| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0192/э |
| Дугаар | 197 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 197
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох 1930002610243 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн харьяат, 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, армоторчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын ... тоотод оршин суух,
Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, мөн хугацаагаар хойшлуулсан,
Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хорих ялаар,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан,
Н.Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг задгай тоотоос А.Пын эзэмшлийн улсын дугааргүй Даюунг маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талууд хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 3-4 хүнтэй нийлж Эрдэнэцагаан сумын төв дээр архи уусан. Орой нь тэнд байсан хүмүүстэй танихгүй ахынд очоод тэндээ мөн 1-2 шил архи уусан. Тэгээд тэнд байсан хүмүүс хоорондоо муудаж маргалдсан. Гэтэл танихгүй хоёр хүн “энэ хаанахын пязда вэ, гар зайл” гээд намайг хөөгөөд байсан. Би гарч явахдаа гадаа нь байсан мотоциклыг нь унаад явсан. Би хүнд зодуулсандаа шаралхаад унаад явчихсан юм. Түүнээс надад хулгай хийе гэсэн санаа байгаагүй. Би тухайн үед ийм зүйл болно гэдгийг мэдээгүй. Тог нь салчихсан, түлхүүргүй мотоцикл байсан. Тухайн үед хамт архи уусан хүмүүсээ танихгүй, үед нэг ахтай нь танилцахад манай руу явах уу гэхээр нь хамт явсан юм. Одоо нэрийг нь сайн санахгүй байна. Маргааш өглөө нь мотоциклыг Сугаржав мөрдөн байцаагч айлын хашаанд байхад очиж авсан...гэв.
- Хохирогч А.Пын: Би 2019 оны 06 дугаар сарын 01-ний орой 20 цагийн орчим сумын төвд ах Батсуурийн гэрт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюунг маркийн улаан өнгийн мотоциклыг жолоодож ирсэн. Би мотоциклоо Батсуурь ахын хашаанд тавиад 23 цагийн үед унтсан. Маргааш өглөө нь 07 цагт сэрээд харахад хашаанд байсан миний мотоцикл алга болсон байсан. Тэгээд цагдаад хандсан. Улаан өнгийн мотоцикл баруун гар талдаа тольтой, зүүн гар талдаа тольгүй, шинэвтэр, бензиний банкан дээрээ англи хэлээр “dayun” гэсэн бичигтэй. Би мотоциклоо 1,000,000 төгрөгөөр үнэлнэ. Би хулгайд алдсан мотоциклоо бүрэн бүтэн буцааж авсан тал гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-8-10х/
- Гэрч Ө.Эгийн: Аны хүү болох П нь манай нөхөр Батсуурийн хамаатан юм. 2019 оны 06 дугаар сарын 01-ний 22 цагийн үед А.П улаан өнгийн Даюун маркийн мотоциклыг унаж манайд ирсэн. Манай гэрийн гадаа мотоциклоо тавьж хоноод өглөө нь үзэхэд алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдээд мотоциклоо бүрэн бүтэн буцааж авсан гэсэн”...гэх мэдүүлэг /хх-17х/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх- 4/,
- Эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/,
- Н.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25/
- Н.Бын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 28/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоол /хх- 36- 38/,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоол /хх- 29- 35/,
- Н.Бын Сүхбаатар аймгийн хууль зүйн туслалцааны төвд гаргасан хүсэлт.2019.11.07.
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2019.11.07. зэрэг болно.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Быг бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Н.Бын 2019 оны 06 дугаар сарын 01-ний шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн задгай тоотоос А.Пын эзэмшлийн улсын дугааргүй Даюунг маркийн мотоциклыг унаж явсан уг үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж шүүх дүгнэв.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд шунахай сэдэлтээр, хувийн ашиг олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар далд аргаар авч, өөрийн эзэмшилд авч захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, захиран зарцуулсныг ойлгоно.
Харин шүүгдэгч Н.Бын уг үйлдэлд хулгайлах гэмт хэргийн дээрх шинжүүд үгүйсгэгдэх бөгөөд тэрээр уг мотоциклыг өөрийн эзэмшилд өмчлөлд авах, захиран зарцуулах, санаа зорилго, шунахай сэдэлтээр аваагүй, бусадтай хамт согтууруулах ундаа хэрэглэх явцдаа өөрийг нь хөөж туусан хүнийг чадах зорилгоор түүний мотоцикл гэж бодож бусдын мотоциклыг авч яван, айлын хашаанд орхисон үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Н.Бын “ Тэгээд тэнд байсан хүмүүс хоорондоо муудаж маргалдсан. Гэтэл танихгүй хоёр хүн “энэ хаанахын пязда вэ, гар зайл” гээд намайг хөөгөөд байсан. Би гарч явахдаа гадаа нь байсан мотоциклыг нь унаад явсан. Би хүнд зодуулсандаа шаралхаад унаад явчихсан юм. Түүнээс надад хулгай хийе гэсэн санаа байгаагүй ” гэх,
хохирогч А.Пын ” Би мотоциклоо Батсуурь ахын хашаанд тавиад 23 цагийн үед унтсан. Маргааш өглөө нь 07 цагт сэрээд харахад хашаанд байсан миний мотоцикл алга болсон байсан. “ гэх,
гэрч Ө.Эгийн “2019 оны 06 дугаар сарын 01-ний 22 цагийн үед А.П улаан өнгийн Даюун маркийн мотоциклыг унаж манайд ирсэн. Манай гэрийн гадаа мотоциклоо тавьж хоноод өглөө нь үзэхэд алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдээд мотоциклоо бүрэн бүтэн буцааж авсан” гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогджээ.
Өөрөөр хэлбэл, Н.Б нь уг мотоциклыг өөрийн өмч болгох гэсэн, завших зорилгогүй, өөрийг нь зодож өшиглөсөн хүнд өсөрхөж, чадах зорилгоор дүрсгүйтэж мотоциклыг дур мэдэн авч явсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд Н.Бын 2019 оны 06 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн задгай тоот хашаанаас иргэн А.Пын эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн Даюунг маркийн мотоциклыг зөвшөөрөлгүй авч яван сумын төвийн урд байх хадан барилгад орхисон уг үйлдэл нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжийг агуулах тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, түүнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Н.Б гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа архи ууж согтуурсан, маргааны улмаас андууран хохироогч А.Пын зөвшөөрөлгүйгээр түүний мотоциклыг авч яван бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Пт учирсан 1,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн буюу мотоцикл маргааш нь биет байдлаар буцаан олгогдсон болох нь хохирогч А.Пын “Би хулгайд алдсан мотоциклоо бүрэн бүтэн буцааж авсан тал гомдол санал байхгүй “ гэх мэдүүлгээр нотлогдох ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын эд зүйлийн үнэлгээгээр хохирогч А.Пын мотоциклыг 1,000,000 төгрөгөөр үнэлжээ /хх-5/.
Шүүгдэгч Н.Бын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх бөгөөд Н.Бын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ” гэсэн, шүүгдэгч, өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Ялтан Н.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч А.П гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН