Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 948

 

 

                                                           

 

 

 

 

   

    2019        12        10                                  2019/ШЦТ/948

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Худай овгийн Баярмагнайгийн Нд холбогдох эрүүгийн 1911029201262 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, харилцааны менежер мэргэжилтэй, “Гэгээн асралт" ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 4 эгч, 2 дүүгийн хамтаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 34-679 тоотод оршиин суух хаягтай, ял шийтгэлгүй, Худай овогт Баярмагнайгийн Н /РД:УХ98090650/,

Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 34-679 тоотод Э.Хаш-Эрдэнийг гараараа 4-5 удаа толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Нисэх орж Хаш-Эрдэнэтэй хамт ажил хийчихээд ажлаа 17-18 цагийн үед дуусгачихаад харих замдаа 2,5 литрийн “Сэнгүр” пивоноос 2 савыг аваад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 33-679 тоот болох өөрийн гэр лүүгээ очоод тэндээ Хаш-Эрдэнэтэй хамт юм ярьж ууж сууж байгаад Нами гэх охиныг ярьж байсан чинь Хаш-Эрдэнэ намайг “чи тийм муухай охиноос хол байх хэрэгтэй шүү” гэж хэлэхээр нь “ чи гэсэн ялгаагүй ш дээ” гээд хэлчихсэн чинь намайг алгадаад авахаар нь миний дургүй хүрээд нүүр лүү нь 2-3 удаа нуруу, гар хөл хэсэг лүү нь 4-5 удаа цохиод миний уур гарчихсан удалгүй Хаш-Эрдэнэ манай гэрээс үүрийн 03 цагийн үед гараад яваад өгсөн...”, “...Хаш-Эрдэний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх /хх-ийн 29-30х/,

Хохирогч Э.Хаш-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 11 сарын 02-ны өдөр 13-14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 17-ийн автобусны буудал дээр интернет тоглоомын газар тоглож байсан чинь өөрийн найз Нтай таараад бид 2 нисэхийн буудал дээр очиж барилгын ажил хийж байгаад 19 цагийн үед Нгийн гэрт нь очоод бид 2 “Сэнгүр” нэртэй 2,5 литрийн пиво 2 савыг хувааж уугаад юм яриад сууж байсан чинь нэг харахад үүрийн 03 цаг өнгөрч байсан. Нтай юуны улмаас муудалцсанаа сайн санахгүй байна гэнэт л Н намайг нүүр лүү 4-5 удаа цохиод газарт унагаагаад толгой дээрээс 4-5 удаа дэвссэн бөгөөд би тухайн үед Нг болиулах гээд дийлэхгүй байсан болохоор үүрээр Нгийн гэрээс гараад гэртээ хариад амарч байгаад 2019 оны 11 сарын 03-ны өдрийн өглөө Цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх /хх-ийн 10х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13358 тоот дүгнэлтэд:

            Э.Хаш-Эрдэний биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хөмсөг, хацар зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх /хх-ийн 22х/,

Шүүгдэгч Б.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33х/,

Хохирогч Э.Хаш-Эрдэнийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 46х/,

Шүүгдэгч Б.Нгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 45х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Б.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Нг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Худай овогт Баярмагнайгийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД