаад “ах нь хүнд хутгалуулчихлаа хүрч ирээд аваадах” гэхээр нь би Мах комбинатын 10 дугаар байрны 2 дугаар орцонд явж очиход О ах гараад ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “өглөө 05 цагийн үед Есөн баялаг төвийн гадна хутгалуулсан гэж хэлсэн... Тэр өдрөө гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулаад шүүх эмнэлэгт очиж үзүүлчхээд тэрнээс хойш 2 хоног манай гэрт байсан. Гэрт байх хугацаанд ах О өвдөөд байна гэхээр нь гэмтлийн эмнэлэг дээр 2 хоногийн дараа очиж үзүүлэхэд эмч үзээд төмрийн хор орсон байна яаралтай эмнэлэгт хэвт гээд 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэмтлийн эмнэлгийн яс махны тасагт хэвтэн эмчлүүлж байна...” гэх мэдүүлэг /хх30-31/,
3. Гэрч Ц.Э-гийн “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн орчим Б надруу залгаад согтуу байна такси бариад яваад очъё гэхээр нь таксины мөнгө байхгүй гэртээ ороод хончих гээд хэлсэн. Тэгтэл 01 цагийн үед Б надруу залгахаар нь би “өглөө эрт идшинд явна, архиа гаргаад наанаа унтчих” гэж хэлсэн. Тэгтэл ирэх гээд дахин дахин залгаад байсан. 04 цагийн үед халамцуу нэг их согтуу биш орж ирээд хардаад хэрүүл хийгээд байсан. Тэгснээ Т-тэй тааралдаад хутгалчих шиг боллоо гайгүй байгаа гэхээр нь юун Т вэ чамд тийм найз байдаг юм уу гэхэд Хангай зах дээр байдаг гэж хэлсэн. Тэгээд би Т гэж хүнийг танихгүй болохоор тэгсгээд өнгөрсөн. Харин Б-гээс яах гэж хутга биедээ авч явсан юм гэхэд “өглөө идшинд явна гэхээр чинь би хутга аваад гэрээс гарсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх35-37/,
4. Гэрч А.З-гийн “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой 17 цагийн орчим О-гийн найз гэх танихгүй хүн утсаар залгаад О хүнд хутгалуулсан байна орцонд байна гэхээр нь би дүү О дүү рүү залгаад О-г олж аваад уулзаадах гээд хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөдөөнөөс ирэх үед О О-г аваад гэрт ирэхэд зүүн гуянд боосон байсан уян боолтыг нь тайлаад харахад шархыг нь тойроод хөхөрсөн, арьс мах хоёрын завсраар нь идээ шүүс гоожсон аймар болсон байхаар нь шууд гэмтлийн эмнэлэг рүү авч яваад хэвтүүлсэн. Арьс нөхөх хагалгаанд 2 удаа орсон...” гэх мэдүүлэг /хх37-39/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14171 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...А.О-гийн биед зүүн гуянд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх47/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 306 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...А.О-гийн биед учирсан зүүн гуяны хутгалагдсан шарх халдварлагдаж эдийн дутмагшил үүсгэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд 2018.12.04-ний өдрөөс 2019.01.14-ний өдрийг хүртэл 40 хоног эмчлэгдэн үхжилт эд өөлж авах, өөрийн арьснаас нөхөлт хийх мэс засалд оржээ. Иймд уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх52-53/,
7. Шинжээч эмч Г.Ханхүүгийн “...А.О-гийн зүүн гуянд учирсан шарх нь анхдагчаар эдгэсэн тохиолдолд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах бөгөөд хоёрдогчоор хүндэрч хагалгаанд орж эдгэрэлтийн явц удааширсан нь өөрийн биеийн дархлаа чанар зэргээс хамаардаг...” гэх мэдүүлэг /хх58/
8. Гэрч Ж.Б-гийн /шүүгдэгчийн төрсөн эх/ “...нэг өглөө гэртээ унтаж байхад гаднаас гэрт байдаг ууцан дээр тавьдаг том бор хутгыг гэрт оруулж ирээд тавьчихаар нь би тагтан дээр гаргаад тавьчихсан байгаа шар алчуураар боочихсон байсныг би хаячихсан...Би хохирогчийн эмчилгээнд зориулж охиныхоо дансаар дамжуулж 200.000 төгрөгийг О-гийн эгчийн дансанд шилжүүлсэн, бэлнээр 80.000 төгрөг өгсөн, түүнээс гадна эм тариа гээд авч өгсөн ойролцоогоор дөрвөөс таван зуун мянган төгрөг өгсөн, барит бол байхгүй, дансны хуулга нь байж магадгүй...” /хх38-41/
9. А.Б-гийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө бараг үүрээр шарталтын байдалтай гэрээсээ гараад ...зүс танил О зүс таних эмэгтэйн хамт явж байгаад тааралдсан би тэр хоёртой тамхилаад юм яриад зогсож байтал урьд өмнө нь харж байгаагүй согтуу залуу ирээд дүү нар архи уух уу гээд асуухаар нь үгүй гээд хэлтэл О дагаад явчихаар нь би чи танихгүй хүн дагаж яваад байхдаа яадаг юм гээд хэлтэл чамд хамаагүй чи яв гэхээр нь би халаасандаа авч явсан идшинд хэрэглэх гэж байсан бор өнгийн иштэй хутгаар зүүн гуянд нь нэг удаа хатгасан чинь О чи намайг хатгачихлаа ш дээ гэж байсан би хартал нээх цус гарч байгаа харагдахгүй болохоор нь би шууд тэндээсээ Зүүнсалаа орж хончихоод маргааш нь гэртээ ирж хутгаа үлдээчхээд хөдөө яваад хоёр хончихоод ирсэн. Гэмтэлийг би хүрэн өнгийн иштэй хутгаар нэг удаа зүүн гуянд нь хатгаж учруулсан гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх83-84/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч А.Б:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, мэдүүлгээс дүгнэн үзэхэд А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн баялаг” төвийн гадна талд иргэн А.О “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар хутгаар зүүн гуянд нь хутгалж, улмаар эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хохирогч А.О-гийн мэдүүлэг, гэрч А.О, Ц.Э, Ж.Б нарын мэдүүлэг, шүүгдэгч А.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч А.Б-гийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутгыг шүүгдэгчийн эх Ж.Б-гийн гэрээс хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцжээ.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч А.О-гийн эрүүл мэндэд “...зүүн гуянд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14171 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон боловч шарх хүндэрч, хагалгаанд орж, эдгэрэлт удааширсан байна. Улмаар хохирогчийн эрүүл мэндэд “...зүүн гуяны хутгалагдсан шарх халдварлагдаж эдийн дутмагшил...” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 306 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Б-гийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй буюу хор уршигийг хүсэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч А.О нь мөрдөн байцаалтын явцад яллагдагч А.Б-гээс 2.767.510 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилсэн байна.
Шүүгдэгчийн эх Ж.Б-гийн зүгээс хохирогчид хохирол төлбөрийг төлж байсан байх бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, мөн нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр бичин шүүхэд ирүүлсэн байх тул хохирол төлөгдсөн гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Б-д хутга буюу зэвсэг хэрэглэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч А.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг, нэг хоног хорих ялаар тооцож сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “хүрэн модон иштэй” 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комиссод даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР