Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2020/0068/З |
Дугаар | 221/МА2020/0563 |
Огноо | 2020-09-30 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2020/0563
“Э к” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, өмгөөлөгч У.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Ө, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С-Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0428 дугаар шийдвэртэй, “Э к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 03 сарын 22-ны өдрийн А/23 дугаар тушаалын дагуу байгуулагдсан Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0428 дугаар шийдвэрээр:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 47 дугаар зүйлийн 47.7, 47.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/2263 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/2261 тоот тендерийн үнэлгээний хорооны “И” ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, НХААГ-19/169 тоот тендерийн үнэлгээний хорооны “И” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц давж заалдах гомдолдоо: “... “Э к” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зарласан НХААГ-19/169 дугаартай Инженерийн шугам сүлжээний ажил /Улаанбаатар, Баянгол дүүрэг, Гандангийн дэнж, 16 дугаар хороо/-ын сонгон шалгаруулах тендерт оролцсон.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02/2079 дугаартай мэдэгдлээр “Э к” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт, ТОӨЗ-ын 13.1/а/-д заасны дагуу тендерийн үнийн маягтыг тендерийн баримт бичигт заасан МАЯГТ ТШМ-1-ийн дагуу ирүүлээгүй нь шаардлага хангахгүй гэж татгалзсан тухай мэдэгдсэн. Нэхэмжлэгч компани нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасныг хянаж захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна, тус компанийн ирүүлсэн тендерийн маягт нь тендерийн баримт бичгийн гуравдугаар бүлэгт заасан МАЯГТ ТШМ-1-д нийцэж байна гээд тендер шалгаруулалтыг дахин хийхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын байгуулсан Үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар дахин үнэлгээ хийж “Э к” ХХК-ийн ирүүлсэн тендерээс мөн адил шалтгаанаар татгалзаж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/2263 дугаартай мэдэгдлээр нэхэмжлэгч компанид мэдэгдсэн.
Нэхэмжлэгч “Э к” ХХК нь тендерийн баримт бичгийн гуравдугаар бүлэгт заасан МАЯГТ ТШМ-1-д заасан маягтыг зохих журмын дагуу бэлтгэн, баталгаажуулж ирүүлсэн. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч “Э к” ХХК нь гэрээний валютыг дараах хэлбэрээр авна гэсэн хэсгийг бөглөөгүйгээр тендерээ ирүүлсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Тус маягтын гэрээний төлбөрийг дараах валютаар авна гэсэн хэсгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.12-т “Тендерийн үнэлгээнд гадаад валют ашиглах бол энэ талаар тендерийн баримт бичигт заана” гэж заасны дагуу тендерийн баримт бичигт тендерийн үнэлгээнд гадаад валют ашиглахаар заасан бол МАЯГТ ТШМ-1-ийн гэрээний төлбөрийг дараах валютаар авна гэсэн хэсгийг бөглөх шаардлага тавигдана. Харин Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ 18.1-д зааснаар Тендерийн валют үндэсний валют болох төгрөг байхаар заасныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
ТОӨЗ 14.1.а-д Тендерийн үнийн маягтыг тендерийн баримт бичигт заасан МАЯГТ ТШМ-1-ийн дагуу бэлтгэж, гэрчлүүлэн ирүүлнэ. Маягтын үг, өгүүлбэрт утга агуулгыг нь өөрчилсөн буюу орхигдуулсан өөрчлөлт оруулбал татгалзах үндэслэл болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Э к” ХХК-ийн МАЯГТ ТШМ-1-д заасны дагуу бэлтгэж ирүүлсэн үнийн саналын үг, өгүүлбэрт утга агуулгыг өөрчилсөн буюу орхигдуулсан өөрчлөлт байхгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Нөгөөтэйгүүр тус маягт нь тендерийн үнийн саналыг илэрхийлсэн баримт юм. Нэхэмжлэгч “Э к” ХХК нь тендерийн үнийн саналыг тоогоор болон бичгээр тодорхой тусгаж, баталгаажуулж ирүүлсэн тул тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзах үндэслэл болохгүй.
Гуравдагч этгээд болох “И” ХХК-ийн ирүүлсэн тендерийн үнийн маягт нь МАЯГТ ТШМ-1-ийн дагуу бэлтгэж ирүүлээгүй, тухайн маягтын 3 дахь заалтыг хасаж ирүүлсэн байгаа нь Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, ТОӨЗ 14.1.а-д зааснаар “И” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах үндэслэл болсон байхад тус компанийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “Хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлаагүй, хуульд нийцээгүй байна. Тиймээс Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/2261 тоот тендерийн үнэлгээний хорооны “И” ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, НХААГ-19/169 тоот тендерийн үнэлгээний хорооны “И” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр хууль бус гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0428 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч “Э к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцагийн давж гомдлын хүрээнд шийдвэрийг хянахад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/2263 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/2261 дүгээр тендерийн үнэлгээний хорооны “И” ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, НХААГ-19/169 дугаар тендерийн үнэлгээний хорооны “И” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
“Э к” ХХК-иас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зарласан НХААГ-19/169 дугаартай “Инженерийн шугам сүлжээний ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон боловч 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02/2079 дүгээр албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид Хуулийн гэх/ 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт болон Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 14.1/а/-р зүйлд заасан шаардлагыг тус тус хангаагүй гэж түүний тендерээс татгалзсан байна.
Уг шийдвэрийг “Э к” ХХК-иас эс зөвшөөрч гаргасан гомдолд Сангийн яамнаас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/8077 дугаар албан бичгээр “... Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 02/2079 дүгээр шийдвэрээр “Э к” ХХК-ийн тендерийн үнийн маягтыг тендерийн баримт бичигт заасан МАЯГТ№ТШМ-1-ийн дагуу ирүүлээгүй нь шаардлага хангахгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй, ... маягт нь МАЯГТ№ТШМ-1-д нийцэж байна. ... хуулийн 55.3.3-д заасны дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдье” гэж хариу өгчээ.
Дээрх мэдэгдлийн дагуу Үнэлгээний хороо тендерийг дахин үнэлэхдээ урьд нь заасан шалтгаанаар дахин “Э к” ХХК-ийн тендерээс татгалзаж, “И” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн гэж үзэн шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэснийг анхан шатны шүүх хууль зөрчөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ... Сангийн яамнаас нэхэмжлэгч компанийг МАЯГТ ТШМ-1-д нийцэж байна гээд тендер шалгаруулалтыг дахин хийхийг мэдэгдсэн, гэтэл мөн адил шалтгаанаар татгалзаж, 2019 оны 02/2263 дугаар мэдэгдлийг өгсөн, ТОӨЗ 18.1-д зааснаар Тендерийн валют үндэсний валют болох ТӨГРӨГ байхаар заасныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй, нэхэмжлэгчээс МАЯГТ ТШМ-1 заасны дагуу бэлтгэж ирүүлсэн үнийн саналын үг, өгүүлбэрт утга агуулгыг өөрчилсөн буюу орхигдуулсан өөрчлөлт байхгүй байгааг шүүх анхаарч үзээгүй, тендерийн үнийн саналыг тоогоор болон бичгээр тодорхой тусгаж, баталгаажуулж ирүүлсэн ...” гэжээ.
Хэрэгт авагдсан хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэгч компанийн тендерийн МАЯГТ№ТШМ-1 маягтад “... НХААГ-19/169 дугаар барилга угсралтын ажлыг 899 996 369 /найман зуун ерэн есөн зуун ерөн зургаан мянга гурван зуун жаран есөн/ төгрөгөөр гүйцэтгэх санал болгож байна” гэж бичгээр бичиж, “Гэрээний төлбөрийг дараах валютаар авна” гэсэн хүснэгтийн “Валютын нэр” гэсэн багананд “Төгрөг” гэж бичиж, “Тус валютаар төлөх хувь”, “Гадаад валютын ханш”, “Шаардагдах гадаад валютын дүн” гэсэн багануудыг бөглөөгүй орхисон байна.
Хуулийн 28 дугаар зүйлийн 28.12-т “Тендерийн үнэлгээнд гадаад валют ашиглах бол энэ талаар тендерийн баримт бичигт заана” гэж, ТББ-ын ТОӨЗ-ын 18.1-д “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасны дагуу тендерийн үндсэн валют нь төгрөг байна” гэж тус тус зааснаас үзвэл нэгэнт гадаад валют хэрэглэхээргүй байх тул маягтыг бөглөөгүй орхигдуулсны улмаас үнийн санал нь ямар валют байх, хэдэн хувийг өөр валютаар хийх нь тодорхойгүй болж, үнэлэх боломжгүйд хүргээгүй байна.
Энэ талаар Хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд Сангийн яам гомдлыг хянаж, “Э к” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэхгүй гэж дурдан, тендерийг дахин үнэлэхийг мэдэгдсэн байхад Үнэлгээний хороо нь “... Сангийн яамнаас “И” ХХК-ийг шалгаруулсныг буруу гэж хэлээгүй ...” гэж хэлэлцэн дахин “Э к” ХХК-ийн тендерээс мөн шалтгаанаараа татгалзаж, түүнээс 39,3 сая төгрөгөөр илүү үнийг санал болгосон “И” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлэн гэрээ байгуулахыг зөвлөмж болгосон нь Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд баримтлах өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим болон мөн Хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасныг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.
Гэтэл анхан шатны шүүх “... гэрээний валютыг дараах хэлбэрээр авна гэсэн хэсгийг бөглөхгүйгээр тендерээ ирүүлсэн нь тайлбараар тогтоогдож байна, Үнэлгээний хорооны гишүүд ... хуульд заасан эрх хэмжээний хүрээнд санал, бичиг баримтад үнэлгээ өгсөн байх тул тэгш бус хандсан, өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй ...” гэж хэргийн үйл баримтыг буруу үнэлжээ.
Түүнчлэн “... гэрээний хугацаа дууссан, Төсвийн тухай хуулийн дагуу төсвийг ерөнхий дансанд татсан” зэргийг үндэслэн “... маргаан бүхий мэдэгдлүүд болон ... “И” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хууль ёсны, эрх ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Хэдийгээр Төсвийн тухай хуулийн дагуу тухайн санхүүжилт нь татагдсан, тухайн тендерийн хүчинтэй хугацаа дууссанаар тухайн тендер шалгаруулалт үргэлжлэх нь тодорхойгүй болсон боловч нэхэмжлэгч нь тендерийн баримт бичгийг худалдан авч, тодорхой хугацаа, зардал гаргаж, тендер бэлтгэн шалгаруулалтад “хамгийн бага” үнийн саналтайгаар оролцсон этгээдийн хувьд дээрх хууль бус захиргааны актуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, сэргэх ашиг сонирхол нь тодорхойгүй гэж дүгнэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тендерийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг даалгах шаардлага гаргаагүй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.