| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0193/э |
| Дугаар | 194 |
| Огноо | 2019-11-11 |
| Зүйл хэсэг | 23.1.2.2., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 194
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ат холбогдох 1930003840244 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн харьяат, 1977 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1 дүгээр зүйлийн 55.1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих,
мөн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
мөн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 476 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж,
тус шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 63 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 276 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 34 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,
Ц.А.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “А” дэлгүүрийн зүүн талын засмал зам дээр согтуугаар цагдаагийн албан хаагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар цагдаагийн албаны эргүүлийн 06-99 СҮА Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хаалганы арын цонхыг хагалж 70,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талууд хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Этай хамт архи авах гээд дэлгүүр явсан. Гэтэл бид хоёрт архи өгөөгүй учраас буцаад явах гэж байтал цагдаагийн машин ирээд бид хоёрыг согтуу мотоцикл барилаа, эрүүлжүүлнэ гээд машиндаа суулгаад авч явсан гэсэн. Би болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Харин маргааш өдөр нь Э надад хэлсэн. Би өөрийнхөө гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн...гэв.
- Иргэний нэхэмжлэгч Х.Бын: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ц.А нь цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн доромжилж албаны тээврийн хэрэгслийн цонхны шил хагалсан хэрэг гарсан. Энэ хэргийн улмаас албаны Приус маркийн 06-99 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын арын цонхны шилний хохирол 60,000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг /хх-9х/
- Гэрч Э.Мгийн: 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ерөнхий жижүүр Б.Батсуурь 14:20 минутын орчим хүүхэд байцаах гэж байна, чи яваад Хайлаастын 21-25 тоотоос аваад ир гэхээр нь явж байтал А дэлгүүрийн зүүн талын зам дээр мотоциклтой явж байсан 2 хүн ойчихоор нь шалгах гээд машинаасаа буугаад очтол Э, Амгаланбаатар гэх 2 хүн явж байсан. Тэдгээр хүмүүсийг шалгуулах гээд ерөнхий жижүүр рүү утсаар залгатал Амгаланбаатар нь чи хов зөөлөө, төрийн хувцас өмссөн нохой минь гэж хэл амаар доромжлоод машины баруун талын цонх руу гараараа цохиод хагалсан. Тэгээд машиндаа суулгаж авчираад эрүүлжүүлэхэд согтолтын зэрэг 2 бүхэл гарсан. Тухайн хагарсан шил нь зах зээлийн үнэ 30,000-40,000 төгрөг байдаг...гэх мэдүүлэг /хх-11х/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7х/
- 0699 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн “ улсын дугаар 0699 СҮА, машинй марк Тояота, модель Приус 20, өмчлөгч Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газар “ гэх гэрчилгээ /хх-ийн 55/
- А ХХК-ний автомашин техникийн үнэлгээний ” улсын дугаар 0699 СҮА, машины марк модель Тояота, Приус 20, эзэмшигч Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газар. Уг машины баруун хойд хаалганы шил хагарсан байв. Үнэлгээгээр тогтоосон дүн 70.000 төгрөг ” гэх тайлан /хх-ийн 53-54/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 4/625 дугаартай тодорхойлолт /хх- 24/
- Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/432 дугаартай тодорхойлолт /хх-ийн 23х/
- Ц.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/
- Ц.Аын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-40х/,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 29-34х/,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-47х/,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 63 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 48-52/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт байрлах “А” дэлгүүрийн зүүн талын засмал зам дээр хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу түүний мотоциклиос унасан зөрчлийг зохицуулахаар очсон тус аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа, жолооч Э.Мгийн тавьсан шаардлагыг буюу албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, цагдаагийн албаны эргүүлийн 06-99 СҮА Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын хаалганы арын цонхыг хагалж 70,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ц.Аын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Д.Баттулга, гэрч Э.М, Зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, Саатуулсан хүнийг сулласан тухай мэдээлэл, А ХХК-ны 717 дугаартай Автомашин, техникийн үнэлгээний тайлан, 01104054 дугаартай Тээврийн хэрэгмсслийн гэрчилгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, Ц.А нь архи ууж согтуурсан үедээ зам дээр мотоциклтой унаж, хуулиар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүргийн дагуу очсон цагдаагийн албан хаагч Э.Мг “ хов зөөлөө, төрийн хувцас өмссөн нохой” хэмээн хэл амаар доромжилж, улмаар цагдаагийн албан үүрэг гүйцэтгэхэд зориулж олгосон 06-99 СҮА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын хаалганы арын цонхыг гараараа цохиж хагалсан үйл баримт тогтоогдох ба энэ нь гэрч Э.Мгийн “А дэлгүүрийн зүүн талын зам дээр мотоциклтой явж байсан 2 хүн ойчихоор нь шалгах гээд машинаасаа буугаад очтол Э, Амгаланбаатар гэх 2 хүн явж байсан. Тэдгээр хүмүүсийг шалгуулах гээд ерөнхий жижүүр рүү утсаар залгатал Амгаланбаатар нь чи хов зөөлөө, төрийн хувцас өмссөн нохой минь гэж хэл амаар доромжлоод машины баруун талын цонх руу гараараа цохиод хагалсан ” гэх,
Ц.Аын “ Би Этай хамт архи авах гээд дэлгүүр явсан. Гэтэл бид хоёрт архи өгөөгүй учраас буцаад явах гэж байтал цагдаагийн машин ирээд бид хоёрыг согтуу мотоцикл барилаа, эрүүлжүүлнэ гээд машиндаа суулгаад авч явсан гэсэн. Би болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Харин маргааш өдөр нь Э надад хэлсэн ” гэх мэдүүлгүүд,
01104054 дугаартай Тээврийн хэрэгслийн “ улсын дугаар 0699 СҮА, машины марк Тояота, модель Приус 0, өмчлөгч Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газар “ гэх гэрчилгээ, Зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хөдөлбөргүй нотлогдсон байна.
Шүүгдэгч Ц.Аын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Ц.А нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр хууль сахиулагчийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэх, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ машины цонхыг гараараа цохиж хагалан, цагдаагийн албаны тоног төхөөрөмжид зориуд хохирол учруулсан байна.
Гэмт хэргийн улмаас 70,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Х.Ба хохирол бүрэн төлөгдсөн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.
Шүүгдэгч Ц.Аын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч Ц.А ын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад багаас доош хэмжээний хохирол учирсаныг нөхөн төлсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ” гэсэн, шүүгдэгч, өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Учир нь шүүгдэгч Ц.Аын үйлдсэн хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад багаас доош хэмжээний хохирол учирсаныг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ” гэж заасан зохицуулалтыг хэрэглэх үндэслэл болох бөгөөд түүнд уг зохицуулалтыг хэрэглэхэд харшлах нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Харин Ц.Аын согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, удаа дараа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.А зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар дээрх тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авахаар тогтов.
Шүүгдэгч Ц.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Аыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Аыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6/ зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.А зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Ат мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Ц.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 70,000 төгрөг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Х.Ба гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН