Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 701

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

       Б.Бадамдоржийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

           Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Бямбадорж овогтой Бадамдорж нь тус банкнаас 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 12.000.000 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэйгээр, хашаа байшин барих зориулалтаар, 120 сарын хугацаатайгаар буюу 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр 1660004141 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Энэ харилцагч нь зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа бөгөөд Улаанбаатар хот руу явсан, Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Зээлдэгч зээл авах үедээ Улаангом сумын 4 дүгээр багийн 1-4 тоотод оршин суудаг байсан. Зээлдэгчтэй 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш огт холбоо барьж чадахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байгаа нь Банктай байгуулсан зээлийн гэрээний 3.2.3-т заасан зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэсэн заалтаар гэрээний үүргээ зөрчиж олдохгүй байгаа тул банкны зүгээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгч Бямбадорж овогтой Бадамдорж нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөө хийхгүй байгаа, байгаа хаяг нь тодорхойгүй болсон, олдохгүй байгаа тул зээлдэгчийг эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү” гэжээ. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Хас банк нь Б.Бадамдоржийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Зээлдэгч Б.Бадамдорж нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх ба нэхэмжлэгч Хас банк нь түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн үндэслэлээ зээлийн гэрээ болон зээлдэгчийн оршин сууж байсан баг болох Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2123 дугаар тодорхойлолт, гэрч Д.Уртнасангийн “Иргэн Б.Бадамдорж нь Улаангом сумын 4 дүгээр багийн 1-4 тоотод оршин сууж байгаад сүүлийн нэг жил тус хаягтаа оршин суухгүй байгаа. Одоо тус хашаанд Б.Бадамдоржийн төрсөн дүү Б.Билгээ хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Б.Бадамдорж одоо хаана оршин сууж, юу хийж байгаа талаар ямар нэгэн мэдэх зүйл надад байхгүй байна” гэх мэдүүлгээр нотлогдож байна гэж тодорхойлжээ.

            Нэхэмжлэгч Хас банк нь Б.Бадамдоржийн хаягийг тогтоох бүхий л арга хэмжээг авсан, эрж хайсан гэж байгаа боловч шүүхээс Б.Бадамдоржийн 89760031 дугаарын утсанд холбогдож хаана оршин сууж байгааг нь тодруулахад ”Надад оргон зайлсан зүйл байхгүй. Би Улаанбаатар хотод зээлээ төлөхийн тулд ажил хийхээр ирсэн. Увс аймгийн Улаангом сумаас шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байгаа. Би Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Булгачины 14-235 тоотод түр оршин сууж байгаа, цаашид Хас банктай холбоотой байх бөгөөд хаягаа өөрчилсөн тохиолдолд мэдэгдэж байх учраас уг  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хариу өгсөн байна.

               Зээлдэгч Б.Бадамдорж нь оршин суугаа газраасаа шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа хаяг нь тодорхой байх тул нэхэмжлэгч Хас банкны Б.Бадамдоржийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

                Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хас банкны Б.Бадамдоржийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ