| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00705/И |
| Дугаар | 698 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 698
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОК66092009, Гоньд овогт Доржийн Эрдэнэхандын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн Цагааннуур багт аав ээжийн хамт 1981 оноос 1990 оны 12 дугаар сар хүртэл хонь маллаж байсан болно. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй гэсэн учраас Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн Цагааннуур багт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн Цагааннуур багт 1983 оны 4 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэханд нь 1983 оны 4 дүгээр сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Доржийн Эрдэнэхандын 1983 оны 4 дүгээр сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн захиргаанаас Д.Эрдэнэхандад олгосон хөдөлмөрийн дэвтэрт: “1981 оноос 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин бичигджээ”.
Өндөрхангай сумын Намын хороо, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Нэгдлийн зөвлөлөөс Д.Эрдэнэхандыг шагнаж байсан гэрчилгээ болон нэхэмжлэгч нь 1987 онд Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаар авахуулж байсан гэх гэрэл зургууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Д.Эрдэнэханд нь 1983 оны 4 дүгээр сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн захиргаанаас түүнд олгосон хөдөлмөрийн дэвтэр, Өндөрхангай сумын Намын хороо, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Нэгдлийн зөвлөлөөс Д.Эрдэнэхандыг шагнаж байсан гэрчилгээ, 1987 онд Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаар авахуулсан гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Эрдэнэхандын хүсэлтийг хангаж, түүний 1983 оны 4 дүгээр сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар 7 жил 9 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Гоньд овогт Доржийн Эрдэнэхандын 1983 оны 4 дүгээр сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар 7 /долоо/ жил 9 /ес/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэхандын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ