| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 181/2017/00607/и |
| Дугаар | 001/ХТ2018/00607 |
| Огноо | 2018-04-13 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2018/00607
Б.З, П.Б нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02608 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2542 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Б.З
Нэхэмжлэгч: П.Б
Хариуцагч: “В” ХХК-д холбогдох
Сургалтын төлбөрт төлсөн 3.594.640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, М.Т, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “В” ХХК-тай Б.З нь БНСУ-д суралцах үйлчилгээний зардлын төлөлтийн 250.000 төгрөгийн гэрээ, мөн 2017-01-13-ны өдөр БНСУ-ын Мёнжи их сургуульд суралцах сургалтын гэрээг тус тус байгуулсан. Мөн бид Иргэний хуулийн 206.1-т заасны дагуу 6 сарын солонгос хэлний сургалтын төлбөр 2850.84 ам.долларыг Голомт банкин дахь иргэн Жун Шин Каний дансанд шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Сургалтын гэрээний 2.3-т БНСУ-ын Элчин сайдын яаманд сургалтын виз мэдүүлэх, визний материалтай холбоотой зохих үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй гэж заасан. Гэрээ байгуулах үед 2017-03-06-ны өдөр сургуульдаа очин, дотуур байранд орж, 2017-03-10-ны өдөр хичээлдээ суусан байхыг үүрэг болгож сануулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн визийг хугацаанд нь гаргаагүй, 2017-03-28-ны өдөр гаргаж, хүү Б.З 2017-03-30-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод очин, 2017-03-31-ний өдөр сургуульдаа бүртгүүлсэн. Сургуульдаа орох үед хичээл нь эхлээд 3 долоо хоног өнгөрсөн, дотуур байр дууссан үе байсан тул халаалт агааржуулалтгүй, эрүүл мэндийн шаардлага хангахгүй, жижиг түрээсийн байранд байрлуулсан.Үүний улмаас хүү Б.Зын эрүүл мэнд муудаж эмчилгээ хийлгэж, давтан шинжилгээний хариу муу гарсан тул сургуулийн захиргаанд өргөдөл гаргаж, сургуулиа орхин 2017-04-10-ны өдөр эх орондоо ирсэн. Хүү Б.З биеэ эмчлүүлэн улмаар сургалтын гэрээнийхээ 6.5-д заасан зардлуудыг төлж, төлбөр 2850.84 ам.доллараас суутгуулж, үлдэх төлбөр 2400 ам долларыг буцаан авахаар шаардаж, 4 удаа “В” ХХК-д хүсэлт, өргөдөл гаргасан боловч 2017-05-16-ны өдөр 2,210,000 төгрөг олгож, үлдэх 3.594.640 төгрөгийг олгоогүй. Нэгэнт сургалтандаа сууж чадаагүй тул сургалтын гэрээний 6.5, Иргэний хуулийн 227.4 дэх хэсэгт заасныг үндэслэн “В" ХХК-иас 3.594.640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Б.З нь “В” ХХК-тай 2017-01-13-ны өдөр СГ-17/02 дугаар сургалтын гэрээг байгуулсан. Гэрээний 6.10-т суралцагч нь хэлний бэлтгэлд суралцаж байх хугацаандаа өөрийн хүсэлтээр сургуулиа орхин эх орондоо эргэн ирсэн тохиолдолд сургалтын төлбөрийг сургууль буцаан олгохгүй гэж заасныг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж, баталгаажуулсан. Гэтэл Б.З сургалтын виз гарч, сургуульдаа очсон боловч 3 хоног сураад өөрийн хүсэлтийг өгч сургуулиа орхин явснаасаа хойш 10 хоногийн дараа эх орондоо эргэн ирсэн. Гэрээний 6.5-д БНСУ-ын элчин сайдын яамнаас сургалтын виз олгогдсоны дараа суралцагчаас шалтгаалан суралцахаа больсон тохиолдолд төлбөрийг олгохдоо гэрээгээр тохиролцсон зардлуудыг хасаж,мөнгийг ажлын 21 хоногт багтаан олгоно гэж заасан нь тухайн суралцагч виз гарсан боловч явах боломжгүй болсон нөхцөл байдлыг ойлгоно. Гэтэл Б.З өөрийн бүртгүүлсэн сургуульд суралцахаар 2017-3-30-ны өдөр Сөүл хотод очин, 2017-3-31-ний өдөр Мёнжи их сургуульд бүртгүүлэн суралцсан. БНСУ-ын элчин сайдын яамнаас 2017-3-24-ний өдөр виз нь гарсан бөгөөд энэ нь элчин сайдын яамны ачаалал ихтэйгээс болсон. Б.З нь виз гарсны дараа сургуульдаа бүртгүүлж хэлний бэлтгэлд суралцсан. Сургалтын гэрээний 6.10-т заасны дагуу Б.З өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдсөн тул гэрээнд заасны дагуу нэхэмжлэлийн дүн болох 3,594,640 төгрөгийг буцаан олгох боломжгүй. Бид Б.Зд сургуулийн дотуур байр дууссан тул цаанаас түрээсийн байр олж өгнө тэрэнд орох уу? орох боломжгүй бол явах хэрэггүй гэж хэлсэн. Б.З нь Монгол Улсад байхдаа биеийн байдал нь муу байсан ба шинжилгээ өгсөн гэж аав нь хэлж байсан тул “...хүүгийн тань бие муу байгаа учраас явуулах хэрэг байна уу? дараагийн хичээл эхлэхэд явуулчих...” гэсэн боловч аав П.Б явуулна гээд өөрсдөө зөвшөөрч хүү Б.Зыг явуулсан. Б.З 2017-03-30-ны өдөр очоод 2017-04-10-ны өдөр буцаж эх орондоо ирсэн. Хөлсөлсөн байрнаас болж эрүүл мэнд муудсан гэдгийг нотлох боломжгүй, манай компани амьдрах байрыг олж өгөөгүй, сургуулиас олж өгсөн байр юм. Энэ асуудал манай компанид хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид төлбөрийн мөнгийг Мёнжи их сургуулийн дансанд шилжүүлсэн тул олгох боломжгүй байсан ч ар гэрийн гачигдал зэргийг нь харгалзан үзэж 2,210,000 төгрөгийг Б.Зын аав болох П.Бд шилжүүлсэн. Үүнийг П.Бгийн дүү М.Сансартуяа төлбөрийн асуудалгүй гэсэн баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан. Иргэний хуулийн 227.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд “В” ХХК нь сургалтын гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2,210,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02608 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан “В” ХХК-иас 3 594 640 төгрөгийг гаргуулан П.Б, Б.З нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2,210,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ “В” ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 72 470 төгрөгөөс 72 464 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 50 310 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 6 төгрөгийг, мөн хариуцагчаас 72 464 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2542 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02608 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: “...магадлалын хянавал хэсэгт “... Иргэний хуулийн 359.1, 359.2 дахь хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болдог учир анхан шатны шүүхийн талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна” гэжээ. Гэтэл талуудын хооронд байгуулсан сургалт зуучлалын гэрээ нь Иргэний хуулийн 198.6-д “гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол ...гэрээний зорилгыг харгалзан үзнэ” гэж заасныг харвал Б.Зын зорилго нь БНСУ-ын их сургуульд зуучлуулан суралцах, “В” ХХК БНСУ-д Б.Зыг суралцахад зуучлахад оршино. Иймд энэхүү сургалт зуучлалын гэрээ нь богино хугацааны гэрээ буюу Иргэний хуулийн 410.1-д заасан зуучлалын гэрээ юм. Мөн шүүх Б.З гэрээнээс татгалзах саналаа хариуцагчид гаргасныг хүлээж авсан болох нь хэргийн 76-84 дүгээр хуудсанд авагдсан бичгийн баримтаар нотлогдсон гэж, мөн хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болохоор зохицуулсан гэжээ. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан заалтын хувьд 1 дүгээрт энэ нь урт хугацааны гэрээ байх шаардлагатай. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь богино хугацааны бөгөөд сургалт зуучлалын үйлчилгээг “В” ХХК нь нэг удаагийн үүргийн гүйцэтгэлээр үүргээ гүйцэтгээд үүрэг дуусгавар болж байгаа юм. 2-рт хүндэтгэн үзэх шалтгаантай байх шаардлагатай. Гэтэл Б.Баяраа нь гэрээ цуцлагдан ирсэн шалтгаанаа өвчний улмаас гэж амаар тайлбарладаг ч түүнийгээ нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Тиймээс Иргэний хуулийн 221 дэх заалтыг хэрэглэх нь буруу юм. Мөн Б.Зыг гэрээнээс татгалзсан саналаа сургууль руу мэйлээр явуулсан гэж хянавал хэсэгт дурдсаныг харвал тэрхүү мэйл хаягаар харилцсан бичмэл нотлох баримт нь гэрээнээс татгалзсаныг дурдаагүй харин төлбөрийн буцаалтыг агуулсан байх тул энэ нотлох баримтаар Б.Зыг өвчний улмаас ирсэн гэж нотлохгүй юм. Үүнийг шүүх нэг бүрчлэн хянаж нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлалгүй хэргийг том зургаар нь харалгүй, хэт нэг талын байр сууринаас харж, шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ :
П.Б, Б.З нар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “В” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, сургалтын төлбөрт төлсөн 3.594.640 төгрөг гаргуулахыг шаарджээ. /хх 1-2/ Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй. /хх 45-47/
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...нэхэмжлэгч нар сургалтын төлбөрт төлсөн 3,594,640 төгрөгийг буцаан гаргуулах буюу гэрээ цуцлагдсаны үр дагавар арилгуулахыг шаардсан нь үндэслэлтэй байна...” гэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Б.З нь “В” ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 16/XII/278, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр СТ-17/02, ҮХХГ-17/02 дугаар гэрээ байгуулж БНСУ-ын Мёнжи их сургуульд /Myongji University/ гэрээнд заасан нөхцөл журмын дагуу суралцахаар болсон нь тогтоогджээ.
Дээрх гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийг сургах, суралцуулах, сургалтын төлөвлөгөөний шаардлагыг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, биелүүлэхийг шаардах, харин Б.З нь суралцахад шаардлагатай зардлаа бүрэн хариуцан, гэрээнд заасан хугацаанд сургалтын хөтөлбөрийн шаардлагыг тогтоосон хугацаанд ханган биелүүлж, хөтөлбөрт тусгагдсан мэдлэг, чадварыг бүрэн эзэмших талаар тохиролцсон байна. Хоёр шатны шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд нийцсэн байна.
Хариуцагч гэрээний дагуу төлбөрийг хүлээн авч, зарим хэсгийг нэхэмжлэгчид буцааж төлсөн нь тогтоогдсон, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг богино хугацааны буюу зуучлалын гэрээ гэж үзэх нөхцөл байдал хэрэгт буй баримтаар нотлогдоогүй тул энэ тухай гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй.
Хариуцагч солонгос хэлний сургалт явуулдаг /хх 62/ бөгөөд Мёнжи их сургуулийн өмнөөс үүрэг хүлээн Б.Зтай сургалтын гэрээ байгуулсанаас гадна уг их сургуулийг бүрэн төлөөлөх эрхтэй гэх асуудлаар маргаагүй тул гэрээгээр шилжүүлсэн төлбөрийн үлдэгдлийг буцаан төлөх үүрэг бүхий этгээд нь “В” ХХК гэж давж заалдах шатны шүүх үзсэнийг буруутгах боломжгүй байна.
Хоёр шатны шүүх хэрэгт буй баримт тус бүрийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02608 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2542 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 78.464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ