| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0199/э |
| Дугаар | 203 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 203
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б.Бд холбогдох 1930000000253 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б.Б
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр А.Эын 1 адууг өөрийнх нь адуунд ирж нийлснийг идшиндээ хэрэглэн алдуул малыг бусдын өмчлөл эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 1930000000253 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сард манай адуунд им тамгагүй халтар зүсмийн хязаалан гүү ирж нийлсэн юм. Түүнээс хойш тэр гүү манай адуунд байх болсон бөгөөд хүн ирж сураглахгүй болохоор нь өнгөрсөн намар буюу 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нядлаад идшиндээ хэрэглэсэн. Тухайн өдөр гүүг нядалж байхад манай дүүгийн хонийг хариулдаг М.Энх-Амар хониноосоо ирээд надад тусалсан. Тэр халтар гүүнээс өөр адуу манай адуунд нийлээгүй. Би хүний малыг өөрийн хэрэгцээндээ дур мэдэж хэрэглэсэндээ харамсаж гэмшиж байна. Би хохирогч А.Эт харилцан тохиролцсоны үндсэн дээр 2,000,000 төгрөг өгсөн. Одоо ямар нэгэн байдлаар гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/
Хохирогч А.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ Би 2017 оны хавар 04 дүгээр сард Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг Баруун араат, дулааны хөндий гэх газраас өөрийн адуунаасаа “Ма” тамгатай хээр зүсмийн гүү, гурван нүдний сартай чандмань тамгатай бор зүсмийн даага, гурван нүдний сартай чандмань” тамгатай зурвас хүрэн халзан зүсмийн байдас, им, тамгагүй халтар зүсмийн байдас зэрэг 4 адуу алдсан. Ингээд дээрх адуугаа эрээд огт сураг гарахгүй явж байгаад тус сумын иргэн Э.Энх-Амгалан ахтай 2019 оны хавар уулзаад адуугаа сурагласан чинь чиний им, тамгагүй халтар гүүг Б.Б өнгөрсөн өвөл 11 дүгээр сард нядлаад идчихсэн гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би халтар гүүнээс бусад адуугаа олоогүй. Цуг явсан халтар гүүг Баттөр идсэн болохоор бусдыг нь ч гэсэн Баттөрөөс нэхэмжилж байна. Хээр гүүгээ 2,000,000 төгрөгөөр, бор даагаа 500,000 төгрөгөөр, зурвас хүрэн халзан гүүгээ 2,000,000 төгрөгөөр, халтар гүүгээ 2,000,000 төгрөгөөр тус тус үнэлж байна... Би Баттөрөөс хязаалан гүүний мөнгө гэж 2,000,000 төгрөг авсан бөгөөд одоо ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 хуудас/
Гэрч М.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ Би 2018 оны 11 дүгээр сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн иргэн Б.Б, түүний дүү Б.Батбаяр нарын малыг маллаж байсан. Тухайн үед Батбаяр ах Баттөртэйгээ цуг өвөлжиж байсан. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр би малд яваад орой 16 цагийн орчимд ирэхэд Б.Б адуу нядалж байсан. Маргааш нь би Баттөрд чи өчигдөр орой болсон хойно адуу нядалдаг нь яаж байгаа юм бэ, өглөө эрт нядлахгүй яасан юм бэ гэхэд энэ нядалсан гүү им, тамгагүй, манай адуунд ирээд жил болж байгаа юм чинь яадаг юм гэж хэлсэн. Би Баттөрийн адууг мэдэхгүй, хонийг нь л хариулдаг байсан. Баттөр ганцаараа нядалж байсан болохоор би хамжиж өгсөн. Гэхдээ тэр орой хулгайн адуу гэдгийг мэдээгүй байсан. “ гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/
- Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 19 хуудас /
- Шүүгдэгч Б.Бийн оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 20 хуудас /
- Шүүгдэгч Б.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 22 хуудас/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 23-27 хуудас/
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малын үнэлгээ /хх-ийн 28 хуудас/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 34 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч А.Эын 1 /нэг/ адууг өөрийнх нь адуунд ирж нийлснийг идшиндээ хэрэглэн алдуул малыг бусдын өмчлөл эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч А.Э, гэрч М.Э нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Бийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Бийн бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Б нь алдуул мал завших гэмт хэрэг үйлдэж бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Улсын яллагчаас Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Бийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Бд оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч А.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА