| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0022/э |
| Дугаар | 114 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.4.2.3., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 114
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Хохирогч У.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эид холбогдох 1930001960128 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын харьяат, 1994 оны 07 сарын 20-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг Б гэх газар оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнсэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, РД:ЛМ94072015, А.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ч нэртэй дэлгүүрийн хойд талд байх өөрийн гэртээ хохирогч У.М руу бензин цацаж шүдэнзээр гал асаан шатааж улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөр найз Б, Э нартай нийлж архи уугаад 22 цагийн үед сумын төвд байх “Н” нэртэй бааранд ганцаараа ороход байж байтал таньдаг Д, Ц, Б, Н гэх ах нар байсан. Намайг наашаа суу гэхээр нь ширээн дээр нь очиж сууж байгаад баар хаах үед гарсан юм. Энэ үед бааранд байсан У.М нь манай ширээнд сууж байсан Дтой хамт гарч ирээд бид нарыг хүргээд өгчих гэсэн. У.М, Г ах, Ц, Д бид нар хамт манай гэр рүү явахаар болж Г ахын машинд суугаад замдаа “ Ч ” нэртэй караоке руу орж 1 литрийн эдэн нэртэй архи аваад манай гэрт очсон. Манай гэрт хүн байхгүй байсан,гэр хүйтэн байсан тул би гэртээ ороод шууд гал түлсэн. Харин гал түлэх үед Г ах машинд савтай бензин байгаа оруулж ирээд галаа хурдан асаачих гэхээр нь би Г ахын машины арын суудлын голоос 20 литрийн ногоон төмөр савтай бензинийг гаднаас оруулж ирээд галаа асаачихаад гэрийнхээ зүүн урд гаргасан. Бид нар эдэн нэртэй архиа ууж байтал манай найз Чөдөр гээд залуу соёрхол нэртэй 0.7 литрийн архитай ирсэн. Архиа ууж байтал Чөдөр, Д нар явахаар болсон. Тэр үед би У.Мд дагаж ирсэн хүнээ дагаад яв гэж хэлсэн боловч яваагүй. Тухайн үед би У.М гэж таньдагггүй байсан. Танилцахдаа З гэж танилцсан. Соёрхол нэртэй архиа ууж байх явцад Г ах тасраад унтчихсан. Э орж ирээд архи уугаагүй. Би ор дэр зассаж өгөөд хойд орон дээр унтуулсан. У.М бид хоёр архиа уугаад нилээн согтсон. Гэтэл У.М нь тамхи татаад, ууж байсан архиа асгаад гэрт шүлс нусаа хаяад байсан. Би чи айлыг ингэж доромжилж болохгүй. Хаана байгаагаа мэдрээрэй гэж хэлсэн. У.М нь өмдөн дээрээ архи асгасан байсан. Тэгээд би шүдэнз зураад хувцсан дээр нь асгарсан архинд нь хүргэсэн чинь гал асахгүй байсан. Гэтэл У.М босож ирээд чи намайг чаддаг юм бол шатаачих гэж хэлсэн. Тухайн үед би өөрийн гэсэн ухаантай байсан. Болсон асуудлын хувьд У.М мэдэж байсан байх. Би мэдэж байгаа л гэж бодсон. Тэгээд би гадаа байсан бензинээ оруулж ирээд нээрээ шатаачих уу гээд гэж хэлэхэд намайг түлхээд бензин цалгисан. Тухайн үед би яг шатаая гэж бодоогүй. Шүдэнз зураад гэнэт хаяахад гал ассан. Би сандраад гэрийн зүүн талд байсан 120 литрийн савтай усыг татаад, ус асгараад гал унтарсан. Тухайн үед би У.Мыг татаж босгох үед нүүр нь утаа болсон байхаар нь нүүрийг нь угаагаад дээгүүрх хувцасыг нь тайлуулсан. Тэр үед Э, Г ах хоёр сэрээгүй. Яг хэдэн литрийг асгаснаа мэдэхгүй байна. Намайг цааш нь түлхэхэд бензин цалгисан. Жаахан асгасан гэж бодож байна.
Тухайн үед мансуурсан байсан болохоор Эын наагуур У.Мыг хэвтүүлсэн ба түрхэн зуур унтсан байсан. Тухайн үед үүрийн 4-5 цаг болж байсан. 06 цагийн үед би сэрээд Г, Э хоёрыг босгосон. Э, Г ах хоёр сэрээд энэ юу болсон юм бэ? гэж асуухаар та хоёр зүгээр яв гэж хэлсэн. Та нарыг хэл аманд оруулаад яахав та нар гэр гэр рүүгээ яв гэж хэлээд явуулсан. 08 цагийн үед Г ах дахиад ирсэн. Ирэхдээ нэг пивотой ирсэн ба намайг дотроо зас гэж хэлсэн. Би У.Мыг “ одоо бос манай найз охин одоо хүрээд ирнэ гэж хэлсэн. Бид нарыг архи уугаад явсан гэж мэдэхгүй буруугаар ойлгоно шүү дээ” гэж хэлсэн. Пивоо ууж дуусаад гэрээ янзалсан. У.Мын дээгүүрх хувцас нь шатсан байсан болохоор би өөрийнхөө хувцаснаас цагаан хоолойтой цамцыг өмсүүлж явуулсан. У.Мд “ одоо яах вэ, эмнэлэгт мэдэгдэх үү “ гэж хэлэхэд У.М “ би өөрийгөө мэдэж байна эмнэлэг явахгүй “ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед гайгүй юм байлгүйдээ л гэж бодсон. Пивоо ууж дуусахад У.М дахиад нэг пиво ууя гэхээр нь би хажуу талынхаа дэлгүүрээс пиво авчирч өгсөн. Тэгээд бид гурав машиндаа пивоо ууж дуусгаад Г ах намайг Нямлхагва гэх манай ахынд намайг буулгаж үлдээсэн. Намайг буулгаж өгчихөөд У.Мыг гэр рүү нь аваад явсан. Дараа нь Г ах Нямлхагва ах руу утсаар залгаж яриад танай А.Э хүн шатаасан байна гэж хэлсэн чинь намайг манай хамаатны ах загнаад гэрээсээ хөөхөөр нь гэртээ очоод амарсан. Би алчихъя гээд хоолойг нь боогоогүй. Тийм зүйл болоогүй худлаа хэлж байна. Манай гэрт тамхи татаад, нус, шүлсээ хаяад байхаар нь хаана байгаагаа мэдэж байна уу, айл гэр битгий доромжлоод байгаарай гэж хэлсэн. Тэрнээс өөр асуудал болоогүй. Алах зорилго бол байгаагүй. Яахав намайг чаддаг юм бол шатаачих гээд гээд байсан. Тэгэхээр нь шүдэнз зураад хаях шиг болсон тэгэхэд гал гарсан. Тоглоом нь шоглоом болсон гэж бодож байна. У.Мд 2.000.000 төгрөг төлсөн. Манай гэр бүлийнхэн болон би тухайн үед У.Мыг эргэж тойрсон. Одоо У.Мд уучлаарай гэж хэлмээр байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...гэв.
- Хохирогч У.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 13-ны манай охины төрсөн өдөр байсан. Өдөр нь гэртээ тэмдэглэсэн. Орой нь 20 цаг 30 минутын үед найзуудтайгаа гадуур гарсан. “Н” гэх бааранд дөрвүүлээ орсон. Манай 3 найз 10 цаг 40 минутын үед баарнаас гарсан. Миний хоёр таньдаг хүн таараад би үлдсэн. Тэгж сууж байгаад баарнаас гарсан. Тухайн үед би баарнаас гарснаа болон эд нартай хамт явснаа мэдэхгүй байгаа. Би согтуу байсан. Болсон асуудлын шатсан үеэсээ эхэлж мэдэж байгаа. Архиа асгасан болон шүлсээ хаяснаас болж шатаах болсон байх.Тухайн үед сандарсан байсан болохоор хүн байсан үгүйг мэдээгүй. Хүнийг шатаана гэж бодохоор алах зорилготой байсан гэж бодож байна. Ганц хоёр цохиод авсан бол өөр байсан байж болох байх.
Шүлс хаясан гэдэг бол худлаа. Би хэдий согтсон ч айлд шүлсээ хаяхгүй. Бас эмнэлэг рүү явъя гэж хэлсэн нь худлаа. Надад эмнэлэг рүү явъя гэж хэлээгүй. Намайг боосон гэдэг нь бол үнэн. Цагдаад хэлчихнэ гээд боосон байх. Хоёрын хооронд ингэж байснаас үх гээд байсан. Тухайн үед би айснаасаа болоод бараг эрүүл болсон байсан. Тухайн үед бид хоёрын хажуугаар хүн хэвтээгүй байсан. Бид хоёр хоёулахнаа орон дээр хэвтэж байсан. Намайг тухайн үед хоёр удаа боосон. Боосон ором нь эмнэлэг дээр очиход хүртэл байсан. Эмнэлэг дээр намайг байхад хоёр цагдаа ирсэн. Тэр үед боосон тухай цагдаад хэлсэн. Өглөө намайг 8 цаг 30 минутын үед сэрэхэд Г ах ирсэн. А.Э гэрийн гадаа юм ярьж байгаад орж ирсэн. Тэгээд би А.Эоос нэг цамц аваад өмссөн. Г ах, Э бас нэг залуутай хамт гарсан. Тэр залууг нь бол танихгүй. Тухайн үед нэг пиво ууссан нь бол үнэн. Харин дахиж би пиво авъя гэж хэлээгүй. Пивоо ууж дуусаад А.Э бууж үлдсэн. Би Г ахаар гэр рүүгээ хүргүүлсэн. Аавтайгай цуг эмнэлэг рүү явсан.
Миний баруун талын нүүр болон гар шатсан. Мөн гэдэс хэвлий хавиар шатсан. Хэвлий хавиар шатсанд арьс нөхөөгүй. Одоо хүртэл эдгээгүй байгаа.
2.140.000 төгрөг нь хагалгаанд орсон болон замын зардал. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт арьс шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Одоо шинээр гаргаж өгөх эмчилгээний зардлын баримт байхгүй. Наад баримтыг чинь гаргаж өгснөөс хойш бол зөндөө баримт гарсан байгаа. Энэ талаар хавтаст хэрэгт бол гаргаж өгөөгүй байгаа. Одоо 8.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардал болон соривны тосны мөнгө. Хураагдсан юүдэнтэй цамц, футболкыг буцааж авахгүй, устгуулна. Одоо болтол нойр хүрэхгүй. Байнга өвчин намдаах эм уух болсон. Гомдолтой байна...гэв.
- Яллагдагч А.Эийн: Би 2019 оны 04 сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөр найз Б, Э нартай нийлж архи уугаад 22 цагийн үед Эрдэнэцагаан сумын төвд байх Не нэртэй бааранд ганцаараа ороод байж байтал танил Д, Ц, Б, Н гэх ах нар байсан бөгөөд намайг наашаа суу гэхээр нь ширээн дээр нь очиж сууж байгаад баар хаах үед гарсан юм. Энэ үед бааранд байсан М нь манай ширээнд сууж байсан Дтой хамт гарч ирээд бид нарыг хүргээд өгчих гэсэн. Мтай анх хамт ширээнд сууж архи дарс огт уугаагүй юм. М нь Г ах, Ц, Д бид нарын хамт манай гэр рүү явахаар болж Г ахын машинд суугаад замдаа Чандмань нэртэй караоке руу орж 1 литрийн Эдэн нэртэй архи аваад манай гэрт очсон. Манай гэрт ямар нэгэн хүн байхгүй байсан учир гэр хүйтэн байсан тул би гэртээ ороод шууд гал түлсэн юм. Харин гал түлэх үед Г ах машинд 20 литрийн савтай бензин байгаа оруулж ирээд гал хурдан асаачих гэхээр нь би Г ахын машины арын суудлын голоос 20 литрийн ногоон төмөр савтай бензинийг гаднаас оруулж ирээд галаа асаачихаад гэрийнхээ зүүн урд гаргасан юм. Манай гэрт Эдэн нэртэй архийг бид тавуулаа ууж байхад Чөдөрөө манайд Соёрхол нэртэй архийг авчирсан юм. Эдэн нэртэй архийг ууж дуусаад Соёрхол нэртэй архийг ууж байхад Г, Д нар нь маргалдаад Д нь явлаа гээд явсан. Би Мыг чи дагаж ирсэн хүнээ дагаа яв гэтэл М яваагүй үлдсэн. Удалгүй Чөдөрөө явлаа гээд яваад өгсөн. Харин Ц, Г нар нь согтоод унтсан. Энэ үед М бид хоёр сэрүүн байсан ба бид хоёр үлдсэн архийг хувааж ууж байтал М хундагатай архийг шалан дээгүүр болон өөрийнхөө өмд дээр асгалаад байхаар нь битгий архи асгалаад бай гэж хэлсэн. Энэ үед би өөдөөс нь хараад сууж байсан бөгөөд бид хоёр тамхи татаж байх үедээ би шүдэнз зурж асааж Мын архи асгасан хувцасан дээр хүргэхэд гал асахгүй байсан.
Тэгтэл М чи чаддаг юм бол шатаачих, чамайг харъя гээд байхаар нь би гал асаах үедээ оруулж ирж байсан 20 литрийн савтай бензинийг гаднаас оруулж ирээд тагийг нь нээж Мын биеийн зүүн хэсэгт нь савтай бензинийг барьж асгалаа шүү гэж тоглоомоор хэлэхэд М намайг түлхсэн чинь савтай бензин дүүрэн байсан учир цалгиж Мын биеийн зүүн хэсгээр нь хувцас дээр нь асгарахаар нь би шүдэнз зурж доош хаясан чинь сүр гээд М дээр гал ассан. Тэгтэл М бахираад гэрийн гэрийн зүүн талаар газар унахаар нь би гэрийн зүүн урд байсан савтай усыг дээрээс нь асгаж галын унтраасан.
Мын нүүр нь хар хөө болчихсон байсан учир нүүрийг нь угаалгаж шатаж норсон хувцсыг нь тайлуулсан. Тухайн үед бие нь улайчихсан байсан. Энэ үед цаг барагцаагаар 04 цаг болж байсан байх. Ингээд М бид хоёр хойд талын орон дээр зэрэгцээд унтсан. Газраар ус асгарсан байсан учир унтах боломжгүй байсан. 05 цаг 30 минутын үед Ц, Г нарыг гэр рүүгээ яв гээд явуулсан. Г, Ц нар юу болсон бэ гээд байхаар нь М өөрийгөө шатаана гээд шатаахаар нь ус асгаж унтраасан гэж хэлсэн. Би гэрийн шалаар асгарсан усыг цэвэрлэсэн. Энэ үед М унтаад байсан. Харин 08 цагийн үед Г ах манайд ганцаараа ирсэн. Тэр үед Мыг босгож, өөрийнхөө цамцнаас өмсүүлсэн. Харин Мын өмсөж явсан 2 цамц нь шатаад өмсөж болохгүй болсон учраас би гэрийнхээ хогийн цэг дээр хаясан. Гэрээ цэвэрлэж дуусаад Мыг эмнэлэг явах уу, цагдаад мэдэгдэх үү, одоо манай найз охин ирнэ гэж хэлэхэд М “Би өөрийгөө мэдэж байна, би пиво уумаар байна” гээд пиво нэхээд байхаар нь Г ах бид гурав гарч дэлгүүрээс пиво аваад машинд ууж дуусгаад намайг хамаатан ахынд хүргэж өгөөд Г ах Мыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мын эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Хохирлыг бүгдийг барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,
- Хохирогч У.Мын: Баар хаах үед нь гадагш гарсан чинь машинтай хүмүүс байхаар нь гэрлүүгээ хүргүүлэх гээд машинд суусан. Уг машины жолоочийг Г гэдэг юм. Машинд Э, танихгүй хоёр залуу байсан. Тэд нар нэг шил архи уух талаар ярьж байгаад Эийн гэрт очсон. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байсан. Гэнэт над дээр гал асаад би шатаж байсан ингээд би сэргэсэн. Миний бие шатаж эхлэх үед бахираад гэрийн зүүн талаар газар унасан. Энэ үедээ унтраагаач гэж бахирсан бөгөөд тухайн үед галыг унтраахгүй удаан санагдсан бөгөөд багцаагаар 5-10 орчим секунд болсон. Би шатаж байхад Э намайг хараад зогсож байсан. Миний нүдэнд Э харагдаж байсан учир ЭнхрийДс тусламж хүсэж байсан. Тэгтэл Э над дээр ус асгасан. Гал унтарсны дараа миний биеийн зүүн талаар шатсан байгаа учир хувцсаа тайлж турсик, хөхний даруулгатай үлдсэн. Тухайн үед миний бие хорсоод байсан учир гэрлүүгээ явлаа гээд буцаж өмсөж явсан нойтон өмдийг өмсөөд гарах гэсэн чинь гаргахгүй намайг цагдаад хэлчихнэ гээд байсан. Ингэж байснаас чамайг алчихъя гээд миний хоолойг гараараа хоёр удаа боосон. Энэ үед би амьсгаа авч чадахгүй байсан юм. Би эсэргүүцэж байгаад болиулсан. Үүний дараа Эид хандаж чамайг цагдаад хэлэхгүй би гал асаах гэж байгаад түлэгдсэн талаар хэлье гэж тохирсон.Сүүлдээ би унтчихсан байсан. Өглөө 08-09 цагийн орчимд сэрээд гэрлүүгээ явах болсон. Энэ үед анх машинаар хүргэж ирсэн жолооч Г нь хаалга балбаж гаднаас орж ирээд Этой гэрийн гадна юм ярьж байгаад орж ирсэн.... би гэрлүүгээ 11 цагийн орчимд орсон ингээд шууд эмнэлэг явсан ..... Эийн нэрийг нь мэддэг байсан тэрнээс биш танил хүмүүс биш юм .... эмчилгээний зардал гарсан бөгөөд үүнийг баримтаар өгнө. Цаашид эмчилгээний зардал гарна тийм учраас нийтдээ 8.000.000 төгрөг нэхэмжилж байна.. гэх мэдүүлэг /хх-ний 19-22/,
- Гэрч С.Гын: Бид нар нийтдээ хоёр шил архи уусан. Би сүүлийн архийг дуусахаас өмнө согтоод унтаад өгсөн. Би согтож унтахаас өмнө Батдорж, Чөдөрөө нар яваад өгсөн. Сүүлдээ би гэрийн баруун талаар газраар Эын хамт унтаад өгсөн. Унтаж байгаад сэрсэн чинь гэрийн зүүн талаар газраар ус асгачихсан. Гэрийн хойд талын орон дээр Э, М нар нэг хөнжилд орчихсон унтаж байсан. Мыг харсан чинь нүүрний зүүн хэсэг нь харлаад шатчихсан байсан ..... ингээд Эийг машинаас хөөж Нямлхагва гэх хамаатны гадна буулгасан. Э тухайн үед ямар нэгэн зүйл ярихгүй хэрнээ машинд суугаад яваад байсан. Мын гэрийнх нь гадна ирээд юу болсон талаар асуусан чинь Э намайг шатаасан гэж хэлэхээр нь би Эийн хамаатан Нямлхагва гэх ах руу утсаар залгаж болсон асуудлын талаар нь хэлсэн. .... хоорондоо муудсан зүйл болоогүй. .. бензин анх хүмүүс миний машинд суух үед арын суудлын орчимд байсан. Ингээд Э нь галаа асаахдаа савтай бензинийг оруулж ирээд галаа асаачихаад буцаад гаргаж байсан. Эийн гэрээс гарч явах үед гэрийн зүүн урд гадна байхаар нь савтай бензинийг аваад явсан. Нийт 10 литр бензин байсан үүнээс 1 литр хүрэхгүй багассан байсан. Уг савтай бензиныг хөдөө явуулах ёстой байсан юм.. гэх мэдүүлэг /хх-24-25 /,
- Гэрч Э.Эын: 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Эрдэнэцагаан сумын төвд Не нэртэй баар руу Э бид 2 анх орсон юм. Харин Чөдөрөө гэх залуу нэмэгдэж ирээд араас нь Э орж ирсэн. Уг бааранд М гэх эмэгтэй хэсэг хүмүүсийн хамт сууж пиво ууж байсан. Баарнаас гарах үед М гэх эмэгтэй нь надад хандаж намайг гэр рүү хүргээд өгчих гэхээр нь зөвшөөрсөн юм. Ингээд баарны гадна зогсож байхад Э нь манай руу явж ганц шил архи ууя гэхээр нь зөвшөөрч бүгдээрээ Гын машинд сууж хөдлөөд Чандмань 2 баар руу очиж архи аваад Эийн гэрт очсон. Эийнх монгол гэрт амьдардаг бөгөөд гэрт нь ороход гэр нь хүйтэн байсан учир Э нь гал асааж байсан. Архи уух явцдаа Г бид 2 маргаж муудаад сүүлдээ би яваад өгсөн. Үүнээс хойш юу болсонг мэдэхгүй байна. Э, М нар хоорондоо маргаж муудсан зүйл ажиглагдаагүй... /хх- 27/
- Гэрч Б.Батдоржийн: Би 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Батдоржтой нийлж пиво уусан бөгөөд хамтдаа Не нэртэй баар руу явсан юм. Ингээд би бааранд согтоод унтчихсан байсан. Нэг мэдэхэд Эийн гэрт ирчихсэн байсан. Нэг сэрсэн чинь надад Э архи өгч байхаар нь өгсөн архийг нь уугаад унтаад өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04 цагийн үед гадаа гэрээ орсон үед би сэрсэн бөгөөд гадагш гарах гэсэн чинь миний гутал нойтон болчихсон гэрийн зүүн талаар ус их хэмжээгээр асгарсан байсан. Гэрийн хойд талын орон дээр М гэх эмэгтэй унтаж байсан. ЭнхийДс юу болсон бэ гэж асуусан чинь намайг гаръя уулзах ажил байна гэхээр нь гарч уулзсан чинь М амиа хорлоно гээд өөрийгөө шатаачихсан гэхээр нь бие нь гайгүй юу гэхэд гайгүй гэхээр нь би гэр рүүгээ явсан. Дахиад уулзаагүй... /хх- 26/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 213 дугаартай дүгнэлтэнд: 1.У.Мын биед нүүр болон зүүн гар, хэвлийн хэсгийн биеийн 15-20 орчим хувийг хамарсан 2-р зэргийн түлэгдэлт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь өндөр хэмийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэл хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна....гэжээ. /хх-ийн 33/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт: 1 Шинжилгээнд ирүүлсэн /хх-ний 36-37//
- Гэрэл зургийн үзүүлэлт/ хх- 38-40/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6 /
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх- 7 /
- Хохирогч У.Мын гэмтлийн гэрэл зургууд /хх- 9-10/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 12-16/
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь эд зүйлийн үнэлгээ /хх-17/
- А.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-49/
- А.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-50/
- А.Эийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 149 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-55/
- Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт/ А.Эоос хохирогч У.Мын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн/хх-57/
- У.Мын Хохирлын баримтууд /хх-ийн 59-65/
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/74 тоот тодорхойлолт
- Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусан тухай тогтоол.№ 115. 2018.09.17.
- Мөнгөн хүлээлгэн өгсөн баримт.2019.06.24./ А.Эоос хохирогч У.Мд1.000.000 төгрөг өгсөн/ зэрэг болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч А.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 14-нийд шөнө 04-05 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ч нэртэй дэлгүүрийн хойд талд байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч У.М руу бензин цацаж шүдэнзээр гал асаан шатааж эрүүл мэндэд нь “ нүүр болон зүүн гар, хэвлийн хэсгийн биеийн 15-20 орчим хувийг хамарсан 2-р зэргийн түлэгдэлт “ бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Э, хохирогч У.М нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч С.Г, Э.Э, Б.Батдорж нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 213, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаартай дүгнэлтүүд, Яаралтай тусламжийн хуудас, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаар шүүгдэгч А.Э нь согтуурсан үедээ “ гэрт нь архи асгалаа, шүлс хаялаа “ гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч У.Мын толгой, гар бие хэсэг рүү савтай бензин цацаж, шүдэнз асаан биед хүргэсний улмаас улмаас хохирогч У.Мын бие шатаж нүүр, зүүн гар, хэвлийн хэсэг түлэгдсэн үйл баримт тогтоогдох ба энэ нь шүүгдэгч А.Эийн “ У.М нь тамхи татаад, ууж байсан архиа асгаад гэрт шүлс нусаа хаяад байсан. Би чи айлыг ингэж доромжилж болохгүй. Хаана байгаагаа мэдрээрэй гэж хэлсэн. Би гадаа байсан бензинээ оруулж ирээд нээрээ шатаачих уу гээд гэж хэлэхэд намайг түлхээд бензин цалгисан. Шүдэнз зураад гэнэт хаяахад гал ассан. Би сандраад гэрийн зүүн талд байсан 120 литрийн савтай усыг татаад, ус асгараад гал унтарсан” гэх,
хохирогч У.Мын “ Болсон асуудлын шатсан үеэсээ эхэлж мэдэж байгаа. Миний баруун талын нүүр болон гар шатсан. Мөн гэдэс хэвлий хавиар шатсан “ гэх,
шинжээчийн 213 дугаартай “ У.Мын биед нүүр болон зүүн гар, хэвлийн хэсгийн биеийн 15-20 орчим хувийг хамарсан 2-р зэргийн түлэгдэлт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь өндөр хэмийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэл хамаарна...гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй нотлогджээ.
Шүүгдэгч А.Э гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, хүний биед бензин асгаж, шүдэнз зурж асааснаар хохирогч шатах, түлэгдэх, гэр орон, бусад хүмүүс шатах, эд хөрөнгөнд хохирол учирч болохыг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа дээрх үйлдлийг хийж хохирогчийн эрүүл мэндэд зориуд хохирол, хор уршиг учруулсан байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг нь А.Эид холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.3/бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн/-т зааснаар зүйлчилснийг эс зөвшөөрч “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан бие махбодын сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүндэвтэр гэмтэл учруулсан гэх зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар байдлаар шаналал, зовиур үүсгэж бие мах бодь, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэсэн гэдэг нь яллах дүгнэлтэнд тодорхойгүй, бичээгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр У.Мын эрүүл мэндэд 25 хувийн түлэгдэлт үүссэн. Энэ хохирол удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулна гэж дүгнэлтэнд бичсэн. Тухайн гал гаргах буюу гэмтэл учруулах үйлдэл нь сэтгэл санаа, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулах үйлдэл байгаагүй. Маш хурдан хугацаанд гал гарсан учир энэ гэмтэл учирсан, үйл явдал цаг хугацааны хувьд маш богинохон хугацаанд болсон. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр ямар нэгэн гал гарсан гэх ул мөр байдаггүй. Өөрөөр хэлбэл орчин тойронд нь шатлалт үүссэн ул мөр байхгүй байгаа. Тэгэхээр энэ бол удаан хугацаагаар бие мах бодь, сэтгэл санааны шанлал, зовиур учруулах гэсэн санаа зорилго болон үйлдэл байгаагүй гэдгийг нотлож байна “ гэж маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь өндөр хэмийн хүчин зүйлийн үйлчлэл нь хүний бие махбодь, сэтгэл санаанд онцгой нөлөөлж өвдөлт, шаналал, сэтгэцийн зовлон зүдгүүр үүсэх бөгөөд үүнийг хүний бие шатсан цаг хугацааны байдлаар тодорхойлох, хөндлөнгөөс үнэлэх боломжгүй юм.
Хүний биеийг зориудаар шатааж буй уг үйлдэл нь хүний бие махбодид өвдөлт, шаналал үүсгэх аргад хамаарах ба хохирогчийн биед ямархуу өвчин, шаналал, сэтгэцийн зовлон зүдгүүр үүссэн талаар хохирогч У.М “ Тухайн үед би айснаасаа болоод бараг эрүүл болсон байсан. Маш түргэн хугацаанд болоод өнгөрсөн ч гэсэн шатаж байгаа хүн ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Амьд хүн шатна гэхээр.Тухайн үед миний бие махбодь, эрүүл мэндэд шаналал зовиур үүссэн “ гэж мэдүүлснийг анхаарах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч А.Эийн шатаах үйлдлээс зөвхөн хохирогч У.М төдийгүй өөрөө болон гэрт байсан бусад хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд аюул учрах, гэр орон шатаж эд хөрөнгөнд хохирол учрах боломжтой байсныг дурдъя.
Иймд шүүгдэгч А.Эийн, хохирогч У.Мын биед бензин асгаж, шүдэнз зурж асааж шатаасан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/ энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/, 2.3 / хүний эрүүл мэнд бие мах бодь сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж/-д заасан гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “ олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар ” гэж тодорхойлжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч У.Мд учирсан эмчилгээний болон бусад зардал, хохиролд шүүгдэгч А.Э 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Хохирогч У.Мд учирсан хүндэвтэр хохирол бүрэн гүйцэд эдгэрээгүй, эмчилгээ шаардлагатай, хор уршиг бүрэн гүйцэд арилаагүй байгааг үндэслэн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрх нээлттэй болохыг тогтоолд заах нь зүйтэй гэж үзнэ.
А.Эийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг нь “А.Эийн холбогдсон Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь заасан зүйл ангид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэхийг заасан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор зохицуулсан. Миний үйлчлүүлэгч үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, мөн учруулсан хохирлоо нөхөн төлсөн учир дээрх хуулийн зүйлчлэлийг хангаж байгаа учир тэнсэх боломжтой гэж үзэж байна “ гэж, шүүгдэгч А.Э “гэм буруугийн талаар өмгөөлөгчийнхөө саналтай нэг байна “ гэж мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзнэ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах харилцааг зохицуулсан зохицуулалт бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч А.Э нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3/ бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн/-т заасан хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрч маргаж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар ялыг хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар хорих ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэрэгт тохирно гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” 5/15 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэнэ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан юүдэнтэй саарал өнгийн цамц, улаан өнгийн эмэгтэй футболкийг хохирогч У.М буцаан авахгүй гэсэн тул уг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтооно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А. Эийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хүний эрүүл мэнд бие мах бодь сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч А.Эийг 1 /нэг/ жил 8/ найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Эид оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Ялтан А.Эид энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч У.М өөрт учирсан хүнд хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч У.Мын юүдэнтэй саарал өнгийн цамц, улаан өнгийн эмэгтэй футболкийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, А.Эийн эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” 5/15 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Ялтан А.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН