Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00625

 

 “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 134/ШШ2017/00187 дугаар шийдвэр,

    Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 216/МА2017/00021 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “С” ХХК

          Хариуцагч: “Ш” ХК-д холбогдох

      Зээлээр худалдан авсан шатахууны төлбөр, алдангид нийт 624.469.481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Б.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Б.Г, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК болон “Ш” ХК   харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015-03-10-ны өдөр “Дизель түлш, А-80 бензин нийлүүлэх СШ.№05-01.ШОХК.2015 тоот тендер”-ийн гэрээ байгуулан хамтран ажилласан. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлсэн бөгөөд “Ш” ХК-д нийт 6 тэрбум гаруй төгрөгийн шатахуун зээлээр өгсөн. Гэтэл “Ш” ХК нь гэрээний үүргээ эс биелүүлж, зээлээр авсан шатахууны төлбөрөө бүрэн төлж барагдуулахгүй байсаар байна. “Ш” ХК манай компанид төлөх шатахууны төлбөрийн үлдэгдэл 2017-02-07-ны өдрийн байдлаар 1,280,082,415 төгрөг байсан болно. Мөн гэрээний 7.1 дэх заалтын дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцон 591.341.753 төгрөг болоод байна. Манай компанийн зүгээс “Ш” ХК-ийг шатахууны төлбөр болон алдангийг төлөхийг удаа дараа шаардсан боловч тус “Ш” ХК нь хугацаа өнгөрөөсөн байдалтай байна. “Ш” ХК төлбөр төлөөгүйгээс бид гадаад татан авалтын төлбөрөө төлж чадахгүй, цаашлаад шатахууны нөөцгүй болоход хүрээд байна. Иймд “Ш” ХК-с шатахууны төлбөрийн үлдэгдэл 1,280,082,415 төгрөг, алданги 591,341,753 төгрөг, нийт 1,871,424,168 төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 9,515,071 төгрөгийн хамт гаргуулахаар шүүхэд хандаж, шүүх буцаасан. 2017-08-01-ний өдрийн байдлаар тус компанийн шатахууны төлбөрийн үлдэгдэл 19,282,415 төгрөг, 2017-02-28-ны өдрийн байдлаар 605.187.066 төгрөг байна. Иймд, “Ш” ХК-иас шатахууны үлдэгдэл төлбөр 19,282,415 төгрөг, алданги 605,187,066 төгрөг, нийт 624,469,481 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 3,280,298 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Манай компани 2017-09-10-ны өдөр тус шүүхэд өгсөн хариу тайлбартаа үлдэгдэл 19,282,415 төгрөгийг төлөхөө зөвшөөрсөн. ИХШХШТХ-ийн 26.3-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийг татгалзах эрхтэй байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд холбогдох тооцоог хийсний үндсэн дээр тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тооцоо хийх явцад нэхэмжлэгч гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгэсэн гэх боловч 2016-01-20-ноос 2016-03- 29-ний өдрийг хүртэл нийлүүлсэн түлшний хэмжээ нь гэрээний хугацаанаас хэтрүүлэн олгогдсон. Гэрээний дагуу тооцохдоо 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 30-ны үлдэгдлийг нөхөн төлсөн байдлаар хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй асуудал гардаг. Энэ хугацааны төлбөрийг өмнө нь тодорхой хэмжээний мөнгө төлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Энэ хугацааны төлөлтөөс манай компани 44 186 485 төгрөгийн илүү төлөлттэй байгаа ч  сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж үзсэн. Нэгэнт тухайн үед үүргээ биелүүлсэн байдлаар шаардлагагүй гэж үзсэн. Одоо нэхэмжлээд байгаа төлбөрийн үлдэгдэл болох 19 282 415 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч тал холбогдох нотлох баримтаар нотолж чадахгүй байна. 19 282 415 төгрөг үлдэж байгаа талаар нотлох баримт шинжлэн судлахад тайлбарлах байх. Тухайн гэрээ 2015-03-10-ны өдөр байгуулагдсан. Энэ гэрээ 2015-03- 15-наас 2015-12-31-ний өдрийг хүртэл 4 429 420 литр дизель түлш, 6550 литр А-80 авто бензин нийлүүлэхээр тодорхой график тогтоон гэрээ байгуулсан. 6550 литр А-80 авто бензин дээр талууд маргаагүй. Ямар нэгэн маргаан байхгүй. Тиймээс дизель түлшний талаар л  байна. Гэрээний хугацаанд 3 343 399 литр дизель түлш нийлүүлсэн. 14550 литр А-80 авто бензин нийлүүлсэн нотлогдсон. С ХХК 2015-03-15-ны өдрийн гэрээнд заасан үүргээ зохих хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй  харагдана. С ХХК энэ хугацаанд нийлүүлсэн шатахууны төлбөрт алданги авах эрхээ алдсан гэж үзэж байна. 2015-12-31-ний өдрийн байдлаар  гэрээнд заасан дизель түлшнээс 1087559 литр дизель түлш нийлүүлэгдээгүй дутуу байсан. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. 2017-10-27 буюу өнөөдрийн байдлаар 86020 литр дизель түлш нийлүүлэгдээгүй байгаа. 2015-03-10-ны өдрийн дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээний 2.1-т заасны дагуу  9.2-т гэрээнд нэмэлт өөрчлөлт хийхээр шийдсэн бол өөрчлөлтийг гэрээний хавсралт хэсэгт хийнэ гэж заасан. 11.3-т гэрээний өөрчлөлтийг заавал бичгээр тохирч сунгаж болно гэж заасан. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхээр тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн 24 цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна гэж заасан. Нэхэмжлэгч тал 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээнд заагдсан 4400 тонн шатахууныг нийлүүлсэн байх үүргийг хүлээсэн. Энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Үүнийг хуулиар зохицуулсан заалт байдаг. “Ш” ХК нь төрийн өмчит хувьцаат компани. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуульд зааснаар худалдан авалтын ажиллагааг нь зохицуулсан. Худалдан авах гэрээ нь энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д худалдан авах гэрээнд дараах өөрчлөлт хийхийг хориглоно гэж заасан байгаа. Захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн холбоотой гэрээний нөхцөлд өөрчлөлт хийхийг хориглосон. Гэрээний нөхцөлд үнэ, хугацаа зэрэг орж байгаа. Энэ гэрээ бичгээр сунгагдаагүй. Гэрээний 11.3-т гэрээний хугацааг сунгавал бичгээр гэрээ хийнэ гэж заагдсан. Өөрөөр хэлбэл, алданги нэхэх эрх үүсэхгүй гэсэн үг. 2 нөхцөлийг л тендерийн хуулиар зөвшөөрсөн. 2 жилээс дээш хугацаанд хийгдсэн гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн, 40 дүгээр зүйлийн 40.2-т суурь үнэ огцом өөрчлөгдсөн тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн. Энэ хуулийн заалт, дээрх гэрээний заалт, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэхэд нэхэмжлэгч тал үүргээ тогтоосон хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй. Гэрээн дээр манайх хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол алданги төлнө, эднийх хугацаандаа бараагаа нийлүүлээгүй бол алданги төлнө гэж гэрээний нөхцөлд байгаа. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар манайх сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс гарах үр дагавар юм. Тиймээс гэрээний хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан үзээд манай тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

       Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 134/ШШ2017/00187 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Ш” ХК-иас 19 282 415 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 605 178 066 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 280 298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 254 362 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 216/МА2017/00021 дүгээр магадлалаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 134/ШШ2017/00187 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Ш” ХК-иас шатахууны төлбөрийн үлдэгдэл төлбөр 19 282 415 төгрөг, алданги 605 187 066 төгрөг, нийт 624 469 481 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С“ ХХК-д олгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... хариуцагчаас “254.362 төгрөг” гаргуулж ... гэснийг “3.280.298 төгрөг” ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарсанаа, Б.Ганболор нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч 2017.10.27-ны өдрийн шүүх хуралдаанд  оролцсон бөгөөд шийдвэр 2017.11.01-ний өдрийн дотор гарч, 2017.11.07-ны өдрийн дотор  шийдвэрийг гардан авах үүрэгтэй байсан. 2017.12.01-ний өдөр гомдол гаргах хугцаа дууссан бөгөөд  2017.12.04-ний өдөр  гомдол гаргасныг  давж заалдах шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцсэн нь хууль зөрчсөн. ИХШХШТХуулийн 119.5-д заасан шүүхийн шийдвэрийг зохигчид хүргүүлэх тухай зохицуулалт нь зөвхөн хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн тохиолдолд хэрэглэгдэх хуулийн заалт бөгөөд зохигч нь шүүх хуралдаанд оролцсон тохиолдолд мөн хуулийн 119.4, 119.7 дахь хэсгийн заалт хэрэглэгдэх юм.

         Шүүх  гэрээний талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон талаар маргаан гараагүй бөгөөд  алданги төлөх  талаар маргалдаж байгаа. Талуудын гэрээний 2.1-д “...нийлүүлэгч тал 2015.03.15-ны өдрөөс 2015.12.31-ний өдрийг хүртэл графикийн дагуу нийлүүлнэ” гэж тохирсон. Гэрээгээр тогтоосон хугацаанд нийлүүлэгч  4429,42 тн түлш нийлүү талууд түлш нийлүүлэх эцсийн хугацааг 2015.12.31-ний дотор хэмээн тогтоосон ба энэ нь түлш нийлүүлэх үүрэг тооцох эцсийн хугацаа бөгөөд гэрээний 4.2-т зааснаар түүнээс хойш 60 хоногийн дотор буюу 2016.02.16-ны өдөр нь төлбөр төлөх эцсийн хугацаа юм. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх гэрээний 2.2, 11.1 дэх заалтыг үндэслэж  шийдвэр гаргасныг зөвшөөрхгүй. Түүнчлэн, шүүх Иргэний хуулийн 198.1, 198.2-н зохицуулалтыг анхаарсангүй.

        Давж заалдах шатны шүүх гэрээний 2.1 дэх заалт болон гэрээний хавсралтаар тогтоосон хугацаа, хэмжээг огт анхааралгүй, тэдгээрийн талаар ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн 118.4-н заалттай зөрчилдсөн байна. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “ ....шударга ёс.... хууль дээдлэх нь... төрийн үйл ажиллагааны зарчим мөн”, Иргэний хуулийн 206.1-д “... үүргийг шударгаар гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх нийлүүлэгчийн гэрээнд заасан хугацаа хэтрүүлж нийлүүлсэн дизель түлшинд алданги тооцож шийдвэрлэсэн нь шударга бус шийдвэр болсон бөгөөд илт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Дээр дурдсан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргаагүйг хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

      С ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ш ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шатахууны үлдэгдэл төлбөр 19,282,415 төгрөг, алданги 605,187,066 төгрөг, нийт 624,469,481 төгрөг гаргуулахыг шаарджээ.  

      Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 19,282,415 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо “... нэхэмжлэгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нь тогтоогдож байгаагаас гадна хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан нь нотлогдоогүй  байна...  гэрээний 7.1 дэх заалтыг хэрэглэх боломжгүй ...” гэсэн дүгнэлт хийжээ.  

      Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа “... нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй... нэхэмжлэгчийг дизель түлш нийлүүлэх гэрээнд заасан үүргээ “үүрэг гүйцэтгүүлэгчийн” хувьд хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь буруу байна... алдангийн тооцооны талаар хариуцагч тайлбар гаргаж маргаагүй байна...”  гэжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

      1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оуулсан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт нийцээгүй байна.

       Талууд шаардлага болон татгалзлаа нотолж, зохигч хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5, 65/., 2015-03-10-ны өдрийн СШ№:-01.ШОХК.2015 дугаартай Дизель түлш А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээ /хх 6-15/., 2015-03-10-ны өдрийн “гэрээ байгуулахаас өмнө асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл” /хх 16-17/., 2016-10-01-с 2017-02-06-ны өдрийн /хх 18/ болон 2016-10-01-с 2017-08-02 /хх 51/ “харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ”, 2015-03-р сараас 2016 оны 03 сар “Ш”ХК-д нийлүүлсэн шатахууны тооцоо /хх 26/., 2017-02-06-ны өдөр /хх 27/ болон 2017-02-28-ны өдрөөр /хх 52/ тасалбар болгон хийсэн алдангийн тооцоо, 2016-01-01-с 2016-12-31-ний өдрийн байдлаар 2016 оны нэхэмжлэгчээс авсан шатахууны тооцоо, төлбөрийн жагсаалт /хх 62/., 2015 онд нэхэмжлэгчээс авсан шатахууны орлогын жагсаалт /хх 63/, 2017 оны төлбөрийн жагсаалт /хх 64/ ., 2015 онд хариуцагчаас төлбөр шилжүүлсэн тооцоо /хх 80/, зохигчийн гэрээний тооцоо /хх 81-82 тамга тэмдэг гарын үсэггүй/, Дизель түлш авсан тухай акт 2015-12-15 өдрийн 3 акт /19, 20/., 2016-01-20-ны өдрийн 3 акт  /хх 20-21/, 2016-02-06-ны өдрийн 2 акт / хх 22/, 2016-03-08-ны өдрийн 3 акт /хх 23-24/, 2016-03-29-ний өдрийн 2 акт /хх 24-25/, өр авлагын тухай С ХХК-ийн 2016-03-03, 2017-01-11, 2017-01-26, 2017-02-02, 2017-02-06-ны өдрийн албан бичиг /хх 28, 29-30, 31, 32, 33/, шуудангийн баримт /хх 34/., 2017-02-07-ны өдөр шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл /хх 35/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-04-28-ны өдрийн 134/ШШ2017/00086 дугаар шийдвэр /хх 36-41/, 2017-06-04-ний 216/МА2017/00012 дугаар магадлал /хх 42-48/, 2017-07-28-ны өдрийн 134/ШЗ/2017/00685 дугаар захирамж /хх 49-50/-г гаргаж өгсөн байна. 

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хавсаргах хүсэлт гаргасан /хх 1-н 66/, уг хүсэлтийг шүүх хангаж захирамж гарган /хх 1-н 77-78/  Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 134/ШЗ2017/00685 дугаар захирамжтай хэргийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан боловч эдгээр баримтуудыг /хх 2-н 19, 36, 51,117-д буй баримт нь хэргийн 1-р хавтас байхгүй /шүүх хуралдаанаар хэлэлцээгүй /хх 1-ийн 84-106/ байна.     

        Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх бөгөөд шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

       Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 134/ШЗ2017/00685 дугаар захирамжтай хэргийн нотлох баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-г зөрчсөн гэж үзнэ.  

       2. Нэхэмжлэгч 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд үүссэн алдангийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар тооцож шаардсан гэх боловч үндсэн гэрээний үүргийн үлдэгдэл тодорхой бус байна. 

       С ХХК нь хариуцагчаас 2015-03-10-ны өдрийн СШ№-01.ШОХК.2015 дугаартай Дизель түлш А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээг үндэслэсэн бөгөөд уг гэрээгээр 4.429.420 литр дизель түлшийг 1.364 төгрөгөөр /хх 15/ тээврийн зардал ороод  1.500 төгрөгөөр., 6.550 литр А-80 бензин 1273 төгрөгөөр тээврийн зардал ороод 1.400 төгрөгөөр худалдахаар тохирчээ.

      Гэвч хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2015-03-10-ны өдрийн СШ№-01.ШОХК.2015 дугаар гэрээний зүйлийн үнийг гэрээнд зааснаас өөр хэмжээгээр тооцсон байгааг шүүх анхаарч үзээгүйгээс гадна, энэ талаар дүгнэлт хийгээгүй нь шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116  дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна. 

      3. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа “... хариуцагч нэхэмжилж буй алдангийн дүнгээс хасч тооцуулах хүсэлт гаргаагүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

      Хариуцагч нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбар гаргахдаа алдангийг эс зөвшөөрсөн /хх 1-н 61/ бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаагүй шалтгаанаа талуудын хэн аль нь хугацаа хэтрүүлсэн асуудалтай холбожээ.

       Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

       Харин нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй байна. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т “... Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно...”, 119.3-т “...Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг ... бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна...”., 119.4-т “...Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна...”, 119.5-т “...Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ...”, 119.6-т “... хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхдээ хуулийн 77.6-д заасан журмыг баримталж болно...”., 119.7-т “...Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй...”., 119.8-т “...Шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 119.4-т заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд энэ хуулийн 119.7 дахь хэсгийн заалт хамаарахгүй. Энэ тохиолдолд шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасан журмын дагуу хүргүүлж, хугацааг энэ хуулийн 119.6-д заасны дагуу тоолно...” гэж заасан байна.

       Өөрөөр хэлбэл, шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бичгээр үйлдэж, шүүгч гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй. Харин шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэр гараагүйгээс 119.4-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол шийдвэрийг гардуулсан өдрөөс хойш гомдол гаргах хугацааг тоолно.

       Хоёр шатны шүүх гомдол гаргах хугацааг тоолохдоо Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 134/ШШ2017/00187 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 216/МА2017/00021 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 3.183.841 төгрөгийг захирамжаар Ш ХК-д буцааж олгосугай. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ