Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 754

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал, хариуцагч Дулааны цахилгаан станц-. ТӨХК болон Утаа сорогчийн сэлбэг нийлүүлэх МС-44/2017 дугаартай тендерийг үнэлэх Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, гуравдагч этгээд “ЭС ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нарыг оролцуулан “ХС ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дулааны цахилгаан станц-. ТӨХК, Утаа сорогчийн сэлбэг нийлүүлэх МС-44/2017 дугаартай тендерийг үнэлэх Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: “ХС ” ХХК

Хариуцагч: Дулааны цахилгаан станц-. ТӨХК

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Эрчим хүчний гудамж 16100

Хариуцагч: Утаа сорогчийн сэлбэг нийлүүлэх МС-44/2017 дугаартай тендерийг үнэлэх Үнэлгээний хороо

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Эрчим хүчний гудамж 16100

Гуравдагч этгээд: “ЭС ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 02/3435 дугаартай албан бичиг, тендерийн үнэлгээний хорооны “ЭС ” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг Дулааны цахилгаан станц-. ТӨХК-д даалгах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ХС ” ХХК-ийн захирал Т.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дулааны цахилгаан станц-. ТӨХК-иас зарласан МС-44/2017-01 дугаартай тендерт тендерийн баримт бичгийн дагуу материал бүрдүүлж, техникийн шаардлагыг хангаж үйлдвэрлэгчээс шаардлага хангасан зураг схемийг авч тендерт санал болгосон мөн тендерт хоёр компани оролцсоноос 40,000,000 (дөчин сая) төгрөгийн өндөр дүнтэй “ЭС ” ХХК-ийг шалгаруулсан.

Энэ талаар Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасан боловч захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж хариу өгсөн болно.

Бид Дулааны цахилгаан станц-. ТӨХК (2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 02/3435 дугаартай албан мэдэгдэл), Сангийн яам (2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4738 дугаартай албан бичиг)-ны гаргасан шийдвэрүүдийг эс зөвшөөрч байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 56.1 дэх заалтын дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Захиалагч хамгийн өндөр үнэтэй тендерийг шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27,3 дахь заалт, 28.7.4 дэх хэсгийг зөрчиж байна.

Иймд дээрхи тендерт хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулаагүй, хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул Дулааны цахилгаан станц-. ТӨХК-ийн албан мэдэгдэл, Сангийн яамны шийдвэрүүдийг хүчингүй болгож, хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Дулааны цахилгаан станц-. ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай компаниас зарласан МС-44/2017-01 дугаартай “УТАА СОРОГЧИЙН СЭЛБЭГ” нийлүүлэх тендерт “ХС ” ХХК-иас ирүүлсэн тендерийн материал нь Барааны техникийн болон дэлгэрэнгүй тодорхойлолт зураг схем шаардлага хангаагүй, ирүүлсэн зураг шаардлага хангаагүй, хэмжээс байхгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 заалтаар хянан үзэх үнэлэх шаардлагагүй гэж үзэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна” гэжээ. 

Хариуцагч Утаа сорогчийн сэлбэг нийлүүлэх МС-44/2017 дугаартай тендерийг үнэлэх Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “МС-44/2017-01 дугаартай “Утаа сорогчийн сэлбэг нийлүүлэх” тендерт “ХС ” ХХК-с ирүүлсэн материал нь техникийн болон дэлгэрэнгүй тодорхой зураг схемийн шаардлага хангаагүй, нарийн хэмжээс байхгүй байна. “Дулааны цахилгаан станц-.” ТӨХК нь улсын онц чухал объект бөгөөд Монгол улсын эрчим хүчний 71%, Улаанбаатар хотын 65%-ийг дангаараа хангадаг үйлдвэр юм. Цахилгаан үйлдвэрлэх явц найдвартай, тасралтгүй, баталгаатай байх зарчмыг чанд мөрддөг бөгөөд үйлдвэрийн техник, технологийн чанарын өндөр шаардлагыг хангах ёстой. “ХС ” ХХК-иас ирүүлсэн тендерийн материал нь шаардлага хангаагүй тул нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна” гэжээ.

Гуравдагч этгээд “ЭС ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Танай шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа ХС  ХХК-ийн нэхэмжлэлтэй Дулааны цахилгаан станц-. ТӨХК-д холбогдох “Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 02/3435 дугаартай албан бичиг, тендерийн үнэлгээний хорооны “ЭС ” ХХК-ий шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг Дулааны цахилгаан станц-. ТӨХК-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гардаж аваад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Төлөөлүүлэгч нь хариуцагчийн нээлттэй зарласан шалгаруулалтад оролцож захиалагчийн тендерийн баримт бичигт заасан баримтыг үнэн зөв, бүрэн гүйцэд бүрдүүлэн оролцсон.

Нэхэмжлэгч гуравдагч этгээдийг өөрөөсөө өндөр үнийн саналтай байхад шалгаруулсан учир шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлдээ дурджээ.

Хариуцагчийн нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдлээс үзэхэд нэхэмжлэгч нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасан шаардлагыг хангаагүй учир хянан үзэх шатнаас хасагдаж үнэлгээний шатанд шаардлагад нийцсэн 1 компани үлдэж гэрээ байгуулах эрх олгогдсон харагдаж байна.

Нэгэнт үнэлгээний хороо хянан үзэж, үнэлээд хуульд заасны дагуу шийдвэр гаргасан нь үндэслэлтэй, нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ХС ” ХХК нь “Дулааны цахилгаан станц-.” ТӨХК-иас зарласан МС-44/2017-01 дугаартай “Утаа сорогчийн сэлбэг нийлүүлэх” тендерт гуравдагч этгээд “ЭС ” ХХК-ийг шалгаруулсныг эс зөвшөөрч Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 02/3435 дугаартай албан бичиг, үнэлгээний хорооны “ЭС ” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгох, дахин тендер зарлахыг  “Дулааны цахилгаан станц-.” ТӨХК-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

“Дулааны цахилгаан станц-.” ТӨХК-ний Гүйцэтгэх захирлын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/76 тоот “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан МС-44/2017-01 дугаартай “Утаа сорогчийн сэлбэг нийлүүлэх” тендерийг үнэлэх Үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу тухайн тендерийн үнэлгээг хийсэн байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр хийсэн тайлбарт “ ”ХС ” ХХК-иас ирүүлсэн материал нь техникийн болон дэлгэрэнгүй тодорхой зураг схемийн шаардлага хангаагүй, нарийн хэмжээс байхгүй, ...Тендерийн материал нь шаардлага хангаагүй тул тендерийн үнэлгээ хийх боломжгүй гэх үндэслэлээр тендерээс татгалзаж, нэхэмжлэгч үнэлгээний шатнаас хасагдсан ” гэжээ. Утаа сорогчийн сэлбэг нийлүүлэх тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 19 дүгээр зүйлд “нийлүүлэх бараа нь тендерийн баримт бичгийн шаардлагад нийцэж буйг нотлох баримт”, 19 дүгээр зүйлийн 19.1-т “Тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолт болон стандартад нийцэж буйг нотлох баримтыг тусгайлан бэлтгэж тендерт ирүүлнэ. Нотлох баримт нь нийтлэл, зураг, өгөгдлийн хэлбэрээр байж болох ба дараах мэдээллийг агуулна. Үүнд: 

а.Барааны техникийн болон үйл ажиллагааны дэлгэрэнгүй тодорхойлолт,  

в.Нийлүүлэх бараа техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл заалт бүрээр нотлон харуулсан тайлбар, ... техникийн тодорхойлолтын шаардлагыг үндсэнд нь хангаж байгааг нотолсон мэдэгдэл” зэрэг гэж тусгайлан шаардсан байна. 

Гэтэл нэхэмжлэгч “ХС ” ХХК-ний тендерийн баримт бичиг  нь дээрх шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

  Иймд Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Цахилгаан үйлдвэрлэх явц найдвартай, тасралтгүй, баталгаатай байх зарчмыг чанд мөрддөг бөгөөд үйлдвэрийн техник, технологийн чанарын өндөр шаардлагыг хангах ёстой гэх үүднээс нэхэмжлэгчийн тендерийн баримт бичиг шаардлага хангаагүй тул үнэлгээний шатнаас хасагдсан...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлага хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.3 “... 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, мөн хуулийн 27.4 “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж уг тендерээс татгалзана” гэж заасны дагуу Үнэлгээний хороо тухайн тендерийн үнэлгээг хийж дээрхи хуулийн 28.7.4 “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж зааснаар гуравдагч этгээд “ЭС ” ХХК-ийг тус тендерт сонгон шалгаруулсныг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хуулийн  16 дугаар зүйлд тендерт оролцогчийн техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх харилцааг зохицуулсан ба 16.1.6-д “Нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсвэл гэрэл зураг тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг” зэргийг үндэслэхээр зааж, 16.2-т “Энэ хуулийн 16.1-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэснийг дурдах нь зүйтэй юм. 

Иймд тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна.  

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна”, 46.1.2 “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.1.3 ”үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж заасны дагуу тендерийн захиалагч нь тус тендерт шалгарсан “ЭС ” ХХК-тай гэрээ байгуулах эсэх асуудлаар шийдвэр гаргах эрхтэй. 

Түүнчлэн захиргааны акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхаар мөн ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэл нь захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон  байх ёстой тул “Утаа сорогчийн сэлбэг нийлүүлэх” тендерийн гүйцэтгэгчээр “ЭС ” ХХК-ийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл хэлбэрээр гаргасан шийдвэр, Үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 02/3435 дугаартай албан бичгийг хүчингүй болгож дахин тендер явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.  

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “ХС ” ХХК-ний “Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 02/3435 дугаартай албан бичиг, Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл хэлбэрээр “ЭС ” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, дахин тендер явуулахыг “Дулааны цахилгаан станц-.” ТӨХК-д даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Н.ДОЛГОРСҮРЭН