| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0184/э |
| Дугаар | 202 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Х |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 202
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Мд холбогдох эрүүгийн 1935001672017 дугаартай хэргийг 2019 оны 10 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт Д.М.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Яллагдагч Д.М нь хохирогч Б.Тийн ХААН банкны 5802008026 тоот дансанд “1111” гэх нууц кодыг хийн нэвтрэн орж 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 264,400 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 729,500 төгрөг нийт 993,900 төгрөгийг хулгайлан авч бусдад 993,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Түмэнцогт суманд ирж эмчид үзүүлээд эм тариа авч тооцоо хийхдээ мөнгийг нь гар утаснаас 1111 гэсэн код хийсэн чинь үйлчилгээ идэвхичлээ гээд шилжүүлсэн гэв.
Эрүүгийн 1935001672017 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ байхад миний эзэмшлийн ХААН банкин дахь цалингийн 5802008026 дугаартай данснаас миний барьдаг 99455078 дугаарын гар утсанд 21 цаг 33 минутанд КhanBank гэсэн хаягнаас “зарлага 264,400 төгрөгийн гүйлгээ хийгдлээ” гэх мессеж ирэхэд нь би зээлийн төлөлт татаж авч байгаа юм байх гэж бодоод сайн анзаарч харалгүй орхисон.Тэгээд маргааш нь буюу 04 дүгээр сарын 20-ны шөнө унтаж байтал шөнийн 23 цаг 54 минутанд КhanBank гэсэн хаягнаас “ зарлага 729,500 төгрөгийн гүйлгээ хийгдлээ” гэх мессеж ирэхээр нь би сандарсандаа гэр бүлийнхэндээ хэлээд үлдэгдэл 2,850,000 төгрөгийг ХААН банкин дахь өөрийн эзэмшлийн хугацаагүй хадгаламжийн данс болох 5802012497 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд сумын ХААН банкны эрхлэгч Б.Өтэй утсаар ярихад ХААН банкны 18001917 гэх лавлах руу хандахыг зөвлөсөн. Тэгээд ХААН банкны ажилтан миний мобайл банкыг хаагаад таны алдагдсан мөнгө Сүхбаатар аймгийн иргэн Байгальмаа гэх хүний ХААН банкин дахь 5046401980 дугаарын дансанд орсон байгаа тул энэ данснаас мөнгө гаргах боломжгүйгээр барилт хийлээ. Таны данснаас Юнитэлийн 86862023 гэх дугаарыг ашиглаж, гүйлгээ хийгдсэн байна. Таны гаргасан гомдлыг ХААН банкны гомдол шалгах ажилтан руу шилжүүллээ гэж хэлсэн. Би Байгалмаа гэх хүнийг огт танихгүй. Тэгээд маргааш нь нэг дэх өдөр буюу 04 дүгээр сарын 22-ны өдөр дахин ХААН банкны 18001917 гэх лавлах руу залгаж асуухад ажлын 3 хоногийн дотор шалгаж манай банкны ажилтан өөрийн биеэр хариу мэдэгдэнэ гэж хэлсэн. Тэгээд би 4 өдөр хүлээгээд хариу өгөхгүй болохоор нь өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ХААН банкны 18001917 лавлах руу залгаж асуухад намайг цагдаад хандахыг зөвлөсөн тул би цагдаад хандсан. Би Юнителийн 86862023 гэх дугаарыг урд өмнө ашиглаж байсан боловч мобайл банкны гүйлгээ хийж байгаагүй юм. 2018 оны 10 дугаар сард аймгийн “ЮНИТЕЛ”-ийн төв дээр очиж, энэ дугаарыг сэргээж авах гэсэн чинь хугацаа нь дуусаж, устаад өөр хүний нэр дээр бүртгэлтэй болсон байна гэж хэлсэн. Тэгээд би 86862023 гэх дугаарыг сэргээж авч чадаагүй. Би сүүлд 04 дүгээр сарын 18-ны өдөр Бөхмөрөн сумын 2 дугаар багт байрлах Хотгорын уурхай дээр хувийн ажлаар явж байхдаа ХААН банкин дахь хугацаагүй хадгаламжийн данс болох 5802012497 дугаарын данснаас мобайл банк ашиглан Пүрэвсангаа гэх хүний данс руу 870000 төгрөг шилжүүлсэн.” ...гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/
Гэрч Т.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Эхнэрийн данснаас эхний удаа 04 дүгээр сарын 19-ний өдөр 264,400 төгрөг алдагдсаныг би мэдээгүй. Дараа нь 04 дүгээр сарын 20-ны шөнө 23 цаг 55 минутын үед унтах гээд орондоо орчихсон хэвтэж байтал нөгөө өрөөнөөс эхнэр орж ирээд миний оролцоогүйгээр “ миний данснаас 729,500 төгрөг гүйлгээ хийгдээд зарлага гараад явчихлаа, өчигдөр өдөр бас 264,400 төгрөг бас гарсан” гэж надад хэлсэн. Тэгээд эхнэр сумын ХААН банкны эрхлэгч рүү ярьсан. Дараа нь ХААН банкны лавлах руу ярьсан. Тэгээд эхнэрийн мобайл банкыг хааж, нөгөө мөнгө шилжиж орсон дансыг битүүмжилж, ажлын 3 өдрийн дотор хариу өгнө гэж ХААН банкны лавлахын ажилтан хэлсэн. Тэгээд ажлын 3 өдөр дуусаад 4 дэх өдөр нь ХААН банкны ажилтан эхнэртэй яриад цагдаад мэдэгдэхийг зөвлөсөн байсан тул эхнэр цагдаад мэдэгдсэн. Эхнэрийн данснаас алдсан мөнгө нь миний 2018 оны намар хадлан хадаж олсон мөнгө байсан юм. Тэр мөнгөөр би том ачааны машины мотор авах гэж байсан. Би эхнэрийн мобайл банкны нууц кодыг мэдэхгүй. Харин манай Улаанбаатар хотод сурч байгаа оюутан охин Хонгорзул мэдэж магадгүй.”...гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/
Гэрч Б.Ө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 04 дүгээр сарын 20-ны шөнө унтаж байтал Б.Т над руу 23-аас 24 цагийн үед утсаар яриад миний данснаас мөнгө гараад байх юм ямар учиртай юм бэ? гэж надаас асуусан. Би мэдэхгүй, ХААН банкны 18001917 гэх лавлах руу холбогдож, тодруулах талаар зөвлөгөө өгсөн. Яагаад мөнгө алдагдсан талаар мэдэхгүй байна манай ХААН банк төвдөө шалгах боломжтой. Б.Т нь 2017 оны 01 дүгээр сард одоогийн барьж байгаа 99455078 гэх дугаарыг мобайл банкинд холбуулж байсан. Ингэж холбох үед урд өмнө нь бүртгэлтэй байсан дугаар нь устдаг юм. Урд өмнө ямар дугаар бүртгэлтэй байсан эсэх нь харагдах боломжгүй. “ ... гэх мэдүүлэг / хх-ийн 14 хуудас/
Гэрч Т.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:“ ...Манай компанийн эмч Ц.Ю, менежер Б.Нацаг бид гурав 04 дүгээр сарын 18-наас 04 дүгээр сарын 21-ний хооронд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд эрүүл мэндийн сургалтын ажлаар ажилласан. Энэ хугацаанд 100 гаруй хүн сургалтанд хамрагдаж, 20 гаруй хүмүүс оношлогоонд хамрагдаж, эрүүл мэндийн бүтээгдэхүүн авсан. 04 дүгээр сарын 19-ний өдөр Агваанлувсандорж гэх залуу манай Юндэрмаа эмчид оношлуулж, эмчилгээний бүтээгдэхүүн болох тархины тэжээлийн эм шар буурцаг, дархлаа дэмжих Линжчи мөөг, Кальци, Омега3, Коллаген зэрэг бүтээгдэхүүний төлбөр болох 264,400 төгрөгийн миний эзэмшлийн ХААН банкин дахь 5046401980 дугаарын данс руу 21 цаг 30 минутын үед миний хажууд зогсож байгаад гар утаснаасаа шилжүүлсэн. Мобайл банк болон интернет банкны алийг нь ашигласныг мэдэхгүй. Энэ үед Агваанлувсандоржийн аав нь болох Миасүрэн гуай хамт байсан. 04 дүгээр сарын 20-ны орой хэсэг хүмүүс малаа хотондоо хотлуулчихаад 21 цагийн үед хот айлын хүмүүс болох Ганбаа гэх хүн эхнэр охинтойгоо, Миасүрэн гуай охинтойгоо, жолооч гэх нэг эмэгтэй хүний хамт нийт 6 хүн ирж Юндэрмаа эмчид оношлуулсан. Тэгээд Миасүрэн гуай охинтойгоо хамт оношлуулаад, эмчилгээний бүтээгдэхүүн болох шингэн хорхойн өвс, коллаген, тархины тэжээлийн эм шар буурцаг, дархлаа дэмжих линчжи мөөг, кальци, омега 3, зэрэг бүтээгдэхүүнийг надаас авсан. Миасүрэн гуай миний данс руу гар утаснаасаа мөнгө шилжүүлсэн. Тухайн үед бэлэн мөнгөний баримт бичээгүй. Үзүүлсэн үзлэгийн хуудсан дээр бүтээгдэхүүний нэр болон үнийн дүн нь бичигдсэн байгаа. Үзлэгийн хуудас нь үзүүлэгч иргэнд өөрт нь үлдсэн.” ... гэх мэдүүлэг / хх-ийн 15 хуудас /
Гэрч Ц.Ю мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:“ ...Би 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр М.Лувсандорж, Миасүрэн гэх аав хүү хоёрыг үзэж оношлогоо хийсэн. Тухайн үед үзүүлсэн иргэдийн үзлэгийн хуудсан дээр нь зохих эмчилгээнүүдийг нь бичиж өгөөд манай компанийн менежер болох Т.Б нэг бүрчлэн үнийг нь бодож тооцоо хийдэг юм. Тэр 2 хүн хэдэн төгрөгний эм авсан болон төлбөрөө хэрхэн яаж төлсөнийг нь би мэдэхгүй. Манай компанийн менежер Т.Б мэдэж байгаа. Би оношлогоо хийсэн хүмүүс дээр үзлэгийн хуудсыг бөглөөд менежер рүү явуулдаг. Менежер Т.Б тэрхүү үзлэгийн хуудсыг үндэслэж эм болон бүтээгдэхүүнийг олгож тооцоо хийдэг. Тэр үзлэгийн хуудсыг үзүүлэгч иргэнд өөрт нь үлдээдэг. 04 дүгээр сарын 20-ны орой Миасүрэн гэх хүн охин Цэгмэдийг авчирч үзүүлсэн. Миасүрэн, Агваанлувсандорж, Цэгмэд, нарт би ямар эмчилгээ бичиж өгснөө санахгүй байна. Тэдгээр иргэдэд өөрсдөд нь үзлэгийн хуудас байгаа. Тэр үзлэгийн хуудаснаас харж болно.” ...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/
Гэрч В.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Урьд нь барьж байсан гар утаснаас мобайл банк ашиглан гүйлгээ хийх боломжтой. Учир нь мобайл банкыг гар утасны дугаарт ашиглахаа болиход тэр ашиглахаа больсон гар утасны дугаар дээр нь мобайл банк бүртгэлтэй хэвээрээ байдаг. Тухайн хүн нь өөрөө банкинд хандаж, ашиглахаа больсон гар утасны дугаараа солиулах ёстой. Иргэн Б.Тийн ХААН банкны 5802008026 дугаарын дансанд мобайл банкны нэвтрэх нэр хэсэгт 86862023, 95223659, 99455078 гэсэн гурван гар утасны дугаар хүчинтэй харагдаж байна. Харин үндсэн гүйлгээ хийх бүртгэлтэй хэсэгт 99455078 гэсэн гар утасны дугаар бүртгэлтэй байна. Зөвхөн 99455078 гэсэн гар утасны дугаараар гүйлгээ хийх боломжтой.”...гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас /
Гэрч М.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сэвсүүл гэх газарт байх гэрээсээ сумын төв рүү явсан. Тэгээд эмч нар хотоос ирж үзлэг хийж байна гэх сураг сонссон. Тэгээд аав болох Мяасүрэнтэй хамт очиж үзүүлсэн юм. Тэгээд эм болон үзүүлсэний мөнгө 200,000 төгрөг болсон гэсэн. Тэгээд уг мөнгийг аав Мяасүрэн миний утаснаас шилжүүлсэн. Миний дансанд тухайн үед 400,000 төгрөг байсан. Тэр мөнгөнөөс л шилжүүлсэн гэж бодсон. Дараа өдөр манай аав миний утсыг аваад сум руу эмчид үзүүлнэ гээд явсан. Тэгээд баахан эм аваад ирсэн. Ямар мөнгөөр авсаныг мэдэхгүй байна. Ер нь бол миний утас мобайл банктай болохоор сум орохдоо миний утсыг аваад явдаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны орой аав эмчид үзүүлэхээр явсан. Тэгээд явахдаа миний утсыг аваад явсан ба суман дээр очоод мөнгө хэрэг болвол мобайлаар шилжүүлчихье гээд аваад явсан. Тэгээд сумын цагдаа сүүлд дуудаад уулзахад болсон асуудлын талаар сонсоод аав Мяасүрэнгээс асуухад чиний утсанд 58-аар эхэлсэн данс холбогдсон байсан юм. Тэрнээс 700,000-аар, 200,000-аар эм, тариа авахдаа шилжүүлчихсэн юм гэж байсан.” ... гэх мэдүүлэг / хх-ийн 21 хуудас/
Гэрч Г.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тухайн харилцагч нь мобайл банкинд холбогдсон дугаараа өөрөө ирж солиулаагүй бол тухайн бүртгүүлсэн дугаар мобайл банктай холбоотой байж болно. Нэг дугаар дээр тухайн дугаарын эзэн болох хүний хэдэн ч данс холбоотой, бүртгэгдэж болно. Нэг дугаар дээр тухайн хүнйи бүхий л данс холбогдож гүйлгээ хийх боломжтой.” .../хх-ийн 23 хуудас /
- Эд зүйл хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 хуудас/
- Шүүгдэгч Д.Мгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 хуудас/
- Хохирогч Б.Тийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 38 хуудас/
- Увс аймаг дахь ХААН банкны салбарын 2019 оны 04 дугаар сарын 30-ны 302 дугаартай тодорхойлолт /хх-ийн 40 хуудас/
- Т.Бгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 41-43 хуудас/
- Юнитель компаний 3134 дугаартай тодорхойлолт, лавлагаа /хх-ийн 45-47 хуудас/
- Увс аймаг дахь ХААН банкны салбарын 2019 оны 05 дугаар сарын 17-ны 361 дугаартай тодорхойлолт /хх-ийн 49-51 хуудас/
- Шүүгдэгч Д.Мгийн мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 52 хуудас/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 53-54 хуудас/
- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55-56 хуудас/
- Шүүгдэгч Д.Мгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 57 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.М нь хохирогч Б.Тийн ХААН банкны 5802008026 тоот дансанд гар утаснаас “1111” гэх нууц кодыг ашиглан нэвтрэн орж 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 264,400 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 729,500 төгрөг хулгайлан авч 993,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Мгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Т, гэрч Т.А, Б.Ө, Т.Б, Ц.Ю, В.Н, М.А, Г.Б нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд Д.Мгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.М нь хохирогч Б.Тийн эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Мг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Д.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Д.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 993,900 төгрөгийг хохирогч Б.Тт төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Д.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хэргээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн, өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Мгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч Д.Мгийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Мг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Мд тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж уг үүргийн биелэлтийг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Мд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Тт 993,900 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА