| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0319/И |
| Дугаар | 329 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 329
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Соёмбын 7-4 тоотод оршин суух, Зуунбогд овогт Мандахын Баярмаа /РД: ЕН87082507 yтас: 96679007/-д холбогдох,
“Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, торгууль нийт 45,069,596 төгрөг” гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдан зарцуулах, зээл олгох, эргэн төлүүлэх журмын дагуу Cyм хөгжүүлэх сангийн хөрөнгийг зохистой ашиглах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зарласны үндсэн дээр 2011 оноос эхлэн зээлийг олгож эхэлсэн. Тус сумын иргэн М.Баярмаа Сүүний чиглэлийн үнээний ферм байгуулах чиглэлээр төслийг Засаг даргын Тамгын газарт ирүүлснээр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон комисс уг төслийг хэлэлцэн дэмжиж, холбогдох дүгнэлтийг гаргасан. Үүний дагуу М.Баярмаад “Сүүний чиглэлийн үнээний ферм байгуулах” төсөлд Сумын засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/94 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас 50,000,000 төгрөгийн зээлийг олгохооор шийдвэрлэсэн. Сумын Засаг даргаас иргэн М.Баярмаатай “Сум хөгжүүлэх сангийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот” гэрээг байгуулж, 50,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч М.Баярмаа нь энэхүү хугацаанд зээл эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул иргэн М.Баярмаагийн нийт зээлийн үлдэгдэл 35,769,521 төгрөг, зээлийн торгууль 9,300,075 буюу нийт 45,069,596 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болор шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч М.Баярмаагийн хариу тайлбартай танилцахад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлд тусгагдсан 45,096,596 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч ямар нэг маргаан гаргаагүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч М.Баярмаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М.Баярмаа миний бие нь Замын-Үүд сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлага болох 45,069,596 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг бүрэн төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга нь хариуцагч М.Баярмаад холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, торгууль нийт 45,069,596 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн ба тайлбартаа бүрэн төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлнө гэж зөвшөөрч байх тул түүнийг тэмдэгтийн хураамжид 45,069,596 төгрөгөнд төлөх хувиас 50 хувь хөнгөлж 191,649 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, торгууль 45,069,596 төгрөгийг хариуцагч М.Баярмаа нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 383,298 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 191,649 төгрөгийг хариуцагч М.Баярмаагаас гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ