| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00600/И |
| Дугаар | 706 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 706
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-00 хаягт байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5941469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг, 06-07 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, регистрийн дугаар ХЛ67050111, Шангас овогт Уртнасангийн Жамсран,
Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг, 06-07 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, регистрийн дугаар ХЕ71022707, Монголмууд овогт Цэрэнгийн Цэцэгтуяа нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 22.643.877 төгрөг, нотариатаар баримт гэрчлүүлсний төлбөр 6500 төгрөг, нийт 22.650.377 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Уртнасан овогтой Жамсран нь Төрийн банктай 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 340301101861 тоот зээлийн гэрээ байгуулан 28.970.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлийн барьцаанд 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 340301101861 тоот зээлийн барьцааны гэрээний дагуу цалингийн орлого, Увс аймаг, Наранбулаг сум, Гүнбүрд багт байрлах 40 м.кв дэлгүүрийн барилгыг хашааны хамт барьцаалсан. Зээлдэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 17.949.078 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 4.554.215 төгрөг, зээлийн торгуулийн хүүгийн үлдэгдэл 140.584 төгрөг болно. Зээлдэгч У.Жамсран, Ц.Цэцэгтуяа нар нь гэрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор төлбөрөө төлөөгүй тул 340301101861 тоот зээлийн гэрээний 5.1, 5.1.1, 5.1.2 -д заасны дагуу гэрээг цуцалж өгнө үү. Зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 22.643.877 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 270.202 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний төлбөр 6.500 төгрөгийг зээлдэгч У.Жамсран, Ц.Цэцэгтуяа нараас гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч У.Жамсран, Ц.Цэцэгтуяа нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл Увс аймгийн Төрийн банкны захирлаар ажиллаж байхдаа 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 28.970.000 төгрөгийн цалингийн зээлийг 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай Төрийн банкны дэд хорооны шийдвэрээр цалингийн орлого, дэлгүүрийн барилга барьцаалж Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон бусад иргэний хуулийн заалтыг хангаж зээл авсан. Энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан “Зээлдүүлэгч нь зээл олгохдоо тухайн зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас авсан зээл мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхтэй” гэсний хүрээнд бүх шаардлагыг хангаж байгаа тул зээл авсан. Ажиллаж байх хугацаандаа зээлээ тогтвортой төлж ирсэн. 2016 оны 4 дүгээр сарын 20-нд Хүний нөөцийн захирал Ичинхорлоогоос захирлын зөвлөлийн хурлаар таныг чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа гэж мэдэгдсэн. Би ямар шалтгаанаар халах болсныг лавлахад Хяналт шалгалтын газраас хийсэн шалгалтын дүнг үндэслэн чөлөөлж байгаа талаар хэлсэн. Увсад хийгдсэн шалгалтаар Төрийн банкны салбараас 11 хүн арга хэмжээ авагдсан бөгөөд миний хувьд ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй, ажлаас чөлөөлөгдвөл цалингийн зээлээ төлж чадахгүй болох талаар тайлбарлаж хэлсэн. Мөн гүйцэтгэх захирал Д.Батсайханд хоёр оюутан сургадаг, ажилгүй болбол зээл төлөх ямар ч найдвар байхгүй гэдгээ хэлсэн. Ингээд хүний нөөцийн захирал Ичинхорлоод өргөдөл өгсөн. Гэвч хэтэрхий дэлгэрэнгүй, ажлаас гарах хүсэлт болж чадахгүй гэсний дагуу 2 дахь өргөдлөө өгсөн. Өргөдлийн аль алиныг нь 4 дүгээр сарын 24-нд бичүүлсэн бөгөөд сүүлийн өргөдлийг 23-наар бичиж өг гэсний дагуу гараар бичиж өгсөн. Мөн Төрийн банкны орлогч захирал би таньтай хамтарч ажиллаж чадахгүй, та ажлаа өг, хэзээ байсан ч та халагдана гэж 3 удаа ярьж дарамталж байсан тул ажлаа өгөхөөр болсон. Дээрх шийдвэр үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн заалтыг зөрчиж иргэн миний хөдөлмөрлөх эрхийг хохироож цалин орлогогүй болсноос зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.5 дахь заалт зөрчигдөхөд хүрсэн. Би ажиллаж байх хугацаандаа Төрийн банкыг 100.000.000 боломжит ашигтай хүлээж аваад 2 жилийн дотор 500.000.000 төгрөг болгож ажиллаж байсан. Төрийн банкинд оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг хэлье. Иймд миний зээлийг төлүүлэхэд миний хөдөлмөрлөх эрхийг сэргээх, эсвэл зээлийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч У.Жамсран, Ц.Цэцэгтуяа зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 22.643.877 төгрөг, нотариатаар баримт гэрчлүүлсний төлбөр 6500 төгрөг, нийт 22.650.377 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч У.Жамсран, Ц.Цэцэгтуяа нь Төрийн банкны Увс салбараас 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 340301101861 тоот зээлийн гэрээ байгуулан 28.970.000 төгрөгийн зээлийг сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлдэн авч, зээлийн барьцаанд цалингийн орлого болон Увс аймаг, Наранбулаг сум, Гүнбүрд багт байрлах 40 м.кв дэлгүүрийн барилгыг хашааны хамт тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 17.949.078 төгрөг, зээлийн үндсэн хүү 4.554.215 төгрөг, зээлийн торгуулийн хүү 140.584, нийт 22.643.877 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.
Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар байгуулагдсан байх боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар тус тус нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Төрийн банк нь зээлийг гэрээг цуцалж, хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Зээлдэгч У.Жамсран, Ц.Цэцэгтуяа нар нь “Ажлаас чөлөөлөгдсөн тул Төрийн банкнаас авсан зээлийг төлөх боломжгүй тул зээлийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү” хэмээн шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан ба энэ нь хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх, хөнгөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1, Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч У.Жамсран, Ц.Цэцэгтуяа нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 22.643.877 төгрөг, нотариатаар баримт гэрчлүүлсний төлбөр 6500 төгрөг, нийт 22.650.377 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Жамсран, Ц.Цэцэгтуяа нараас 271.202 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкнинд олгож шийдвэрлэв.
Хариуцагч У.Жамсран, Ц.Цэцэгтуяа нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болох талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч У.Жамсран, Ц.Цэцэгтуяа нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 22.643.877 /хорин хоёр сая зургаан зуун дөчин гурван мянга найман зуун далан долоо/ төгрөг, нотариатаар баримт гэрчлүүлсний төлбөр 6500 /зургаан мянга таван зуу/ төгрөг, нийт 22.650.377 /хорин хоёр сая зургаан зуун тавин мянга гурван зуун далан долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.202 /хоёр зуун далан нэгэн мянга хоёр зуун хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Жамсран, Ц.Цэцэгтуяа нараас улсын тэмдэгтийн хураамж 271.202 /хоёр зуун далан нэгэн мянга хоёр зуун хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ