Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1705

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 101/ШШ2016/05352 дугаар шийдвэртэй,

                       

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг болох 22 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч               ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                  ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                 Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ХХХХ миний бие 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ХХХХ-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, түүнд сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 25 000 000 төгрөгийг зээлдүүлсэн билээ. Зээлийн гэрээний 2 сарын хугацааны хүү 5 000 000 төгрөг, зээлээс 5 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл  15 000 000 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч төлж барагдуулахгүй байна. Энэхүү зээлийн гэрээний барьцаа болгож түүний одоогийн оршин сууж гэр бүлээрээ амьдарч байгаа ХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ШШГЕГ-ын ХХ айлын байрны ХХ тоот орон сууцыг барьцаа болгон авч барьцааны гэрээ давхар байгуулан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт албан ёсоор бүртгүүлж баталгаажуулсан. Ийнхүү бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний 2-т заасан хугацаа буюу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлээ бүрэн төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэл 15 000 000 төгрөг, гэрээний 3-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн 2 сар, 10 хоног буюу нийт 70 хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги 5 250 000 төгрөг, барьцааны гэрээний 6-д зааснаар гэрээтэй холбоотой гарсан зардал болох 2 000 000 төгрөг, нийт 22 250 000 төгрөгийг ХХХХ-аас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Хариуцагч ХХХХ хоёр сарын хүү, үндсэн зээлнээс 10 000 000 төгрөгийг төлсөн, хүү тооцоогүй үндсэн зээлээс 15 000 000 төгрөг үлдсэн. Нэхэмжлэлд үндсэн зээлээс 5 000 000 төгрөг төлсөн гэж андуурч бичсэн байсныг залруулж байна. Гэрээний 6-д зааснаар гэрээтэй холбоотой зардал гарсныг хариуцагч төлнө гэсэн байх тул 2 000 000 төгрөгийн зардал гарсан гэдэг ч баримтаар тогтоогдохгүй тул 2 000 000 төгрөгөөс татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Миний бие өмнө нь өмгөөлөгч гэсэн статустай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй байсан. өмгөөлөгчид төлсөн хөлс нь 2 000 000 төгрөг гэж нэхсэн боловч миний бие нь нэг хувь гэрээ байгуулаад ХХХХ д өгсөн боловч гэрээгээ олохгүй байгаа. Бид дахин нөхөж гэрээ байгуулах боломжгүй гэж би үзсэн. 2 000 000 төгрөгийг өгсөн баримт нь гэрээтэй хамт алга болсон байдаг. Иймд 20 250 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шүүхийн шийдвэрийг барьцаа хөрөнгөөр хангах тухай дурьдаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

ХХХХ миний бие 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ХХХХ тай зээлийн гэрээ хийж зээл авсан. ХХХХ нь би хүүний мөнгөө урьдчилан авдаг гэж хэлээд 2 500 000 төгрөгийг суутгаж авч үлдээд 22 500 000 төгрөг надад өгсөн. Хоёр дахь сар нь эхлэхэд мөн л хүүгээ урьдчилаад өг гээд 2 500 000 төгрөг авсан. Зээлийн хүүнд нийтдээ 5 000 000 төгрөг өгсөн. Дараа нь үндсэн зээлийн 25 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг ХХХХ-ийн дансанд хийсэн. Үлдэгдэл 15 000 000 төгрөгөө би өөр зээл олгодог хүнээс гаргуулж өгөхөөр болоод ХХХХ тай удаа дараа ярьсан боловч би очихгүй гээд өөрөө ирэхгүй, үлдэгдэл зээлийг нь чөлөөлүүлэх боломж олгоогүй. Би энэ хүнд 15 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Надаас авсан хүүнийхээ мөнгийг аваагүй гэж хэлж намайг гүтгэж байгааг гайхаж байна. Хүү нь 10 хувь хэцүү юм байна, би өөр хүнд байраа бага хүүтэй барьцаалахаар боллоо, зээлээ чөлөөлье гэж ярихад би тэгж очиж чадахгүй гэж хэлээд алга болсон. Иймээс ХХХХ-ийн нэхэмжилж буй 22 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

ХХХХ , ХХХХ нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний 1-д Зээлдүүлэгч ХХХХ би зээлдэгч ХХХХ-д 25 000 000 төгрөгийг 2015 оны 10 сарын 23-ны өдрөөс 2015 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлнэ, зээлдэгч ХХХХ заасан хугацаанд эргэн төлөх үүрэг хүлээнэ гэж тодорхой заасан байдаг. Гэтэл тухайн зээлийн гэрээ байгуулагдсаны дараа зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээнд заасан 25 000 000 төгрөгийг өгөх үүргээ биелүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн гаргасан тайлбараас харахад ХХХХ нь зээлийн гэрээ байгуулсан өдрийн үдээс хойш 16-17 цагийн орчим ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, Сансар орчмын Голомт банкнаас 22 500 000 төгрөгийг бэлнээр авч ХХХХ-д өгсөн гэдэг ч ХХХХ нь тухайн өдөр данснаасаа 21 000 000 төгрөгийг авсан байдаг. Үүнээс үзэхэд зээлийн гэрээнд заасан 25 000 000 төгрөгийг ХХХХ-иас ХХХХ-д олгогдоогүй болох нь харагдаж байна. Зээлийн гэрээний 4-т зээлийн гэрээ нь зээлдүүлэгчид зээлдэгчээс мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан байна. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн үйл явдал, баримтаас харахад ХХХХ 22 500 000 төгрөгийг авсан нь нотлогдож байх тул гэрээний 4-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр болох хууль зүйн үндэс болоогүй байна. Нэхэмжлэлийн шаардлагадаа зөрүүтэй үнийн дүнг буруу тайлбарласан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ХХХХ , ХХХХ нарын хооронд 2015 оны 10 сарын 23ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг гэрээгээр 25 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон байдаг. Гэтэл тухайн өдөр ХХХХ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 22 500 000 төгрөгийг ХХХХ-д өгч, 2 500 000 төгрөгийг зээлийн хүүг урьдчилан суутгаж авч байна гэсэн тайлбар өгөөд зээлийн гэрээнд заасан дүнг дутуу олгож үүргээ дутуу гүйцэтгэсэн байдаг. Зээлийн гэрээний 4-т зээлийн гэрээ нь зээлдүүлэгчид зээлдэгчээс мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхээргүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэж байна. ХХХХ-д 25 000 000 төгрөгийн бодит хэрэгцээ шаардлага гараад ХХХХ д хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Гэтэл ХХХХ нь нотариат дээр очин 25 000 000 төгрөгийг гэрээ хийсэн боловч амаар хийсэн тохиролцоо буюу 25 000 000 төгрөгийг олгохдоо зээлийн хүүг урьдчилан авна гээд бодитоор 22 500 000 төгрөгийг зээлдэгчид олгосон байгаа нь хууль зөрчсөн гэрээ гэж үзэж байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэл үүсэж болох тул дурдах нь зүйтэй. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан байна. ХХХХ нь 25 000 000 төгрөгийг өгнө гэж итгүүлээд, гэрээ байгуулаад бодит байдал дээр 22 500 000 төгрөгийг өгсөн нь өөрийн давуу байдлыг ашиглан ХХХХ ын хэрэгцээн дээр тулгуурлан хэлцэлийг хууран мэхэлж хийсэн гэж үзэж байна. Бичгийн зээлийн гэрээний тухайд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Учир нь бичгээр хийгдсэн зээлийн гэрээнд ХХХХ-иас ХХХХ-д 25 000 000 төгрөгийг олгоно гэсэн заалт байдаг ч бодитоор 22 500 000 төгрөгийг ХХХХ ын өмчлөлд шилжүүлсэн байдаг. Амаар хийсэн хэлцлийн тухайд уг гэрээ нь нэг талын давуу байдлыг ашиглаад өөрийн ашиг сонирхолд санаатайгаар зохицуулж хийсэн мөлжлөгийн шинжтэй хэлцэл гэж үзэж байна. Энэ нь нийтээр хүлээсэн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байна. Зээлдүүлэгчид зээлдэгчээс мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан хэрнээ зээлдэгчид 22 500 000 төгрөгийг шилжүүлж өгөөд, 25 000 000 төгрөгөөсөө хүү алданги тооцоод, зээлийн нэг сарын хүү 2 500 000 төгрөгийг өөрт нь шилжүүлэлгүй суутган авч байгаа нь нийтээр хүлээсэн зан суртахууны хэм хэмжээг илт зөрчиж байгаа юм. Нэг талын хүсэл зоригийг зөрчсөн өөрийн давуу байдлыг ашигласан мөлжлөгийн байдалтай хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Бичгээр хийсэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэсэн байр суурьтай байгаа. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу талуудын хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн байдаг. Уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар эхлээд хүчингүй болгуулах байх гэсэн боловч шүүх хурал дээр тайлбарлахдаа үндэслэлээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг дурдаж байна. энэ хоёр заалт нь хоорондоо өөр хэлцэл юм. ХХХХ өөрөө хүсэл сонирхлоо илэрхийлэхэд ХХХХ нь би сарын 10 хувийн хүүтэй өгдөг, хүүг урьдчилан авна гэж хэлээд тохиролцон гарын үсэг зурсан байдаг. Гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйл нь хоорондоо өөр ойлголт. ХХХХ ын хариу тайлбарт үлдэгдэл 15 000 000 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч, барьцаагаа өөр хүнд шилжүүлээд үлдэгдлээ төлөх гэхэд ХХХХ зөвшөөрөөгүй гэж бичсэн байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй. ХХХХ , ХХХХ-д хамаарах ямар нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн болох нь тодорхойгүй байна. Нэг ч хууль зөрчигдөөгүй, гэрээ нь талуудын хүсэл зоригийг хаагаагүй, эрхийг хязгаарлаагүй. Нэхэмжлэгч зээлдүүлэх сонирхолтой байсан, ХХХХ-д мөнгө хэрэгтэй байсан. Хийх ёсгүй гэрээг хийсэн тохиолдолд хууль зөрчсөн болно. Хариуцагчийн хийх ёсгүй үйлдлийг хийлгэхээр заасан байсан бол хамаарна. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, хүү тохирсон асуудал нь 282 дугаар зүйл, 282.1, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт тус тус заасны дагуу алданги төлөх үүрэг хүлээсэн тул илүү дутуу юм нэхэгдээгүй гэж үзэж байна. 70 хоногийн алданги тооцсон байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХХ-аас 18 875 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХХ д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 375 000 төгрөг гаргуулах, хариуцагчийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 252 325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХ д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХ зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн барьцаа хөрөнгө болох ХХХХ-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн хххххххх дугаарт бүртгэгдсэн, ХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХ тоот хаягт байрлах 44 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг дурдажээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

            ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт " Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХХ-аас 18 875 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХХ д олгож..." шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч ХХХХ нэхэмжлэгч ХХХХ д " 25 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар зээлдэх хүсэлтэй байна" гэж хангалттай, тодорхой, хоёрдмол утга санаагүйгээр хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Энэ хүсэл зоригийн илэрхийлэлийг нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч ХХХХ бүрэн ойлгосон бөгөөд ХХХХ ын хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авч 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгч ХХХХ-д 25 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар сарын 10%-ийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож Зээлийн гэрээг бичгээр байгуулсан байдаг. Гэтэл ХХХХ нь зээлийн гэрээний дагуу ХХХХ ын өмнө гүйцэтгэх ёстой 25 000 000 төгрөгийг түүний өмчлөлд шилжүүлэх үүргээсээ үндэслэлгүйгээр татгалзаж, хууль болон гэрээнд зааснаас өөрөөр гэрээг тайлбарлан зээлийн 10%-ийн хүү 2 500 000 төгрөг урьдчилан авч байгаа тул 22 500 000 төгрөгийг ХХХХ-д шилжүүлэн өгсөн байдаг. Энэ нь анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-д      22 500 000 төгрөг өгсөн гэх тайлбар, ХХХХ-ийн Голомт банк дахь харилцах дансны хуулга зэрэг үйл баримтаар нотлогддог. Зээлдүүлэгч ХХХХ нь зээлийн гэрээгээр хүлээсэн 25 000 000 төгрөгийг бүхэлд нь зээлдэгч ХХХХ ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байж 25 000 000 төгрөгийг 1 сарын хугацаанд ашигласны хариу төлбөр буюу зээлийн хүү болох 2 500 000 төгрөгийг урьдчилан авч байгаа юм гэж тайлбарлан зээлийн гэрээний зүйлийг дутуу буюу 22 500 000 төгрөгийг түүний өмчлөлд шилжүүлсэн байгаа үйлдэл хууль бус юм. Зээлдэгч ХХХХ нь өөрийн өмчлөлд шилжээгүй, зээлийн гэрээнд заасан хугацаанд ашиглаагүй 25 000 000 төгрөгийн 10%-ийн хүү буюу хариу төлбөрийг төлөх үүрэггүй юм. Эндээс дүгнэж үзвэл ХХХХ нь зээлдэгчийн хууль зүйн мэдлэг муутайг далимдуулан хууль болон нийтээр хүлээн зөвшөөрөгдөх хэм хэмжээг зөрчиж зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэлцлийг хийсэн байна. Талуудын хооронд бичгийн хэлбэрээр байгуулагдсан Зээлийн гэрээний гол зүйл нь 25 000 000 төгрөг байх бөгөөд энэхүү гэрээний зүйлийг үндэслэж талууд гэрээний нөхцөлийг тохиролцсон байна. Зээлдэгчийн зүгээс 25 000 000 төгрөгийн хэрэгцээ шаардлага гарсан тул зээлдүүлэгчээс түүний хүссэн хэмжээгээр буюу 25 000 000 төгрөгийг зээлдүүлбэл түүнийг ашиглуулсны хариу төлбөрт сарын 10% хүүг төлөх үүргийг хүлээн зөвшөөрсөн. Харин түүний хэрэгцээнээс их болон бага хэмжээгээр зээлийн хүсэлтийг шийдвэрлэхээр байсан бол ХХХХ нь зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх эсхүл түүний хүссэн хэмжээгээр зээл олгох өөр зээлдүүлэгчийг эрэх, хайх боломж байсан. Гэтэл ХХХХ-ийн хувьд түүний хүссэн хэмжээгээр 25 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцож зээлдэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар ХХХХ өөр зээлдүүлэгч хайх шаардлагагүй боллоо гэж үзсэн. Эндээс үзвэл талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээ нь Зээлдүүлэгчээс гэрээгээр тохиролцсон 25 000 000 төгрөгийг зээлдэгчийг өмчлөлд шилжүүлснээр хүчин төгөлдөр болох ёстой болохоос анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн 22 500 000 төгрөг авсан бол зээлийн гэрээнд заасны дагуу cap бүр 10%-ийн хүүг төлөх, хоног тутамд 0,5%-ийн алданги тооцохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Зээлийн гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгэн хэлбэрээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Гэтэл гэрээ байгуулснаас хэдхэн цагийн дараа зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэхдээ зээлийн хүүгээ урьдчилан авч байна гэж тайлбарлан 22 500 000 төгрөгийг түүний өмчлөлд шилжүүлсэн байдаг. Зээлдүүлэгч ХХХХ нь зээлдэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг анх хүлээн авахдаа, Зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулан нотариатаар гэрчлүүлэхдээ "зээлийн хүүг урьдчилан авна" гэсэн хүсэл зоригийн илэрхийллийг зээлдэгчид гаргаагүй байдаг. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт "Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй" гэж заасан байна. Талууд зээлийн гэрээг байгуулахдаа бичгийн хэлбэрээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд зээлдүүлэгчийн тайлбарлаж байгаачлан зээлийн урьдчилан авахаар тохиролцсон бол энэ нөхцөлөө зээлийн гэрээнд тусгах ёстой байсан. Гэтэл зээлдүүлэгчээс энэ талаар гэрээ байгуулахад ямар нэгэн санал гаргалгүйгээр гэрээг байгуулсны дараа зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэхдээ зээлийн гэрээнд тохиролцсоноос өөрөөр тайлбарлаж зээлийн хөрөнгийг дутуу өгсөн үйл баримтаас авч үзвэл зээлийн гэрээг байгуулах зорилгоор зээлдэгч ХХХХ ыг хууран мэхэлж хэлцэл хийсэн гэж үзэх хангалттай үндэслэл байна. Дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бусад тооцож болох хуулийн нөхцлүүдийг хангаж байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн талд иргэний хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн1101/ШШ2016/05352 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

                                                                  ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч ХХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан үндсэн зээлд 15 000 000 төгрөг, алдангид 5 250 000 төгрөг, гэрээтэй холбогдон гарсан зардалд 2 000 000 төгрөг нийт 22 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргаж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ХХХХ нь зээлдэгч ХХХХ-д 25 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаатайгаар сарын 10 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохиролцож мөн өдрөө барьцааны гэрээ байгуулан ХХХХ дүүргийн ХХ-р хороо, ХХХХХ тоот хаягт байрлах 44 м.кв, нэг өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хэргийн 4-5 дугаар тал/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232.6 дахь хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, алданги төлөхийг шаардах эрхтэй юм.

 

Харин зохигчдын тайлбар болон бусад нотлох баримтаас үзэхэд зээлдэгч нь зээлдүүлэгчид 22 500 000 төгрөгийг өгсөн нь тогтоогдсон байх тул анхан шатны шүүх дээрх үнийн дүнгээр хэмжээгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.  

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талууд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г өөрсдийн хүсэл сонирхлын үндсэн дээр байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна.

 

Хариуцагч ХХХХ нь зээлийн гэрээний дагуу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлийн хүүд 2 500 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн төлбөрт 10 000 000 төгрөг зээлүүлсэн талаар зохигчид маргаагүй болно.  

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 25 000 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон атлаа 22 500 000 төгрөг хүлээлгэн өгсөн нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хууран мэхэлж хийсэн гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

            Харин анхан шатны шүүх алдангийн хэмжээг тооцохдоо зээлийн гэрээний үндсэн үүрэг болох үндсэн зээл, зээлийн хүүгээс тооцоогүйгээс алдангийн хэмжээ нь бага гарсан байна.

 

Талууд энэ талаар гомдол гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

           

            Зээлдүүлэгч зээлдэгчид зээлийн гэрээгээр тохиролцсон мөнгөний үнийн дүнг бүрэн хэмжээгээр шилжүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн зээлийн гэрээг хууль зөрчсөн буюу хуурч мэхэлж хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 101/ШШ2016/05352 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХХ гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                  Т.ТУЯА

 

                                                                                            Ц.ИЧИНХОРЛОО