Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 702

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

          Н.Баярхүүг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Нямдаваа овогтой Баярхүү нь тус банкнаас 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэйгээр, хашаа, байшин худалдан авах зориулалтаар, 120 сарын хугацаатайгаар буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр 1660001647 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Харилцагч нь зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа бөгөөд гэр бүлээрээ Улаанбаатар хот руу шилжин явсан, Сэлэнгэ аймагт ажил хийж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Зээлдэгч зээл авах үедээ Улаангом сумын 6 дугаар баг, 12-19 тоотод оршин суудаг байсан. Зээлдэгчтэй 2015 оны 7 дугаар сарын 02-ноос хойш огт холбоо барьж чадаагүй. Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний 3.2.2-т заасан зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэсэн гэрээний үүргээ зөрчиж олдохгүй байгаа тул банкны зүгээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгч  Нямдаваа овогтой Баярхүү нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөө хийхгүй байгаа, хаяг нь тодорхойгүй болсон, олдохгүй байгаа тул зээлдэгчийг эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү” гэжээ. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Хас банк нь Н.Баярхүүг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Зээлдэгч Н.Баярхүү нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх ба нэхэмжлэгч Хас банк нь түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн үндэслэлээ зээлийн гэрээ болон зээлдэгчийн оршин сууж байсан баг болох Улаангом сумын 6 дугаар багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1276 дугаар тодорхойлолт, гэрч Ц.Өнөрсайханы “Иргэн Н.Баярхүү нь манай багийн 12-19 тоотод оршин сууж байгаад сүүлийн хоёр жил тус хаягтаа оршин суух байгаа. Одоо тус хашаанд Ургаахүү гэх айл амьдарч байгаа болно” гэх мэдүүлгээр нотлогдож байна гэж тодорхойлжээ.

          Нэхэмжлэгч Хас банк нь Н.Баярхүүгийн хаягийг тогтоох бүхий л арга хэмжээг авсан, эрж хайсан гэж байгаа боловч шүүхээс Н.Баярхүүгийн 80580307 дугаарын утсанд холбогдож хаана оршин сууж байгааг нь тодруулахад ”Би гэр бүлээрээ Улаанбаатар хотод байгаа, Хас банкны зээлээ төлөхийн тулд энд ажил хийж байгаа. Увс аймгийн Улаангом сумаас шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байгаа. Би одоо Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36-118 тоотод түр оршин сууж байгаа, цаашид Хас банктай холбоотой байх учраас уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хариу өгсөн байна.

          Зээлдэгч Н.Баярхүүг нь оршин суугаа газраасаа шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа хаяг нь тодорхой байх тул нэхэмжлэгч Хас банкны Н.Баярхүүг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

             Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хас банкны Н.Баярхүүг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ