| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 183/2017/00541/и |
| Дугаар | 001/ХТ2018/00541 |
| Огноо | 2018-04-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2018/00541
Б.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00460 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2517 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Б.Хт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2014-06-02-ны өдөр Б.Хт өөрийн эзэмшлийн 90 сая төгрөгийн үнэтэй Ландкрузер 200 маркийн автомашиныг шилжүүлэн өгч, 20 хоногийн дараа 90сая төгрөг авахаар тохирч, уг мөнгөн дүнгээр зээлийн гэрээ хийсэн. Гэтэл Б.Х гэрээнд заасан хугацаанд машины үнийг төлөөгүй мөртлөө машиныг Б.Ганбаатар гэдэг хүнд шилжүүлсэн байсан. 2014 оны 6 дугаар сарын сүүлээс 7 дугаар сарын эхэн хүртэл хугацаанд 25сая төгрөгийг 2-3 хувааж өгсөн. Энэ үед машиныг эвдрэлтэй талаар огт яриагүй байж 2014-08-27-нд 45сая төгрөг авахад машин чинь эвдрэлтэй байсан гэж үндэслэлгүй зүйлийг хэлээд үлдэгдэл 20сая төгрөгийг төлөөгүй өдийг хүрч байна. Миний машин ямар ч эвдрэл гэмтэлгүй байсан ба Тоёота компанийн 60 жилийн ойгоор үйлдвэрлэсэн “60 жилтэй хар өнгийн ландкрузер 200” тул үнэ ханш ч өндөртэй 90сая төгрөг болж, энэ нь уг машины тухайн үеийн зах зээлийн дундаж ханш юм. Б.Х машиныг өөрөө үзэж шалгаж авчхаад зуны 2-3 сар хэрэглэж, бусдад шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө өгөхгүй арга хайж, эвдрэлтэй байсан мэтээр ярьж байгааг зөвшөөрөхгүй. Б.Х хариу тайлбартаа 2017-01-09-ний өдөр миний машины талаар “Таван богд” ХХК-иас үнийн санал авсан байгаа, мөн үнэлгээ хийхдээ харьцуулсан үнэлгээ хийсэн байсан. Уг машин нь 2011 оны машин гэтэл 2007, 2008 оны авто машинтай харьцуулж үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Х бид хоёр Эрхүү хотод хамт сурч байсан тул би машинаа итгэж өгсөн, мөнгөө удахгүй өгнө гэж хэлдэг байсан. Энэ хүн уг машиныг их удаан эдэлсэн тул буцаан авах боломжгүй. Иймд үнийн дүнгийн үлдэгдэл 20 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2014-06-02-ны өдөр иргэн Б.Бтай зээлийн гэрээ байгуулсан боловч бэлэн болон бэлэн бус хэлбэрээр мөнгө аваагүй. Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт “...мөнгө зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно..." гэж заасан тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Миний бие 2014-05- 26-ны өдөр иргэн Б.Б, Б.Оргил нарын хамт байсан бөгөөд миний бие найз н.Мөнхбаатараас Ландкрузер 200 /v8- евро стандарт/ машиныг 95 саяар хэлцэл хийн авч өөр хүнд зарах талаар утсаар ярилцахыг сонсоод өөрсдийн Ландкрузер 200 / v6 араб стандарт 60 жилтэй/ автомашиныг 90 саяар дамжуулан өгөх талаар санал тавьсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан бөгөөд үүнээс илүү борлуулах боломж байсан болохоор хэн хэндээ хэрэгтэй байдлаар машиныг үзэхээр хэлэлцэн тохиролцсон. Мөн худалдан авах хүн шууд авахгүй тул хэсэг хугацааны дараа борлуулахаар хэлэлцэн автомашиныг бусдад борлуулах итгэмжлэл хийлгэн өөрийн Хан-Уул дүүргийн 15-р хороо Хурд хороолол 6а байрны доод гараашид борлуулах хүртэл хадгалсан. Энэ хугацаанд Б.Оргилд 25 саяыг /10 сая, 15 сая/ 2 хувааж өгсөн. Ингээд худалдан авахаар тохирсон хүнд 7 сарын эхээр машиныг үзүүлэн мөн 3 долоо хоногийн дараа мөнгийг авахаар тохироод машиныг шилжүүлэн өгсөн. Гэвч 7 хоногийн дараа хэлцлийг цуцлахаар ирсэн бөгөөд машин зүүн урд талаараа мөргөлдсөн мөн жалганд унасан байж магадгүй, урд жолоочийн болон панилын ослын бүх дэр задарсан, зүүн урд лонжром тахийсан, өөрийн биш чанар муутай хятад, урд копуд, 2 крыло, гупер засвартайг үзүүлэн буцааж өгсөн. Б.Оргилтой 2014-07-28-ны өдөр ХУД-н 11-р хороо Оргил худалдааны урд байрлах машин угаалгын газар уулзаж машиныг дээр дооргүй угаалган машины хамгийн гол болох ослын дэрүүд задарсан Б.Оргилын санал болгосон үнээр борлуулах боломжгүйг хэлээд 25 сая төгрөгөө авч буцааж өгье гэдгийг хэлсэн. ...Тэгээд 7 хоногийн дараа Б.Оргилын эхнэр Б.Б ирээд чи 45сая төгрөг нэмээд өгчих 70 сая төгрөгөөр тооцоогоо дуусгая, бид байрны лизингтэй байгаа гэсэн тэгээд би эхнэртэйгээ зөвлөлдөөд зээл аваад мөнгө бэлэн болчихлоо гэж ярьсан. Б.Б нь хөдөө явж байна миний данс руу хийчих найз нь буцаж очоод гарын үсэг зурна гэсэн. ...Би өмнө машинаа ав, миний мөнгийг өгчих гэж олон удаа хэлсэн. Тухайн үед хэдэн цаасны ашиг гаргах гэж уг машиныг нь авсан, одоо машин нь зарагдахгүй байгаа учир одоо болтол унаад явж байгаа. Иймээс машинаа буцааж аваад миний 70 сая төгрөгийг буцааж өгч болох уу гэж Оргилоос асуумаар байна. Би Б.Бтай аман хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. Б.Б, Б.Оргил хоёроос би огт мөнгө аваагүй. 45 сая төгрөг өгөөд бүх асуудал болчихлоо гэж бодож байсан. Б.Бтай аман хэлцэл хийсэн гэдэг нь мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00460 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бгийн нэхэмжлэлтэй Б.Хт холбогдох 20 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2517 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00460 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Хаас 20 сая төгрөг гаргуулж, Б.Бд олгосугай.” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “үлдээсүгэй” гэснийг “үлдээж” гэж, “үлдээж” гэсний дараа “хариуцагч Б.Хаас 257 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгосугай.” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...зээлдүүлэгч Б.Б зээлдэгч Б.Хт 90 сая төгрөгийг 2014.06.02-ны өдрөөс 2014.06.22-ны өдрийг хүртэл хүүгүй мөнгийг зээлж, заасан хугацаанд мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээжээ. Гэрээний 2 дахь хэсэгт мөн зээлсэн 90 сая төгрөгийг хугацаандаа төлөх үүргийг мөн хүлээсэн. Гэвч бодит байдал дээр хариуцагч Б.Х нь нэхэмжлэгчээс мөнгө буюу 90 сая төгрөг бус, авто машин авсан болох нь …нотлогдох бөгөөд хэрэв зээлийн гэрээ байгуулсан бол гэрээ ёсоор хугацаанд нь авсан зүйлээ буцаан өгөх үүрэг үүснэ. Талуудын гэрээний зүйл нь авто машины оронд 90 сая төгрөг төлөхөөр байгаа нь зээлийн гэрээ бус зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Анх автомашиныг талууд 90 сая төгрөгөөр тохирч урьдчилгаа нийт 25 сая төгрөгийг өгсөн бөгөөд гэрээний зүйл болох авто машин нь эвдрэлтэй болохыг нэхэмжлэгч Б.Б хүлээн зөвшөөрсөн бөгөөд ...тухайн үед гэрээг дуусгавар болгох боломжгүй байсан тул утсаар авто машины үнийг 20 сая төгрөгөөр буулгаж 70 сая төгрөг болгож, гэрээний үлдэгдэл 45 сая төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээлж нэхэмжлэгчийн Хаан банкин дахь данс руу 2014.08.27-ны өдөр төлж гүйлгээний утга ЛАНД-200 төлбөрт төлж дуусгав гэж баримтаар дуусгавар болсон болно. Дээрх төлбөр төлсөн баримтыг давхар нотлох зүйл бол автомашин эвдрэлтэй болох нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдож байна, мөн нэхэмжлэгч цаг хугацааны хувьд 2 жил гарны хугацаанд гэрээний төлбөрөө огт шаардалгүй байсан нь машин эвдрэлтэй, 90 саяын автомашиныг 70 сая болгож буулгаж үлдэгдэл 45 сая төгрөгийг төлснөөр дуусгавар болсныг тогтоож байна. Мөн дээрх банкны баримтуудын агуулга нь тухайн үед талууд хэрхэн тохирсон болохыг тогтоох хамгийн чухал баримт юм. Гэвч давж заалдах шатны шүүх дээрх баримтыг үнэлээгүй. Мөн хариуцагч төлбөрийг төлж дуусгав гэж гүйлгээгээ хийгээд дууссан байхад Б.Х нь удаа дараа 20 сая төгрөгийг төлнө гэж хэлж байсан гэж нэхэмжлэгч тайлбарлах нь ойлгомжгүй байна. Тухайн үед нэхэмжлэгч Б.Б уг машиныг унасан, эвдрэлтэй болохыг хүлээн зөвшөөрч 90 саяын гэрээг 70 сая болгож бууруулж, үлдэгдэл 45 сая төгрөгийг төлөхөөр амаар харилцан тохиролцож, уг тохиролцооны дагуу хариуцагч Б.Х нь 2014.08.27-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас авто машиныг барьцаанд тавьж 25 мянган доллар буюу тухайн үед үлдэгдэл 45 сая төгрөгийг төлөх гэж 46 сая төгрөгийг зээлж, маргааш нь буюу 2014.08.28-ны өдөр нэхэмжлэгч Б.Бгийн данс руу шилжүүлснээр талуудын хоорондын гэрээ дуусгавар болсон. Энэ бүх үйл явц, гэрээг харилцан тохирсон цорын ганц хүн бол нэхэмжлэгч Б.Б өөрөө юм. Хариуцагч Б.Х тухайн үед анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Б.Бг оролцуулж өгөөч, нүүрэлдүүлэн байцааж өгөөч гэж хүссэн боловч анхан, давах шатны аль ч шүүхэд Б.Б өөрөө оролцоогүй, түүний нөхөр Б.Оргил оролцсоор ирсэн. Өөрөөр хэлбэл, талууд автомашиныг 70 сая төгрөгөөр тохирсон нь банкны төлбөр төлсөн баримт, мөн авто машин эвдрэлтэй болохыг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт болон тухайн үед 70 сая төгрөгөөр тохирч үлдэгдэл төлбөр 45 сая төгрөгийн зээлийн банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн гэрээ зэргээр нотлогдож байна. Хавтас хэргийн хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн тайланд нэхэмжлэгчийн шилжүүлсэн авто машин нь “....гэх мэт мөн өнөөдрийн байдлаар ашиглалтын нөхцөл хэвийн, үндсэн зориулалтын дагуу ашиглагдаж байгаа болно. гэж дүгнэсэн нь тухайн үед Б.Хын хувьд мэдээгүй, харин Б.Б, түүний нөхөр Б.Оргил нар нь эвдрэлтэй унасан авто машиныг надад өндөр үнээр зарсан болох нь тогтоогдож байна. Мөн уг дүгнэлтэнд: “...Уг тээврийн хэрэгсэлд оношилгооны баримт бичиг байхгүй байсан. Оношлогооны дүгнэлтээр дотоод эд ангийн эвдрэл, гэмтэл гардаг учир үнэлгээ багасах, нэмэгдэх хандлага гарч болно...” гэж мэргэжлийн байгууллага дүгнэж байжээ. Эндээс үзэхэд тухайн үед зориулалтын дагуу ашиглагдаж байсан боловч дээрх гэмтэл, эвдрэлтэй болохыг хожим нь тогтоосон байна. Мөн оношлогооны баримтгүй авто машиныг зарна гэдэг нь анхнаасаа нэхэмжлэгч эвдрэлийг нуун дарагдуулж худалдсан болохыг нотолж байна. Дээрхээс үзэхэд Б.Б нь осолд орсон, унасан, эвдрэлтэй автомашин шилжүүлсэн. Иймд энэхүү хэргийн үнэн зөв, шударгаар шийдвэрлэхэд гол нотлох баримт нь цаг хугацааны хувьд маргаан бүхий автомашин хэзээ, хэдэн оны хэдэн сард осолд орж байсныг тогтоож байж энэхүү хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, авто машиныг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн нь осолд оруулсан, эвдрэлд гэмтэлтэй болохыг Цагдаагийн байгууллагаас тогтоох боломжтой юм. Ийнхүү хэн нь эзэмшилд байх үед эвдрэлд орсныг цагдаагийн байгууллага тогтоосон цагт энэхүү хэргийн үнэн учир тогтоогдоно гэж үзэж байна. Иймээс Б.Бгийн шилжүүлсэн ландкрузер 200 маркийн автомашин нь нэхэмжлэгч Б.Б хариуцагч Б.Хт шилжиж очихоос өмнө осолд орж гэмтсэн эсэх, эсхүл нэхэмжлэгчээс хариуцагч Б.Хт шилжсэний дараагаар осолд орж гэмтсэн эсэхийг Замын цагдаагийн ерөнхий газраас тодруулж, хэзээ хаана осол орсон эсэх нь тодорхой мэдээлэл баримтыг анхан шатны шүүхээс тодруулж байж энэхүү хэргийн үнэн зөвийг тогтоох шаардлагатай тул энэхүү ажиллагааг тогтоох боломжийг олгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Анхан шатны шүүх хурлын тэмдэглэл алдаатай бичигдсэн байна. Учир нь миний хэлээгүй үгийг хэлсэн мэтээр болгож буруу хурлын тэмдэглэл бичигдсэн байна. Хэргийн 50 дахь хуудасны ар нүүрний хамгийн эхэн талд “...хариуцагч 20 сая төгрөгийг өгч амжсангүй одоо машинаа буцаагаад аваад миний мөнгийг өгч болох уу гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчид хэлмээр байна гэв...” гэж миний хэлээгүй үгийг хэлсэн гэж протоколд алдаатай бичигдсэнд миний бие маш их гомдолтой байна. Миний хувьд дээрх тайлбарыг огт хэлээгүй бөгөөд хэрэв хэлсэн бол өнөөдөр бид ийнхүү маргахгүй байсан. Энэ алдаатай тэмдэглэлээс болж анхан шатны шүүхийн дээрх шийдвэр давж заалдах шатны шүүх дээр хүчингүй болж миний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдлөө.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Б 2016-12-16-ны өдөр нэхэмжлэл гаргаж, “... 15-89 УБҮ улсын дугартай хар өнгийн Ланд круизер-200 маркийн автомашинаа 2014-06-02-ны өдөр 90,000,000 төгрөгөөр зээлээр худалдаж, зээлийн гэрээ байгуулсан...70,000,000 төгрөгийг авсан...” гэсэн үндэслэлээр үлдэгдэл 20,000,000 төгрөгийг Б.Хтаас шаардсан байна. /хх 1-2, 40-41, 42-44/
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...автомашиныг бусдад борлуулахаар авсан боловч осолд орсон машин байсны улмаас худалдаж чадаагүй... харилцан тохиролцож 70,000,000 төгрөгөөр би өөрөө худалдан авч мөнгийг нь бүрэн төлсөн...” гэж маргажээ. /хх 14-15/
Анхан шатны шүүх “...талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй...” гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийг хангахдаа “...90,000,000 төгрөгийн худалдах-худалдан авах гэрээг баталгаажуулж зээлийн гэрээ байгуулсан тул үлдэгдэл 20,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй ...” гэсэн дүгнэлт хийсэн байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг дараах үндэслэлээр хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Зохигч шаардлага болон татгалзлаа нотолж, 2014-06-02-ны өдрийн “зээлийн гэрээ” /хх 4/, Б.Бгаас 2014-06-02-ны өдөр Б.Хт олгосон итгэмжлэл /хх 5/, хариуцагчийн банкны дансны хуулга /хх 16-17/, зээлийн төлөлт хийх хуваарь /хх 19/, 15-89 УБҮ улсын дугаартай хар өнгийн Ланд круизер-200 маркийн автомашины үнэлгээний тайлан /хх 20-25/, үнэлгээ хийсэн этгээдийн гэрчилгээний хуулбар /хх 28/, Таван богд ХХК-н гаргасан үнийн санал /хх 29/, Б.Х болон Премьер поинт ХХК-ийн хооронд 2014-08-27-ны өдрийн зээлийн гэрээ фидуцийн гэрээний хамт /хх 30-38/ шүүхэд гаргаж өгсөн бөгөөд үүнээс өөр баримт хэрэгт байхгүй тул энэ хэмжээнд шийдвэр, магадлалын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцэх юм.
2. Б.Б шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “зээлийн гэрээ”-г үндэслэсэн бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь Б.Хт 2014 оны 06 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 90,000,000 төгрөг зээлүүлэхээр тохирсон байна. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заажээ. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар Б.Б Б.Хт 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 90,000,000 төгрөг шилжүүлж өгөөгүй нь тогтоогдсон тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.
Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул Б.Бд 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “зээлийн гэрээ”-ний үүргийг хариуцагчаас шаардах эрх үүсээгүй гэж үзнэ.
3. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа “...талууд автамашиныг 90,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсоноо баталгаажуулж зээлийн гэрээ байгуулсан...” гэж үзсэн нь дутагдалтай болжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэхдээ “...бусдад худалдах зорилгоор Б.Бгийн автомашиныг зээлийн гэрээ хийж авсан авсан...” гэж мэтгэлцсэн бөгөөд уг тайлбар 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл /хх 5/-р нотлогдож байна. Нэхэмжлэгч нь автомашиныг худалдах, бэлэглэх, бусдын нэр дээр шилжүүлэх, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх итгэмжлэлийг 2014-06-02-ны өдөр Б.Хт олгосон байх тул уг өдөр талууд автомашиныг худалдах-худалдан авахаар тохиролцсон гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Б.Б өөрийн автомашиныг Б.Хт 90,000,000 төгрөгөөр худалдахаар 2014-06-02-ны өдөр хариуцагчтай тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4. Автомашин борлогдоогүй зэрэг байдлаас хамаарч уг автомашиныг 70,000,000 төгрөгт тооцон хариуцагч худалдан авахаар талууд тохиролцсон тухай Б.Хын тайлбарыг Б.Б үгүйсгэж чадаагүй тул энэ тайлбарын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчихгүй юм.
Талууд Б.Бгийн автомашиныг 70,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах талаар 2014-06-02-ны өдрөөс хойш тохиролцсон тухай хариуцагчийн тайлбар болон 15-89 УБҮ улсын дугаартай, хар өнгийн, Ланд круизер-200 маркийн автомашин нь 2014-10-06-ны өдрийн байдлаар 58,000,000 төгрөгийн үнэтэй тухай Сэлэнгэ эстимейт ХХК-ийн тайланг Б.Б баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болно гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заажээ.
Б.Х Б.Бд 15-89 УБҮ улсын дугаартай, хар өнгийн, Ланд круизер-200 маркийн автомашины төлбөрт 70,000,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн хариуцагчийн үүрэг дуусгавар болсон байна. Иймд энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2517 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00460 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...281 дүгээр зүйлийн 281.1...” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 236.1.1...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 259.000 төгрөгийг Б.Хт захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Б.УНДРАХ