| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0858/Э |
| Дугаар | 864 |
| Огноо | 2019-08-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 864
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Ж.Отгончимэг,
хохирогч Д.Т,
шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г-д холбогдох эрүүгийн .................... дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
А.Г /РД:.................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч А.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 21-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундрам” дэлгүүрийн орчимд иргэн Д.Т-тэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Д.Т-ын мэдүүлэг /хх14/, гэрч Д.Г-гийн мэдүүлэг /хх18/, гэрч Э.Н-ын мэдүүлэг/хх23/, гэрч О.А-гийн мэдүүлэг /хх25-26/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №6600 дугаартай дүгнэлт /хх29/, А.Г-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх56-58/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх66/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч А.Г-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Д.Т-ын “...2019 оны 5 дугаар сарын 21-нд дүүгээ хорих хорих ангид эргээд буцаад 1 дүгээр хороололд ирсэн. Бид 4 замаасаа 1 шил архи аваад хорооллын Өргөө хавьцаа Э.Н-ын машинд хувааж уусан. Дахиад 1 шил архи уугаад, хорооллоос хөдлөхөд хүргэн ах гэх залуу нь чи муу пизда төрсөн дүүгээ эргэдэггүй гэсэн. Тэгээд хэрэлдэж явсаар байгаад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо “Өнөр” дэлгүүрийн үүдэнд зогссон. Намайг хүргэн гэх залуу машинаас буулгаад баруун хөл рүү өшиглөж унагаасан. Замын хашлагатай хавсраад хөл таг дугараад унасан...” гэх мэдүүлэг /хх14/
2. Гэрч Д.Г-гийн “...Н-ын хүргэн ахад зодуулаад хөлөө хугалуулсан гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр түргэний машинаар хамт явж үзүүлсэн. Эмч нь хөл нь хугарсан байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /хх18/
3. Гэрч Э.Н-ын “... “Ундрам” дэлгүүрийн замын эсрэг талд Т хүргэн ах Г-тэй маргалдаад би энд бууя гэсэн. Тэгээд тэр машинаас буугаад заамдалцаад Г ах хавсраад хамт давхаралцаад унасан. Босож ирээд би алхаж чадахгүй байна гээд хөдлөхгүй зогсоод байсан...” гэх мэдүүлэг/хх23/
4. Гэрч О.А-гийн”... Машинаас Г буугаад Т-ыг чи машинаас буу зайл гээд машинаас чирсэн. Тэгээд заамдалцаад байсан. Г хавсраад боржур тээглээд хамт унасан...” гэх мэдүүлэг /хх25-26/
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №6600 дугаартай дүгнэлтэд “...Д.Т-ын биед баруун дунд чөмөгний хүзүүний далд хугарал, зүүн тохой шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэж тодорхойлжээ. /хх29/
6. А.Г-гийн яллагдагчаар өгсөн “...Би санаадгүй заамдалцаж байхдаа хавсарсан тэгээд хамт унасан. Унахдаа хөлөө хугалсан бололтой...” гэх мэдүүлэг /хх58/.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч А.Г:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбарт дүгнэлт хийн үзэхэд 2019 оны 05 дугаар сарын 21-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундрам” дэлгүүрийн орчимд шүүгдэгч А.Г хохирогч Д.Т нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдсан.
Улмаар шүүгдэгч А.Г нь хохирогч Д.Тыг хавсарч унагаан эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь хохирогч Д.Т-ын мэдүүлэг, гэрч Д.Г, Э.Н, О.А нарын мэдүүлэг болон шүүгдэгч А.Г-гийн өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...дунд чөмөгний хүзүүний далд хугарал, зүүн тохой шилбэнд зулгаралт...” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №6600 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Г-гийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Д.Т нь 1.973.750 төгрөгний хохирлыг баримтаар нэхэмжилсэн. Цаашид хөлний хагалгаа хийлгэх шаардлагатай 20 сая төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар шүүгдэгч нь хохирол төлөөгүй болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Г-гээс 1.973.750 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Т-д олгуулахаар шийдвэрлэв.
Харин хохирогчийн цаашид хагалгаа хийлгэхэд шаардлагатай 20 сая төгрөг нэхэмжилж байна гэсэн нэхэмжлэлийг энэ хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй буюу хохирогч энэ талаар үндэслэл бүхий баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй гэж заасны дагуу хохирогч Д.Т нь холбогдох баримтыг бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч А.Г-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч А.Г-г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчийн ялын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч А.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг, нэг хоног хорих ялаар тооцож солихыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д 640 /зургаан зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Г-гээс 1.973.750 /нэг сая, есөн зуун далан гурван мянга, долоон зуун тавин/ төгрөг гаргуулан хохирогч Д.Т-д олгуулсугай.
5. Хохирогч Д.Т-ын баримтгүйгээр нэхэмжилсэн 20 /хорин/ сая төгрөгийг хэлэлцээгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР