| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0983/Э |
| Дугаар | 989 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 989
2019 11 28 2019/ШЦТ/989
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Тулга,
Улсын яллагч Ц.Амгаланбаатар,
Шүүгдэгч У.У.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Угийн У.Жд холбогдох эрүүгийн 1909016811174 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Баруун туруун суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын даамал мэргэжилтэй, “Лакс” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 450 тоотод түр оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Ц овогт У У.Ж /регистрийн дугаар ОА93042811/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч У.У.Ж нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг “Лакс” баарны гадна Т.Пэрэнлэйжамцтай маргалдаж шилээр түүний гарыг зүсэж хоёр гарын шуу, зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх буюу хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.У.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би одоо уурхайн ажил хийж байгаа тул надад торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Хохирогч Т.Пэрэнлэйжамцын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 14-ний шөнийн 3 цагийн үед Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Лакс” баарны гадаа Отгонбаяр нь үл таних хамгаалагчтай муудалцахаар нь би тэр хоёрыг салгахад баарны хамгаалагч залуу найзаас маань салахгүй байхаар нь би хамгаалагчид “чи болиоч” гэж хэлсэн. Тухайн үед Отгонбаяртай маргалдаж байсан үл таних хамгаалагчтай би нэг мэдсэн барьцалдсан байсан. Би тэр залуутай 2-3 удаа цохилцоход хамгаалагч залуу газарт байсан шилийг хагалж миний зүүн, баруун гарыг шилээр зүсэхэд миний ухаан балартсан. Би үл таних залууд өөрийн гар утсыг өгч Түргэн тусламжийн төвд дуудлага өгүүлсэн. Түргэн тусламжийн төвийн эмч нар намайг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд үзүүлж анхны тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/
Гэрч М.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 14-ний шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Лакс” бааранд үл таних хоёр залуу орж ирсэн. Манай баарны хамгаалагч У.Жтэй тамхи татаж байх үедээ муудалцаад эргэж баар руу орсон. Тэгээд 02 цаг 40 минутын үед үл таних хоёр залуу ахин баарнаас гарч ирээд хамгаалагч У.Жтэй муудалцаж байснаа баарны хажуугийн хими цэвэрлэгээний гадаа У.Жг дагуулж очсон. Отгонбаяр, У.Ж хоёр хоорондоо зодолдоод байхаар нь би салгасан. Тухайн үед үл таних залуу нь У.Жгийн нүүр рүү нэг удаа цохиод түүнийг газар унангуут дээрээс нь өшиглөсөн. Гэтэл У.Ж шилний хагархай бариад өшиглөсөн залуугийн зүүн гарыг шилээр зүсчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 573 дугаартай:
1. Т.Пэрэнлэйжамцын биед 2 гарын шуу, зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч У.У.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” бааранд хуучин ажиллаж байсан Отгонбаатар гэх залуу найз Пэрэнлэйжамцын хамт ирээд надад хандаж таксгүй оруулаад өгчих гэж хэлэхээр нь би тэг гэж хэлээд бааранд оруулсан. Тэр хоёр гаднаас архи оруулж ирээд надад архи өгөхөөр нь би архинаас хальт сэржим өргөөд холдсон. Энэ үед би баарны гадаа тамхи татаж байтал Отгонбаатар манай баарны хамгаалагч Оогийгийн татаж байсан тамхийг амнаас нь аваад Пэрэнлэйжамцад өгөөд Оогийгоос дахин тамхи асуухад Оогий байхгүй гэж хариулахад Отгонбаатар гэнэт Оогийд хандаж чи яваад тамхи олоод ир гэж тушаангуй хэлсэн. Энэ үед би тэр хоёрын дундуур нь ороод адилхан хамгаалагч хийдэг байсан байж боль хөгшөөн, хөгшин чинь чамд тамхи авч өгье, явъя гэж хэлээд Отгонбаатарыг дагуулж явсан. Би Отгонбаатарын хамт тамхи татаад баар руу орсон. Бараанд 30-40 минут болсны дараа Отгонбаатар намайг дахиад гадагшаа гарч тамхи татъя гэж хэлсэн. Бид хоёр баарнаас гараад би тамхилаад зогсож байтал Отгонбаатар надад хандаж та нар хэзээ ийм болсон юм бэ гэж хэл үгээр доромжилохоор нь би Отгонбаатарт хандаж “чи найз, найз гэчихээд яагаад байгаа юм бэ чамайг оролдоогүй байна” гэж хэлсэн. Тэгээд байж байтал Отгонбаатар намайг шууд заамдаж аваад “хоёулаа зодолдъё” гэхэд нь би Отгонбаатарыг түлхээд эргээд явах гэтэл намайг буцааж татаад “хоёулаа камергүй газар очъё” гэж хэлээд хогийн пүнкер рүү дагуулж явсан. Дагаад явж байтал Отгонбаатар намайг шууд толгойгоороо нүүр рүү мөргөхөд миний хамраас цус гарсан. Би хамрынхаа цусыг дараад доошоо тонгойх үед Отгонбаатар миний дээрээс цохиод байсан. Дахиад цохих гээд байхаар нь би хариу үйлдэл үзүүлж өөдөөс нь зодолдож эхэлсэн. Тэгж байтал араас Пэрэнлэйжамц орж ирээд намайг боогоод дээрээс дараад цохьсон. Би тэр хоёрыг тамирдаад дийлэхгүй байсан учраас машин тойрч гүйхэд тэр хоёр миний хоёр талаас хүрч ирээд намайг барьж авсан. Отгонбаатар миний үснээс зулгаагаад доошоо дарахад Пэрэнлэйжамц миний нүүр рүү 2-3 удаа хүчтэй өшиглөсөн. Тухайн үед миний ухаан санаа балартаж хэсэг ухаан алдсан байсан. Хэсэг хугацааны дараа ухаан ороод газар самардаад босох үед гарт нэг зүйл баригдсан. Би Пэрэнлэйжамцыг 1-2 удаа тэр барьсан зүйлээрээ цохисон. Пэрэнлэйжамц “наадах чинь гартаа шил барьсан байна холдоорой” гэж Отгонбаатарт хэлсэн. Отгонбаатар сонсоод надаас зайгаа барьж холдоход цаанаас нь баарны хамгаалагч нар ирээд бид нарыг хоёр тийш нь салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Шүүгдэгч У.У.Жгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 56 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/, “Мөнх Тэнгэрийн Ивээл” ХХК-ийн тодорхойлолт, цалингийн хүснэгт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/, хохирогч Т.Пэрэнлэйдоржийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт /хх-ийн 100 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3/26956 албан бичиг зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч У.У.Ж нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Лакс” баарны гадна Т.Пэрэнлэйжамцтай маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч У.У.Жгийн гэмт үйлдлийг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч У.У.Жгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч У.У.Жгийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч У.У.Ж нь энэ хэргийн улмаас 3 хоног цагдан хоригдсон, хохирогч Т.Пэрэнлэйжамц нь хохирлоо барагдуулж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Уийн У.Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.У.Жг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч У.У.Жгийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 555 /таван зуун тавин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 555.000 /таван зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч У.У.Жд оногдуулсан 555 /таван зуун тавин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 555.000 /таван зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч У.У.Жд шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч У.У.Ж энэ хэргийн улмаас 3 /гурав/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч У.У.Жд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.У.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ