| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/1029/Э |
| Дугаар | 1019 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 1019
2019 12 05 2019/ШЦТ/1019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гын Хд холбогдох эрүүгийн 1809026151111 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Ураниум Эксплорашион” ХХК-д өрмийн туслах ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймаг, Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгон, Булаг 1 дүгээр гудамж, 29 тоотод оршин суух, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан гэх, Б овогт Г Х /регистрийн дугаар МР95062214/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Х нь 2018 оны 05 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Амбасэлмааг таксинд унтаж байхад нь “Самсунг эс 6 эдж” маркийн гар утас, ХААН банкны виза картанд байсан 400000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х мэдүүлэхдээ “...Би 2018 оны 05 дугаар сард Кино үйлдвэрийн “Эм Би” бааранд 2 найзтайгаа сууж байх үед хажууд 2 охин ирсэн. Тэгээд хамт шоудсан. Баар хаах болж бид хэд Сансарт бааранд орсон. Тухайн баарнаасаа гараад би хохирогчийн нэг найзыг хүргэж өгсөн учир хохирогч бид 2 үлдсэн. Тухайн үед би хохирогчийн утсыг авсан юм. Гэтэл гар утасны гаднах гэрт түүний банкны карт байсан. Бааранд тооцоо хийхэд хохирогчийн банкны картын нууц дугаарыг харсан юм. Сансарын колонкийн бэлэн мөнгөний машинаас 400000 төгрөг авсан....” гэв.
Хохирогч Д.Амбасэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр кино үйлдвэрийн автобусны буудлын ард байрлах “Юби” шөнийн клубт найз Урансанаа гэх эмэгтэйн хамт орсон. Тухайн бааранд хүн их байсан тул зохион байгуулагч залуу “өөр хүмүүсийн ширээнд хамт шахаад суучих” гэж хэлээд 23-24 насны гурван залуугийн хажууд суулгасан. Урансанаа бид хоёр пиво захиалж уусан ба нөгөө гурван залуутай танилцахад тэдний хоёр нь Х, Мягмардорж гэж нэрээ танилцуулсан. Би нэг залуугийнх нь нэрийг санахгүй байна. Ширээндээ захиалсан архи дарсаар бид хоёрыг дайлсан. Тухайн баарнаас шөнийн 03 цагийн үед гараад Сансарын тунелд байрлах “Хэмнэл” гэх нэртэй караокед орсон. Караоке баарнаас гарах үед тооцоог Мягмардорж гэх залуу өөрийн мобайл банкаар төлсөн. Би Урансанаагийн хамт Сүлжмэлд амьдардаг эгчийнхээ гэр рүү явахаар такси барихад танилцсан гурван залуу таксинд хамт суусан. Урансанаа “Ард” кино театрын автобусны буудалд буухад тэр гурван залуу дагаад буусан. Такси хөдлөх үед Х гэх залуу таксинд орж ирээд хамт буусан. Би эгчийнхээ гэр рүү очиж хоносон. Миний дансанд 430.000 төгрөг байсан ба маргааш өглөө нь дансаа шалгахад 400.000 төгрөгийн зарлага гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27-33 дугаар хуудас/,
“ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 14 дүгээр хуудас/
Шүүгдэгч Г.Хн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Жавхлан, Мягмардорж бид гуравтай хамт таксинд явж байсан хоёр эмэгтэйн нэг нь 3 дугаар сургуулийн орчим буусан. Нэг эмэгтэй нь “гэртээ шууд харьлаа” гэж хэлээд таксиндаа суугаад үлдсэн. Бид нар “таксинаас хамт бууя” гэж хэлэхэд таксиндаа унтаад сэрэхгүй байсан ба такси хөдлөхийн өмнө би гар утсыг авсан. Тэр эмэгтэйг араас буугаад ирэх байх гэж бодсон ч араас бууж ирээгүй ба такси хөдлөөд явсан. Бид нартай хамт буусан эмэгтэй нь шууд зам гараад яваад өгсөн. Тэндээсээ бид гурав мөн салаад явсан. Би тухайн үед амьдарч байсан нийтийн байр руугаа явах замдаа халаасаа ухахад хамт машинд сууж явсан эмэгтэйн гар утас, мөн гар утасны хавтаст ногоон өнгийн виза карт байсан. Сансарын колонк дээр байрлах автомат мөнгөний машинаас картыг уншуулж 400.000 төгрөгийг авсан... Хохирогчийг баарны тооцоо хийх үед би хажууд нь зогсож байхдаа нууц кодыг цээжилсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Х нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 05 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Д.Амбасэлмааг таксинд унтаж байхад нь түүний “Самсунг Эс 6 Эдж” маркийн гар утас, ХААН банкны виза картанд байсан 400000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, хохирогчид хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Хн үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Г.Хг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Амбасэлмаа “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтээ /хх-ийн 96 дугаар хуудас/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Хд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Мөн шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас 1 /нэг/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г Хг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Хд 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.Хн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасч, нийт 472 /дөрвөн зуун далан хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Хг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Х бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ