Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 39

 

П.Барсболд, З.Сэлэнгэ нарт

 холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо,  С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

                     Шүүх хуралдаанд:

                     Нарийн бичгийн дарга                     Г.Намуунзул

                     Прокурор                                          С.Алтай    

                     Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Р.Ганчулуун, З.Нямсүрэн, Т.Энхболд

                     Хохирогчийн төлөөлөгчийн

                     өмгөөлөгч                                         Д.Урансувд

                     Шүүгдэгч                                           З.Сэлэнгэ нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, шүүгдэгч П.Барсболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхзаяа нарын давж заалдах гомдлоор П.Барсболд, З.Сэлэнгэ нарт холбогдох эрүүгийн 201611000373 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1998 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 18 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, эгчийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Станцын 13-01 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 21-ний өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ЖМ98102215 регистрийн дугаартай, Бэсүд овогт Пүрэвийн Барсболд.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1992 оны 9 сарын 14-ний өдөр төрсөн, 24 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү, охины хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Ногооны 13-01 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖМ92091424 регистрийн дугаартай, Ламтан овогт Зоригийн Сэлэнгэ.

     З.Сэлэнгэ нь хохирогчийн төлөөлөгч Л.Мөнхзаяагийн нөхөр Ц.Цэдэвдоржтой эр эмийн харьцаа тогтоосны улмаас Л.Мөнхзаяатай маргалдан утас руу нь мессеж бичин өсөрхөж, өс хонзонгийн сэдэлтээр 2016 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг Ногооны 3-02 тоотод оршин суух 7 настай Ц.Тэмүүжинг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг насанд хүрээгүй П.Барсболдод захиалсан, насанд хүрээгүй П.Барсболдыг "хүнийг санаатай алах" буюу онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,  

П.Барсболд нь насанд хүрээгүй байхдаа 2015 оны 11 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт байрлах Алт, мөнгөний дарханы газрын хаалгыг эвдэн орж, мөнгөн аяга, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж зэргийг хулгайлан авч 2915000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн насанд хүрээгүй байхдаа болон шүүхийн шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаандаа З.Сэлэнгийн захиалгаар түүнтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2016 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг Ногооны 3-02 тоотод оршин суух 7 настай Ц.Тэмүүжинг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гар утасны цэнэглэгч, уртасгагч залгуураар хоолойг нь боомилж, санаатай алсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор: Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ламтан овогт Зоригийн Сэлэнгэ,  Бэсүд овогт Пүрэвийн Барсболд нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Ламтан овогт Зоригийн Сэлэнгийг хүнийг өс хонзонгоор, захиалгаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан, насанд хүрээгүй хүнийг онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, шүүгдэгч Бэсүд овогт Пүрэвийн Барсболдыг хүнийг захиалгаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан, бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 37 дугаар зүйлийн 37.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.4, 91.2.15-д зааснаар шүүгдэгч Зоригийн Сэлэнгийг 20 /хорь/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, шүүгдэгч Пүрэвийн Барсболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.15-д зааснаар 14 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1-д зааснаар ялтан П.Барсболдод энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд өмнөх буюу 2016 оны 01 сарын 26-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих  ялаас  заримыг буюу 6 сарын хорих ялыг багтааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ялтан З.Сэлэнгэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.4, 91.2.15-д зааснаар оногдуулсан 20 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.3-д зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас заримыг буюу  3 жилийн хорих ялыг нэмж, нийт 23 жилийн хорих ялаар, ялтан П.Барсболдод Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.15-д зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж, нийт 15 жилийн хорих ялаар биечлэн эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан З.Сэлэнгэд оногдуулсан 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, ялтан П.Барсболдод оногдуулсан 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан З.Сэлэнгэ, П.Барсболд нарын  2016 оны 9 сарын 10-ны өдрөөс 2017 оны 6 сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 285 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3. 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн футболка 1 /нэг/ ширхэг, цэнхэр эрээн турсик 1 /нэг/ ширхэгийг хохирогчийн төлөөлөгчид, утасны цэнэглэгч 2 /хоёр/ ширхэг, уртасгагч залгуур 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий флаш диск 1 /нэг/ ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, энэ хэрэгт ялтан нарын эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд ялтан З.Сэлэнгээс 5113079 /таван сая нэг зуун арван гурван мянга далан есөн/ төгрөгийг гаргуулж хохирогчийн төлөөлөгч Л.Мөнхзаяад, ялтан П.Барсболдоос нийт 8028079 /найман сая хорин найман мянга далан есөн/ төгрөгийг гаргуулж хохирогчийн төлөөлөгч  Л.Мөнхзаяад 5113079 /таван сая нэг зуун арван гурван мянга далан есөн/ төгрөгийг, хохирогч Б.Саранцэцэгт 2915000 /хоёр сая есөн зуун арван таван мянга/ төгрөгийг тус  тус олгож, харин  нотлох баримтгүй нэхэмжилсэн 3066000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг хохирогчийн төлөөлөгчид мэдэгдэж, хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан З.Сэлэнгийн ЖМ92091424 регистрийн дугаартай иргэний үнэмлэх, ялтан П.Барсболдын ЖМ98102215 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдний эдлэх ялыг 2017 оны 06 сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Сэлэнгэ давж заалдах гомдолдоо: “Миний бие эрүүл саруул ухаантай 5 настай охинтой эх хүн.

2016 оны 9 сарын 6-нд гэрлүүгээ буюу Бунхны Мэнэнгийн 1-13 тоотоос гурил авахаар явсан. Маршрутууд бий. Ц.Цэдэвдорж, Л.Мөнхзаяа нарын хүү яагаад нас барсныг мэдэхгүй. Гомдолтой байгаа тул ахин хэлэлцэж хилс гүтгэлгээс чөлөөлж нэр төрийг минь сэргээж өгнө үү.

2015 оны 3 сарын 19-нд Ц.Цэдэвдоржтой танилцсан. Эхнэртэй байсан салсан гээд их муулдаг байсан. Ц.Цэдэвдоржтой эр эмийн харилцаатай болон удаагүй жирэмсэн болсон, байнгын цуг байдаг байсан. Надад гэрлэх санал тавьж ажил төрөл хийлгэдэггүй байсан.

2015 оны 7 сарын үеэс Л.Мөнхзаяа элдвээр мессэж бичиж эхэлсэн, үр зулбуулахыг шаардаж эхэлсэн. 2015 оны намар би 4 сартай жирэмсэн байсан. ...2015 оны 11 сарын 1-нд Мөнхзаяа, Цэдэвдорж нар гэрт ирж уулзая гэсэн гараад очсон. Гол руу машинтай дагуулж явсан. Намайг хоёулаа дарамталж доромжлоход би машинаас буугаад гэрлүү алхтал Мөнхзаяа гүйж ирэн гэдэс рүү 2 удаа өшиглөж зугттал Цэдэвдорж 22-70 жижиг машинаараа мөргөсөн ухаан алдаж унахад орхиод явчихсан.Тэр үеэр ихэр болох Солонго бичлэг хийсэн. Би үхээгүй учраас уучлаад өнгөрсөн. ...Гомдлыг минь хүлээн авч дахин хэлэлцэж шалгаж, хорихоос чөлөөлж өгнө үү. Миний утсанд шалгалт хийгээгүй шалгаж өгнө үү. Бичлэг мессэж бий” гэжээ.

Шүүгдэгч З.Сэлэнгийн өмгөөлөгч З.Нямсүрэн давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 88 тоот шийтгэх тогтоол нь үнэдслэлтэй буюу хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байна.

Энэ хэргийг бүрэн биш хийсэн, нэг талыг барьсан, шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй байхад шийтгэх тогтоол гаргасан нь зарим хохирогч нарт ял завшуулж шүүгдэгчийн гэм бурууг тогтоож чадаагүй. Энэ хэргийн зүйлчлэл буруу, бусдын амь насыг өс хонзонгоор, захиалгаар, бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан зэрэг зүйлчлэлүүдэд мөрдөн байцаагч, прокурор мөрдөн байцаалтын ажлыг дутуу хийсэн нотолвол зохих зүйлийг нотолж чадаагүй, мөн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлээгүй, хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн, камерын бичлэг хуульд заасан үндэслэл журмаар авагдаагүй, дүрс нь харагдахгүй танигдахгүй байхад З.Сэлэнгэ, П.Барсболд нарын нэрийг нэр заан бичиж дүрс бичлэгт машины номер дугаар, өнгө ялгагдахгүй байгааг нотолж бичсэн мөртлөө мөрдөн байцаагч гэрчийн мэдүүлгээр зохиомлоор номер дугаар өнгийг дүрс бичлэгийн тэмдэглэлд бичсэн байхад энэ хуурамч нотлох баримтыг яллах үндэслэл болгосон нь ялтныг хэлмэгдүүлэх үндэслэл болж байна.

Шүүх энэ хэргийн зүйлчлэл болон нотлох баримтад нэг бүрчлэн дүгнэлт өгөөгүй байгаа нь шийтгэх тогтоолоос харагдаж байна. Энэ хэргийн гол гэрч Ц.Одбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээ шүүх хурал дээр батлан ярьж чадахгүй байхад прокурор хууль зөрчиж хөтлөж, сануулж шүүхийн хэлэлцүүлэгт хэлүүлснийг шүүгдэгчийн өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнд 2-3 удаа хүсэлт гаргаж таслан зогсоож байсан. ... шүүх прокурорын шүүх хурал дээр хөтлөж, сануулж авсан Ц.Одбаатарын мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

...Барсболд Сэлэнгэтэй энэ хэргийг бүлэглэж үйлдсэн үү, урьдчилан тохиролцож үйлдсэн үү гэдэгт шүүх дүгнэлт өгөөгүй. Ер нь энэ хэрэгт Сэлэнгэ оролцоогүй болохыг Барсболд мэдүүлгээрээ баталдаг. Гэтэл энэ зүйлчлэлээр зүйлчилдэг нь буруу. ...Хамгийн ноцтой нь энэ хэргийн захиалагч гэж Сэлэнгийг яллаж байгаа нь үндэслэлгүй байна. Захиалагч нь гүйцэтгэгчийг хөлсөлсөн этгээд байдаг. ...түүний энэ байдлыг Ц.Одбаатар шүүх хурал дээр нотолж өгч байгаа нь Сэлэнгийг цагаатгах талын гол нотлох баримт болсон.

... өш хонзон, захиалгаар гэдэг нь мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй байхад шүүх дутуу дүгнэлт өгч байна гэж үзэж байна.

... Энэ хэрэг нь мөрдөн байцаалтыг бүрэн биш хийсэн, нотолбол зохих зүйлийг нотлоогүй тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Мөн энэ хэрэг гарах шалтгаан нөхцөл нь гэрч Ц.Цэдэвдорж, хохирогчийн төлөөлөгч Л.Мөнхзаяа нарын хууль бус үйлдлээр хүүхэд зулбуулж нотлох баримт байсаар байтал шалгаагүй, дээрх 2 хүнд ял завшуулсан, захиалагч болохыг тогтоогоогүй, өс хонзон гэж буруу дүгнэлт өгсөн, бүлгийн ойлголт байхгүй, зүйлчлэл буруу, энэ хэрэгт тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох камерын бичлэгийг нотлох баримтаас хасуулах мөн Ц.Одбаатарын мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах зэргийг тодруулаагүй орхигдуулсан дүгнэлт өгөөгүй, хэрэгт ач холбогдол бүхий баримт бичиг хүүхэд зулбуулсан талын эд мөрийн баримтыг эмнэлгийн байгууллагаас шаардан гаргуулж аваагүй, мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлээгүй зэрэг мөрдөн байцаалтыг бүрэн биш хийсэн 1 талыг барьсан шүүх нөхөн гүйцээх боломжгүй олон заалтууд байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн бүх шаардлагад нийцүүлээгүй хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бодитой гаргаж чадаагүй гэж үзэж байна. Хамгийн гол нь Барсболдын Сэлэнгэ энэ хэргийг захиалсан гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтаар батлагдаагүй, Одбаатарын мэдүүлгүүд нь шүүхийн хэлэлцүүлэгт эх сурвалжаа гаргаж чадаагүй, прокурорын шүүх хурал дээр гэрч Одбаатарт сануулсан, хөтөлсөн асуултаар явагдсан баримтыг хүндрүүлж үзсэн нь ойлгомжгүй байгаа тул давж заалдах шатны шүүх хэргийг хянаж гэрч Ц.Цэдэвдорж, хохирогчийн төлөөлөгч Л.Мөнхзаяа нарт ял завшуулахгүй, тэдний гүтгэсэн мэдүүлгийг нотлох баримтаар авахгүй, камерын бичлэг, гэрч Одбаатарын эргэлзээтэй мэдүүлгийг нотлох баримтаас хасаж Сэлэнгэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх хуралдааны танхимаас цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхзаяа давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан З.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нар нь давж заалдах гомдол гаргажээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхзаяа би эдгээр гомдолтой танилцаад мөн шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан гомдол гаргаж байна.

Шүүхээс З.Сэлэнгийг хүнийг өс хонзонгоор, захиалгаар, насанд хүрээгүй Ц.Тэмүүжинг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан, насанд хүрээгүй хүнийг онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэм буруутайд тооцож 23 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүх, цагдаагийн алба хаагч, мөрдөн байцаагч, улсын яллагч онц хүнд гэмт хэргийг шуурхай илрүүлэх, хэргийг тал бүрээс нь бодитойгоор тогтоож шалгах, гэм буруутайг тооцож ял оногдуулах талаар хуулийн хүрээнд сайн ажиллан онц хүнд гэмт хэргийг зөв шалгаж, шийдвэрлэсэн гэж иргэн хүнийхээ хувьд, хохирогчийнхоо хувьд дүгнэж байгаа.

Гэтэл нялх балчир үрийг санаатай алчихаад, насанд хүрээгүй хүүхдэд захилга өгч алуулчихаад гэмших бүү хэл улам өсөрхөн хонзогнож, хэргээ хүлээхгүй, бусдаас буруу хайж  байгаа алуурчин Сэлэнгэ гэх эмэгтэйд маш их гомдож, жигшиж байна.  Ийм бодол санаатай, хүмүүжилтэй хүн засрах бүү хэл улам нийгэмд аймшигтай үйлдэл гаргахаас сийхгүй байна гэдгийг шүүх хуралдаанаас олж харлаа. Эх хүн гэхэд байж боломгүй тэнэг зүйл хийчихээд буруугаа ойлгохгүй байгаад харамсаж байна.

Миний зүгээс болон ар гэрийнхэний зүгээс З.Сэлэнгэд оногдуулсан 23 жил хорих хуулийн хариуцлага багадаж байна гэж гомдож байна. Бага насны хүүхдийн амь насыг хөнөөж, бүхэл бүтэн айл өрхийн амьдралыг тасалж зовлонд унагааж байгаа, түүнчлэн хийсэн хэргээ ойлгон гэмшихгүй хохирол төлбөрөө барагдуулаагүй байхад хуульд заасан ялын дээд хэмжээгээр хорих нь зүйтэй. Сэлэнгээгийн давж заалдах гомдолдоо дурдсан  үндэслэлүүд нь хэрэгт ач холбогдолгүй. Хэн нэгэн хүн түүнийг гүтгэж хилсээр ял оногдуулсан асуудал огт байхгүй. Хамт гэмт хэрэг үйлдсэн, түүний захиалгыг хүлээн авч биелүүлсэн Барсболд нь өөрөө хэргээ хүлээн мэдүүлсэн нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон. Тэр бүх нотлох баримтыг шүүх зөв үнэлсэн. Шүүхээс хохирлын баримтыг үнэлээд гаргуулахаар шийдвэрлэсэн 10226158 төгрөгийн үнийн дүн дээр маргалдахгүй. Бусад хохирлыг иргэний журмаар нэхэмжилнэ.

З.Сэлэнгэ нь жирэмсэн болсон гэдэг энэ талаар хавтаст хэрэгт эхогоор харуулсан баримт байдаг боловч хэний ураг болохыг хэн мэдэхэв. Сэлэнгэ нь олон хүнтэй зэрэг явалддаг байсан. Тэгээд ч хүүхдээ зулбуулсан гэх асуудал нь хэнээс, юунаас болж зулбаж гарсан талаар олон янзаар хэлж, ярьдаг. Яагаад зулбаснаа мэдэхгүй хүн, хэзээ хаана зулбаж, хаана хүүхдээ гаргаад хаясан гэдгээ ч тодорхой хэлдэггүй. Мөрдөн байцаалтын үед шүүх хуралдаан дээр надтай уулзаж байсан намайг өшиглөсөн, машинаар мөргөсөн гэж мэдүүлдэг. Гэтэл давж заалдах гомдолдоо Цэдэвдорж бид 2-г хамт байсан болгоод хамт хийсэн болгоод бичиж байна. Ингэж худал ярьж хэд хувирч байгаа хүний үгийг хэлээн авахгүй байх гэдэгт итгэж байна. Нөхрийгөө мах, жимс түүнд аваачиж өгсөн гэдгийг хэргийн материалтай танилцахдаа л анх мэдэж байсан. Түүнээс биш мах жимсэнд үр зулбуулах эм хийх үү. Эрүүл ухаантай хүн бодохгүй дээ. Би түүнтэй уулзаж байгаагүй. Мессежээр хэрэлдэх зүйл байсан. Гэхдээ энэ бүх зүйлийн эхлэл З.Сэлэнгэ өөрөө юм. Ямар нэгэн аргаар нөхөр бид 2-г муудалцуулах, хэрэлдүүлэх, айл гэрийг бусниулах ажиллагааг л байнга хийж байсан. Сэлэнгээс болж би нөхөртэйгээ ам мурийж байсан. Гэхдээ нөхөр хүүхэдтэйгээ хамт байхад байнга залгадаг. Нөхөр маань хөдөө байх, бид 2 хамт байхад над руу залгаад би танай  нөхөртэй байна гэх мэтчилэн хорлох санааг л байнга агуулдаг байсан. Түүнээс биш би түүн рүү байнга залган хэрүүл хийж хэл амаар доромжилж байгаагүй. Манай гэр бүл байнгын хэрүүл маргаантай зодоонтой байдаг айл биш. Хэрэв хүүгийн маань алагдахын өмнө өдөр гэрт маань ирж хүн алах зорилгоо хэрэгжүүлсэн бол өнөөдөр хэрэг бүр л жигшүүртэй байх байсан.

ДБЭХС ТӨҮГ-н камерийг шалгаж хавтаст хэрэгт хавсаргахдаа Цагдаагийн газрын мөрдөн байцаагч хэргийг олж илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлсэн хуульд нийцсэн нотлох баримт энэ баримт нь давхар ялтан П.Барсболдын мэдүүлгээр нотлогдсон. Энэ камерийг шалгаж тэмдэглэхээс өмнө Барсболдын мэдүүлэг авагдсан байгаа нь хэн нэгэн хүнийг гүтгэх зорилгоор Барсболдыг дарамтлан мэдүүлэг авсан гэх зүйл байхгүй. Барсболдоос мэдүүлэг авах ажиллагаа нь өмгөөлөгчтэй явагдсан байдаг. Насанд хүрээгүй гэрч Одбаатарын мэдүүлэг үйл явдлыг тодорхой мэдүүлдэг. Шүүхэд мэдүүлэг  гаргахдаа болж өнгөрсөн үйл явдлын зарим хэлсэн зүйлийг мартаад санахгүй байна гэж тайлбарлаж байсан. Иймд шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй авагдсан гэм буруутайг тогтооход хангалттай баримт болж байна. Мөрдөн шалгах ажиллагаа хангалттай сайн хийгдсэн, гэм буруутайг тогтооход эргэлзээгүй нотлох баримтууд цугларсан, түүнийг үнэн зөв үнэлж шийтгэл оногдуулсан.

Шүүх хуралдааны дараа ялтан Сэлэнгийн аав Зориг нь миний охин бүү санаа зов аав нь энэ хүмүүсийг бүгдий нь зүйл дуусгана гэж хүртэл заналхийлж байгаа нь тэдний гэр бүлийн хүмүүжил төлөвшил ухамсар сэтгэхүй ямар дорой болохыг харуулж байна. Мөн Барсболд нь шүүх хуралдаанд хийсэн хэргээ хүлээж байгаа гэх боловч бага насны хүүхдийн амийг нь хөнөөхдөө ямар ч өрөвдөх хайрлах сэтгэл төрөөгүй гэж хэлж байсанд гомдолтой байна. Иймд З.Сэлэнгэ, П.Барсболд нарт оногдуулсан хорих ялын хэмжээг нэмж оногдуулна уу. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцоно” гэжээ.

Шүүгдэгч П.Барсболд давж заалдах гомдолдоо: “Миний бие өөрийн хийсэн гэм буруудаа гэмшиж энэхүү өргөдлөө бичлээ. Би нийт 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Би гаргасан алдаа дутагдлаа засаж алдаагаа дахин давтахгүй. Би өөрийн үйлдэлдээ харамсаж, ухамсарлан ойлгож байна. Би өөрийн гаргасан алдаагаа үнэн зөвөөр мэдүүлж хэргээ хүлээсэн. Надад өгсөн дээрх ялын хэмжээг хэлэлцэн багасгаж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Сэлэнгэ нь  2016 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ногооны 3-02 тоотод оршин суух 7 настай Ц.Тэмүүжинг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг насанд хүрээгүй П.Барсболдод захиалсан, насанд хүрээгүй П.Барсболдыг онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, шүүгдэгч П.Барсболд нь насанд хүрээгүй байхдаа шүүгдэгч З.Сэлэнгийн захиалгаар 2016 оны 09 сарын 06-ны өдөр 7 настай Ц.Тэмүүжинг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гар утасны цэнэглэгч, уртасгагч залгуураар хоолойг нь боомилж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Тухайлбал, шүүгдэгч П.Барсболд нь  “З.Сэлэнгэ Ц.Цэдэвдоржоос жирэмсэн болоод байхад нь эхнэр Л.Мөнхзаяа З.Сэлэнгийн хоолонд хор хийж хүүхдийг нь зулбуулсан, тэгээд адилхан хүүхдийг нь хорлох гэж намайг гуйсан. 2016 оны 09 сарын 06-ны өдөр З.Сэлэнгэтэй хамт явж байхдаа Ц.Цэдэвдоржийн эхнэр гэрээсээ гараад явж байхыг хараад З.Сэлэнгэ эгчийн хэлснээр эхлээд тэднийд хүн байгаа эсэхийг очиж үзэхэд хүүхэд нь ганцаараа байсан, энэ талаар З.Сэлэнгэд хэлэхэд одоо боломж гарлаа гэхээр нь буцаж очоод хүүхдийг утас цэнэглэгч, цахилгааны уртасгагч хоёроор боож алсан” гэж /2-р хх-ийн 36-37-р тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхзаяа нь “түүний нөхөр Ц.Цэдэвдоржтой З.Сэлэнгэ эр эмийн харилцаа тогтоосноос болоод хэрүүл маргаантай байсан, З.Сэлэнгэ нь үр хүүхэддээ гай болов гэж заналхийлж байсан, 2016 оны 09 сарын 06-нд хүүхдээ ганцааранг нь гэртээ орхиж гадагшаа гарах үедээ З.Сэлэнгэ, З.Солонго хоёрын аль нэг нь өөр нэг эрэгтэй хүүхэдтэй явж байхыг харсан, 20-30 минутын дараа эргээд ирэхэд хүүхэд нь хоолойгоо уртасгагч, утас цэнэглэгчээр ороочихсон, амнаас нь хөөс сахарсан байдалтай шалан дээр хэвтэж байхыг олсон” гэж /1-р хх-ийн 158-160, 4-р хх-ийн 146-р тал/, гэрч Ц.Одбаатар нь “П.Барсболд  өөрийн хийсэн хэргийн талаар надад ярьсан” гэж /1-р хх-ийн 170-172-р тал/ тус тус мэдүүлсэн ба  мөрдөн байцаалтын шатанд Л.Мөнхзаяагийн гар утсанд үзлэг хийхэд Ц.Сэлэнгийн эзэмшлийн 89797996 дугаараас 2016 оны 7 сарын 4-нд “үр хүүхэддээ гай боловоо” гэсэн мессеж ирсэн байсан /1-р хх-ийн 92, 2-р хх-ийн 125-р тал/, шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Ц.Тэмүүжин нь боомилолтын улмаас амьсгалын механик бүтэлтээр нас барсан  зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба нотлох баримтыг цуглуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул эдгээр нотлох баримтад үндэслэн хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүгдэгч П.Барсболд нь насанд хүрээгүй байхдаа 2015 оны 11 сарын 07-08-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт байрлах алт, мөнгөний дарханы газрын хаалгыг эвдэн орж мөнгөн аяга, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж зэрэг эд зүйлийг хулгайлан хохирогч Б.Саранцэцэгт 2,915,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Саранцэцэгийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээг хохирогчийн төлөөлөгч Л.Мөнхзаяагийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хүндрүүлэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч З.Сэлэнгийн “хэргийг дахин шалгаж, хорих ялаас чөлөөлж өгнө үү” гэх, түүний өмгөөлөгч З.Нямсүрэнгийн “З.Сэлэнгэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх, хохирогчийн төлөөлөгч Л.Мөнхзаяагийн “З.Сэлэнгэ, П.Барсболд нарт оногдуулсан хорих ялын хэмжээг нэмж өгнө үү” гэх  давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна. Харин шүүгдэгч П.Барсболдын “ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдол дараахь үндэслэлээр хангагдах боломжтой байна.

Шүүгдэгч З.Сэлэнгэ, П.Барсболд нарын үйлдсэн “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах” гэмт хэрэг, мөн шүүгдэгч З.Сэлэнгийн үйлдсэн “насанд хүрээгүй хүнийг онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан” гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хөнгөрүүлэн хуульчилсан тул  мөн  хуулийн ерөнхий ангийн  1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын  хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна”, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэснийг тус тус үндэслэн шүүгдэгч нарын үйлдлийг шинэ Эрүүгийн хуульд шилжүүлэн зүйлчлэх, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах нь зүйтэй байна.

Үүнд:

1-рт, шүүгдэгч З.Сэлэнгэ, П.Барсболд нарын хүнийг захиалгаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан үйлдлийг шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.7 дахь  заалтаар, З.Сэлэнгийн насанд хүрээгүй хүнийг онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан үйлдлийг шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр тус тус шилжүүлэн зүйлчилж, П.Барсболдын бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдлийг 2002 оны хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр зүйлчилснийг хэвээр үлдээхээр шийтгэх тогтоолд нэмэлт оруулах нь зүйтэй байна.

Тайлбар: Бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг шинэ Эрүүгийн хуулиар хүндрүүлэн хуульчилсан тул энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй юм.

2-рт,  “өс хонзонгийн сэдэлтээр” хүндрүүлэх шинжийг шинэ Эрүүгийн хуулиар хассан тул прокуророос шүүгдэгч З.Сэлэнгэ, П.Барсболд нарын үйлдлийг хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох ба шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “өс хонзонгоор” гэснийг хасахаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

3-рт, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг шинэ Эрүүгийн хуулиар тогтоосон ялын хэмжээнд дүйцүүлэн, шүүгдэгч З.Сэлэнгэд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.7-д зааснаар 16 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар 28 хоног хорих ялаар, шүүгдэгч П.Барсболдод 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.7-д зааснаар 12 жил хорих ял оногдуулах ба 2002 оны хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулсныг хэвээр үлдээхээр тогтоолд өөрчлөлт оруулах зүйтэй байна.

Тайлбар: анхан шатны шүүх хуучин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсгийн “арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэйд арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болохгүй” гэх заалтыг хэрэглэхдээ шүүгдэгч П.Барсболдод мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгээр 14 жилийн хугацаатай хорих ял оногдуулж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүгдэгч П.Барсболд нь арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн боловч Эрүүгийн хуульд “арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн” этгээдэд арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахыг хориглосон тул шүүх түүнд арван таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан энэхүү хэм хэмжээ нь тусгай ангид арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн 18 насанд хүрээгүй этгээдэд арван таван жилээс доош  хугацаагаар хорих ял оногдуулах эрхийг шүүхэд олгосон агуулгатай бус, харин тусгай ангид  хорих ялын доод хэмжээг арван таван жилээс дээш хугацаагаар тогтоосон хэргийг арван найман насанд хүрээгүй этгээд үйлдсэн бол хорих ялын хугацааг арван таван жилээр хязгаарлах үндэслэл болно. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” эрхийг давж заалдах шатны шүүхэд олгосны зэрэгцээ, шинэ Эрүүгийн хуулийг хэрэглэснээр шүүгдэгч П.Барсболдод оногдуулах ялын хэмжээ хөнгөрч байгаа тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр, шинэ Эрүүгийн хуулиар ялыг дүйцүүлэн тогтоохдоо түүнд хуучин Эрүүгийн хуулиар оногдуулсан хорих ялын хугацааг 15 жилээр тооцох замаар анхан шатны шүүхийн алдааг залруулах боломжтой гэж үзсэн болно.

4-рт, шүүгдэгч П.Барсболд нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 26-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор “2015-11-20-нд орон байр, агуулах саванд нэвтэрч компьютер хулгайлсан” хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба дээрх шийтгэх тогтоолыг гарахаас өмнө буюу 2015 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө орон байр, агуулах саванд нэвтэрч мөнгөн эдлэл хулгайлсан хэрэгт энэхүү шийтгэх тогтоолоор мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол шүүх гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл хэрэг тус бүрт оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтоох тухай зохицуулалт хуучин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт тусгагдсан ба үүнтэй адил нөхцөлийг “шууд зохицуулсан тодорхой” хэм хэмжээ шинэ Эрүүгийн хуульд тусгагдаагүй байна. Иймд энэ асуудлаар шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй  бөгөөд хуучин хуулийн зохицуулалтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно. Тухайлбал, анхан шатны шүүх “шүүгдэгч П.Барсболдод энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн ялд өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг багтаах нь зүйтэй байна” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг буюу 6 сарын хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялд багтаасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна. Учир нь, хуулийн уг хэм хэмжээнд “заримыг багтаах” тухай ойлголт хуульчлагдаагүй ба зөвхөн хоёр ялын аль хөнгөнийг хүндэд нь бүхэлд нь багтаахаар хуульчилсан байна. Харин хоёр ялын хэмжээ адил бол аль нэгт нөгөөг нь багтаах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д илүү нийцэхээр байна. Учир нь ингэснээр “хөнгөнийг хүндэд нь багтаах” хуулийн шаардлага зөрчигдөхгүйгээс гадна нэг ялыг нөгөөд нь бүхэлд нь багтаах хуулийн агуулгад нийцнэ. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй юм.

5-рт, шинэ Эрүүгийн хуульд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулах болон хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хуульчилахдаа  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх боломжгүй тул энэхүү асуудлаар шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч З.Сэлэнгийн “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах” гэмт хэрэгт оногдуулсан хорих ял дээр “насанд хүрээгүй хүнийг онц хүнд гэмт хэрэгт татан оролцуулсан” хэрэгт оногдуулсан хорих ялын 59%-ийг нэмж, биечлэн эдлэх ялыг тогтоосон байх тул үүнийг шинэ Эрүүгийн хуулиар оногдуулсан ялын хэмжээнд дүйцүүлэн шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.7-д зааснаар оногдуулсан 16 жил хорих ял дээр  мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сар 28 хоног хорих ялаас 59%-ийг нь буюу 1 жил 3 сар 10 хоногийн ялыг нэмж нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 17 жил 3 сар 10 хоногоор тогтоох ,

анхан шатны шүүх шүүгдэгч П.Барсболдын “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах” гэмт хэрэгт оногдуулсан хорих ял дээр “бусдын эд хөрөнгийг хулгайлсан” хэрэгт оногдуулсан хорих ялын 50%-ийг нэмж, биечлэн эдлэх ялыг тогтоосон байх тул үүнийг шинэ хуулиар оногдуулсан ялын хэмжээнд дүйцүүлэн шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.7-д зааснаар оногдуулсан 12 жил хорих ял дээр хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын 50% буюу 1 жилийг нэмж нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 13 жилээр тогтоох нь зүйтэй байна.

6-рт, анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулсан ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолд дор дурдсан нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

А/ тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “прокуророос шүүгдэгч З.Сэлэнгэ, П.Барсболд нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны 12 сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

 Б/  тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч З.Сэлэнгэ, П.Барсболд нарын хүнийг захиалгаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан үйлдлийг 2015 оны 12 сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.7 дахь заалтаар, шүүгдэгч З.Сэлэнгийн насанд хүрээгүй хүнийг онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан үйлдлийг 2015 оны 12 сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр тус тус шилжүүлэн зүйлчилж, П.Барсболдын бусдын эд хөрөнгийн агуулах саванд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр зүйлчилснийг хэвээр үлдээсүгэй” гэсэн 11 дүгээр заалт нэмсүгэй.

В/ тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтаас “өс хонзонгоор” гэснийг хассугай.

Г/ тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтад “Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 37 дугаар зүйлийн 37.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.4, 91.2.15-д зааснаар шүүгдэгч Зоригийн Сэлэнгийг 20 /хорь/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.3-т зааснаар  5 жил 1 сарын хорих ялаар, шүүгдэгч Пүрэвийн Барсболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.15-д зааснаар 14 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “2015 оны 12 сарын 03-ны өдрийн  шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, шүүгдэгч Зоригийн Сэлэнгэд мөн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.7-д зааснаар 16 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар 28 хоног хорих ялаар, шүүгдэгч П.Барсболдод 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.7-д зааснаар 12 жил хорих ял, 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулсугай” гэж өөрчилсүгэй.

            Д/ тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтаас “ялаас заримыг буюу 6 сарын хорих” гэснийг хассугай.

            Е/ тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ялтан З.Сэлэнгэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.4, 91.2.15-д зааснаар оногдуулсан 20 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.3-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас заримыг буюу 3 жилийн хорих ялыг нэмж, нийт 23 жилийн хорих ялаар, ялтан П.Барсболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.15-д зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж, нийт 15 жилийн хорих ялаар биечлэн эдлүүлэхээр тус тус тогтоосугай” гэснийг “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг тус тус журамлан, шүүгдэгч З.Сэлэнгэд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.7-д зааснаар оногдуулсан 16 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сар 28 хоног хорих ялаас заримыг буюу 1 жил 3 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 17 жил 3 сар 10 хоногоор /арван долоон жил гурван сар арав хоног/, шүүгдэгч П.Барсболдод мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.7-д зааснаар оногдуулсан 12 жил хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 13 жилээр /арван гурван жил/  тус тус тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

            Ё/ тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан З.Сэлэнгэд оногдуулсан 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, ялтан П.Барсболдод оногдуулсан 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй” гэснийг “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сэлэнгэд оногдуулсан 17 жил 3 сар 10 хоног хорих ялыг эмэгтэйчүүдийн хаалттай хорих ангид, шүүгдэгч П.Барсболдод оногдуулсан 13 жил хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих ангид тус тус эдлүүлсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сэлэнгэ, П.Барсболд нарын  энэ шийтгэх тогтоолын дагуу 2017 оны 06 сарын 22-ны өдрөөс 2017 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Л.НАРАНБАЯР                         

                    ШҮҮГЧИД                                         Б.СҮХГОМБО

                                                                              С.ОЮУНТУНГАЛАГ