Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 122

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Хохирогч Л.Б,
Гэрч Б.Ц,
Шүүгдэгч Ц.Ч нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Чт холбогдох 1830003020223 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

    Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн харьяат, 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг Х гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан,  Ц.Ч.

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Ц.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр А гэх газраас хохирогч Л.Бын 79 тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 6,860,000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Улсын яллагч намайг 79 хонь авсан гэдгийг яаж нотолж байгаа юм бэ. Би 16 хонь авсан. Үүнийхээ хариуцлагыг хүлээнэ. Би хэрвээ 79 хонь авсан бол 4 удаа тээвэрлэх болно. Би эхлээд өөрийнхөө 20 хонийг авч яваад дараа Л.Б ахын 16 хонийг авч явсан. Ийм байхад намайг 79 хонь авсан гэж байна. Би 79 тооны хонийг аваагүй учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хохирогч Л.Бт учирсан 5.900.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна гэж баталгаа бичиж өгсөн. Тэр баталгааг мөрдөн байцаагч, өмгөөлөгч, хохирогчтой уулзаад ингээд тохиролцъё гэж хэлсэн. Би ажилд орох гээд яарч байсан учраас Л.Б ахтай уулзаад “ би нэгэнт буруу зүйл хийсэн учраас таны төлж барагдуулъя, та надад хугацаа олгочих. Би ажилд ороод бага багаар төлье “ гэхэд надад 2019 оны 01 дүгээр сарын 01 гэсэн хугацаа олгосон. Гэтэл би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд цагдаа дээр байцаагдаж л байсан учраас хохирлоо төлж чадахааргүй болсон. Тиймээс би хэргээ үнэнээр нь тогтоолгож, өөрийнхөө авсан 16 тооны хониндоо хариуцлагаа хүлээнэ гэж хэлсэн.
Би ажилд орох гээд яарч байсан. Тэр үед мөрдөн байцаагч, та, өмгөөлөгч нар байж байгаад хэрвээ ингээд тохирчихвол хэрэг чинь шүүхээр хурдан шийдвэрлэгдэнэ гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед би ажилгүй, эхнэр, нялх хүүхэдтэйгээ амьдарч байсан. Тиймээс хэргээ хурдан шийдвэрлүүлж, ажил хийхийг хүсэж байсан. Би 79 тооны хонийг авсан гэж хэлээгүй. Нэгэнт би хулгай хийж буруу үйлдэл гаргасан учраас энэ хохирлыг төлье гэж ярьсан.
Би эхлээд Бтэй өөрийнхөө эзэмшлийн 20 тооны хонь ачиж явсан. Тэр хонинуудаас хөгшин гээд 6 хонь нь зарагдаагүй үлдсэн байсан. Дараа нь манай аавын нэр дээр бичиг баримт нь байдаг Бонго-2 маркийн машинтай явсан. Энэ автомашин улсын үзлэгт ороогүй байсан. Мөн тухайн үед малын өвчин гарсан гээд Сүхбаатар аймгаас Замын-Үүд сум руу мал оруулахгүй гэсэн дам яриа гарсан байсан. Миний машин улсын үзлэгт ороогүй учраас Замын-Үүд сумын хаалгаар орвол цагдаад баригдах байсан. Тиймээс хаалганых нь ердөө наад талаар байх замаар тойроод орсон.Эрдэнэ сумын төмөр замын призээр гарах ёстой байдаг. Харин би доод талын нүхэн гарцаар нь гарсан юм. Төмөр замын приз дээр нь заримдаа цагдаа зогсож байдаг болохоор нь үзлэгт ороогүй машин учраас айгаад доод талын нүхэн гарцаар нь гарсан.
Би хүний машинтай явж байсан болохоор 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр яараад буцаад явсан. Машинаа үлдээчихээд буцаж явах бодолтой байсан юм. Буцаж очоод зарагдаагүй үлдсэн хонио эхнэртэйгээ нийлж зарах гээд яараад явсан.
Л.Б гэдэг хүнийг танина. Манайхтай айл байдаг байсан. хүү Б.Цтай нь нэг анги байсан.Л.Бын малын Имийг нь мэдэхгүй. Би осолд орсноосоо хойш малд ойртдоггүй байсан. 2018.09.24-ний өдөр өдөр эзэнгүй хонь яваад байсан. Би энэ хэний хонь юм бэ гэхэд “ Л.Б гэдэг хүн хонь эрээд явж байсан. Манай хониор орсон. Юм хэлэхгүй байсан “гэхээр би Л.Б ахын хонь юм байлгүй гэж бодоод авчихсан. Замын-Үүд сумаас 150 орчим километр газарт орхисон.Даваадорж гэдэг хүнийд тавьсан. Хоёр хоноод ирж авна гэж хэлсэн. Гэвч машиныхаа сэлбэгийг хот руу захичихаад машинаа засуулж амжаагүй байсан учраас хонио очиж авч амжаагүй.Цагдаад баригдсан учраас тэр хонинд хүрч болохгүй юм байна. Тэндээ бөөнөөрөө байж байг гэж бодсон.  Би тэдгээр хонийг айлд тавиад хавар аваад Л.Б ахад өгсөн. Намар байсан хониноос зарим нэг нь солигдсон. Учир нь айлын хоньтой нийлүүлээд имийг нь танихгүй болохоор дутаасан, тэр айл өөрийнхөө хониор нөхөж өгсөн гэж хэлж байсан. Гэхдээ 16 тоогоор нь бүрэн өгсөн. Миний хувьд хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Буруу зүйл хийсэндээ харамсаж байна.

- Хохирогч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эхнэр, мэдрэл муутай дүүтэйгээ хамт амьдардаг. Би өөрөө явган хонио хардаг. Тиймээс би хонио өдөр нь дагаж яваад орой нь хураагаад гэртээ ирдэг. Маргааш өглөө нь намайг унтаж байхад манай эхнэр хойноос нэг хонь гүйж ирж байна гэхээр нь босоод хонио харахад манай хонь дутуу байсан. Орой нь хураахад байсан эр хонь маргааш өдөр нь тоолоход байхгүй байсан. Би явган учраас тэр хавиараа ойрхон эрсэн. Харин өдөр нь Ц.Чийн дүү адуу эрж байна гээд манай руу ирсэн. Ц.Ч 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө үүрээр хонь ачаад Замын-Үүд сум руу явсан байсан. Би мотоциклтой хүн гуйгаад 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хонио эрж явж байгаад Халзан суман дээр ирсэн. Тэр өдөр Халзан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр нь байгаагүй. Тиймээс би Онгон сумын хэсгийн төлөөлөгчийн гар утасны дугаарыг хүнээс олж аваад Ц.Ч гэдэг хүн Замын-Үүд сум руу хонь ачаад явсан байна. Энэ хүнээс гарцаагүй гэж утсаар ярьж хэлсэн. Ц.Ч шөнө нь тасдаад аваад явсан. Энэ бол тодорхой байсан. Би насаараа мал малласан хүн учраас үүнийг мэдэж байна. 2018 оны 10 дугаар сарын 20-д гаргаад Замын-Үүд суманд хөдөө айлд орхисон 16 тооны хонийг очиж үзсэн. Ц.Ч 16 тооны хонь хулгайлж ачиж явчихаад нэг сарын хугацаа өнгөрч байхад цагдаад баригдаж магадгүй гээд борлуулахгүй хүлээж байсан гэж ярих гээд байна.
Надад Ц.Чийг Замын-Үүд сумын Тэмээтэй хөшөөнөөс хойд зүгт байгаа айлд хонио тавьчихаад нэг хоёроор нь борлуулж байна гэж хүн хэлсэн. Ц.Ч өөрөө надаас уучлалт гуйж ” хонийг чинь авсан. Би буруу зүйл хийсэн. Таны хохирлыг төлье “ гээд ирсэн. Мөн ээж нь над руу утсаар ярьсан. Тиймээс би адилхан хүүхэдтэй хүн, миний хүүтэй нас чацуу юм байна гээд хохирлоо барагдуулчихвал би шоронд явуулах гээд яахав дээ гэж хэлсэн. Тэгээд надад хохирол төлнө гэсэн баталгаа бичээд, дор нь өөрийнхөө гар утсыг бичиж өгсөн. Би сүүлд нь гар утас руу нь залгахад Ц.Ч гэдэг хүн байхгүй гэж хэлж байсан. Миний хувьд гомдолтой байна. Энэ хэрэг илрээд нэг жил орчим хугацаа өнгөрч байхад миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Би хониноосоо бага багаар алдаад байдаг. Энэ болгон Ц.Чийг авсан гэж сэжиглэдэг боловч, нотлох баримт гаргаж өгч чаддаггүй байсан.
Ц.Ч миний хонийг хулгайлчихаад, айлд тавьсан 16 тооны хонь нь сүүлд илрэхээр би энэ 16 тооны хонийг хулгайлсан гэж яриад байна. Тэгж ярьвал намрын 80-90 кг тарган эр хонийг нэг хүн ганцаараа машин дээр ачиж чадахгүй. Тэр хонинуудыг хамт явсан ахынх нь хүүхэд Ц.Б, өөрийнх дүү нар бүлэглэн үйлдсэн гэж бодож байна. Би орой хонио хотлуулахдаа содон зүстэй хонинууд байна уу, үгүй юу гэж бүртгэж хотлуулдаг. Орой нь бүртгэхэд байсан содон зүстэй эр хонь маргааш өглөө нь босоход байхгүй байсан.  
Би насаараа мал малласан хүн учраас малаа мэднэ. Тэр орой нь хонь хотлуулахад байсан хув чихтэй бор алаг бүдүүн эр хонь, хөх алаг эр маргааш өглөө нь тоолоход байхгүй байсан. Тиймээс урьд өдөр тасрах ямар ч боломж байхгүй. 2018 оны 09 дүгээр сарын 21-ний орой хонь бүрэн байсан. 22-ны өглөө 08.00 цагийн үед хойд зүгээс ганцхан хонь гүйгээд ирэхээр нь мэдсэн. Тасарсан 130 хонь олоод тоолоход 79 хонь дутаж байсан. 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тэр хавийн айлын хониор яваад хонио эрсэн. 23-ны өдөр Б.Зоригоо гэдэг хүүхэд явж өгье гээд мотоциклтой эрсэн. Цаад тал нь 40 орчим км газар эрсэн боловч огт олдоогүй. 16 тооны 2019 оны 04 дүгээр сард авчирч өгсөн. Тухайн өдөр нь би гэртээ байгаагүй. Намар айл дээр үзэхэд нь байсан эр хонь, эм хонинууд нь байхгүй байсан.. Манай хүүг байхад авчирч өгсөн. Намар байсан эр хонь, эм хонь нь байхгүй байна. Оронд нь төлөг, хурга авчирч өглөө гэж хэлж байсан. Намар намайг гэртээ байхад дүүтэйгээ хамт манайд ирсэн. Та надад гомдолгүй гэсэн бичиг хийгээд өг. Танд хэдэн хонь дутаад байгаа юм. Дүү нь тэрийг чинь төлье гэж ирсэн. Би худлаа хэлээгүй.
Би 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр очиж үзсэн. Тэгэхэд манай хонь хонинд нь байгаагүй гэв. Би хонио хараад танина. Би 50 шахам жил мал малласан хүн. 79 тооны хониноос 16 тооны хонийг хасаж тооцоод 5.900.000 төгрөгийн хохирол гарсан. Энэ хохирлоо нэхэмжилж байна...гэв.
- Гэрч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 21-нд машинаа засуулах гээд аймгийн төв дээр ирчихээд байсан. Хөдөө мал дээр аав үлдсэн юм. 2018 оны 09 дүгээр сарын 21-22-ны шилжих шөнө алдчихлаа гэж ярьсан. Манайх хонь, ямаа нийлээд 850 орчим хонь байгаа. Манай хонь хөдөлдөггүй. 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн байх.Ирээд хонио тоолоход 79 тооны хонь дутаж байсан. Би сүүлд Замын-Үүд сум руу айл дээр байгаа хонийг үзэхээ явсан. Хонь үзэхээ явахад Ц.Ч хамт явсан, надад юу ч гэж яриагүй. Дуугарахгүй байсан. Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас наашаа 20 орчим км-ын зайд байсан. Очоод үзэхэд манай хонь зүсээрээ байсан. Хоёр хязаалан эр хонь, арван хоёр эм хонь, хоёр хурга байсан. 16 тооны хонь авчирч өгсөн. Гэхдээ зарим хонь нь солигдчихсон байсан.Нэг хязаалан эр хонь, арван эм хонь, өөр имтэй таван төлөг байсан. Эм хонинуудынх нь зарим нь төлгөөр солигдоод ирсэн байна лээ...гэв.

- Гэрч Х.Цын: Би өдрийг нь сайн санахгүй байна. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны үед байх манай хүү Ч оройхон гэнэт над руу утсаар яриад  ааваа би Бтэй хамт машинтай хонь ачаад Замын-Үүд сум орж байна гэсэн. Тэгэхээр нь би харуулын байран дээрээсээ харж байгаад хүүгээ зам дээр ирэхэд нь мотоциклтой амдаж очоод хамт явсан. Бийг авч үлдээд манай хүү Ч нь машинтай хонио аваад Замын-Үүд сум руу хүргэн Мөнх-Оргилын гэр рүү явлаа гэсэн. Охин Ц.Ү ажлаа тараад гэр рүүгээ явах гэж байна гэхээр нь Бийг хамт гэр рүү нь явуулсан юм. Надад утсаар хонь ачиж ирж байна гэж хэлсэн болохоор юу ачиж ирснийг нь мэдэж байсан. Учир нь би өмнө нь бараг сар гарангийн өмнө хэдэн хонь ачаад ирээч гэж хэлж байсан тэгээд тэр хонио ачиж ирсэн байх. Би зам дээр тосож аваад ачаан дээгүүр нь хэр тарган хонь ирж вэ гэдгийг харахаар өнгийхөд манай имтэй хонь харагдаж байсан. Би нэг бүрчлэн бол гарч үзээгүй. Ойролцоогоор 20 шахуу хонь байсан. Манай хонь зүүн чих урдаас ганзага, баруун чинь цэцэг имтэй байдаг. Харин манай хүү Чийн хонь зүүн чих урдаас ганзага, мөн гол цуулбар, баруун чих цэцэг гэсэн хоёр төрлийн имтэй. Харин угаалганд ирсэн болон өөр ганц нэг өөр имтэй хонь байдаг байх. Өмнө нь Халзан суманд байхдаа хонио хардаг байсан. Би өөрийнхөө хонины имийг сайн мэднэ. 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цагдаа ирээд манай хүүг ирсэн талаар асуухад тухайн үед хорио цээртэй малын бичиг өгөхгүй байсан тул авч ирсэн хонийг нь хураах байх гэж бодоод ирээгүй гэж хэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 24-нд ирээд надтай яриагүй харин сүүлд утсаар ярихад ирчихсэн Замын-Үүд суманд байна гэж ярьж байсан. Чухам хэзээ ирсэн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед Ч Б нарын унаж явсан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг мэдэхгүй байна. Хөх цэнхэр өнгийн супер портер маркийн машин байсан. Бодвол Бийн машин байсан байх  “ гэх мэдүүлэг /хх-17-18/,
 
- Гэрч Ц.Үгийн:  2018 оны 09 дүгээр сарын 22-ны орой намайг ажил дээр байхад манай аав утсаар яриад Ч Бтэй хамт хонь ачаад ирсэн, Б ажил дээр үлдсэн Ч Замын-Үүд сум руу явсан гэж хэлсэн. Тэгээд би ажлаа тараад гэр рүүгээ явахад аавын ажлын өрөөнд Б байсан ба би Бийг аваад гэр рүүгээ явсан. Намайг гэрт ирэхэд Ч ах ирчихсэн, хашаанд авч ирсэн хонио буулгасан байсан. Тухайн үед би ямар имтэй хэдэн хонь авч ирснийг анзаараагүй. Тэгээд маргааш өглөө нь намайг ажилд явахад гэрт унтаад үлдсэн бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөн өөрийн машинтай ирсэн байсан. Харин энэ ирэх үед машин нь хоосон байсан. 2018 оны 06 дугаар сард би өөрийн нэр дээр байдаг 16 хонио авчируулснаас хойш ирээгүй байж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 22-нд хонь ачиж ирсэн. 2018 оны 09 дүгээр сарын 22-нд ачиж ирсэн хонийг манай хашаанд байлгаж байгаад зарсан гэж байсан. Сүүлд сонсоход 6 хонь үлдсэн гэж дуулдаж байсан. Би бол өглөө гараад шөнө ирдэг болохоор сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-19/,

- Гэрч М.Дийн: Ч гэдэг хүн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манайд машин дээрээ хонь ачиж ирээд миний машин халаад явж болохгүй байна. Машин дээр байгаа хонио түр орхиод явъя. 2 хоноод эргэж ирнэ гэж хэлсэн. Тэгээд би хонийг нь авч үлдсэн. Ч нь тухайн үед ганцаараа явж байсан. Тухайн үед манайд 16 хонь тавьсан. Хонины имийг хараагүй, харин нуруун дээр нь хар будгаар будаг тавьсан байсан. Эдгээр хонинууд эм хонь голдуу байсан, 2 төлөг, 2 хурга лав харагдсан. Цагаан цэнхэр өнгийн бага оврын ачааны машинтай ирсэн, би маркийг нь сайн мэдэхгүй байна. Улсын дугаарыг нь ажиглаагүй...” гэх мэдүүлэг /хх-20-21/,

- Гэрч Ц.Бяын: Би 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө хувийн ажлаар аймаг яваад 22-ны өглөө 09-өөс 10 цагийн үед гэртээ ирсэн. Ирээд би мотоциклтой адуундаа явсан. Тухайн өдөр  манай ах Ч нь Бийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум руу хонь тээж явна гэж байсан. Тэгээд намайг адуунд яваад ирэх үед явсан байсан. Өөрийнхөөсөө хонь аваад явсан гэсэн, мөн угаалганд ирсэн хэдэн хонь авч явсан гэсэн. Тухайн үед би байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. 24-ний өдөр гэрээсээ хонь ачаад явсан гэсэн. Чухам хэдэн хонь ачсан талаар мэдэхгүй. Би 2018 оны 09 дүгээр сарын 22-ны орой хонь хураахад манай хонинд гадны хонь харагдаагүй. Харин 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө Л.Б ах манай хониор орсон гэж дуулаад хониныхоо захаар явахад мөн харагдаагүй.
...Л.Бын хонь манай хонинд нийлснийг мэдэхгүй. 2018 оны 09 дүгээр сарын 23-нд би хонь хариулаагүй. Би өглөө найр хийж байгаа айл руу явах замдаа хонины зах дарахад гадны хонь мэдэгдээгүй. Тэр өдөр хүний хонь байсан гэж Ч ах хэлсэн.. гэх мэдүүлэг /хх- 23- 24, 117/,

- Гэрч Г.Бийн: Ц.Ч 2018 оны 08 дугаар сарын сүүлээр манайхаар мотоциклтой адууны эрэлд яваа гээд явж байсан. Тухай үед манайхаас баруун урагш 2 хар халзан ишигтэй цөөхөн ямаа байна гэж ярьж байсан. Яг тэр өдөр манай гадаа 6 ямаа байсан бөгөөд тэр 6 ямаа нь Билгээ гэдэг хүний ямаа байсан. Харин халзан ишигтэй ямаа Л.Б гэдэг хүний ямаа байсан гэсэн. Өөр юм яриагүй...гэх мэдүүлэг /хх-25/,

- Гэрч Ц.Бийн: Намайг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ч ах Замын-Үүд яваад өг гэж гуйгаад би явахгүй гэж хэлээд өдөр адуундаа яваад орой гэрээр нь дамжаад ирэхэд мөн гуйгаад байсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн үед Ч ах Бямбаа хоёр машинтай ирээд намайг машинаа асаа гэхээр нь би машинаа асаагаад өгсөн чинь миний машиныг Ч ах унаад явсан. Тэгээд Бямбаа нь үлдээд өнөөдөр Ч ахтай Замын-Үүд яваад өг гээд гуйгаад байхаар нь явахгүй гээд гэртээ үлдээд байж байтал 18 цагийн үед Бямбаа нь өөрийнхөө цагаан машинтай ирээд би хурим хийх гээд байна гээд гуйгаад байхаар нь би явсан юм. Тэгээд намайг гэрт нь очиход миний машин дээр хонь ачсан байсан. Ч ах миний машиныг бариад Баяндэлгэр сум хүртэл явсан ба би Баяндэлгэр сумын наад талаас Улаан уул хүртэл явсан. Замдаа явж байхад Ч ах машин дээр байгаа хонь хэвтсэн байна гарч босго гэхэд нь машин дээр гарч гар чийдэн барьж босгоход өөрийнх нь имтэй буюу баруун чих цэцэг, зүүн чих араас ганзага имтэй 10 хонь, өөр имтэй буюу баруун чих сам имтэй зүүн чинь урдаас хэрчим имтэй 5, баруун чих хулгар, зүүн чих цуулбар 4-5 хонь, зүүн чих урдаас хэрчим баруун чих имгүй 4 хонь байсан. Эдгээр хонь нь эм хонь байсан. Тэгээд Улаан уулаас цааш Ч ах миний машиныг унаад явсан ба би унтаад Замын-Үүд рүү орох үед шороон замаар явж орсон. Тэгээд би энэ юун зам бэ гэж асуутал хулгайн зам гэж ярьж байсан. Тэгээд аав болох Цогтбаатар ах намайг мотоциклтой тосож аваад Ч цааш хонио айлын гадаа буулгана гээд явсан. Тэгээд Ч ахын дүү Үүрээ ирээд гэр рүүгээ явахаар нь би хамт гэрт нь очоод байж байтал Ч ах ирээд тэр айлд хоносон. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө буюу маргааш өглөө нь машин дээрээ модны өөдөс ачаад сум руу гэр рүүгээ явсан. Тэгээд машины дугуй хагарсан, түлшгүй болсон гээд мөнгө нэхэхэд одоо мөнгө байхгүй, тэгж байгаад өгнө гэсэн. Тэгтэл мал авдаг Магнай ах ирээд намайг айл руу адуунд яваад өгөөч гэхэд нь би явах гэтэл Ч орой эргээд Замын-Үүд яваад өг гэж гуйхаар нь би явахгүй гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд орой би гэрээр нь дамжаад иртэл машин нь байхгүй байсан. 2018 оны 10 дугаар сарын 05-нд мэдүүлэг өгөхдөө хулгайн хэрэгт холбогдож магадгүй гэж бодоод худал мэдүүлэг өгсөн юм. Манайхаас урагш байдаг Баатар ахын хонь алга болсон байна гэж дуулаад энэ хонийг Ч ах тээгээд явсан байж магадгүй тэгвэл хулгайн хэрэгт холбогдож магадгүй гэж бодоод Замын-Үүд яваагүй гэж хэлсэн. Энэ талаар мөн Ч ах нь манай эхнэр Мядагмаад намайг хамт Замын-Үүд яваагүй гэж хэлээрэй гэж хэлээд явсан гэхээр нь эхнэртэйгээ хамт үгээ нэгтгэж худал мэдүүлэг өгсөн юм. Би энэ малыг хулгайн мал гэж бодоогүй. Замын-Үүд рүү мал оруулахгүй байгаа гэж хулгайгаар оруулж байна гэж бодож байсан болохоос дээрх малыг хулгайн мал гэж бодоогүй. Ч ахаас ижил буруу имтэй хонь байгаа талаар асуухад энэ зун хүний хонь угааж өгөөд хөлсөнд нь өгсөн хонь гэж байсан. 2018 оны 09 дүгээр сарын 24-нд юу ачиж явсан талаар 25-ны өглөө асуухад чамд хамаагүй гээд хэлээгүй. 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр манай гэрт Ч ах ирээд манай эхнэрт цагдаа асуухаар 22-ны өглөө намайг машиныг чинь унаад явсан гэж хэлээрэй гэж хэлээд явсан байсан. Хаашаа явсан талаар асуух юм бол мэдэхгүй гэж хэлээрэй гэсэн. Надад болохоор 24-ний өглөө гэрт нь очоод машиныг нь янзалж байхад ахыгаа Замын-Үүд дахиж явсан гэж хүнд битгий хэлээрэй. Мөн өөрийнхөө машиныг цагдаа ирээд авч явна гэвэл машин асахгүй Ч ах эвдлээд авч ирж өгсөн гэж хэлээрэй гэсэн...гэх мэдүүлэг /хх-26-27/,

- Гэрч Ө.Мгийн: 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн үед Ч ганцаараа манай гэр рүү мотоциклтой ирсэн. манайхан бүгдээрээ унтаж байсан. Б Чийг ирэхээр боссон. Тэгсэн Ч миний машин асахгүй байна, чи машинаараа Замын-Үүд рүү яваад өгөөч гэсэн. За гээд Б машинаа асаагаад Чийнх руу хамт явсан. Тэгээд л би тэр хоёрыг Замын-Үүд явах гэж байгааг ярианаас нь мэдсэн. Маргааш оройхон Б мотоциклтой ирсэн. Л.Б Бийг Замын-Үүд явсан хойгуур хонио сураглаад ирсэн. сумын төлөөлөгч ирж уулзахаас өмнө Ч ирж уулзаад цагдаа ирвэл манай машиныг асахгүй байгаа, мөн Бийг Замын-Үүд яваагүй, адуундаа явсан байсан гэж хэлээрэй гэсэн. Тэгээд цагдаа ирж мэдүүлэг авахаар нь тэгж хэлсэн.  ” гэх мэдүүлэг /хх -118/

- 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5/13 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ прокурорын тогтоол/хх-4/,

- 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/02 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ прокурорын тогтоол /хх-96-97/

- 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Онгон сумын эд зүйлийн үнэлгээ, гэрэл зураг /хх-6-7/

- 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Онгон сумын эд зүйлийн үнэлгээ / малын/ /хх- 57/

- Л.Бын Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллогын баримт /хх-84/

- Х.Мөнхбаатарын эзэмшлийн 0293331 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-8/

- Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаартай тодорхойлолт /хх-40/,

- Ц.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/

- Ц.Чийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоол /хх-45-51/

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоол /хх-53-54/

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 3/971 дугаартай тодорхойлолт/хх-43/,

- Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-44/,

- Х.Цын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллогын баримт /хх-55-57/

- Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-71/,

- Сүхбаатар аймгийн Авто тээврийн төвийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, лавлагаа, гэрэл зураг /хх-101- 103/,

- 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Сүхбаатар аймгийн Халзан сумын Эд зүйлийн үнэлгээ /хх-104/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-105-108/,

- Сүхбаатар аймгийн мал эмнэлгийн газрын Сүхбаатар аймагт 2018 оны 09 дүгээр сард гарсан халдварт өвчний мэдээлэл /хх-110-111/,

- Ц.Чийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан Л.Бт 2019.01.01-ний дотор 5,900,000 төгрөг төлж барагдуулах тухай баталгаа /хх-133/

- Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газрын 2019.03.19-ний өдрийн 1/55 дугаартай албан бичиг, хавсралт /хх- 110- 111/,  

- Дорноговь аймгийн Мал эмнэлгийг газрын 2019.05.06-ны өдрийн 136 дугаартай албан бичиг/хх- 135 зэрэг болно.

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүгдэгч Ц.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн нутаг А гэх газраас хохирогч Л.Бын баруун чих нь шоргоолж, зүүн чих эрхий, баруун чих эрхий, зүүн чих эрхий имтэй 79 тооны хонийг гэрийн гаднаас нь хулгайлж 6,860,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Ч, хохирогч Л.Б, гэрч Б.Ц нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, гэрч Х.Ц, Ц.Ү, М.Д, Б.Ц, Ц.Бя, Ц.Б, Ө.М нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2018 оны  11 дүгээр сарын 20-ны өдрийн 5/13 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоол, гэрэл зэргийн үзүүлэлт,  Сүхбаатар аймгийн Онгон сумын эд зүйлийн үнэлгээ 2018.11.07, АЯ 0293331 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хохирогч Л.Бын малын А дансны хуулбар, Сүхбаатар аймгийн Онгон сумын эд зүйлийн үнэлгээ 2018.10.22, Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газрын 2019.03.19-ний өдрийн 1/55 дугаартай албан тоот, шүүгдэгч Ц.Чоос хохирогч Л.Бт гаргаж өгсөн баталгаа, Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газрын 2019.05.06-ны өдрийн 136 дугаартай албан бичиг зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн баримтаар шүүгдэгч Ц.Ч зарж борлуулан ашиг хонжоо олох зорилгоор Л.Бын хониноос хулгайлан, хонь алдагдсанаас хойш 2 хоногийн дараа 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Цогтбаатарын эзэмшлийн 13-96 СҮА улсын дугаартай Бонго загварын машинаар 16 хонийг нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу тээвэрлэн явахдаа Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутагт М.Дийн гэх айлд орхисон үйл баримтууд тогтоогдоно.
Энэ нь хохирогч Л.Бын “ Өглөө нь манай эхнэр хойноос нэг хонь гүйж ирж байна гэхээр нь босоод хонио харахад манай хонь дутуу байсан. Орой нь хураахад байсан эр хонь маргааш өдөр нь тоолоход байхгүй байсан. Ц.Ч 2018.09.22-ны өглөө үүрээр хонь ачаад Замын-Үүд сум руу явсан байсан. Би 23-ны өдөр хонио эрж яваад Халзан суман дээр ирэхэд хэсгийн төлөөлөгч, цагдаа нь байгаагүй. Тиймээс Онгон сумын хэсгийн төлөөлөгчийн гар утасны дугаарыг олж аваад Ц.Ч гэдэг хүн Замын-Үүд сум руу хонь ачаад явсан байна. Энэ хүнээс гарцаагүй гэж утсаар ярьж хэлсэн. Ц.Ч шөнө нь таслаад аваад явсан. Энэ бол тодорхой байсан. Орой нь бүртгэхэд байсан содон зүстэй эр хонь маргааш өглөө босоход байхгүй байсан. Замын-Үүд суманд хөдөө айлд орхисон 16 тооны хонийг манай хүү очиж үзсэн. Ц.Ч өөрөө надаас уучлалт гуйж ” хонийг чинь авсан. Би буруу зүйл хийсэн. Таны хохирлыг төлье “ гээд ирсэн. Мөн ээж нь над руу утсаар ярьсан. Тэгээд надад хохирол төлнө гэсэн баталгаа бичээд, дор нь өөрийнхөө гар утсыг бичиж өгсөн” гэх,
гэрч Б.Цын “аав 2018.09.21-22-ны шилжих шөнө алдчихлаа гэж ярьсан. 2018.09.25-ны өдөр ирээд хонио тоолоход 79 тооны хонь дутаж байсан.  Би сүүлд айл дээр байгаа хонийг үзэхээ явсан. Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас наашаа 20 орчим км-ын зайд байсан. Очоод үзэхэд манай хонь зүсээрээ байсан. Хоёр хязаалан эр хонь, арван хоёр эм хонь, хоёр хурга байсан “ гэх,
гэрч М.Дийн ” Ч гэдэг хүн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манайд машин дээрээ хонь ачиж ирээд миний машин халаад явж болохгүй байна. Машин дээр байгаа хонио түр орхиод явъя. 2 хоноод эргэж ирнэ гэж хэлсэн. Тэгээд би хонийг нь авч үлдсэн. Ч нь тухайн үед ганцаараа явж байсан. Тухайн үед манайд 16 хонь тавьсан. Хонины имийг хараагүй, харин нуруун дээр нь хар будгаар будаг тавьсан байсан. Эдгээр хонинууд эм хонь голдуу байсан, 2 төлөг, 2 хурга лав харагдсан. Цагаан цэнхэр өнгийн бага оврын ачааны машинтай ирсэн, би маркийг нь сайн мэдэхгүй байна. Улсын дугаарыг нь ажиглаагүй...” гэх мэдүүлэг “ гэх,  
Гэрч Ц.Бяын” 24-ний өдөр гэрээсээ хонь ачаад явсан гэсэн. Чухам хэдэн хонь ачсан талаар мэдэхгүй. Би 2018 оны 09 дүгээр сарын 22-ны орой хонь хураахад манай хонинд гадны хонь харагдаагүй. Харин 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө Л.Б ах манай хониор орсон гэж дуулаад хониныхоо захаар явахад мөн харагдаагүй. Л.Бын хонь манай хонинд нийлснийг мэдэхгүй. Би өглөө найр хийж байгаа айл руу явах замдаа хонины зах дарахад гадны хонь мэдэгдээгүй. Тэр өдөр хүний хонь байсан гэж Ч ах хэлсэн “ гэх мэдүүлгүүдээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдоно.

    Иймд өмгөөлөгч Т.Хүдэрийн “ Хэрэгт авагдсан нотлох баримтанд Ц.Ч нь Л.Бын 79 тооны хонийг 2018.09.21-24-ний хүртэлх хугацаанд хулгайлж Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Сүхбаатар аймагт зарж борлуулсан гэх байдал огт тогтоогдоогүй. Ц.Ч гэдэг хүн хэдэн удаагийн үйлдлээр, ямар тээврийн хэрэгсэл ашиглан хэн гэдэг хүнд 79 тооны хонь борлуулсан, үүнийг нь харсан гэрч, нотлох баримт хэргийн материалд байдаггүй. Ц.Ч нь 2018.09.24-ний өдөр Л.Б гэдэг хүний 16 тооны хонь хулгайлж Даваадорж гэдэг айлд тавьсан тухайгаа мэдүүлсэн. Ц.Ч 16 тооны хонийг нь хулгайлсан юм чинь үлдсэн 63 тооны хонийг хулгайлсан гэдгээр мөрдөн байцаагч, прокурор асуудалд хандсан. Шүүгдэгчийн зүгээс “ 16 тооны хонийг хулгайлсан учраас үлдэгдэл хохирлыг чинь би төлье. Би энэ хэргээс хурдан салмаар байна. Таны хохирлыг ямар нэгэн байдлаар барагдуулна. Та харин намайг 16 тооны хонь хулгайлсан гэдгээр энэ хэргийг шийдвэрлүүлээд өгнө үү “ гээд баталгаа хийж өгсөн. Гэрч Ц.Б “би Ц.Ч ахтай 2018.09.21-ний өдөр хонь ачаад Замын-Үүд сум руу явсан. Замдаа хонь хэвтсэн байна, намайг босго гэхээр нь машин дээр гарч хонь босгохдоо имийг нь харсан ”, мөн Цогтбаатар гэдэг хүн Ц.Чийг хонь ачаад очихоор нь тарган, туранхайг нь харъя гээд харахад дандаа өөрийнх нь имтэй хонинууд байсан гэж мэдүүлсэн. Тэгэхээр Ц.Ч 2018.09.22-ны өдөр өөрийнхөө малыг ачиж явсан гэдэг нь эдгээр гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Иймд Ц.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж байгааг өмгөөлөгчийн зүгээс зөвшөөрөхгүй. Хангалттай нотлох баримт байж өнөөдөр хүнийг яллах ёстой. Шүүгдэгчийн хувьд Л.Б гэдэг хүний 16 тооны хонийг авсан учраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхийг хүлээн зөвшөөрч байна “ гэж мэтгэлцэж байгааг үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

Учир нь Л.Бын хонь алдагдсаны дараа 2-3 хоногт Ц.Ч нь 2 удаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу хонь ачиж явсан, 2018.09.24-ний өдөр ачиж явсан 16 хонь Л.Бын эзэмшлийн болохыг шүүгдэгч Ц.Ч хүлээн зөвшөөрсөн, энэ нь бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдох бөгөөд Ц.Чийн мэдүүлж буй ” Тэр өдөр эзэнгүй хонь яваад байсан. Би энэ хэний хонь юм бэ гэхэд Л.Б гэдэг хүн хонь эрээд явж байсан. Манай хониор орсон. Юм хэлэхгүй байсан гэхээр би Л.Б ахын хонь юм байлгүй гэж бодоод авчихсан юм” гэх байдал хэрэгт огт нотлогдоогүй бөгөөд энэ нь хохирогч Л.Бын “ 22-ны өглөө 08.00 цагийн үед хойд зүгээс ганцхан хонь гүйгээд ирэхээр нь мэдсэн. Тасарсан 130 хонь олоод тоолоход 79 хонь дутаж байсан. Би 2018.09.23-ны өдөр очиж Цогбаярын хонийг үзэхэд манай хонь хонинд нь байгаагүй. Би хонио хараад танина ” гэх мэдүүлгээр няцаагдаж байна.

Мөн тэрээр “ Дараа нь манай аавын нэр дээр бичиг баримт нь байдаг Бонго-2 маркийн машинтай явсан. Тухайн үед малын өвчин гарсан гээд Сүхбаатар аймгаас Замын-Үүд сум руу мал оруулахгүй гэсэн дам яриа гарсан байсан. Миний машин улсын үзлэгт ороогүй учраас Замын-Үүд сумын хаалгаар орвол цагдаад баригдах байсан. Тиймээс хаалганых нь ердөө наад талаар байх замаар тойроод орсон “ гэж мэтгэлцэх боловч энэ нь “ тухайн цаг хугацаанд Сүхбаатар аймаг болон Дорноговь аймагт малын өвчин гараагүй ” тухай Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газрын 2019.03.19-ний өдрийн 1/55 дугаартай, Дорноговь аймгийн Мал эмнэлгийг газрын 2019.05.06-ны өдрийн 136 дугаартай албан бичгүүдээр үгүйсгэгдэнэ.

Ц.Ч 2018.09.22-23-ны хохирогч Л.Бт “ хохиролд 5.900.000 төгрөг төлөх тухай “  баталгаа гаргасан ба үүнд “ хулгайлсан 16 хонины төлбөрт баталгаа гаргаж байгаа “ талаар огт дурдагдаагүй байх бөгөөд харин дээрх төлбөр нь дутуу байгаа 63 хонины өртөг болохыг хохирогч Л.Б мэдүүлэх ба энэ нь “ 79 хонь алдагдсан, 16 хонь нөхөн төлөгдсөн “ талаар хохирогч болон гэрч Б.Цын мэдүүлэх үйл баримттай тохирч байна.
Иймд уг асуудлаар мэтгэлцэх өмгөөлөгч Т.Хүдэрийн “ Шүүгдэгчийн зүгээс 16 тооны хонийг хулгайлсан учраас үлдэгдэл хохирлыг чинь би төлье. Та харин намайг 16 тооны хонь хулгайлсан гэдгээр энэ хэргийг шийдвэрлүүлээд өгнө үү гээд баталгаа хийж өгсөн. Үүнийг прокурор, мөрдөн байцаагч нар мэдэж байгаа “ гэх мэдүүлгүүд үндэслэлгүй, хэргийн баримтаар нотлогдоогүй, үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.

Прокуророос шүүгдэгч Ц.Чийг тээврийн хэрэгсэл ашиглаж хохирогч Л.Бын хонийг хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй, хэргийн баримтаар нотлогдоогүй байна.
Тодруулбал, Ц.Чийг 2018.09.21-ний шөнө Л.Бын хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан талаар хохирогч мэдүүлээгүй, үүнийг нотлох өөр бусад баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Ц.Ч нь хонь алдагдсаны дараа 2 хоногийн дараа 16 хонийг зөөж тээвэрлэсэн нь гэрч нарын мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдсон байна.
Иймд хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх зэрэгт машин механизмыг ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үздэггүй тул шүүгдэгч Ц.Чийг, хохирогч Л.Бын хонийг хулгайлахдаа тээврийн хэрэгсэл ашиглаагүй гэж үзнэ.

Ц.Ч гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хонийг шөнийн цагаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.  

Шүүгдэгч Ц.Чийн бусдын 79 тооны хонийг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ бусдын олон тооны мал хулгайлах/-т заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулах бөгөөд прокуророос түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бт 79 хонины буюу 6.860.000 төгрөгийн  хохирол учирснаас 16 хонины 960.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн бөгөөд үлдэгдэл 5.900.000 төгрөгийн хохирлыг Ц.Ч төлөхөөр баталгаа гаргасныг үндэслэн дээрх мөнгийг хохирогчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч Л.Б үлдэгдэл 63 хонины хохиролд 5.900.000 төгрөг авахыг шүүхийн хэлэлцүүлэгт зөвшөөрсөн болно.
Хохирогчийн хонины үнэлгээг Сүхбаатар аймгийн Онгон сумын эд зүйлийн үнэлгээ комиссоос “ эр хонт 150.000 төгрөг, эм хонь 60.000 төгрөг, төлөг 50.000 төгрөг, хурга 30.000 төгрөг “ гэж тогтоожээ /хх-57/.

Шүүгдэгч Ц.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
            
Шүүгдэгч Ц.Чийн үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, тэрээр гэм буруугийн талаар маргаж байгаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэвэл, шүүгдэгч Ц.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэнэ.
Энэ нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх буюу тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

Шүүхээс Ц.Чийн гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзээгүй тул Цогтбаатарын эзэмшлийн 13-96 СҮА улсын дугаартай Бонго загварын машиныг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5/13, Бийн эзэмшлийн 73-94 СҮА улсын дугаартай Хьюндай Портер загварын машиныг битүүмжилсэн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 5/02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгоно.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шүүгдэгч Ц.Чт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг дурдъя.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Чийг олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Ц.Чт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Ялтан Ц.Чт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

5. Ц.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичгийн баримт үгүй, ялтнаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Чоос 5,900,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Онгон сумын  2 дугаар багийн иргэн, хохирогч Л.Бт олгосугай.

7. Хэрэгт Цогтбаатарын эзэмшлийн 13-96 СҮА улсын дугаартай Бонго загварын машиныг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5/13, Бийн эзэмшлийн 73-94 СҮА улсын дугаартай Хьюндай Портер загварын машиныг битүүмжилсэн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 5/02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

    8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.





ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН