| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00572/И |
| Дугаар | 703 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 703
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Д.Мэндсайханыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Даваасүрэн овогтой Мэндсайхан нь тус банкнаас 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1.400.000 төгрөгийн зээлийг сарын 2,4 хувийн хүүтэйгээр, өрхийн хэрэглээний зориулалтаар, 12 сарын хугацаатайгаар буюу 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр 1660006386 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Харилцагч нь зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа бөгөөд гэр бүлээрээ Ховд аймаг руу шилжин явсан гэсэн мэдээлэлтэй байна. Зээлдэгч зээл авах үедээ Улаангом сумын 11 дүгээр баг, 12-15 тоотод оршин суудаг байсан. Энэ хашаа, байшингаа зарж Ховд аймаг руу ажил хийхээр яваад сураггүй болсон. Зээлдэгчийн эцэг, эх нь Ховд аймагт байдаг ба ээжтэй нь ярихаар Д.Мэндсайхан зээлээ төлнө гэсэн зүйл яриад байгаа боловч өөрөө холбоо бариагүй. Зээлдэгчтэй 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй. Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний 3.2.1 заасан зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, зээлийн хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй гэсэн гэрээний үүргээ зөрчиж олдохгүй байгаа тул банкны зүгээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгч Даваасүрэн овогтой Мэндсайхан нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөө хийхгүй байгаа, хаяг нь тодорхойгүй болсон, олдохгүй байгаа тул зээлдэгчийг эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь Д.Мэндсайханыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Зээлдэгч Д.Мэндсайхан нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх ба нэхэмжлэгч Хас банк нь түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн үндэслэлээ зээлийн гэрээ болон зээлдэгчийн оршин сууж байсан баг болох Улаангом сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1250 дугаар тодорхойлолт, гэрч У.Батсайханы “Би 11 дүгээр багийн 12-14 тоот хашааг 2015 оны 6 дугаар сард худалдаж авч байсан. Анх Д.Мэндсайхан Хас банкны зээлээ төлж барагдуулахын тулд уг хашааг зарах зарыг телевизүүдээр нэлээд хугацаанд зарлуулсан. Тухайн үед Д.Мэндсайхан Хас банкинд 15.000.000 төгрөгийн зээлтэй байсан ба манай хашааг худалдаж ав гэж надад хэлэхэд нь би төрөл садны хүмүүс учраас түүний нөхцөл байдлыг нь харгалзан үзээд уг хашааг худалдаж авсан юм. Д.Мэндсайхан 2 жилийн өмнөөс Ховд аймагт эхнэртэйгээ ажил хийхээр явсан бөгөөд хадам ээжтэйгээ холбоотой байдаг” гэх мэдүүлгээр нотлогдож байна гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч Хас банк нь Д.Мэндсайханы хаягийг тогтоох бүхий л арга хэмжээг авсан, эрж хайсан гэж байгаа боловч шүүхээс Д.Мэндсайханы 99310213 дугаарын утсанд холбогдож хаана оршин сууж байгааг нь тодруулахад ”Би Улаанбаатар хотод банкны зээлээ төлөхөөр ажил хийж байгаа. Надад Хас банкнаас авсан зээлийн үлдэгдэл 1.500.000 орчим төгрөг байгаа. Би ахаараа зээл авахуулаад уг мөнгийг хийх гэж байгаа. Одоо удахгүй цалингаа буухаар Увс аймаг руу явна. Увс аймгийн Улаангом сумаас шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байгаа. Одоо би Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 23 дугаар хороонд түр оршин сууж байгаа, цаашид Хас банктай холбоотой байх бөгөөд хаягаа өөрчилсөн тохиолдолд мэдэгдэж байх учраас уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хариу өгсөн байна.
Зээлдэгч Д.Мэндсайхан нь оршин суугаа газраасаа шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа хаяг нь тодорхой байх тул нэхэмжлэгч Хас банкны Д.Мэндсайханыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хас банкны Д.Мэндсайханыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ