Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2017/ДШМ/035

 

А.Алтансүх, Б.Сумъяабазар, Б.Самбалхүндэв нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч Э.Гантулга

Шүүгдэгч Б.Сумъяабазар, А.Алтансүх, Б.Самбалхүндэв

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 34 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 14 тоот эсэргүүцлээр Б.Сумъяабазар, А.Алтансүх, Б.Самбалхүндэв нарт холбогдох эрүүгийн 201605000078 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Болор-Эрдэнийн Самбалхүндэв, ...........тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2014 оны 4 дүгээр сарын 2-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар /ВТ95101517/

Монгол Улсын иргэн, Ламтан овогт Алтанхуягийн Алтансүх, ......... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2014 оны 4 дүгээр сарын 1-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан, 2015 оны 3 дугаар сарын 9-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар /ВЮ96051831/

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Баярсайханы Сумъяабазар, .......... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2015 оны 3 дугаар сарын 9-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж байсан, регистрийн дугаар /ВК97033111/

Б.Сумъяабазар нь А.Алтансүхтэй бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн хооронд Баянхонгор сумын ........... тоотод оршин суух иргэн Т.Батмөнхийн эзэнгүй гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 585.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр Ц.Гүндцамба, Э.Пүрэвдаш нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг болох зорилгоор 2014 оны 4 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг иргэн У.Батмөнхийн эзэмшлийн “Эрч хурд” нэртэй, иргэн Б.Одсайханы эзэмшлийн “Бөөнцагаан” нэртэй дэлгүүрүүдэд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан У.Батмөнхөд 672.000 төгрөгийн, иргэн Б.Одсайханд 719.500 төгрөгийн нийт 1.391.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр А.Алтансүх, Г.Батболд нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянхонгор сумын ............. тоотод оршин суух иргэн У.Нандинтулгын эзэнгүй гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 645.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр А.Алтансүхтэй бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 8 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө Баянхонгор сумын дуурсах 3-3-31 тоотод оршин суух иргэн Б.Сумъяабазарын эзэнгүй байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 2.115.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр Ц.Гүндцамба, Э.Пүрэвдаш нартай бүлэглэн 2014 оны 4 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг иргэн У.Батмөнхийн эзэмшлийн “Эрч хурд” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хулгайлсан бууны сумыг 2014 оны 4 дүгээр сард Н.Алтангэрэлд хууль бусаар худалдан борлуулсан,

Мөн А.Алтансүх, Б.Самбалхүндэв нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн Л.Лхагвасүрэнг зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулан, гар утас, эвхдэг жижиг хутга зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж 48.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр А.Алтансүхтэй бүлэглэн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Х.Даваадоржийг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн LG маркийн гар утсыг дээрэмдэж бусдад 120.000 төгрөгийн хохирол учруулсан,

А.Алтансүх нь Б.Сумъяабазартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн хооронд Баянхонгор сумын 3-32-8 тоотод оршин суух иргэн Т.Батмөнхийн эзэнгүй гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 585.000 төгрөгийн хохирол учруулсан,

ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр Б.Сумъяабазар, Г.Батболд нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянхонгор сумын 3-6-20 тоотод оршин суух иргэн У.Нандинтулгын эзэнгүй гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бага бус хэмжээний буюу 645.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, ялтай байх хугацаандаа, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............. тоотод оршин суух П.Энхтөрийн эзэнгүй гэрт 2014 оны 8 дугаар сарын 25-ны шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 590.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр, ялтай байх хугацаандаа Б.Самбалхүндэвтэй бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах Ж.Банзрагчийн эзэмшлийн Баян нэртэй дэлгүүрт 2015 оны 8 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 476.500 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, ялтай байх хугацаандаа Б.Сумъяабазартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 8 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 3-3-31 тоотод хашаанд оршин суух иргэн Б.Сумъяабазарын эзэнгүй байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 2.115.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн ялтай байх хугацаандаа Б.Сумъяабазар, Б.Самбалхүндэв нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн Л.Лхагвасүрэнг зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулан, гар утас, эвхдэг жижиг хутга зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж 48.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр ялтай байх хугацаандаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Булаг 2 дэлгүүрийн үүдэнд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр насанд хүрээгүй иргэн Б.Билгүүнийг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн гар утсыг дээрэмдэж бусдад 60.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр ялтай байх хугацаандаа Б.Сумъяабазартай бүлэглэн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Х.Даваадоржийг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн LG маркийн гар утсыг дээрэмдэж бусдад 120.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр ялтай байх хугацаандаа Баянхонгор сумын 3 дугаар баг Булаг 2 дэлгүүрийн үүдэнд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр У.Мөнхбатыг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн гар утсыг дээрэмдэж, бусдад 160.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр ялтай байх хугацаандаа 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Эрдэм ахлах сургуулийн хажууд хохирогч Б.Балжинням, Л.Батчулуун нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж Б.Балжиннямын эзэмшлийн 279.000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утас, Л.Батчулууны эзэмшлийн 50.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдсэн,

Б.Самбалхүндэв нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр А.Алтансүхтэй бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор Баянхонгор сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах Ж.Банзрагчийн эзэмшлийн Баян нэртэй дэлгүүрт 2015 оны 8 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 476.500 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн ялтай байх хугацаандаа А.Алтансүх, Б.Сумъяабазар нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн Л.Лхагвасүрэнг зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулан, гар утас, эвхдэг жижиг хутга зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж, 48.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Сумъяабазарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3, мөн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, А.Алтансүх, Б.Самбалхүндэв нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсгүүдэд зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Б.Сумъяабазар, А.Алтансүх, Б.Самбалхүндэв нарт холбогдох хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бүрэн биш хийсэн дараах үндэслэл, нотолгоо тогтоогдов.

Үүнд: А.Алтансүх нь давтан үйлдлээр ялтай байх хугацаандаа 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Эрдэм ахлах сургуулийн хажууд хохирогч Б.Балжинням, Л.Батчулуун нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж Б.Балжиннямын эзэмшлийн 279.000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утас, Л.Батчулууны эзэмшлийн 50.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 Тухайн хэргүүдэд авагдсан баримтуудыг шинжлэн судлахад хохирогч Б.Балжиннямын “...би дагаж буугаад үл таних залуутай уулзсан чинь намайг гар утсаа өг би өнөөдөр архи уумаар байна гээд намайг зүүн талын хацар дээр нэг удаа гараараа цохиж авахаар нь би айсандаа болоод би өөрийн эзэмшлийн U6 маркийн ЖИ мобайлын гар утасыг буцааж А.Алтансүхээс аваад тэр үл таних залууд гар утсаа өгсөн..., ...харин А.Алтансүх нь манай найз болох Батчулууныг машин дотор зодож хүзүүнд нь байсан мөнгөн гинжийг авсан..., ...надтай уулзсан гэх тэр залуу нь надад хутга гаргаж ирээд буцаагаад халаасандаа хийсэн..., ...намайг цохидог залуу болон А.Алтансүх нар нь цагдаад хэлэх бол гэрээр чинь очиж ална шүү гээд байхаар нь Батчулуун бид хоёр цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 158-159-р тал/,

Хохирогч Л.Батчулууны “...А.Алтансүх нь манай найз Б.Балжиннямыг наад залуутайгаа уулзаатах гээд гараад явсан..., ...А.Алтансүх намайг машин дотор гэдэс рүү 2-3 удаа гараар цохиж аваад миний хүзүүнд зүүлттэй байсан мөнгөн гинжийг тайлаад өг гээд би тайлж өгөхөд миний хүзүүнд зүүж өг гэхээр зүүж өгсөн..., ... харин Б.Балжиннямыг цуг гарсан залуу цохиж аваад гар утсыг нь дээрэмдсэн..., ...А.Алтансүх над руу торцоов гаргаж ирээд далайлгаад чамайг алчихна гэж айлгаж сүрдүүлээд байсан..., ...машин дотор жолоо барьж явсан гэх залуу, урд сууж байсан нэг өндөр ах байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 160-161-р тал/,

З.Ариунболдын яллагдагчаар өгсөн “...орой 18 цагийн үед жолооч Лхагва-Очир, машины урд талд Б.Од-Эрдэнэ /Боркоо/, харин ард Цэнд-Аюуш, А.Алтансүх бид 3 суугаад машинтай явж байтал сургуулийн бололтой хоёр хүүхэд явж байхаар нь Алтансүх тэр хоёр хүүхдийг машинд суулгаад 4 дүгээр 10-н жилийн хажууд А.Алтансүх машин зогсоогоод А.Алтансүх намайг нэг залуутай уулзаад утсыг нь аваатах гээд би уулзсан чинь тэр хүүхэд гар утсаа надад өгөхгүй зогсож байсан чинь Б.Од-Эрдэнэ гарч ирээд уулзахад тэр хүүхэд гар утсаа надад өгсөнийг би А.Алтансүхэд өгсөн..., ...А.Алтансүх нөгөө хүүхдийн гинжийг авсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 237-239-р тал/,

Насанд хүрээгүй Б.Цэнд-Аюушийн сэжигтэнээр өгсөн “...орой 18 цагийн үед Лхагва-Очир машин барьсан, харин урд талд Б.Од-Эрдэнэ, ард З.Ариунболд, А.Алтансүх бид 3 суугаад явж байхад сургуулийн бололтой хоёр хүүхэд явж байхад А.Алтансүх машин зогсоож тэр хоёр хүүхдийг машинд суулгаад 4 дүгээр 10-н жилийн хажууд зогсоогоод А.Алтансүх нь нэг хүүхдийн гар утсыг аваад З.Ариунболдыг гар утасны эзэнтэй уулзаатах гээд гар утсыг нь А.Алтансүх, З.Ариунболдод өгөөд машинаас гаргасан..., ...би машины хойд талд сууж байхад А.Алтансүх нэг хүүхдийн 2-3 удаа цохиж аваад гинжийг нь авсан...” /6-р хх-ийн 223-224-р тал/,

Ц.Лхагва-Очирын сэжигтэнээр өгсөн “...Эрдэм ахлах сургуулийн хажууд сургуулийн бололтой 2 хүүхэд явж байхаар нь А.Алтансүх тэр хоёр хүүхдийг машинд суулгаад сургуулийн хажуу талд зогсоод А.Алтансүх нэг хүүхдийн гар утсыг аваад машинаас буулгаад З.Аринуболдыг гараад уулзаатах гэсэн..., ...тэгээд нэг хүүхдийг 2 удаа цохиж авсан гарт нь машины торцоов байсан, тэр хүүхдийг гинжээ өгчих гээд гинжийг нь авсан..., ...тэр хоёр хүүхдийг З.Ариунболд, А.Алтансүх нар нилээн дарамталсан айсан байсан..., ...Цэнд-Аюуш, Б.Од-Эрдэнэ нар ямар нэг үйлдэл хийгээгүй...” /6-р хх-ийн 230-232-р тал/,

Б.Од-Эрдэнийн сэжигтэнээр өгсөн “...сургуулийн хажууд явж байхад сургуулийн хоёр хүүхэд явж байхаар нь А.Алтансүх тэр хоёр хүүхдийг машинд суулгаад А.Алтансүх гар утсыг нь аваад тэр хүүхдийг гаргаад араас З.Ариунболд гараад уулзаж байсан..., ...харин А.Алтансүх машины хойд талд нөгөө хүүхэдтэй уулзаад гинжийг нь аваад хүзүүндээ зүүсэн..., ...Цэнд-Аюуш зүгээр сууж байсан..., ...би тухайн үед архи нилээн уусан согтсон байсан тул зарим зүйлийг санахгүй байна, тэр хүүхдийг явуулаад урд сууж байгаад унтсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 234-235-р тал/,

А.Алтансүхийн мөрдөн байцаалтанд “...би нэг хүүхдийг гэдсэнд нь 1 удаа цохиж аваад гар утсыг нь аваад машинаас гаргаад З.Ариунболдыг уулзаатах гэж хэлсэн..., ...наана нь байсан нэг хүүхдийн хүзүүнд байсан гинжийг аваад би өөрийнхөө хүзүүнд зүүсэн..., ...нөгөө хүүхэд машинд орж ирээд гар утсаа надаас аваад З.Ариунболдод өгсөн..., ...Б.Цэнд-Аюуш зүгээр сууж байсан...” /6-р хх-ийн 226-228-р тал/ зэргээс үзэхэд З.Ариунболдын гэм буруугийн асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой буюу шүүгдэгчийн гэмт санааны агуулга, чиглэл, үйлдлийн хэрэгжсэн нөхцөл байдал нь түүний эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай идэвхтэй үйлдлийг хийсэн нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, түүнчлэн Б.Цэнд-Аюуш, Б.Од-Эрдэнэ нар нь А.Алтансүхийг бусдын эд хөрөнгийг дээрэмдсэнийг мэдсээр байж зохих газар мэдэгдээгүй үл мэдээлсэн тухайн гэмт хэрэгт хамаарагсад гэж үзэж болох бөгөөд тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байхад гэм буруугийн асуудлыг шалгаж тогтоогтоогүй орхигдуулсан буюу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 49 дугаартай прокурорын тогтоолоор тэдгээрт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Уг прокурорын тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй, Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах..” гэж заасныг тус тус зөрчсөн , Б.Цэнд-Аюуш, Б.Од-Эрдэнэ, З.Ариунболд нарт холбогдох үйлдэлд Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан ялыг төлөвлөж ирүүлэх шаардлагатай бөгөөд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тогтоож ирүүлээгүй гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Улсын яллагч Э.Гантулга 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийг мөрдөн байцаалтанд буцаан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна.

Б.Самбалхүндэв, А.Алтансүх, Б.Сумъяабазар нарын үйлдсэн гэмт хэрэг эрүүгийн 201605000078 дугаартай хэрэгт хууль ёсны дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

Б.Од-Эрдэнэ, Ц.Лхагва-Очир, Б.Цэнд-Аюуш, З.Ариунболд нарыг шүүгдэгч А.Алтансүхтэй бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Эрдэм ахлах сургуулийн хажууд хохирогч Б.Балжинням, Л.Батчулуун нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж Б.Балжиннямын эзэмшлийн 279.000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утас, Л.Балжиннямын эзэмшлийн 50.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдэн авсан гэх хэрэгт яллагдагчаар татан уг хэрэгт холбогдуулан шалгахад уг хэргийг А.Алтансүх нь ганцаараа үйлдсэн бөгөөд яллагдагч Б.Од-Эрдэнэ, Ц.Лхагва-Очир, Б.Цэнд-Аюуш, З.Ариунболд нар нь хохирогч нар руу чиглэсэн давтан үйлдэл хийгээгүй, хохирогч нараас эд зүйлийг нь хүч хэрэглэн аваагүй, хэрэгт хамтран оролцоогүй болох нь яллагдагч Б.Од-Эрдэнэ, Ц.Лхагва-Очир, Б.Цэнд-Аюуш, З.Ариунболд, А.Алтансүх, хохирогч Л.Батчулуун, Б.Балжинням нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон тул Б.Од-Эрдэнэ, Ц.Лхагва- Очир, Б.Цэнд-Аюуш, З.Ариунболд нарт холбогдох үйлдэл холбогдлыг прокуророос хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8, 6 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх ямар нэг үндэслэлгүй болно.

Насанд хүрээгүй хохирогч Б.Балжинням нь мөрдөн байцаалтанд “...Ариунболд нь надад найздаа утсаа өгчих өнөөдөр ах нартайгаа явж байна архи ууж байна гэсэн. Тэгэхэд нь би өгөхгүй гэхэд намайг утсаа өгчих гээд хоргоогоод байсан. Тэгээд би Алтансүх нь Батчулууныг цохиж аваад байхыг нь харсан учир намайг бас цохиж зодож магадгүй гэж дотроо бодоод утсаа Ариунболд гэж хүүхдэд өгөөд өөрийнхөө утасны сим картыг авсан. Ингээд машинд буцаад суухад Алтансүх нь Батчулууныг бас алгадаж авч байгаа харагдсан. Тэгээд бас Алтансүх бас дугуй чангалдаг торцоов гаргаж ирээд Батчулууны хамар руу чихнэ гэж яриад байсан чинь жолоочийн хажуу талд сууж байсан өндөр ах болон жолооч ах нар нь жоохон хүүхэд битгий дээрэлхээд бай наад хүүхдүүдээ явуул гэж Алтансүхэд хэлэхэд бид хоёрыг явуулсан юм..., ...би айсандаа болоод утсаа өгсөн байсан, тэрэндээ шаралхаж тэр үл таних гээд байгаа Ариунболд гэж хүүхдийг намайг цохиж авсан мэтээр мэдүүлсэн юм. Тэр хүүхэд намайг цохиж аваагүй надаас утсаа өгчих гээд хоргоогоод байсан тэр үед Алтансүх нь манай найзыг машин дотор цохиж аваад байхаар нь би айсандаа энэ залуу бас намайг зодоод унах юм болов уу гэж айж утсаа өгсөн юм. Би уг нь Алтансүх намайг ална шүү гэж хэлсэнийг байцаалтанд Ариунболд гэж бичиж авсан юм шиг байна. Алтансүх нь эхлээд машинд суугаад явахад Батчулуун бид хоёрыг ална шүү гээд эхэлсэн тэрийг нь би хэлсэн юм. Тэрнээс Ариунболд намайг ална шүү гээгүй харин утсаа өгчих гээд хоргоогоод байсан. Миний хувьд Батчулууныг Алтансүх нь цохиж аваад байхаар нь айсандаа гар утсаа өгсөн тэрнээс намайг цохиж зодсон зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн тул З.Ариунболд нь бусдын эд зүйлийг дээрэмдээгүй, энэ хэргийг А.Алтансүх нь дангаараа үйлдсэн болох нь харагдаж байна.

Б.Од-Эрдэнэ, Ц.Лхагва-Очир, Б.Цэнд-Аюуш, З.Ариунболд нар нь А.Алтансүхийг дээрмийн гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээгүй болно.

Гэмт хэргийг үл мэдээлэх нь хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд Б.Од-Эрдэнэ, Б.Цэнд-Аюуш нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа бол тэдгээрийг эрүүгийн хариуцлагад татаж болох 6 сарын хугацаа өнгөрсөн тул шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс З.Ариунболдын гэм буруугийн асуудлыг хэрэгт авагдсан хохирогч, гэрч сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлэгт үндэслэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой буюу гэмт санааны агуулга, чиглэл, үйлдлийн хэрэгжсэн нөхцөл байдал нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай, идэвхтэй үйлдлийг хийсэн, Б.Цэнд-Аюуш, Б.Од-Эрдэнэ нар нь А.Алтансүхийг бусдын эд хөрөнгийг дээрэмдсэнийг мэдсээр байж зохих газар мэдэгдээгүй үл мэдээлсэн тухайн гэмт хэрэгт хамаарагсад гэж үзэж нөхцөл байдал байгаа эсэхийг шалгуулахаар шийдвэрлэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хянан үзэхэд дор дурдсан зүйлүүдийг нэг мөр шалган шийдвэрлэх нь зүйтэй байна.

Прокурорын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаар яллах дүгнэлт /хх-ийн 8-р хавтас 87-103-р тал/-ийн тогтоох хэсэгт А.Алтансүхийн 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг “Эрдэм” ахлах сургуулийн хажууд хохирогч Б.Балжинням, Л.Батчулуун нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж Б.Балжиннямын эзэмшлийн 279.000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утас, Л.Батчулууны эзэмшлийн 50.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинжийг дээрэмдсэн гэх гэмт хэрэгт нь яллахдаа “...Л.Балжиннямын эзэмшлийн 50.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдсэн...” гэсэн нь ойлгомжгүй байх тул яллах дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд нийцүүлэх шаардлагатай юм.

Иймд А.Алтансүх, Б.Сумъяабазар, Б.Самбалхүндэв нарт холбогдох хэрэгт анхан шатны шүүхийн тогтоол, энэ магадлалд заасан үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зарим нэгэн алдаа зөрчил гаргасан байгааг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Үүнд: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 7 тоот “шүүх бүрэлдэхүүн томилох тухай” захирамжид ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа гарын үсэг зурж баталгаажуулалгүйгээр тамга дарсан /хх-ийн 8-р хавтас 105-р тал/, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 32 дугаар захирамжид яллагдагч А.Алтанхуяг, Б.Самбалхүндэв нарт прокуророос Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад тэднийг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогдсон хэмээн шүүхэд шилжүүлсэн /хх-ийн 8-р хавтас 112-р тал/, хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 34 тоот шүүхийн тогтоолын удиртгал хэсэгт А.Алтанхуяг, Б.Самбалхүндэв нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэж буруу бичсэн зэрэг алдаа зөрчил гаргасан байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 34 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 14 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Б.Сумъяабазар, А.Алтансүх, Б.Самбалхүндэв нарт холбогдох эрүүгийн 201605000078 дугаартай хэрэгт анхан шатны шүүхийн тогтоол болон энэ магадлалд дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаасугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                    ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                 Т.ДАВААСҮРЭН