Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2020/0530

 

С.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0417 дугаар шийдвэртэй С.Г-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргал илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0417 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.Г-ээс Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаар захирамжийн Д.Б-Ө-д холбогдох хэсэг, мөн Нийслэлийн засаг даргын 2006 оны 430 дугаар захирамжийн С.А-д холбогдох хэсгийг тус тус  хүчингүй болгох, С овогтой Г-ийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 26-634 хаягтай 18649309116785 /1331401102/ нэгж талбарын дугаартай 700м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан захирамж гаргахыг даалгах, С овогтой Г-ийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 26-634 хаягтай 18649309116785 /1331401102/ нэгж талбарын дугаартай 700м.кв газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, уг газрын кадастрын зургийг иргэн С.Г-ийн нэр дээр мэдээллийн санд оруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч давж заалдах гомдолдоо: ... “...3.1. ...Газрын тухай хуулийн 30.1-д ... иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх доод хугацаа 15-н жил байхаар тун тодорхой хуульчилсан байдаг болно. Тухайн үед буюу 2004 онд Нийслэлд иргэдэд газар өмчлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүднээс 1-2 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж байсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд нэхэмжлэгч С.Г-д 2004.11.29-ний огноотой нэг жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байжээ. Өөрөөр хэлбэл, С.Г нь уг хуулийн хугацаанд багтаан маргаж байгаа газрыг үнэгүй өмчлөхөөр хүсэлт гаргах эсэх нь нэхэмжлэгч С.Г-ийн эрхийн асуудал бөгөөд харин маргаж байгаа газрын хувьд С.Г-ийн газрын эрх анхлан 2004 оны 11 сарын 29-ний өдөр үүссэн нь маргашгүй үйл баримт мөн болно. Энэ тохиолдолд шүүхээс Газрын тухай хуулийн 30.1-д заасны дагуу нэхэмжлэгч С.Г-ийн газар эзэмших эрх маргаж байгаа газар дээр багадаа 15 жилийн хугацаатай үүссэн гэж дүгнэх бүрэн боломжтой байсан. Хэрэгт цугларсан нотлох барим болон маргааны үйл баримт, Газрын хуулийн зарчим ч энэхүү хууль хэрэглээг дэмжиж байгаа болно. Учир нь:

Маргаж байгаа газрыг нах 2003 онд нэхэмжлэгч иргэн С.Г хөрөнгө оруулан машин механизм хөлслөн газрыг нь тэгшлүүлж, өөрийн хөрөнгө, хөдөлмөрөөр хашаалан улмаар газар эзэмших хүсэлтээ зохих журмын дагуу гаргаж эзэмших гэрчилгээтэй болсон нь нотлогддог.

С.Г  нар нь маргаан бүхий газрыг Д.Б-Ө-д бэлэглэсэн гэх алдаатай ойлголт, төөрөгдөл байгаад шүүхээс тусгайлан үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгөхийг нэхэмжлэгч талаас хүссэн боловч анхан шатны шүүхээс үүнд үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт өгч чадсангүй.

Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс Д.Б-Ө-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн 2005 оны 12 сарын 10-ны өдрийн 386 дугаар захирамж нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 сарын 11-ний өдрийн 129 дүгээр захирамжийг үндэслэсэн гэж тайлбарладаг хэдий ч хавтаст хэрэгт Д.Б-Ө нь маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байсан нотлох баримт байдаггүй. Нөгөө талаас энэхүү 129 дүгээр захирамж нь Нийслэлд иргэнд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд гаргасан газрын тооллого, бүртгэлийн нэгдсэн дүн бөгөөд энэхүү захирамжаар Д.Б-Ө-ийн маргаж байгаа газрыг эзэмших үндэслэл бий болох боломжгүй юм. Учир нь маргаж байгаа газрын хувьд ... Баянзүрх дүүргийн 2004 оны 04 дүгээр сарын 01-ний 70 дугаар захирамжаар нэгэнт иргэн С.Г-д эзэмшүүлсэн байсан болно.

С.Г-ийн маргаж байгаа газрыг эзэмших эрх дуусгавар болсон гэж захиргааны байгууллагууд үзсэн бол Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйл болон 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасны дагуу С.Г-д газар чөлөөлөх мэдэгдэл өгч зохих захиргааны ажиллагаа үүсгэхгүйгээр газрыг эзэмшүүлэх боломжтой байсан боловч энэ мэт захиргааны үйл ажиллагаа хийгдсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Тийм ч учраас гадаадад оршин сууж байгаа С.Г-ийн хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/506 дугаартай захирамжаар маргаан бүхий газрын эрхийг сунгасан байдаг.

Баянзүрх дүүргийн газрын албанаас С.Г-д кадастрын зураг үйлдэн өгч энэхүү зураг нь газрын мэдээллийн санд хэсэг хугацаанд байгаад устгагдсан нь үнэн бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн газрын эрхийг үгүйсгэх үндэслэл болох учиргүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрын эрх хэзээ хэнд хэрхэн анх үүссэн, тухайн газарт анх хэн хөрөнгө оруулсан зэрэг тодорхой үйл баримтад үндэслэн Газрын тухай хуулийн 37.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр газрын эрхийг сунгасан /А/506 дугаартай захирамж/ байгаа зэргийг үндэслэн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан үндсэн зарчимд илүүтэй нийцэх боломжтой байсан гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 430 дугаар захирамжийн С.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч талын зүгээс Нийслэлийн засаг дарга маргаан бүхий газрыг С.А-д өмчлүүлэх шийдвэр гаргахдаа Д.Б-Ө, С.А нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэсэн нь анхан шатны шүүхийн өөрийнх нь хэрэглэсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйл зэрэг тодорхой зохицуулалтуудыг зөрчсөн байгаад тодорхой хууль зүйн дүгнэлт хийхийг анхан шатны шүүхээс хүссэн бидний үндэслэл хүсэлтийг мөн л хэрэгссэнгүй.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасны дагуу анхан шатны шүүхийн 128/ШШ2020/0417 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, иргэн С.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч С.Г нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 70 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 26-364 тоот хаягт байрлах 700 м.кв газрыг эзэмшүүлснийг үндэслэн, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгохдоо зориулалтыг “амины хашаа” гэж, газар эзэмших хугацааг “Нэг жил” гэж тус тус заажээ.

          Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, уг гэрчилгээнд заасан “нэг жил” өнгөрснөөр С.Г-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэж, үүнээс хойш маргаан бүхий 2015 оны 386 дугаар захирамжаар иргэн Д.Б- Ө-д уг 700 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй, үүний улмаас нэхэмжлэгч С.Г-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь газар эзэмшүүлэх хугацааны талаар зохицуулсан хэрэглэх ёстой Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг ... 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтаар иргэн, хуулийн этгээд газрыг өөрийн мэдэлд байлгаж газрын ашигтай чанарыг гаргаж хэрэглэхэд тодорхой хугацаа зайлшгүй шаардлагатай болдог онцлогийг харгалзан газар эзэмшүүлэх хугацааны доод болон дээд хэмжээг зохицуулсан байхад хуульд заасан доод хэмжээнээс бага хугацаа буюу амины хашааны зориулалтаар эзэмшүүлсэн зорилгод нийцэхээргүй, гэрчилгээнд заасан “нэг” жилээр С.Г-ийн газар эзэмших эрхийг хязгаарласан нь дээрх хуульд нийцэхгүй.

Тухайн үед 2003-2005 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах ажлын  хүрээнд гэр бүлийн хэрэгцээнд эзэмшиж байгаа газрыг нь өмчлүүлэх зорилгоор газар эзэмших гэрчилгээг “Нөхөн олгов” гэсэн тэмдэглэгээтэй, хуульд зааснаас бага хугацаатай эзэмшүүлж байсантай холбоотой нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд хэн алинд нь гэрчилгээг олгохдоо хуульд заасан хугацаанаас бага хугацаа зааж олгосон байх бөгөөд энэ хугацаагаар газар эзэмших эрхийг хязгаарлах боломжгүй тул С.Г-ийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар хугацаа дуусгавар болсон гэж үзэхгүй.

          Нэхэмжлэгч С.Г  нь “... газар дээрээ хашаа барьж, өөрийн танилын дүү гэх Ө.Б-Ө-г хашаандаа түр суулгасан гэх бөгөөд гуравдагч этгээд С.А-ийн “...С.Г  нь тухайн газарт амьдарч байгаагүй, хамтран амьдрагчийнхаа төрсөн дүүдээ бэлэглэсэн газраа эзэмших санаархалтай байгаа нь энэ маргааны үндэс болж байна ...” гэх тайлбар зэргээс үзвэл анхнаасаа тухайн газрыг С.Г эзэмшсэнтэй маргаагүй бөгөөд хэрэгт газар эзэмших эрхээ бэлэглэж, шилжүүлсэнтэй холбоотой баримт байхгүй байна. 

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл Баянзүрх дүүргийн Засаг дарга нь С.Г-ийн газар эзэмших эрх нь хуульд зааснаар дуусгавар болоогүй байхад Ө.Б-Ө-д давхцуулан эзэмшүүлсэн 2005 оны 386 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна.

Ө.Б-Ө нь 2006 онд газар эзэмших эрхээ С.А-д шилжүүлж улмаар маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2006 оны 430 дугаар захирамжаар С.А-д өмчлүүлсэн бөгөөд нэгэнт Ө.Б-Өд газар эзэмших эрх нь хууль ёсоор үүсээгүй байх тул бусдын газрыг давхцуулан өмчлүүлсэн 430 дугаар захирамж мөн хууль бус байна. Дээрх хууль бус захирамжуудын улмаас нэхэмжлэгч С.Г-ийн газар эзэмших эрх зөрчигдсөн байх тул тус тус хүчингүй болгох үндэслэлтэй.

Түүнчлэн хариуцагч дүүргийн Засаг дарга нь С.Г-ийн 2013 онд гаргасан хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, 2013 оны А/506 дугаар захирамжаар С.Г-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасанд нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... Ө.Б-Ө, С.А нарын эзэмшиж, өмчилж байсан газрыг давхцуулан сунгасан А/506 дугаар захирамж нь хууль бус, С.Г нь газар эзэмших эрх нь дуусгавар болсон тул нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэл гаргах эрхгүй” гэх тайлбар гаргах боловч энэ үндэслэлээр 2013 оны А/506 дугаар захирамж хүчин төгөлдөр байх бөгөөд түүнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн  нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгасантай холбоотой эрхээ зөрчигдсөнийг мэдэх боломжгүй байсан байх ба газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтэд нь өгсөн Баянзүрх дүүргийн газрын албаны 2019 оны 13/2276 дугаар албан бичгээс маргаан бүхий актуудын талаар мэдсэн байх тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, мөн С.Г нь тухайн газрыг анхнаасаа эзэмших эрхтэй байсан тул маргаан бүхий актуудын талаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

           С.Г нь 2018 онд газар эзэмших хугацааг сунгуулах хүсэлтээ гаргахад Засаг дарга нь дээрх хууль бус захирамжуудаа үндэслэн татгалзсан нь хууль бус байх тул газар эзэмших хугацааг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу зохих журмаар сунгахыг даалгах үндэслэлтэй байна.

            Мөн маргаан бүхий захирамжуудтай холбоотойгоор уг газрыг С.Г-ийн нэр дээр кадастрын мэдээллийн санд бүртгээгүй байх тул Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд Баянзүрх дүүргийн газрын алба нь С.Г-ийн эзэмшил газрын мэдээллийг газрын мэдээллийн санд зохих журмаар бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.