| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0186/э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 187
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар
Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Гад холбогдох 1930000000240 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 25-ны төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг, Алтан-Овоо гудамжны ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Х.Г.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Х.Г нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг, Алтан-Овооны ... тоот дахь өөрийн хашаандаа Ж.Этай маргалдан түүний зүүн дал орчим хутгалж эрүүл мэндэд нь “ зүүн талын даланд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий “ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019.10.11-ний өдөр машинаа асаах санаатай Уын руу очсон юм. Миний араас Г, Ж.Э хоёр Уынд хоёр шил архитай ирсэн. Тэр архийг нь бид дөрөв хувааж уугаад сууж байтал Ж.Э намайг өөрийнх нь дүүг зодсон гээд агсраад байсан. Би Ж.Эын дүүг танихгүй. Тиймээс айлд хэрүүл хийгээд яахав гэж бодоод тэр хэдийг орхиод гэртээ ирээд унтаж байсан. Гэтэл гэнэт манайд хүн орж ирээд толгой руу цохихоор сэрээд хартал Г миний дээр сууж байгаад Ж.Э миний хоолойг шахаад хэд хэдэн удаа цохсон. Би доороос нь арай гэж зугтаж гарч ирээд гал тогооны өрөө рүү ороод хутга аваад гарч ирэхэд Ж.Э миний араас гарч ирсэн байсан. Тэгээд би Ж.Эын далан тус газар нь хутгаар хатгасан. Би тухайн үед архи уугаад унтчихсан байсан. Согтуудаа юу хийж байгаагаа мэдээгүй хутгалчихсан байсан. Би цохиулж цочирдсон уурандаа гар тогооны өрөөнөөс өөрийн мэдэлгүй хутга авчихсан байна лээ. Тухайн хүнийг хутгалаад хохирооно гэсэн санаа байгаагүй. Хохирогчид эмчилгээний зардалд 160.000 төгрөг бэлнээр өгсөн. Үүний дараа эмчилгээнд нь хэрэг болж магадгүй гээд 250.000 төгрөг нэмж өгсөн. Өөрөө бол надаас мөнгө нэхэмжлээгүй. Хохирогчтой уулзаж эвлэрсэн. Эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг авахгүй, устгуулна. Хэргийн зүйлчлэл болон торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Харин торгох ялыг тодорхой хугацааны дараа төлөх боломж олгож өгнө үү. Би Хятад улс руу том машинаар газрын тос зөөдөг юм. Одоо түр хугацаанд амарч байгаад 04 дүгээр сард буцаад ажилдаа орно. Ажилдаа ороод цалингаа авахаараа төлөх саналтай байна. Зургаан сарын хугацаанд төлөх боломжтой..гэв.
- Хохирогч Ж.Эын: Г бид нар уугаад сууж байхдаа би Гад хандаж “ чи миний дүүг элбэж зодсон байсан ” гэхэд Г зодоогүй гээд хэрэлдээд байсан. Г архи ууж дуусаад гэр рүү яваад өгсөн. Би Гтой цуг Гын гэр рүү очоод “ манай дүүг зодохын оронд намайг зодчих “ гээд Гыг толгой руу нь 2 удаа цохисон. Мөн Г миний хараа муутай найзыг чи зодлоо гээд Гыг 2 удаа цохиод авсан. Тэгсэн Г та 2 намайг нийлж зодлоо, хоёуланг чинь ална гээд хутга бариад туугаад намайг хашаан дотор хутгаар нэг удаа зүсэж биед гэмтэл учруулсан Г ирээд хутгыг нь булааж аваад миний цамцыг тайлаад цэвэрлэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,
- Гэрч Ж.Гын: Уын гэрээс бүгд гараад би Энхбаяртай цуг Гын гэрээр ороход Энхбаяр, Г нар хоорондоо маргаж эхлэхээр нь би архи уусан байсан учраас тэр хоёрын маргаан дундуур орж маргалдсан. Би маргалдаж байгаад болиулах санаатай Гын эрүү рүү нь нэг удаа цохиод боогоод зүүн орон дээр дараад унагаасан. Тэр дундуур Энхбаяр Гын дух руу нь 2 удаа цохиод авсан. Тэгсэн Г гүйж гараад зүүн гэрээсээ хутга аваад Энхбаярын нуруу руу хутгаар чичээд авсан. Би тэгэхээр нь Гыг тэврээд хутгыг нь булааж аваад Энхбаярын хутгаар зүсэгдсэн шархыг давуугаар боож цэвэрлэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
-Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлд: “ Хүнсний зориулалттай, шар өнгийн иштэй, 20 см урт, 2 см өргөнтэй хутга ” гэжээ /хх-ийг 05/,
-Мөрдөгчийн “ Эд мөрийн баримтаар тооцох тухай “ тогтоол /хх-ийг 06/,
- Хүний их эмч Б.Нарангоогийн “ Ж.Эын биед үзлэг хийсэн “ тодорхойлолт /хх- 19/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 525 дугаартай дүгнэлтэд: Ж.Эын биед зүүн талын даланд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна... гэжээ /хх-ийн 20/,
- Хүний их эмч Б.Нарангоогийн “ Х.Гын биед үзлэг хийсэн “ тодорхойлолт /хх- 15/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 524 дугаартай дүгнэлтэд: Х.Гын биед гэмтэл тогтоогдсонгүй... гэжээ /хх-ийн 16/,
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02/402 дугаартай тодорхойлолт /хх-04/
-Х.Гын иргэний үнэмлэхийн хуулбар/ хх-ийн 30/,
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02/402 дугаартай тодорхойлолт /хх-29/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/
- Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоол/хх- 34/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 81 дугаартай санал /хх-40/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Х.Г 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг, Алтан-Овооны ... тоот дахь өөрийн хашаандаа хохирогч Ж.Этай хувийн асуудлаас маргалдаж улмаас түүний зүүн дал орчимд хутгалж эрүүл мэндэд нь “ зүүн талын даланд хатгагдаж зүсэгдсэн шарх “ бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ж.Э, гэрч Ж.Г нарын мэдүүлгүүд, Мөрдөгчийн “ Эд мөрийн баримтаар тооцох тухай “ тогтоол, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 524 дугаартай дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Х.Г, хохирогч Ж.Э, гэрч Ж.Г нар хамт архи уух явцад Ж.Э нь “ манай дүүг элбэж зодсон ” гэх асуудлаар Х.Гтай маргаан үүсгэсэн, улмаар түүнийг гэртээ харьсны дараа гэрт нь очиж мөн асуудлаар дахин маргалдан Ж.Гын хамт түүнийг зодож цохисоны улмаас Х.Г нь хутга авч хохирогч Ж.Эын даланд нэг удаа хутгалж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь тухайн хэрэг гарахад хамт байсан гэрч Ж.Гын “ Би маргалдаж байгаад болиулах санаатай Гын эрүү рүү нь нэг удаа цохиод боогоод зүүн орон дээр дараад унагаасан. Тэр дундуур Энхбаяр Гын дух руу нь 2 удаа цохиод авсан. Тэгсэн Г гүйж гараад зүүн гэрээсээ хутга аваад Энхбаярын нуруу руу хутгаар чичээд авсан. Би тэгэхээр нь Гыг тэврээд хутгыг нь булааж аваад Энхбаярын хутгаар зүсэгдсэн шархыг давуугаар боож цэвэрлэсэн” гэх,
хохирогч Ж.Эын “ Би Гтой цуг Гын гэр рүү очоод манай дүүг зодохын оронд намайг зодчих гээд Гыг толгой руу нь 2 удаа цохисон. Тэгээд Г миний хараа муутай найзыг чи зодлоо гээд Гыг 2 удаа цохиод авсан. Тэгсэн Г та 2 намайг нийлж зодлоо хоёуланг чинь ална гээд хутга бариад туугаад намайг хашаан дотор хутгаар нэг удаа зүсэж биед гэмтэл учруулсан. Г ирээд хутгыг нь булааж аваад миний цамцыг тайлаад цэвэрлэсэн” гэх,
шүүгдэгч Х.Гын “ Намайг унтаж байхад хүн цохиод авахаар нь би гайхаад сэрэхэд манай гэрт Энхбаяр, Г 2 орж ирсэн байсан. Намайг орноос Энхбаяр татаж унагаад Г гараараа боосон. Тэр хооронд Энхбаяр хэд хэдэн удаа миний толгойн тус газарт гараа цохисон. Би ноцолдож байгаад доороос нь босоод хашаан дотор байх гал тогооны гэр рүү гүйж ороод хоол хийдэг жижиг шар хутга бариад гарсан. Тэр үед Энхбаяр араас гүйж гарч ирээд над руу ирж байхаар нь хутгаараа дал орчимд нь хатгасан“ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 525 дугаартай “ Ж.Эын биед зүүн талын даланд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна “ гэх дүгнэлт,
Эд мөрийн баримт хураан авсан “ Хүнсний зориулалттай, шар өнгийн иштэй, 20 см урт, 2 см өргөнтэй хутга ” гэх тэмдэглэл зэргээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна.
Х.Г гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүний эсрэг хутга хэрэглэснээр эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа өөрийг нь зодсон Ж.Эын үйлдлээс шалтаглан түүнийг хутгалж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Тухайн хэрэг үйлдэгдэхэд хохирогч Ж.Эын өөрт хамааралгүй асуудлаар, үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар Х.Гыг гэрт нь ирж зодож, цохисон буруутай үйлдэл нөлөөлсөн байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Гын, хохирогч Ж.Эын даланд хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Х.Гын үйлдлийн улмаас хохирогч Ж.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 410.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч хохирлын талаар нэхэмжлэл гараагүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.
Шүүгдэгч Х.Г нь хохирогч Ж.Эын үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар гэрт нь ирж түүнийг зодож, цохисон зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Х.Гын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч Х.Гын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний хохирлыг нөхөн төлсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Х.Гад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Х.Гын “ Хэргийн зүйлчлэл болон торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Харин торгох ялыг тодорхой хугацааны дараа төлөх боломж олгож өгнө үү. Би Хятад улс руу том машинаар газрын тос руу зөөдөг юм. Одоо түр хугацаанд амарч байгаад 04 дүгээр сард буцаад ажилдаа орно. Ажилдаа ороод цалингаа авахаараа төлөх саналтай байна. Зургаан сарын хугацаанд төлөх боломжтой “ гэх хүсэлтийг хангах үндэстэй гэж үзлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэсэн зохицуулалтад нийцнэ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ хүнсний зориулалттай, шар өнгийн иштэй, 20 см урт, 2 см өргөнтэй хутга “- ыг шүүгдэгч Х.Г буцаан авахгүй гэсэн тул устгахаар тогтооно.
Шүүгдэгч Х.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан ялтан Х.Гад оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүхийн шатанд ялтан Х.Гад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ хүнсний зориулалттай, шар өнгийн иштэй, 20 см урт, 2 см өргөнтэй хутга”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймгийн тамгын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/46 тоот тушаалаар томилогдсон эд мөрийн баримт устгах, буцаан олгох, шилжүүлэх комисст даалгасугай.
6. Ялтан Х.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр хохирогчийн эмчилгээний зардалд 410.000 төгрөгийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ж.Э хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН
2019 оны 07 сарын 30 2019/ШЦТ/ Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч О.Идэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Идэрмаад холбогдох эрүүгийн 1930002680162 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Номадик Жорнис аяллын компанид хост ажилтай, ам бүл 4 эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр 12 айлын 12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /рд:ЛЮ95031508/ Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмаа.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Идэрмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ээж, аав хоёр ажилдаа дээрээ байсан. Харин би гэртээ ганцаараа байсан. Ээж, аав хоёрын мэддэггүй гар утас надад байсан тэрийгээ цэнэглэчихээд гэрээсээ гараад явсан хойгуур ээж, аав хоёр гэртээ ирээд над руу залгаад хаана байна, гэрийн түлхүүрээ авъя гэж ярьсан. Тэгээд намайг тэр хоёр ирж авсан. Гэртээ ирэхэд аав тэр утсыг харчихаад юу утас юм бэ? гэж надаас асуугаад, бид хоёр маргалдаж зодоон болсон. Ээж бид хоёрыг салгах гэж дундуур ороход нь аав ээжийг зодсон. Тухайн үед ээж цагдаа дуудсан байсан. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. Ээж бид хоёрыг зодсон учраас би цагдаад намайг хүчирхийлж байсан гэж худал мэдүүлэг өгсөн. Ингэж хэлвэл энэ хүн шоронд орчихно. Тэгээд ээжтэйгээ хамт тайван амьдарна гэж бодсон гэв.
Хохирогч Б.Чинбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэгээд гэртээ ирээд хаалга нээгээд дотогш ороход гэрт урьд нь харж байгаагүй гар утас цэнэглээтэй байхаар нь хэний утас юм хаанаас авсан юм гэхэд аль миний утас өгөөдөх пизда минь гэхээр нь өдийгөөс төдий хүртэл тэжээлэгчихээд намайг пизда гэлээ гэж хэлээд 2-3 удаа алгадчихаад утсыг нь аваад явсан. Тэгээд удалгүй цагдаагаас ярьж байна гэрийнхээ гадаа хүрээд ир гэсэн. Тэгээд 2 цагдаа та охиныхоо утсыг авсан байна утсыг нь өг гэсэн. Тэгье өгье гэсэн чинь цагдаа дээр очоод учраа ол гэсэн. Тэгээд манай охин Идэрмаа надад зодуулсандаа шаралхаад намайг өөрийг нь хүчирхийлдэг байсан. Өөрийг нь жирэмсэн болгосон гэж гүтгэсэн. Миний хувьд яагаад ийм хэрэгт гүтгэсэн талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй. Идэрмаань өөрөө учраа ойлгоод буюу мэдүүлэг өгснөө хүлээж байгаа учраас гомдол байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/.
Гэрч Х.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн:Отгонбилэгийн Идэрмаа гэдэг хүн над дээр ирж үр хөндүүлсэн зүйл байхгүй. Миний хувьд Оточ болор нэртэй эмнэлэг дээр хувиараа эмэгтэйчүүдийн үзлэг хийдэг. Уг газар ямар нэгэн мэс ажилбар хийх эрх байхгүй зөвхөн эхо болон үзлэг хийж эмчилгээ заадаг. Идэрмаа гэх хүнд үр хөндөлт хийсэн байлаа гэхэд би уг хүмүүсийг огт танихгүй уулзаж байгаагүй хүмүүс байна. Насанд хүрээгүй хүн жирэмсэн болоод үр хөндөлт хийлгэх бол эмч нарын зөвлөгөөнөөр заавал оруулж, заавал улсын эмнэлэг дээр хийдэг. Миний хувьд Идэрмаа гэх хүнд огт үр хөндөлт хийгээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15/
Яллагдагч О.Идэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Эхний мэдүүлгүүд дээр худлаа яриад байсан бололхоор ээж тэрийг мэдээд намайг үнэн ээ хэл гээд байгаа. Чинбаяр нь ээжийг байнга дарамталдаг мөн намайг гадуур гаргахгүй байсан болохоор чадах гээд худал мэдүүлэг өгсөн. Би Чинбаярыг гүтгээд мэдүүлэг өгсөн болохоор үнэмшилтэй болгох гээд Чинбаяраас жирэмсэн болж үр хөндүүлсэн гээд мэдүүлэг өгсөн. Би тухайн үед үерхэж байсан залуугаасаа жирэмсэн болоод үр хөндүүлсэн. Намайг жирэмсэн болгосон гэх үеийн хүүхдийг одоо санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын О.Идэрмаагийн ам бүл, оршин сугаа газрын талаарх 7/363 дугаар тодорхойлолт /хх-ийн 17-р хуудас/
О.Идэрмаагийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/
О.Идэрмаагийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31/
О.Идэрмаагийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 32/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 45-46/
О.Идэрмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Идэрмаагийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Чинбаяр, гэрч У.Отгонбилэг, Х.Батмөнх нарын мэдүүлэг, 20180001720222 дугаартай эрүүгийн хэрэгт О.Идэрмаагийн хохирогчоор өгсөн “...2010 оны зун 7 сард байх манай хамаатны надтай үеийн охидууд ээж ааваасаа зөвшөөрөл аваад Улаанбаатар хот явна гэсэн энэ үед би бас хотыг ямар байдгийг үзэх гээд аав Чинбаярт хэлэхэд чи надтай нэг л удаа унтчих тэгвэл чамайг шууд явуулна гэж хэлсэн. Миний хувьд ямар нэгэн зүйл хэлээгүй, чи ишээ хэвт гээд газраар хэвтүүлээд миний өмдийг шууд тайлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийж бэлгийн ажил хийсэн. Энэ үед би боль гэж эсэргүүцсэн боловч болиогүй хийж дуусгасан. Энэ бүх зүйл ингэж эхэлсэн... Үүнээс хойш ээж гэртээ байхгүй байх үед Чинбаяр надад хандаж 2-лаа унтъя гэж хэлдэг болсон энэ үед үгүй гэхээр 1-2 хоногийн дараа архи ууж ирээд ээжийг болон намайг зодож дарамталж, гэрээс хөөж гаргадаг байсан. Үүнээс болоод би ээж болон өөрийгөө зодуулж, шөнө нойргүй хонож байснаас хүссэн үед нь бэлгийн харьцаанд орж байя гэж бодоод бэлгийн харьцаанд орох санал тавьсан үед нь эсэргүүцэлгүй ордог байсан ....2012 оны 01 сард 10 дугаар ангид байхад миний биеийн юм ирэхгүй байхаар нь Чинбаярт хэлсэн чинь жирэмсэн эсэхийг шалгадаг тест авчирч өгөөд шалгасан чинь жирэмсэн гэсэн тэмдэг гаргсан. Маргааш нь надад эм авчирч өгөөд уулгасан боловч үйлчлээгүй, Би ээжид жирэмсэн болсон гэж хэлэхэд ээж намайг болон Чинбаярыг загнаад байсан... Тухайн үед Батмөнх гэх эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд 3 сартай жирэмсэн байна гээд Батмөнх эмчээр үр хөндүүлсэн... Миний хувьд Чинбаярын бэлгийн хүчирхийлэл 2010 оны 07 дугаар сараас эхлээд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хүчиндүүлсэн. Энэ байдал 7 хоногт хамгийн багадаа 1 удаа эсвэл 2-3 удаа болдог байсан...” гэх мэдүүлэг, шүүх сэтгэц эмгэг судлалын 661 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхна шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Идэрмаад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Идэрмаа нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг өөрийн хойт эцэг Б.Чинбаярыг ээжийг нь байнга зодож, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдэг шалтгаанаар түүнээс хариугаа авах зорилгоор Б.Чинбаярыг өөрийг нь 15 нас 4 сартайгаас эхлэн хүчиндсэн, түүнээс жирэмсэн болж үр хөндүүлсэн хэмээн мөрдөн шалгах ажиллаганы явцад удаа дараа зориуд худал мэдүүлэг уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Шүүгдэгч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэж хохирол учруулсан байна.
Шүүгдэгч О.Идэрмаагийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул О.Идэрмааг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Идэрмаад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Идэрмаад хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Идэрмаа нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмааг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Идэрмааг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Идэрмаагийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
4. Ялтан О.Идэрмаа нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Чинбаяр, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Идэрмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР