Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 932

 

 

                                                           

 

 

 

 

   

     2019        12          05                                2019/ШЦТ/932

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оорцог овгийн Ганболдын Алтаншагайд холбогдох эрүүгийн 1911029241256 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү, охины хамт Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 72 дугаар байрны 7 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Оорцог овогт Ганболдын Алтаншагай, /РД: БИ88110211/,

Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх уул 4-620 тоотод гэртээ өөрийн эхнэр О.Сүнжидмаатай маргаж улмаар түүний үснээс зулгааж, толгой руу нь цохиж, нуруу, бөгс рүү нь өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 11 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчим ээжиндоо охин Дэнизээ авах гэж очоод ээжийнхээсээ охин, эхнэр\Сүнжидмаа\-г аваад Чингэлтэй дүүргийн 17-р хороо зүрх уул 4-620 тоот гэрлүүгээ явсан. Гэрлүүгээ явж байхад машин дотор Сүнжидмаа бид хоёр маргалдаж явсаар байгаад гэрийн үүдэнд ирээд грашийн үүдэнд ирж зогсоод манай граш нарийхан болхоор би Сүнжидмааг “буу” гэтэл Сүнжидмаа машинаас буучаад машины хаалга хаахгүй онгорхой байлгаад байхаар нь “хаалга хаагаач” гэтэл хаалга хаахгүй болохоор нь би “тэгвэл өөрөө оруул” гээд машинаас буусан Сүнжидмаа “зайл зайл та хоёр хоёулаа зайл” гээд машины түлхүүр аваад машинаа түгжсэн. Тэгэхээр нь охиндоо “Хоёулаа эмээгийндээ очьё” гээд охиноо дагуулаад цаашаа гэрлүү орох гээд явтал Сүнжидмаа араас эмэгтэй хүний гар цүнхээрээ толгойруу цохихоор нь би гартаа байсан коло ундаагаа хойшоо Сүнжидмааруу цацчихсан охин харин цаашаа гүйгээд гэрлүү орохоор нь би охин ороод хадам ээжид хэлчихэж магад гэж бодоод “байж бай миний охин” гээд араас нь алхтал дахид Сүнжидмаа толгойруу цүнхээрээ цохиод миний нүдний шил унчихаар нь би доошоо суугаад өвсөн дотроос нүдний шилээ хайж байтал Сүнжидмаа араас миний нурууруу өшиглөсөн Тэгэхээр нь миний уур хүрээд Сүнжидмааруу очоод үснээс нь таттал Сүнжидмаа миний үснээс зулгаагаад “Аллаа” гээд орилхоор нь би тавиад гэрлүү орсон. Гэрт ороод 2 давхарт гартал хүүхдүүд нь манай өрөөнд байхаар нь юуч болоогүй юм шиг тольны өмнө сууж байтал. Сүнжидмаа гаднаас орж ирээд “хүүхдүүдээ өрөөнөөс гарж бай” гээд гаргаад 3 бага хүүхдүүд нь үлдсэн байсан. Сүнжидмаа дахиад миний үснээс зулгаагаад эхлэхээр нь би “болиочээ хүүхдийн хажууд” гээд өөрөөсөө холдуудчаад босоод хүүхдийн хувцасаа хийгээд “эмээгийндээ очьё” гэж охиндоо хэлтэл Сүнжидмаа “чамайг тийм амархан явуулахгүй нүүр амийг чинь хүн харахын аргагүй болгоно” гэхээр нь би “чи юу хийн би адилхан хийнэ шүү” гэтэл Сүнжидмаа миний араас бөгсрүү өшиглөсөн тэгэхээр нь би бас зөрөөд бөгсрүү нь өшиглөсөн миний үснээс зулгаагаад би зөрүүлж зулгаагаад надруу хөлөөрөө жийхээр нь би зөрүүлээд жийсэн. Сүнжидмаа “би өөрөө алж чадахгүй байсан ч өөр хүнээр алуулна” гэж хэлсэн. Удаачгүй гаднаас хүүхдүүд хадам ээж ороод ирсэн..” гэх /хх-ийн 39-41х/,

Хохирогч О.Сүнжидмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой ажлаасаа гараад хадмындаа очоод Алтаншагайгийн охинг аваад Алтаншагай бид 3 гэрлүүгээ явж байтал Алтаншагай мөнгөнөөс болж хэрүүл хийж явсаар байгаад гэрийн үүдэнд очоод машинаас буугаад араас нь алхаад явж байтал эргэж хараад ууж байсан кола ундаагаа миний нүүрлүү цацсан тэгэхээр нь би уурлаад яаж байгаан гээд эмэгтэй хүний жижиг гар цүнхээрээ нуруулуу нь цохитол үсдэж зулгаагаад толгойруу цохиод газар түлхэж унагаачаад гэрлүү яваад орсон. Би хэсэг гадаа сууж байгаад 21 цагийн үед гэрлүүгээ ороод 2 давхарт өрөөндөө ортол А шкафнаас хувцасаа гаргаж байсан охиноо хувцасаа бэлд явъя гээд зогсож байхаар нь би “хүүхэд маргааш хичээлтэй хаашаа явах гээд байгаа юм” гэж хэлтэл эргэж хараад намайг орлуу түлхэж унагаагаад миний бөгсрүү өшиглөөд нүүр толгойруу хөлөөрөө жийсэн. Тэгээд миний толгойруу хэд хэд цохиод үсдээд байсан. Тэгэхээр нь би “яв яв би цагдаа дуудаж өгнө” гэтэл “дууд дууд тэр цагдаа нараас чинь айхгүй” гэхээр нь би цагдаа дуудсан. Өмнө нь танилцаад удаагүй байхдаа rap хүрч байсан би тэр үед цагдаад хандаагүй. Дараа нь 2019 оны 1 дүгээр сард намайг зодсон, тэгээд би найз Одгэрэл дээр очсон. 2019 оны 4дүгээр сарын 25-нд намайг жирэмсэн байхад зодсон тэр үед утсан дээрээ зураг дарж А ах дүү хоёрлуу явуулж байсан.” гэх /хх-ийн 12-14х/,

 

 

            Гэрч Б.Дуламсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... А Сүнжидмаа хоёр Ан охинтой ирсэн 22 цаг болж байсан байх. А түрүүлж орж ирээд 2 давхарлуу шууд гарсан тэгээд 5-6 минутын дараа орж ирээд араас нь дээшээ гарсан. Тэгээд удалгүй 2 давхарт чимээ гараад Сүнжидмаа ёоёо гэж орилохоор нь би дээшээ 2 давхарт гартал Сүнжидмаагийн нүүр ам нь улайчихсан уйлж байсан. Би юу болов гэтэл “би цагдаа дуудчихсан та байж бай” гэхээр нь би доошоо буусан. Өмнө нь энэ хоёр маргалдаад зодолдоход А хувцасаа аваад яваад өгдөг юм... “ гэх /хх-ийн 22-24х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Чимэд-Очирын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13341 дугаартай дүгнэлт:

О.Сүнжидмаагийн биед гэмтэл учирсан байна. Зүүн өгзөг, зүүн гуя, шилбэ, зүүн мөр, зүүн хацар, шанаанд цус хуралт, зүүн баруун шилбэнд зулгаралт, зүүн бугалга, зулай, зүүн чамархайн хуйханд цус хуралт, баруун өгзөг, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоодсон.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх-ийн 31х/,

Шүүгдэгч Г.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44х/,

Хохирогч О.Сүнжидмаагийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 65х/,

Шүүгдэгч Г.Агийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 66х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Г.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Аг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Оорцог овогт Г А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД