Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 933

 

 

                                                           

 

 

 

 

 2019            12           05                                     2019/ШЦТ/933

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангуд овгийн Ганбатын Хт холбогдох эрүүгийн 1911029351253 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 12-ны өдөр, Ховд аймаг Дуут суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорнод аймаг Чойбалсан 3 дугаар баг “Энгэр шанд” гэх газарт оршин суух бүртгэлтэй,

-урьд 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 cap хорих ял шийтгэгдэж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 cap хорих ялаар шийтгэгдсэн, Тангуд овогт Ганбатын Х /РД:ЖМ82021276/,

 

Шүүгдэгч Г.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Нуурын 19 дүгээр гудамж 396а тоотод байрлах нийтийн байранд хохирогч А.Золбоогийн түрээслэн суудаг өрөөнд байхдаа 349,900 төгрөгний үнэ бүхий “БСБ” брендийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ” гэх,

Шүүгдэгч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Дахиад архи авч уух санаатай Золбоогийн гэрт зурагтын тавиур дээр байсан зурагтыг нь авч гараад зам дээрээс такси бариад таксины жолоочид гэрийнхээ зурагтыг нь мөнгөний хэрэг гараад ломбарданд тавих шаардлагатай байна та ломбардруу хүргээд өгөөч гээд замдаа явж байхдаа уг таксины жолооч хөгшин настай эгч байхаар нь би бичиг баримтаа яарч байгаад мартаад гараад ирсэн байна та бичиг баримтаараа тавиад өгөөч би сүүлд нь тантай холбогдож байгаад зурагтаа буцаагаад авна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 46х/

Хохирогч А.3олбоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2019 оны 11 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед ажлаасаа тараад гэртээ иртэл манай гэр онгорхой байсан юм. Тэгээд ороод хартал манай зурагт байхгүй байхаар ээжрүүгээ залгаад зурагт алга болсон байна. Тэгээд би төрсөн дүү болох Золбаярыг дуудаад зурагт алга болсон байна өдөр гэрт хэн үлдсэн бэ гэж асуухад манайд урд шөнө Алтанцэцэг эгч болон нөхөр Х хамт ирж хоносон юм. Тэгээд нөхөр нь болох Х ах манай 4 настай дүүтэй үлдсэн гэж хэлсэн...” гэх /хх-ийн 23-24х/,

           Гэрч Д.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг сувилал дээр очсон байхад манай нөхөр энэ айлын зурагтыг ломбарданд тавьж архи уулаа гэж хэлсэн. Харин би “яах гээд байгаа юм, айлын юм ломбарданд тавьж” гэх хэлтэл “үгүй ээ би юү гэж ломбарданд тавьдаг юм бэ, чиний мэдрэлээр тоглосон юм” гэж утсаар яриад тасалж байсан...гэх /хх-ийн 30х/,

Гэрч Ч.Эрдэнэтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвийн буудал орчимд өөрийн эзэмшлийн 99-70 УБЧ улсын дугаартай “Сузуки Свифт” загварын тээврийн хэрэгслээр хувиараа такси үйлчилгээнд явж байхад “Хүчит Шонхор” худалдааны төвийн буудал дээрээс үл таних 30 гаран насны эрэгтэй хүн гартаа зурагт барьсан байдалтай гар өргөөд зогсож байхад нь аваад суугаад явж байхдаа тэр залуу архи согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд надад хэлэхдээ энэ зурагтыг ломбарданд тавих гэсэн юм мөнгөний хэрэг гараад байна гэсэн би яарч явж байгаад бичиг баримтаа орхиод гараад ирсэн байна. Та надад нэг удаа тус болооч гээд зовлон яриад байсан болохоор нь би 17-д “сайн” нэртэй ломбард байдаг юм гээд бид хоёр явж байгаад сайн ломбард руу эхлээд орсон чинь зурагт авахгүй гээд хэлсэн тэгээд ломбарднаас гараад зогсож байсан чинь нэг хажуугаар өнгөрсөн хүн нь 7 буудалд байдаг ломбардууд зурагт авдаг гэсэн чинь нөгөө суусан хүн нь намайг яваад өгөөч гээд гуйгаад байхаар нь бид хоёр 7 буудал орж буудлын ард талын ломбарданд ороод асуусан чинь авахгүй гээд эсрэг талд байх “Амуу” нэртэй төвийн 2 давхарт байх ломбард руу орж уг зурагтыг нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сууж байсан ломбарданд орж би өөрийн бичиг баримтаар 100,000 төгрөгөнд тавьж өгсөн. Тэгээд тэр хүн надаас миний утасны дугаарыг бичиж аваад авахдаа тантай холбогдож ярьж байгаад авна гэж хэлсэн. Тэгээд удалгүй байж байхад над руу цагдаагаас ярьж байна та хулгайн зурагт ломбарданд тавьсан байна гэж хэлсэн. Тэгээд зурагт надаа барьцаанд тавиулан залуу ломбарднаас гараад надаас салахдаа таксины мөнгө гэж мөнгөө өгөөд явсан юм  /хх-ийн 31-32х/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-40х/,

Шүүгдэгч Г.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57х/, болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Г.Х нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнийг согтууруулах ундаа хэрэглэхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тангуд овогт Ганбатын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан согтууруулах ундаа хэрэглэхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглосугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД