Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2020/0523

 

                                 “М м п” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, өмгөөлөгч Д.Б, Б.Х нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 123/ШШ2020/0022 дугаар шийдвэртэй, “М м п” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 123/ШШ2020/0022 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 401 дүгээр зүйлийн 401.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн /2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр/ 3 дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 9 дүгээр сарын 9.1, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.1, 38.1.2, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын “М м п” ХХК-ийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, 2019 оны байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч “М м п” ХХК-д олгож тус тус шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.О давж заалдах гомдолдоо: “…  Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... Хариуцагчийн өмгөөлөгч нараас Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасны дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг “М м п” ХХК хийлгэх ёстой гэж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-д тус тус зааснаас үзвэл эдгээр хуулийн заалтад заасан байгаль орчны менежментийн  төлөвлөгөө нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хийлгэх төлөвлөгөөнд хамаарахаар байна. Дээрх дурдсан зүйлийг нэгтгэж дүгнэвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 2 тусдаа төлөвлөгөө байна. Тусдаа төлөвлөгөө болох нь Ашигт малтмалын тухай хуулийн хайгуулын болон тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах, ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг зохицуулсан хуулийн заалтуудаас тодорхой харагдана. Харин “М м п” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэх шаардлагатай. Учир нь “М м п” ХХК-ийн эзэмшиж байгаа XV-019909 тусгай зөвшөөрөл бүхий Төв аймгийн Алтанбулаг сумын Аранжин нэртэй газарт байрлах 6402.71 га талбай нь Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын орчны бүсийн хилийн заагт орсон болох нь Байгаль орчны, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна. Иймээс уг харилцаанд Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль хэрэглэгдэх бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Орчны бүсэд ... ашигт малтмал эрж хайх, олборлох, ... зэрэг үйл ажиллагаа явуулах аж хуйн нэгж, байгууллага нь зохих хууль тогтоомжийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ” гэсэн хуулийн нэмэлт шаардлагыг нэхэмжлэгч биелүүлж ажиллах үүрэгтэй гэсэн хариуцагчийн өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах эрх зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн.

          Шүүхээс хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 2 тусдаа төлөвлөгөө байна гэж дүгнэсэн атлаа төлөвлөгөө тус бүрийн эрх зүйн үр дагавар, ялгааг нь гаргалгүй  нэхэмжлэгч болох манай “М м п” ХХК-ийг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй учраас манай компанийн Байгаль орчныг хамгаалах /менежментийн/ төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагчийн татгалзлыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаатай дүгнэлт болсон гэж үзэж байна.

          Учир нь нэхэмжлэгч болох манай “М м п” ХХК-иас Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргаар батлуулахаар хүргүүлсэн байгаль орчны хамгаалах төлөвлөгөө нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-д заасны дагуу тухайн сум, дүүргийн Засаг даргаар батлагддаг  төлөвлөгөө бөгөөд уг төлөвлөгөөг батлуулахад байгальд орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг заавал хийлгэсэн байхыг хууль тогтоомжоор  шаарддаггүй. Өөрөөр хэлбэл байгальд орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй байгаа нь уг төлөвлөгөө батлахаас татгалзах эрх зүйн үндэслэлгүй болох боломжгүй.

          Харин Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь заавал байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дараагаар хийгддэг, түүний салшгүй нэгэн хэсэг болж Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлагддаг төлөвлөгөө юм. Гэтэл шүүх уг ялгаа, заагийг гаргалгүй нэхэмжлэгч болох манай компанийг Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан шаардлагыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр хариуцагчийн татгалзлыг зөвтгөсөн нь эрх зүйн үндэслэлгүй байна.

          Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2-т заасан хэдий ч тухайн палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэх ажлыг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу тухайн сум, дүүргийн Засаг даргаар батлуулдаг Байгаль орчныг хамгаалах /менежмент/ төлөвлөгөөний өмнө, эсхүл хойно хэзээ хийлгэх эсэхийг хуульд нарийвчлан тусгаагүй буюу Байгаль орчныг хамгаалах /менежмент/ төлөвлөгөөг палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар хайгуул, судалгаа хийлгэхээс өмнө батлуулахыг хориглоогүй байна. Гэтэл шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан хууль зүйн шаардлагыг хангахгүй байх тул байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна.

          Нэхэмжлэгч болох манай компани нь өөрийн 2019 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас эрх зүйн үндэслэлгүйгээр татгалзаж буй Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулж, төлөвлөгөөг батлуулахыг даалгуулах нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 03 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн.

          Гэтэл Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга манай компанид 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 05/222 дугаар албан бичиг ирүүлж уг албан бичгийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нотлох баримтаар өгсөн. Хариуцагчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 05/222 дугаар албан бичиг нь урьд манай компанид ирүүлж байсан манай компанийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 05/234 дүгээр албан бичгийн эрх зүйн үндэслэлээ нэмж дэлгэрүүлсэн тайлбар байсан.

          Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг нөхөж гаргах, нэгэнт гарсан захиргааны актын эрх зүйн үндэслэлийг дахин захиргааны акт гаргах замаар засч залруулах, нэмж дэлгэрүүлэх тухай зохицуулалт тусгагдаагүй буюу түүнийг захиргааны байгууллагад зөвшөөрөөгүй. Гэтэл шүүх Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 05/222 дугаар албан бичгийг нэмэлтээр дахин гаргасан захиргааны акт гэж үзэн нотлох баримтаар үнэлж уг албан бичигт тусгагдсан эрх зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн татгалзлыг зөвтгөсөн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон гэж үзэж байна.

          Иймд дээрх үндэслэлүүдээр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 123/ШШ2020/0022 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

          Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... анхан шатны шүүх хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн батлуулах төлөвлөгөө ялгаатай гэж тайлбарласан атлаа ... ялгаа заагийг гаргаагүй.  манай батлуулахаар хүргүүлсэн төлөвлөгөө нь Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.3-т заасан төлөвлөгөө бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй нь батлахаас татгалзах үндэслэл болохгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийг биелүүлээгүй гэж үзсэн эрх зүйн үндэслэлгүй” гэжээ.

Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 38, 39 дүгээр зүйл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн “байгаль орчны менежментийн төлөвлөгөө” нь 2 тусдаа төлөвлөгөө байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар 38 дугаар зүйлд заасан “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө” гэснийг “... байгаль орчны менежментийн төлөвлөгөө” гэж өөрчилсөн талаар анхан шатны шүүх  албан ёсны эх сурвалжийг зөв олсон атлаа уг хуулиар 2 тусдаа мэтээр ойлгогдож байсан эргэлзээг арилгаж, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэн аль нь “байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулах үүрэгтэй болсныг “2 тусдаа” гэж буруу тайлбарлан хэрэглэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйл, 39 дүгээр зүйлд заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулж, батлуулах талаар ялгамжтай зохицуулсан нь тэдгээрийн явуулж буй үйл ажиллагаа байгаль орчинд харилцан адилгүй нөлөөлдөгтэй холбоотой бөгөөд энэ нь байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий, эсхүл нарийвчилсан үнэлгээ хийлгэх үүргээс чөлөөлсөн зохицуулалт биш юм.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг ойлгоно” гэж,

7 дугаар зүйлийн 7.2-т “... ерөнхий үнэлгээг ... ашигт малтмал хайх ... төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж,

9 дүгээр зүйлийн 9.5-д “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ” гэж,

9.6-д “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, дүйцүүлэн хамгаалал хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байна” гэж,

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах”-аар тус тус заажээ.

Эдгээр хуулийн заалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсний үндсэн дээр явуулах үйл ажиллагаа нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөхийг тогтоож, үнэлгээ хийлгэсний үндсэн дээр нөхөн сэргээх  үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар менежментийн төлөвлөгөөнд тусгаж батлуулах үүрэгтэй байна.

Харин хуулиар тусгайлан шаардсан, эсхүл ерөнхий үнэлгээгээр шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гаргах үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүх хуулиар тусгайлан шаардаагүй тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Засаг даргатай зөвшилцөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар зааснаас үзвэл “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх ёстой” гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч Засаг дарга нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дээрх заалтуудын дагуу “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй ...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөвлөгөөг батлаагүйг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг эрх бүхий этгээдээр хийлгээгүй байхад Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “... төлөвлөгөөг ... хянан баталж ... хүргүүлнэ” гэж заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээ нь үндэслэлтэй эсэхийг хянах боломжгүйд хүрэх тул энэ талаарх нэхэмжлэгчийн дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Хэдийгээр анхан шатны шүүх дээрх байдлаар хуулийг буруу тайлбарласан боловч нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд хамаарсантай холбоотой Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулиар тусгайлан “байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ”-г хийлгэх үүрэгтэй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

          Давж заалдах гомдолд “Ашигт малтмалын тухай хуульд палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар хийлгэх судалгааг байгаль орчны төлөвлөгөө батлуулахаас өмнө, хойно гэдгийг тусгайлан заагаагүй байхад анхан шатны шүүх мөн хуулийн  401.2-т заасан шаардлага хангахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй” гэжээ.

          Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан хууль тогтоомжоор Засаг даргад “Соёлын өв байгаа” гэх шалтгаанаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахаас татгалзах талаар заагаагүй тул хариуцагчийн энэ шалтгаанаар нэхэмжлэгчийн төлөвлөгөөг батлахаас татгалзсаныг анхан шатны шүүх зөв гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах, соёлын өвийг хамгаалахтай холбоотой үүргийг Ашигт малтмалын тухай хуульд тусад нь зохицуулсан бөгөөд Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар Засаг дарга нь бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэх эрхтэй, харин байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахаас татгалзах үндэслэл болохгүй.

Энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй боловч дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

Мөн давж заалдах гомдолд “... Засаг дарга нь төлөвлөгөө батлахаас татгалзсан үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж, албан бичиг ирүүлснийг анхан шатны шүүх үнэлж тухайн үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон ...” гэжээ.

Хариуцагч Засаг дарга нь төлөвлөгөө батлахаас татгалзсан үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн, уг үндэслэлүүдийг үгүйсгэж нэхэмжлэгч нь хангалттай мэтгэлцсэн, мөн Засаг дарга нь шүүхийн шийдвэрээр хууль бус болох нь тогтоогдоогүй, өөр үндэслэлээр татгалзах боломжийг хязгаарлаагүй тул уг албан бичигт заасан татгалзсан үндэслэлийг хуульд нийцсэн эсэхийг үнэлж, хэргийг шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул гомдлыг хангахгүй орхилоо.

Энэ нь захиргааны байгууллага, албан тушаалтны тухайн тохиолдлыг нэг мөр шийдвэрлэх үүрэгтэйг үгүйсгэхгүй бөгөөд нэг асуудлыг удаа дараа өөр өөр үндэслэлээр шийдвэрлэсний улмаас учирсан хохирлоо иргэн, хуулийн этгээд жич нэхэмжлэх эрхтэй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн бичилтийн хувьд алдаатай байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.