Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 934

 

 

                                                           

 

 

 

 

 

   

   2019        12          05                                   2019/ШЦТ/934

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Равжаа овогтой Бат-Өлзийгийн Мд холбогдох эрүүгийн “191102651110” дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 4 дүгээр баг Сүлд төмөр замчдын өргөн чөлөө, 135-25 тоотод оршин суудаг,

-урьд 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Равжаа овгийн Бат-Өлзийгийн М /РД: ЕН86062911/,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Зоригтой маргалдаж пивоны шилээр түүний зүүн чихний орчимд нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чих, зүүн зулайд шарх, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би дээрх зүйл анги болон үйлдсэн хэргээ хүлэгэн зөвшөөрч байна. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 22-23 цагийн хооронд танил найз болох Зоригийн ажиллуулж байгаа газар найз нарын хамт очоод 3 пиво уусан тэгээд шөнийн 02 цагийн орчим Зоригтой урьд байсан өр төлбөрийн асуудлаас болж маргалдаад эхлээд Зориг миний толгой хэсэгт цохихоор нь зөрүүлээд би Зоригийн зүүн чихний орчимд пивоны стаканаар нэг удаа цохиж энэ гэмтлүүдийг үүсгэсэн...”, “...тиймээ намайг Саруул гэж дууддаг...” /хх-ийн 37-40х/,

Хохирогч А.Зориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 02-ны орой өөрийн түрээсэлдэг газартаа найз нараа урьж найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Тэгээд 02 цагийн орчимд Саруул / Б.М /гэх залууг чи дэндүү согтсон байна одоо харь гэхэд намайг пивоны шилээр зүүн чихрүү цохисон тэгээд миний зүүн чихнээс цус ихээр гараад гэмтлийн эмнэлэг яваад... намайг Саруул гэх залуу зүүн талын чихрүү пивоны шилээр нэг удаа цохисон өөр цохисон зодсон зүйлгүй...”, “...Би 108,000 төгрөгөө нэхэмжилж байна мөн баримтгүй ойролцоогоор 200,000 төгрөгний зардал байгаа энийгээ гаргуулмаар байна...” /хх-ийн 17-20х/,

Гэрч Д.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Зоригоо ах нэг залуутай муудалцаад нөгөө нь эхлээд бакаланд байсан пивоо Зоригоо ахын өөдөөс цацаад, зүүн чихрүү нь барьж байсан бакалаараа цохиод хагалсан. Тэр үед Зоригоо ах ширээ мөргөж хамраараа унасан, тэгэхэд нь очиж үснээс нь зулгаагаад тавихгүй байхаар нь би эхэлж очоод салгах гэж оролдсон, дараа нь тэнд байсан 2-3 эмэгтэй очиж салгасан...” /хх-ийн 21-22х/,

Гэрч Б.Цогтчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Зоригоо ах манай ширээн дээр хүрч ирээд манай найз Саруул /Б.М/ гэх залуутай юм ярьж байснаа тооцооноос муудалцаж Зоригоо ах эхлээд Саруулыг нэг удаа шанаадаад авах шиг болсон тэгсэн Саруул өөдөөс нь барьж байсан пивоны шилээр Зоригоо ахын толгой хэсэгрүү цохитол зүүн чихнээс нь цус гараад байсан...” /хх-ийн 23-24х/,

Гэрч У.Өнөржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шөнийн 02-03 цагийн үед хүмүүс шуугилдаад явчихаар нь эргээд хартал Зоригоо ахын чихнээс нь цус гарчихсан зогсож байхаар нь тэнд байсан нэг хүнээс юу болсон талаар асуухад Зоригоо ах М хоёр маргалдаж байгаад Зориг нь эхэлж Мг гараараа цохисон бөгөөд зөрүүлээд М нь Зоригийн толгойруу нь пивоны стаканаар цохисон гэж хэлсзн...” /хх-ийн 29х/,

Шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12038 дугаартай дүгнэлт

А.Зориг-ийн биед тархи доргилт, зүүн чих, зүүн зулайд шарх, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 31х/,

Шүүгдэгч Б.Мгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Б.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.   

Шүүгдэгч Б.М энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд хохирогч Алимаагийн Зориг /РД ЧМ78111031/-д олгох 108,000 /нэг зуун найман мянга/ төгрөгийг байршуулсан байх тул шүүгдэгч Б.Мг хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Равжаа овгийн Бат-Өлзийгийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 300 /гурван зуун /цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар биелүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд шүүгдэгч Б.Маас байршуулсан нийт 108,000 /нэг зуун найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Алимаагийн Зориг /РД ЧМ78111031/-д олгож, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД