Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 147

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч  хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч  Г.Амарсайхан,
Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  яллагдагч Х.Ад холбогдох 1930002040149 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багт оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х.А.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Х.А нь өсвөр насны Э.Бтой бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Д гэх газарт байх хохирогч Э.Баын эзэмшлийн гражийн цоожийг эвдлэн нэвтэрч дотор нь байсан 2 ширхэг мөнгөн эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 16,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
    - насанд хүрээгүй Э.Боор гэмт хэрэг үйлдүүлэн, эмээлийг нуух, зарах талаар амлалт өгч хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

    Шүүгдэгч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хавар хөдөө эгчийндээ очиж мал малласан. Тухайн үед Амгаланбаатарынд очиж архи уусан. Тэгээд Барсболд Батболдын амбаарт хоёр ширхэг эмээл байна яах уу гэж надаас асуухаар нь би аваад ир гэж хэлсэн. Тэр хоёр эмээлийг аваад шөнөдөө Хэнтий аймаг руу очиж гэртээ аваачиж тавьсан гэв.

    Эрүүгийн 1930001210112 дугаар хэргээс:
    
    Хохирогч Э.Ба мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “Би Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг “Д” гэх газар нутагладаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны үед хаваржаанаасаа нүүж Магнай гэх газарт буусан юм. Ингэхдээ хаваржаан дээр байх гражид чингэлгээ орхиод гаднаас нь цоожлоод явсан юм. Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гражаас юм авах гээд иртэл цоож нь эвдэрчихсэн байсан. Тэгээд би дотогш ороод хартал шуудайтай байсан адууны дэл сүүлийг асгачихсан байсан. Тэгээд би чингэлгээ онгойлгоод хартал миний Батноров хийцийн их гарын эмээл, Батноров хийцийн бага гарын эмээлүүд алга болсон байсан. Ингээд би шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Батноров хийцийн эмээлийг 2006 онд гэр бүл болоход аав минь өвөлүүлж өгсөн. Харин дунд гарын эмээлийг би өөрөө хэрэглэж байсан эмээл юм. Миний энэ хоёр эмээлийн хувьд дээр үеийн хийцтэй эмээлүүд. Би ямар үнэ ханштай байдгийг мэдэхгүй байна. Орон нутгийн жишиг үнэ ханш байдаг байх гэж бодож байна. Миний хувьд Х.А, Э.Б нарт гомдолтой байна. Нутаг усны ах дүүс байж нэг нэгнийхээ юмыг хулгайлж байгаад маш их гомдож байна. Харин цагдаагийн байгууллага түргэн шуурхай хөөцөлдөж илрүүлж эмээлийг минь бүрэн бүтэн олж өгсөнд маш их баярлаж байна. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд эмээлээ олоод авчихсан болохоор өөр нэхэмжлэх зүйл байхгүй.”...гэх мэдүүлэг /хх-19х/
    
    Гэрч Э.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай гэр Улаанбаатар хотод байдаг юм. Би аав дүү нарын хамт амьдардаг юм. 2019 оны 02 дугаар сарын эхээр цагаан сарын өмнө аавын төрсөн эгчийн хүүхэд болох Амгаланбаатар ахынд мал маллахад нь туслахаар очоод байсан юм. Амгаланбаатар ахынх Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хөхийн ар” гэх газар хаваржиж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны орой ишиг хургаа тавьчихаад 19 цагийн үед Э.Ба ахын хаваржаагаар зэс, гууль, хайлш хайхаар очсон юм. Тэнд зэс, гууль, хайлшны зүйл байхгүй болохоор нь хашааны баруун талд блокоор барьсан  агуулахын цоожийг эвдээд дотогш ороод агуулах дотор байсан чингэлгийг нээж үзэхэд чингэлэгний урд буланд 2 ширхэг мөнгөн эмээл байсан. Эмээлийг гаргаж үзчихээд буцаагаад чингэлгэнд хийж блокон агуулахын хаалгыг хаагаад гэр рүүгээ явсан. Гэртээ очиход Амгаланбаатар ах архи уугаад унтчихсан, манайхтай ойрхон хаваржиж байсан А ах согтуу сууж байхаар нь би А ахад Э.Ба ахын хаваржаан дээр байгаа блокон амбаарт 2 эмээл байна, би блокон амбаарынх нь цоожийг эвдэлчихсэн, одоо яах вэ гэхэд А ах согтуу болохоор миний ярьж байгаа зүйлийг ойлгохгүй байх шиг байсан. Тэгээд би унтсан. Маргааш нь 21-ний өдрийн 16 цагийн орчимд А ах намайг хоёулаа миний мотоцикьлтой Бүрэнцогт руу архинд яваад ирье гэхээр нь би мотоциклийг нь унаад Бүрэнцогт руу явах замдаа Э.Ба ахын хаваржаан дээр байгаа блокон амбаарт 2 мөнгөн эмээл байна яах вэ гэж асуухад А ах ахын дүү тэр 2 эмээлээ аваад ир гэсэн. Би та яах гэж байгаа юм бэ нуух газар байхгүй биз дээ гэхэд би өөрөө нуух газраа болон зарж үрэхээ мэдэж байна гэхээр нь та тэгвэл өөрөө явж ав гэж хэлсэн. Тэгтэл ах нь явж яах юм бэ чи яваад аваад ир гэхээр нь тэгвэл хоёулаа цуг очиж авъя гэхэд А ах би явахгүй ахын дүү яваад ир гээд байсан. Бүрэнцогтод очоод А ах дэлгүүрээс 1 шил архи 3, 4 том пиво авсан. Тэгээд бид 2 Бүрэнцогтоос гэр рүүгээ явах замдаа 2 том пивыг хувааж уугаад сууж байхдаа А ах ахын дүү Э.Баын хаваржаа руу яваад тэр 2 эмээлийг аваад ирээрэй гэхэд нь би яаж авчирах юм бэ гэхэд 2 шуудайнд хийгээд ганзгалаад аваад ир гэсэн. Ингээд бид пиво ууж дуусаад 18 цагийн үед манай гэрт очсон. А ах авч очсон архиа Амгаланбаатар, Хадбаатар гэх хоёр ахтай уусан. Тэр хооронд би гэрийнхээ баруун өндөр дээр хөдөө унтаж байхад Амгаланбаатар ах очиж намайг сэрээгээд гэртээ ирсэн. Тэгээд 20 цагийн орчимд би хонь малаа хашсаны дараа А ах ахын дүү одоо яваад 2 эмээлээ аваад ир гэхээр нь би жаахан байж байгаад явж ирье гэхэд А ах оройтлоо одоо яваад ир гэхээр нь 21 цаг 30 минутын үед А ахын Чансаа маркийн мотоцикльтой явж Батболд ахын хаваржаан дээр очиж 2 эмээлээ шуудайнд хийж ганзаглаад гэртээ ирсэн. Ингээд гэрт орж А ахыг сэрээгээд эмээлээ аваад ирлээ гэхэд А ах за гээд миний араас гэрээс гарч ирээд бид хоёр тэр шөнөдөө А ахын мотоцикльтой Хэнтий аймаг руу яваад А ахын гэрт очиж баруун орон дор нууж орхиод буцаад хөдөө гэр рүүгээ яваад гэртээ 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 06 цагийн үед ирсэн. гэх мэдүүлэг /хх-28-30х/

    Гэрч Д.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр А ах 1 шил архитай ирээд манай хүргэн Амгаланбаатартай хувааж уусан. Архиа ууж дуусаад тэр хоёр хөдөө айл руу адуу авчирахаар 15 цагийн үед яваад орой 22 цаг өнгөрч байхад нилээн архи уучихсан, 1 шил архи, 3 том пивотой ирсэн. 3 пивийг А ах, Амгаланбаатар бид гурав хувааж уугаад унтацгаасан. Маргааш 21-нийн өглөө А, Амгаланбаатар хоёр худаг руу усанд явахдаа урьд орой уугаагүй орхисон байсан архиа уусан. Амгаланбаатар нь согтоод гэртээ унтсан. А ах Барсболдтой Бүрэнцогт руу архинд яваад 14 цаг өнгөрч байхад 4 том, 1 шил архитай ирсэн. 2 том пиво, архийг хувааж уугаад би унтсан. 22 цагийн үед сэрэхэд А, Барсболд хоёр хоорондоо маргалдаад байсан, би буцаад унтсан. Маргааш нь 22-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд босоход гэрт байсан хүмүүс бүгд унтаж байсан бөгөөд удалгүй А сэрээд гэр рүүгээ явлаа гээд мотоциклоо унаад явсан. 21-ний шөнө А, Барсболд нар гарч яваад өглөө ирсэн талаар би мэдэхгүй, согтоод унтсан байсан ” гэх мэдүүлэг /хх-36-37х/

    Гэрч Г.Аийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: А 2019 оны 04 дүгээр сарын 21-ний 14 цагийн үед Барсоболд гэдэг хүүхэдтэй ирээд удалгүй буцаад явсан. Маргааш өглөө нь 07 цагийн үед мотоциклоо унаад ирсэн. гэх мэдүүлэг /хх-38-39х/

    Шүүгдэгч Х.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-60х/

    Шүүгдэгч Х.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63х/

    Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-66х/

    Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 193000335 дугаартай прокурорын тогтоол /хх-77х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

    Шүүгдэгч Х.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно

    Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Х.А нь өсвөр насны Э.Бтой бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Д гэх газарт байх хохирогч Э.Баын эзэмшлийн гражийн цоожийг эвдлэн нэвтэрч 2 ширхэг мөнгөн эмээлийг хүч  хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 16 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Насанд хүрээгүй Э.Боор гэмт хэрэг үйлдүүлэн, эмээлийг нуух, зарах талаар амлалт өгч хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Э.Баын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Э.Б, Г.А, Д.Х нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
 
    “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд  шүүгдэгчийн  гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. Түүнчлэн хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг нь  хүүхдэд амлалт өгч, хууран мэхлэх  аргаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн  гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас насанд хүрээгүй Э.Б гэмт хэрэг үйлдсэн үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

     Шүүгдэгч Х.Аийн дээрх үйлдлүүд нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
    Шүүгдэгч Х.А  нь хүүхдийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, насны хүрээгүй хүүхэд гэдгийг мэдсээр байж гэмт хэрэг үйлдэхдээ татан оролцуулж, зааж, зааварчилсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд  шүүгдэгч Х.А нь хохирогч Э.Баын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг,
    Насанд хүрээгүй Э.Боор гэмт хэрэг үйлдүүлэн, эмээлийг нуух, зарах талаар амлалт өгч хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

    Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, өсвөр насны хүнийг эцэг, эх нь хараа хяналтгүй байлгасны улмаас насанд хүрсэн хүнд уруу татагдах нөхцөл бүрдүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

        Шүүгдэгч Х.А нь орон байранд нэвтэрч хулгайлах болон хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос  шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2.1, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.Ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь   хөнгөрүүлэх нөхцөл байдал болох  бөгөөд бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан  хүндрүүлэх нөхцөл байдал  болно.

Шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан Х.Ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгайн ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 /нэг/ жилийн  хорих ялыг нэмж нэгтгэн Х.Аийн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жилийн  хугацаагаар тогтоож,  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Баод хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Аийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Х.Ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан 2 /хоёр/ жилийн  хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1/нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн Х.Аийн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Ад оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Ялтан Х.Ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Ялтан Х.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Ба нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.





    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА