Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 716

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох

“Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оын 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/164 дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгож, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/242, Б/257 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын албан тушаалд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн ангийг 2007 онд нягтлан бодох мэргэжлээр төгссөн. 2007 онд Дорнод аймгийн Аудитын газарт шинжээч, бичиг хэргээр ажилд орсон. 2009 онд Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч болж аудитор болсон. 2010 онд манай байгууллагын ахлах аудитор тэтгэвэрт гарснаар миний бие ахлах аудитор болж, 2010 оны 03 дугаар сар хүртэл ахлах аудитороор ажиллаж Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасны дагуу  гадаад руу магистрт мэргэжил дээшлүүлэхээр явсан. 2015 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн аудитын газрын дарга тэргүүлэх аудитороор томилогдон ажиллаж байсан.

2015 оны 05 дугаар сард Төрийн аудитын байгууллага бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт гэх нэрийдлээр Дорнод аймгийн аудитын газрын албан хаагч нарыг ажлаас чөлөөлж мэдэлд авсан. Уг тушаалыг танилцуулахаар Захиргааны ерөнхий хуулийг үндэслэн сонсох ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Үүнд би “төрийн албан хаагчийг мэдэлд авдаг ямар хууль эрх зүйн үндэслэл байна” гэж асуухад хуулийн мэргэжилтэн “Цагдаагийн газар болон Тагнуулын газрын албан хаагчдын мэдэлд авдаг” гэснээс өөр хууль эрх зүйн үндэслэлийг тайлбарлаж өгөөгүй. Энэхүү Б/164 тоот тушаал 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гарсан. Уг тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг үндэслэл болгосон. Үүнд “Монгол Улсын Ерөнхий аудиторын Төсвийн байнгын хорооноос баталсан тогтоолын дагуу бүтэц орон тоог зохион байгуулж болно” гэж заасан. 

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолоор төрийн аудитын байгууллагын албан хаагчид 389 байна гэж дээд хязгаарыг тогтоосон. Мөн Ерөнхий аудитын 2017 оны А/69, А/59, А/87 гэх тушаалуудыг үндэслэл болгосон. А/59 тоот тушаал нь өмнө нь аймгийн Аудитын газар гэх нэрийг Дорнод аймаг дах төрийн Аудитын газар гэж өөрчилсөн, А/69 тоот тушаалын хувьд өмнө нь гүйцэтгэл аудитын “баг” гэдэг байсан бол “алба” гэж өөрчилсөн, А/87 тоот тушаалын хувьд ажлын байрны тодорхойлолт баталсан тушаалууд байгаа. Эдгээр тушаалуудын хувьд үндэслэл хэсэгт “мэдэлд авна” гэсэн зүйл байхгүй учраас үндэслэлгүй, хүчингүй болгож өгнө үү гэж шүүхийн байгууллагад хандсан. 

Үүний дараа 2017 оны 06 дугаар сард Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчоор ахлуулсан ажлын алба манай аймагт ирж ажил албатай танилцсан. Энэ ажлын шалгалтаар манай аймгийн ажлыг маш сайн, гагцхүү дарга, тэргүүлэх аудитор, аудитын албан хаагч нарын ажлын ачаалал нь хувь хүний хэрээс хэтэрсэн учраас ажил хүндрэлтэй болсон байна гэдэг дүгнэлт өгсөн. 

Үүний дараа 2017 оны Б/255 тоот тушаал гарсан. Энэ тушаал нь өмнө  мэдэлд авсан албан хаагчдаа ажилд томилсон тушаал юм. Тус тушаалын хоёрдох хэсэгт “Дорнод аймгийн Аудитын газрын албан хаагчдыг хавсралтын дагуу томилсугай” гэж бичсэн байна. Үүнд аудитын менежер, аудитор гэх бүх албан хаагчдыг томилж, ганц намайг томилоогүй үлдээсэн байсан. Энэ асуудалтай холбогдуулж тухайн өдөр буюу 07 дугаар сарын 16-ны өдөр цахим хурлыг 21 аймгийн Аудитын газрын дарга, менежерүүд зохион байгуулсан. Энэ цахим хуралдаанаар “Дорнод аймгийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор Б.Б ыг үүрэгт ажлаас чөлөөлж, хүүхдээ харах чөлөөтэй байгаа аудиторын менежер н.Цгийн оронд хөдөлмөрийн гэрээгээр түр ажлуулсугай” гэсэн тушаал гарсан байсан. Өөрөөр хэлбэл намайг төрийн албан хаагчийн үүрэгт ажлаас маань шууд чөлөөлсөн. 

Тэгээд би “энэ тушаалыг авъя” гэхэд “ийм тушаал байгаагүй, бид нар андуурч гаргасан байна, буруу уншсан байна, ийм тушаал огт өгөөгүй” гэж хэлсэн. Улмаар 07 дугаар сарын 31-ний өдөр Б/242 тоот тушаалыг цахимаар хуулийн хэлтсийн дарга н.Э өгсөн. Энэ тушаалын толгой нь “Б.Б ыг ажлаас чөлөөлж” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагч миний биеийг үндэслэлгүйгээр төрийн албанаас чөлөөлж байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлдөг гурван үндэслэл байдаг. Уг гурван үндэслэлд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах, Монгол Улсын харьяатаас гарах зэрэг үндэслэл байдаг. Эдгээрийн алийг нь ч би хангаагүй байхад чөлөөлж, албан тушаалд томилсон. Энэ албан тушаалд томилоход Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т заасныг үндэслэсэн. Энэ нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэл байгаа. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн Аудитын байгууллагын аудитын менежерийн албан тушаалд томилсон энэхүү Б/252 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа аудитын менежер В.Цг аудитын менежер хэвээр нь томилсон. Гэтэл өөрсдийнх нь гаргасан А/69 тоот тушаалд нэг аудитын менежертэй, нэг тэргүүлэх аудитортой байна гэж гаргасан. Энэ тушаалыг зөрчиж хоёр аудитын менежер томилсон. 

2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээр 21 аймгийн дарга нарыг дүгнэж, 9 аймгийн тэргүүлэх дарга нарт хариуцлага тооцсон. Түүнд би байхгүй. Өнөөдрийг хүртэл намайг дүгнэсэн дүгнэлт гараагүй. Өнөөдрийг хүртэл надтай үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Тэгэхээр Б/242 тоот тушаал нь хуулийн үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулсан. 

Б/257 тоот тушаалын хувьд Б.Б ын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тушаал гаргасан. Энэ тушаалд Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг үндэслэл болгосон. Уг нь 27 дугаар зүйлийн 27.2.3-д “тухайн чиг үүрэгт хамгийн ойр хүнийг томилно” гэсэн мөн Засгийн газрын 62 дугаар тогтоол дээр байгаа. Миний хувьд шууд томилогдох ёстой гэж үзэж байгаа учраас уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. 

Мөн ажлын байрны тодорхойлолтын асуудал дээр шинэ хуучин хоёр ажлын байрны тодорхойлолт гаргасан. Үүнд ажлын байрны тодорхойлолтод өөрчлөгдсөн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл бол төрийн аудитын байгууллага хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа. Гэтэл бүтцийн өөрчлөлт гэх нэрээр төрийн албан хаагчийг ажил албан тушаалаас бууруулж, чөлөөлдөг асуудал төрийн албан хаагчийн зарчмын хувьд хууль бус гэдэг утгаараа үндэслэлгүй байна гэж үзэж байна. 

Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн жил болгон оны эхэнд зохион байгуулагддаг. Энэ хүрээнд удирдлага солигдсонтой холбогдуулж 05 дугаар сард болсон. Уг удирдах ажилчдын зөвлөгөөн дээр үр дүнгийн гэрээний хөтөлбөр батлагдаж гарсан. Сургалт зөвлөгөөн дуусаж, үр дүнгийн гэрээ хийх гэсэн боловч шинээр томилогдсон аймгийн дарга нартай үр дүнгийн гэрээ хийж надтай үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Үүнд би Ерөнхий аудиторын үүргийг орон нутагт хэрэгжүүлж ажиллаж байгаагийн хувьд Монгол Улсын Ерөнхий аудитортой биечлэн цаг авч уулзсан. Тэгэхэд “энэ бол намын бодлого, би УИХ-аас томилогддог албан тушаалтан, чамайг би удирдах ажилтны зөвлөгөөн, хэлэлцүүлэг дээр харсан. Чи мэдлэгтэй боловсролтой, ажилдаа дуртай, аудитор гэдэг нь харагдсан. Би чамайг мэдлэгтэй, боловсролтой аудитор гэж авч үлдэх юм бол УИХ-аас ажлаас гаргах хүнийг томилно гэдэг асуудал яригдах учраас ямар ч боломжгүй солино. Тиймээс үр дүнгийн гэрээ байгуулахгүй байгаа” гэж хэлсэн. Мөн багын шалгалт очсоны дараа удирдах ажилтны “удирдлагын өргөтгөсөн зөвлөлийн хурал” хийсэн. Уг хурал дээр “танай ажил маш сайн, чи хууль стандартаа сайн мэддэг юм байна. Харин нас чин залуу учраас хамт олны уур амьсгалыг авч явж чадахгүй. Хамт олныг ажлын ачааллаар хэт дарж байна” гэдэг дүгнэлтийг хийж албан тушаал бууруулна гэсэн. 

Энэ нь нэгт Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон нас хүйс, үзэл бодлоор гадуурхаж болохгүй гэдэг Монгол Улсын иргэн бүрт олгогдсон эрхийг зөрчиж байна. Хоёрт би төрийн албан хаагчаар 10 жил ажиллаж байгаагийн хувьд төрийн хөндлөнгийн хяналтын хараат бус байгууллага гэдэг бол иргэдийн хяналтыг үнэнч шударгаар хэрэгжүүлж байх ёстой. Гэтэл уг байгууллага нь хараат бусаар энэ байдалд орж болохгүй гэдэг үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүнээс уг байгууллагад ажилладгийн хувьд чин сэтгэлээсээ маргалдах хүсэл байгаагүй. 

Иймд мэдэлд авсан гэх Б/164 тоот тушаал нь хууль бус байсан болохыг тогтоолгож, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/242, Б/257 дугаар тушаалуудыг хүчингүй болгож Дорнод аймаг дах Төрийн аудиторын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа В.Цгийн оронд Б.Б ыг томилоогүй гэж хэллээ. Тэгэхээр В.Цгийн оронд томилоогүй бол өөр менежерийн албан тушаал Дорнод аймгийн төрийн аудитын газарт байхгүй. Бүтэц орон тоог баталсан Монгол Улсын Ерөнхий аудиторын газрын даргын А/69 тоот тушаалын 3 дугаар хавсралтын 9 дүгээр зүйлд “Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор 1, хэлтсийн дарга бөгөөд менежер 1, ахлах аудитор 3, аудитор аудитор болон бусад ажилтан 6” гэсэн байна. Тэгэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу ажлын байр нь хадгалагдаж байгаа албан тушаалтан н.Цгийн оронд томилоогүй бол дахиж шинэ ажлын байр, шинэ менежертэй болж, А/69 тоот тушаалыг зөрчиж байна. Хариуцагчийн тайлбараас тэгж харагдаж байна. Тэгэхээр Б/242 тоот тушаал үндэслэлгүй гарсан гэдэг нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. 

Мөн хариуцагчийн тайлбарт нэгдүгээрт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг тайлбарлаж байна. Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 тоот тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан. Уг тогтоолын 7 дугаар зүйлд “хангалтгүй биелүүлсэн тохиолдолд гэдэгт албаны чиг үүрэгт тусгагдсан болон хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааны гүйцэтгэлийг гүйцэтгүүлсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн” гэх 3 үндэслэл байдаг. Гэтэл эдгээр 3 үндэслэл маргаж байгаа Б/242 дугаар тушаал дээр байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар ярихгүй байна. Хэрвээ ийм үндэслэл байсан бол уг тушаалын нэгдүгээр зүйл дээр бичих ёстой. Гэтэл маргаан бүхий акт дээр энэ талаар дурдаагүй байна.  

Хоёрдугаарт Хариуцагч тал “өөрчлөн байгуулагдсан” гэж ярьдаг. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу байгууллагын бүтэц нь өөрчлөгдсөн байдаг. Тэр мөн Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 тоот тогтоолын 15 дугаар зүйл дээр “зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн гэдэгт эрх  бүхий байгууллагын албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц буюу алба, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж нэмэгдсэн, шинээр бий болсныг ойлгоно” гэсэн. Тэгэхээр зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн нөхцөл байдал харагдаж байгаа юм. Түүнээс Үндэсний аудитын газар ямар нэгэн байдлаар Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан зүйл байхгүй юм. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-т “хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл хэлбэр үндсэн зорилго өөрчлөгдсөн замаар зохион байгуулагдаж болно” гэж заасан байна. Тэр зохицуулалтыг барьж тайлбарлаж байна. Гэтэл төрийн зохион байгуулалт өөрчлөгдсөн зүйл байхгүй. Харин байгууллагын бүтэц нь өөрчлөгдсөн байгаа юм. Энэ тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах ёстой. Гэтэл энэ баталгаагаар хангаагүй энэ хуулийг ноцтой зөрчсөн байгаа юм. Б.Б ыг ажлаас чөлөөлж албан тушаалд томилох тухай тушаалын үндэслэл болсон хууль зүйн үндэслэлүүд нь эдгээр байдлаар үгүйсгэгдэж байгаа юм” гэжээ. 

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б/164 тоот тушаалаар Дорнод аймаг дах Төрийн аудитын газрын нийт албан хаагчдыг тэр өдөр ажлаас чөлөөлж тэр өдрөө ажилд эгүүлэн томилсон тушаал байгаа. Үүнд хэн нэгний эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Буцаж мэдэлд авсан албан хаагчдын нэрс болон Б.Б ын нэр байгаа. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Монгол Улсын Ерөнхий аудитын батлагдсан төсөвт багтааж бүтцээ зохион байгуулах мөн албан хаагч нарыг ажилд томилох, чөлөөлөх бүрэн эрхийг зааж өгсөн. 

Нэхэмжлэгч тал урд нь байсан ажлын байрны чиг үүрэг солигдоогүй гэж хэлж байна. Саяхан шүүхэд өгсөн нотлох баримтаас орон нутгийн аудитын газрын чиг үүрэг яаж өөрчлөгдсөн талаар харагдана. Үүнд нэр өөрчлөгдөхөөс гадна нийцлийн аудитын газрыг шинээр байгуулж, албан хаагчдыг сонгон шалгаруулж, албан тушаалд тэнцэж байгаа эсэх талаар сонсох ажиллагаа хийсэн. Энэ талаар Б.Б  мэдсэн.

Б/255 дугаар тушаал нь албан тушаалд томилсон, ажлын байрны бүтцийг баталсан тушаал юм. Уг тушаал дээр Б.Б ын нэр байхгүй. Тэгэхдээ тухайн өдөр буюу 07 дугаар сарын 16-ны өдөр гарсан тушаалаар Б.Б ыг тэргүүлэх аудиторын ажлаас чөлөөлж, менежерийн албан тушаалд тушаал бууруулж томилсон тушаал байгаа. Тэгэхээр Б/255 тоот тушаал гарсан өдөр Б/242 тоот тушаал гарсан. Энэ нь Б.Б ын эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Төрийн аудиторын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т зааснаар удирдах ажилтны зөвлөгөөн болсны дараа удирдлагын зөвлөлийн хурал 07 дугаар сарын 07-нд болсон. Уг хурлын дуу бичлэгийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Үүнд Б.Б  нь тэргүүлэх аудиторын ажил хийж байх үедээ ямар ямар хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн, санхүүгийн ямар зөрчил гаргаж байсан талаар дэлгэрэнгүй бичсэн. Мөн уг хурлын тэмдэглэл дээр Б.Б  гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, дэмжиж цаашид ажиллахаа хэлсэн нотлох баримт байгаа” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Б  нь “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оын 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/164 дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгож, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/242, Б/257 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын албан тушаалд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Б.Б  нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаар тушаалаар Дорнод аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудиторын албан тушаалд томилогдсон. Монгол Улсын Ерөнхий аудитор 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар Үндэсний аудитын газрын харьяа Аймаг, нийслэлийн Аудитын газруудыг Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар болгон өөрчлөн байгуулж, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар аймаг дахь Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг,үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан байна.  

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/87 дугаар тушаалаар аймаг дахь Төрийн аудитын газрын ажлын байрны жагсаалт, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг баталж, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/164 дүгээр тушаалаар Дорнод аймгийн Аудитын газрын /хуучин нэрээр/ албан хаагчдыг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тус тус ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн уг тушаалын хоёрдугаар хавсралтад дурдсан нэр бүхий албан хаагчдыг Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын мэдэлд авсан байх бөгөөд хавсралтад дурдсан албан тушаалаас чөлөөлөгдөх болон мэдэлд авах албан хаагчдын нэрст нэхэмжлэгч Б.Б ын нэр орсон байна. Улмаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/242 дугаар тушаалаар Б.Б ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт аудитын менежерийн албан тушаалд томилсон бөгөөд мөн өдрийн Монгол Улсын Ерөнхий аудиторын Б/257 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Б аар Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын даргыг томилогдох хүртэл хугацаанд түүний албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр заажээ.

Нэг. Монгол Улсын Ерөнхий аудиторын Б/164 дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, мэдэлд авах тухай” Б/164 дүгээр тушаал нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/69, А/59, А/87 дугаар тушаалуудыг үндэслэн Дорнод аймгийн Аудитын газрын /хуучин нэрээр/ нэр бүхий албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлж, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын мэдэлд авчээ.

Дээрх ажлаас чөлөөлж, мэдэлд авах тухай тушаалаар албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн боловч Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэлийг зааж өгөөгүй бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн ерөнхий заалтыг баримталсан байна. Монгол Улсын Ерөнхий аудитор нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй хэдий ч төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийг дээрх харилцаанд хэрэглэх үүрэгтэй юм. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байхад Б/164 дүгээр тушаалаар 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон албан хаагчдыг ажлаас чөлөөлж, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын мэдэлд авсан боловч 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 1 сар 20 хоногийн хугацаанд албан хаагчдыг ажилд томилохгүйгээр мэдэлд байлгаж байгаа нь хууль зөрчсөн, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг алдагдуулсан үйлдэл болжээ. Улмаар Монгол Улсын Ерөнхий аудиторын хууль бус Б/164 дүгээр тушаалын үйлчлэл дуусч, хариуцагч 1 сар 20 хоногийн дараа дахин шинэ захиргааны акт гаргасан байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар маргаан бүхий Б/164 дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

Хоёр. Монгол Улсын Ерөнхий аудиторын Б/242 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагын тухайд:

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/242  дугаар тушаал нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2002 оны 76 дугаар тогтоол, Төрийн аудитын байгууллагын удирдлагын зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 160 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын ажилтнуудад аудитын мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам”, 2017 оны А/58 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ыг тус тус үндэслэн Б.Б ыг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт аудитын менежерийн албан тушаалд томилжээ. Дээрх тушаалаар нэхэмжлэгч Б.Б ыг 2 дахь удаагаа үүрэгт ажлаас чөлөөлж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй  байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан ажлаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн  А/69 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан орон тоо, албан тушаалын жагсаалтад Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт аудитын менежерийн орон тоо 1 байхаар баталсан байх бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд томилох тухай Б/255 дугаар тушаалаар В.Цг аудитын менежерээр томилжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална, 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа гэж заасан бөгөөд В.Ц нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа, уг албан тушаалд өмнө нь томилогдон ажиллаж байсан гэдэгтэй хариуцагч маргаагүй болно. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий аудиторын Б/242 дугаар тушаалаар Б.Б ыг аудитын менежерийн албан тушаалд томилох эрх зүйн үндэслэлгүй байжээ.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах боломж олгох, 27 дугаар зүйлийн 27.2.1-д хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх гэж тус тус заасныг зөрчиж Монгол Улсын Ерөнхий аудитор Б/242 дугаар тушаалаа гаргахдаа оролцогчийг сонсох, сонсох ажиллагааг явуулаагүй байна. 

Мөн Үндэсний аудитын газрын Тамгын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч нар 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр цахим хурал зохион байгуулж Б.Б ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн талаарх утга агуулгын хувьд 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/242 дугаар тушаалаас ялгаатай тушаалыг уншиж танилцуулсан бөгөөд дээр дурдсан үндэслэлээр маргаан бүхий Б/242 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

Гурав. Монгол Улсын Ерөнхий аудиторын Б/257 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагын тухайд:

 Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/257 дугаар тушаалаар Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр Б.Б ыг томилсон нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/242  дугаар тушаалаа үгүйсгэсэн, ойлгомжгүй байдлыг бий болгосон байна. Учир нь хариуцагч нэг өдөр нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн хоёр өөр утга агуулгатай захиргааны акт гаргасан нь логик уялдаагүй, Б.Б ыг чухам аль албан тушаалд томилсон нь тодорхойгүй байна. 

Мөн маргаан бүхий Б/257 дугаар тушаалыг гаргахдаа хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26 дзугаар зүйлийн 26.1-д зааснаар оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар сонсох ажиллагааг явуулаагүй болох хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул захиргааны актад тавигдах материаллаг болон формаль шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр Б/275 дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.    

Дөрөв. Дорнод аймаг дахь төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагын тухайд:

Монгол Улсын Ерөнхий аудитор 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/69 дугаар тушаалаар Аймаг дахь Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн тогтоож, Төрийн аудитын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн албан тушаалд албан хаагчдыг томилохдоо Б.Б ыг тус газрын аудиторын албан тушаалд буцаан томилоогүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. 

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцаа түүний үндэслэлийг зааж өгсөн бөгөөд Үндэсний аудитын газрын удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлд Б.Б ыг зөрчил гаргасан гэж үзсэн боловч зөрчлийг тогтоож, түүнд сахилгын ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Мөн хариуцагчаас Төрийн аудитын байгууллагын ажилтны нийтлэг эрх үүргийн дүрэм, Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмүүдэд заасан зөрчлийг Б.Б  гаргасан гэж үзсэн нь талуудын тайлбар болон баримтаар нотлогдохгүй байгаагаас гадна эдгээр үндэслэл нь маргаан бүхий актуудыг гаргах үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй юм.   

Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын  7-д Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Б.Б  албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар нэхэмжлэгчийг албан тушаалаас нь бууруулах үндэслэл бүрдээгүй байжээ. 

Нэхэмжлэгч Б.Б ын эрхэлж байсан Дорнод аймгийн аудитын газрын аудиторын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарагдах бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б  нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулагдах ёстой.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3.төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд хариуцагч нь тус газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, батлагдсан орон тоонд нийцүүлж, албан хаагчдыг томилох ажиллагааг гүйцэтгэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах гэж заасныг зөрчсөн төдийгүй Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын орон тоо цөөрсөн, орон тоо хасагдсан гэх нөхцөл байдал бий болоогүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь төрийн албан хаагчийн хуулиар хамгаалагдсан субьектив эрхийг зөрчсөн, түүнчлэн төрийн албан хаагчийн албан тушаал, ажлын байрын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад  нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн томилон ажиллуулахгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Б ыг Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоох нь төрийн албаны шударга зарчимд нийцэх болно. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэж нэхэмжлэгч Б.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/164 дүгээр тушаал хууль бус байсан болохыг тогтоож, Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/242, Б/257 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Б.Б ыг Дорнод аймаг дахь төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                             Н.ДОЛГОРСҮРЭН