Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 47

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Хохирогч С.Д,
Гэрч П.С,
Гэрч Л.М,
Шүүгдэгч О.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Өт холбогдох 1830003900006 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон  суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, Сүхбаатар аймгийн Онгон сумын  1 дүгээр багт  оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, О.Ө.            

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

    Шүүгдэгч О.Ө нь Сүхбаатар аймгийн Онгон сумын 4 дүгээр багийн нутаг, сумын төв дээр байх гэртээ С.Дийн нүдэн тус газар тохойлдож цохисноос эрүүл мэндэд нь “зүүн нүдний алимний склерийн урагдал, зүүн нүдний харааны сохрол” бүхий хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.
                                             
     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч О.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 05-ны орой 09 цаг 30 минутын алдад би гэртээ унтаж байсан. Тэгсэн Д гаднаас орж манайд ирсэн. Энэ үед манай эхнэр, С хоёр гэрт байсан. Д манай эхнэр, С хоёртой жаахан маргачихаад манайхаас гарах гэж байхдаа намайг орон дээр хэвтэж байгааг хараад намайг татаж чангаасан. Би өвсөнд явж ирээд нойр муутай байсан. Тэгээд босож ирээд тонгойгоод гутлаа  өмсөж байхад нүдний буланд Д цохих шиг болохоор нь гараараа хаахад нүдэнд нь миний гарын тохой таарсан. Баруун гараараа миний шанаа руу цохисон, би тохойгоороо хаахад нүд нь таарсан. Намайг босоод суухад миний баруун гар талд байсан. Бидний хувьд ямар нэгэн байдлаар маргасан зүйл байхгүй. Бид хоёр хоорондоо нэг ч үг яриагүй.Бид хэн хэнийхээ занг мэднэ. Д согтуу байсан учраас гэрээс гаргаж өгье гээд гутлаа өмсөж байсан. Эрүүл үед бид нар хуурай ах дүү нар. Д архи уухаараа хөнгөн, хийсвэр зантай. Тиймээс гэрт нь хүргэж өгөх гэж байсан. Дийг Улаанбаатар хот руу явахад нь эмчилгээний зардалд нь 1,500,000 төгрөг өгсөн. Араас нь мөн эмчилгээний зардал явуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэсэн...гэв.

- Хохирогч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд өөрийн буруугаас болж унтаж байгаа хүнийг татаж, чангааж босгосон. Өсөхбаярыг  цохисноо би мэдэхгүй байгаа. Намайг цохисныг мэдэж байгаа. Өсөхбаяр тонгойгоод гутлаа өмсөж байхад нь би дээрээс нь цохисон. Өсөхбаяр цочихдоо намайг тохойгоороо цохисон байх гэж бодож байна. Улаанбаатар хот руу явахад 1,500,000 төгрөг өгсөн. Надад бол гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Энэ хэрэгт миний буруу байгаа... гэв.

- Гэрч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид оройн хоолоо хийгээд байж байхад Д гаднаас ирэхээр нь би цай авч өгсөн. Намайг цай авч өгөхөд цайгаа авч чадахгүй байсан. Би яахаараа дандаа архи уудаг юм гэхэд хуцаад бай май гээд салаавч өгсөн. Миний хажууд С байсан. Тэгсэн энэ хаанахын ярвайсан пизда вэ гэсэн. Би юм хэлээгүй. Тэгсэн чинь манай хүнийг унтаж байхад хажуунаас нь чангаасан. Тэгэхээр нь хэрэггүй, нойр муутай байгаа гэсэн. Манай нөхрийг чангааж байгаад сэрээсэн. Би зүүн талд аяга угаагаад байж байсан. Гэтэл ээ гэхээр нь харсан чинь цохисон байсан. Гутлаа өмсөх гэж байгаад л цохисон юм шиг байна лээ. Энэ асуудал түргэн зуур л болсон. Цохиж байгааг нь хараагүй, ээ гэхээр нь л харсан. Тэгээд цохисон байна гэдгийг нэмсэн. Мөрдөгч нь надаас мэдүүлэг авчихаад би яаралтай гарах хэрэг байна гээд гарын үсэг зуруулчихаад гарсан. Уншуулаагүй, гарын үсэг зурчих гээд л гараад явсан...гэв.

- Гэрч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өсөхбаярыг унтаж байхад согтуу хүн орж ирээд агсам тавиад, үг сөрөөд байсан. Нэлээн согтуу орж ирсэн. Босоод явж чадахгүй согтуу байсан учраас Өсөхбаяр руу мөлхөж очоод Өсөхбаяраас зуурч, зулгааж байгаад сэрсэн. Өсөхбаяр тонгойгоод гутлаа өмсөх гэж байтал нүүр рүү цохих шиг болсон. Тэгээд Өсөхбаярыг дахиад цохих шиг болохоор нь Өсөхбаяр тохойгоороо хаах шиг болсон. Тэрийг нь бол сайн хараагүй. Согтуу хүн нь агсарсан болохоос үг сөрж маргасан хүн байхгүй. Согтуу хүн баруун гараараа орны хөл налаад байж байсан. Өсөхбаяр босоод гутлаа өмсөх гээд тонгойход цохисон. Би өгсөн мэдүүлгээ уншиж үзээгүй. Гарын үсэг зур гэхээр нь л зурсан. Би цохисон гэж мэдүүлэг өгөөгүй...гэв.

- Яллагдагч О.Өын мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 05-ны орой гэртээ 21 цаг 30 минутын үед би унтаж байсан юм. Тэгтэл Д нь манайд орж ирээд манай эхнэр болон хамт байсан Сараа гэдэг хүүхэн хоёрыг үгээр өдөөд байсан гэсэн. Тухайн үед тэр хоёр С.Дийн зангийг нь мэддэг болохоор юм яриагүй гэсэн. Тэгээд тэр хоёр хүүхэн юм ярихгүй болохоор Д нь намайг унтаж байхыг хараад татаж сэрээсэн. Тэгээд босоод иртэл орны өмнө  зогсоод байхаар нь хажуу тийш нь болгоод орон дээрээ суугаад тонгойгоод гутлаа өмсөөд өндийж байсан. Гэнэт араас гараараа цохих шиг болохоор гарыг нь хаах санаатай түлхтэл тохойгоороо Дийн нүдэн тус газар цохисон юм. Тэр үед Дийн гар нь миний баруун шанаан тус газар хальт цохиодп өнгөрсөн. Тэгээд босоод харсан чинь Д нь нүдээ дараад газар хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би гарч биеэ засчихаад хажуу айлаар ороод гэртээ орж иртэл тухайн газртаа хэвтэж байхаар нь босгоод харсан чинь нүднээс нь цус мэт улаан зүйл гарч байхаар нь уг зүйлийг угаалгаад гэр рүү нь дагуулж очиход гэрт нь хүн байхгүй байсан. Эргэж гэрлүүгээ дагуулж ирээд цагдаа очих уу, эмнэлэг очих уу гэж асуутал дуугарахгүй байхаар нь албадаж байж эмнэлэгт аваачиж үзүүлсэн чинь нүдий битүү гэмтэл авсан байна гэж байсан. Бид хоёрын хооронд тэр үед муудаж, маргалдсан зүйл байхгүй.Улаанбаатар хотруу анх явах үед нь зардалдаа хэрэглээрэй гээд 1.500.000 өгсөн. Түүнээс өөрөө мөнгө нэхэмжлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

- Хохирогч С.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байхад манай найз Мягмардорж нь Мөнхөөгийн хамт өдөр 12 цагийн үед ирсэн юм. Тэд Замын-Үүд явах гэж байгаа гэхээр нь гаргаж өгөхөөр болж манайд 3 шил 0.5 гр-ийн ерөөл нэртэй архи гурвуулаа хувааж уугаад тэр хэд 18 цагийн үед явсан. Тэгээд би гэрээсээ гараад Н.Энхбаатарын махыг машин дээр ачиж өгөөд тэндээсээ Өсөхбаяр ахынхаар орсон. Намайг гэрт орох үед Өсөхбаяр ах нь хэвтэж байсан бөгөөд ороод эхнэртэй нь үгэнд дурлаж байгаад Өсөхөө ахыг сэрээгээд юм ярих гэж байсан. Тухайн үед нэлээд халамцуу байсан тул Өсөхбаяр ахынхаар орох үед хэн хэн байсан талаар санахгүй байна. Юу хийсэн талаараа ч сайн санахгүй байна. Нэг мэдсэн Өсөхбаяр ах тохойгоороо миний зүүн нүд рүү цохих шиг болсон, тэгээд л би газар хэвтээд өгсөн. Өсөхбаяр ах нь намайг дагуулаад гэр рүү очсон чинь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь намайг дагуулж эмнэлэгт авч ирж үзүүлсэн чинь зүүн нүдний битүү гэмтэл аймаг явж үзүүл гэсэн. Маргааш нь аймагт ирж үзүүлсэн чинь болор нь хагарсан байна Улаанбаатар хотод үзүүл гэсэн. Улаанбаатар хотод очиж үзүүлсэн чинь эмчлэх боломжгүй гээд зүүн нүдээ авахуулсан. Надад санал, гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 5/,

- Гэрч Л.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 05-ны орой манайх 21 цагийн үед хоолоо хийгээд сууж байтал Д нэлээд согтуу орж ирсэн. Манай нөхөр Өсөхбаярыг асуухаар нь би байхгүй гадагшаа гарсан гэж хэлсэн. Би Дт хандаад “чи юу гэж архи уусан юм бэ” гэж хэлтэл “май пизда минь” гэж салаавч өгсөн. Тэгэхээр нь би айгаад чимээгүй болсон. Тэр манайд байсан С гэдэг хүүхэн рүү хандаад “чи юун хүн юм бэ, ярвайчихаад их зантай пизда вэ” гэж хэлэхээр нь С “чи залуу хүн байж ямар харьцаа муутай залуу вэ” гэсэн. Тэгтэл гэнэт баруун орон дээр унтаж байсан манай нөхрийг хараад татаж чангаагаад байхаар нь “чи боль наадах чинь нойргүй байгаа, унтуул” гэж хэлсэн чинь нэмэргүй чангааж байгаад сэрээсэн. Өсөхбаяр нь босож ирээд орон дээрээ сууж байтал гэнэт чимээ гарсан чинь манай нөхрийн шанаан тус газар нь Д цохисон бөгөөд зөрүүлээд Өсөхбаяр нь тохойгоороо цохисон чинь Д нь нүдээ дараад газар хэвтээд өгсөн. Үүний дараа Өсөхбаяр гарч биеэ засаж орж ирээд түүнийг сэрээгээд харсан чинь нүднээс нь жаахан цус гарч байсан. Тэгээд дагуулаад гэр  рүү нь аваад явсан чинь гэрт нь хүн байхгүй байна гэж орж ирсэн. Тэгэхээр нь хажуу айлд эмч хүн байдаг болохоор нь дуудаж үзүүлэх гэтэл жижүүр эмч дуудаж үзүүл гэхээр нь эмнэлэг рүү ярьсан чинь эмч нь аваад ир гээд эмнэлэг рүү дагуулж явсан. Гэнэт С нь ээ гээд дуугарахаар нь эргэж хартал манай нөхөр шанаагаа бариад сууж байгаад гэнэт тохойгоо хойш явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

- Гэрч П.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн: Орой 21 цаг өнгөрөөгөөд би Өсөхбаярынд унтах гэж байтал гаднаас нэг согтуу хүн орж ирээд Өсөхбаярыг асуухад эхнэр Мөнхзул нь байхгүй байна гэж хэлсэн. Тэр согтуу хүн бид хоёртой юм яриад Мөнхзулын үгийг сөргөөд агсам тавих гээд байж байгаад гэнэт орон дээр унтаж байсан Өсөхбаярыг хараад татаж чангааж байгаад сэрээсэн. Өсөхбаяр нь орон дээрээсээ босож ирээд сууж байтал уг согтуу хүн нь Өсөхбаярын нүүр рүү нь гэнэт гараараа цохих шиг болсон. Тэгтэл Өсөхбаяр нь тохойгоороо уг хүний нүүрэн тус газар цохисон, уг согтуу хүн нь нүүрээ дараад газар хэвтэж байгаад жаахан унтсан байх. Үүний дараа Өсөхбаяр нь уг хүнийг босгож ирээд харсан чинь нүд хавьцаанаас жаахан цус гарч байхаар нь арчаад гэр рүү нь хүргэж өгөхөөр аваад явсан боловч удаагүй гэрт нь хүн байхгүй байна гэж дагуулж ирсэн. Тэгээд эмнэлэгт аваачиж үзүүлэхгүй бол болохгүй юм байна гээд эмнэлэгт аваачиж үзүүлэхээр аваад гарсан. Ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, тухайн асуудал түргэн хугацаанд болж өнгөрсөн.Өсөхбаяр баруун гарын тохойгоороо цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 8/

- Гэрч С.Нын мөрдөн байцаалтанд өгсөн:2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Баатар эмч над руу утсаар яриад “танай ах хүнд нүдээ цохиулаад эмнэлэг дээр ирсэн байна” гэж хэлсэн. Тэгээд намайг эмнэлэг дээр ирэхэд манай ах Д нь зүүн нүднээс  цус гоожсон байдалтай, нүд нь аниастай байсан. Биеийг асуухад толгой өвдөж байна гэж хэлж байсан. Маргааш эхнэр нь аймаг руу эмнэлэгт үзүүлэхээр авч явсан бөгөөд Улаанбаатар хотод очиж үзүүлээд зүүн нүд нь цөцгий хагарсан тул зүүн нүдийг авсан гэж байсан. Дийн нүдийг цохисон гэх О.Ө нь манай ахтай дотны хүмүүс тиймээс миний хувьд энэ хоёрын талаар яриад байх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

- Сүхбаатар аймгийн Онгон сумын сум дундын эмнэлгийн эмч У.Баатарын тодорхойлолт.2018.12.06. /хх-ийн 14/

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 646 дугаартай дүгнэлтэнд: 1. С.Дийн биед зүүн нүдний алимний склерийн урагдал, зүүн нүдний харааны сохрол гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хатуу зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар 65 хувиар алдагдах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна...гэжээ /хх-ийн 15/

-    О.Өын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 28/

-    О.Өын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/,

- Сүхбаатар аймгийн Онгон сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018.12.24-ний өдрийн 362 дугаартай тодорхойлолт /хх-30/,

-    Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-33- 34/

- Өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх-ийн 38/ зэрэг баримтууд болно.

Прокуророос шүүгдэгч О.Өын, хохирогч С.Дийг цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 1 дэх хэсэг/ Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх О.Өт холбогдох үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх үндэстэй гэж дүгнэлээ.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоох бөгөөд хэрэгт харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох шүүгдэгч О.Ө, хохирогч С.Д, гэрч Л.М, П.С нарын мэдүүлгийн агуулга, үнэн зөв байдлын нотломжийн төвшин, нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдал зэргийг харьцуулан шинжилж,  дүгнэвэл “ шүүгдэгч О.Ө нь хохирогч С.Дийн гараараа толгойруу нь цохисон үйлдлийг гараараа хаах явцдаа тохойгоороо С.Дийн нүдэнд цохисон “ үйл баримт тогтоогдох бөгөөд тэрээр хохирогч С.Дийн цохилтын эсрэг түүний нүдэнд санаатайгаар цохиж гэмтэл учруулсан байдал хэрэгт нотлогдоогүй болно.
Тодруулбал, С.Дийн нүд цохигдсон нь шүүгдэгч О.Өын тохойгоороо хааж цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой боловч тэрээр хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулахаар гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэх гэм буруугийн шууд болон шууд бус санаа, сэдэлт, зорилго түүний үйлдэлд тогтоогдохгүй байна.
Энэ нь шүүгдэгч О.Өын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Д нь намайг унтаж байхад татаж сэрээсэн. Тэгээд босоод иртэл орны өмнө зогсоод байхаар нь хажуу тийш нь болгоод орон дээрээ суугаад тонгойгоод гутлаа өмсөөд өндийж байсан. Гэнэт араас гараараа цохих шиг болохоор гарыг нь хаах санаатай түлхтэл тохойгоороо Дийн нүдэн тус газар цохисон юм. Тэр үед Дийн гар нь миний баруун шанаан тус газар хальт цохиод өнгөрсөн“ гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч С.Дийн “ Өсөхбаяр тонгойгоод гутлаа өмсөж байхад нь би дээрээс нь цохисон. Өсөхбаяр цочихдоо намайг тохойгоороо цохисон байх гэж бодож байна“ гэх, гэрч Л.Мын “ Д манай нөхрийг чангааж байгаад сэрээсэн. Гэтэл ээ гэхээр нь харсан чинь цохисон байсан. Гутлаа өмсөх гэж байгаад л цохисон юм шиг байна лээ. Цохиж байгааг нь хараагүй, ээ гэхээр нь л харсан. Тэгээд цохисон байна гэдгийг нэмсэн” гэх, гэрч П.Сийн “ Өсөхбаяр тонгойгоод гутлаа өмсөх гэж байтал нүүр рүү цохих шиг болсон, Өсөхбаяр тохойгоороо хаах шиг болсон. Тэрийг нь бол сайн хараагүй“ гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.

Шүүгдэгч О.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны оройн 21.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын 1 баг дахь өөрийн гэртээ иргэн С.Дийн өөрийг нь цохих гэсэн цохилтыг гараараа хаах явцдаа түүний нүдэнд тохойгоороо болгоомжгүйгээр цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний сохрол (vod-0), алимны ширгэлт, эвэрлэгийн цайралт ” бүхий хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгч О.Өын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч С.Д, гэрч Л.М, П.С нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 646 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймгийн Онгон сумын Эрүүл мэндийн төвийн эмч У.Баатарын 2018.12.06-ны өдрийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл нь тохиолдлын шинжтэй буюу хохирогч С.Дийн согтуурсан үедээ гэртээ унтаж байсан О.Өыг чангаан татаж босгон, улмаар түүнийг цохисон үйлдэлтэй холбоотойгоор, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан үйлдэгдсэн ба О.Ө гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.
Тэрээр хохирогч С.Дийн цохилтыг гараараа хааснаар хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учирчээ.

    Шүүгдэгч О.Өын дээрх болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч С.Дийн  баруун нүд сохорсон, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг агуулах тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

    О.Ө нь гэмт хэргийн улмаас хохирогч С.Дт учирсан эдийн хохирол буюу эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлжээ.

    Шүүгдэгч О.Өын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн согтуурч өөрийг нь цохисон зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

О.Өын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах, тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, түүнчлэн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой хуурай ах дүүгийн харилцаатай зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтоолоо.     
    
    Шүүгдэгч О.Ө энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

    2. Шүүгдэгч Төгс овгийн Очирбатын Өсөхбаярыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6/зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө дээрх тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

    5. Шүүхийн шатанд шүүгдэгч О.Өт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
    
    6. Шүүгдэгч О.Ө энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр хохирогч С.Дийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН