Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 720

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би, 
            Нэхэмжлэгч: Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, 
       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байрлах, 4003489 регистрийн дугаартай, “Тэлмэн төгөлдөр” ХХК-д холбогдох,
          Татварын өр 936.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  


ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн дарга Б.Бямбажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2009 онд төрөлжсөн бус барааны болон гэрийн мод үйлдвэрлэл чиглэлээр үүсгэн байгуулагдсан “Тэлмэн төгөлдөр” ХХК-ийн 2009-2012 оны татварын ногдуулалт, төлөлтийг санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Туул, М.Галсүрэн нар шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар нийт 6.200.000 төгрөгийн зөрчил илэрч уг зөрчилд 620.000 төгрөгийн нөхөн татвар, 310.000 төгрөгийн торгууль, 1900 төгрөгийн хүү нийт 931.900 төгрөгийн төлбөрийг 2013 оны 11 дүгээр сарын 10-ны дотор төлүүлэхээр актыг тогтоосон байна. 2015 оны 5 дугаар сард шүүхэд шилжүүлэхээр материалыг бүрдүүлэн татвар төлөгчид мэдэгдэхэд графикийн дагуу өрийг барагдуулна гэж бичгээр тайлбар өгсөн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдэх хуудсыг гардуулсан боловч татварын өрийг барагдуулаагүй байна. Татварын хэлтсийн зүгээс татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуульд заасан татварын өр барагдуулах шат дараалсан арга хэмжээг цаг хугацаанд нь авч, зохих шаардлагыг тухай бүр тавьж ирсэн. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 “Татварын алба нь шүүхэд дараах асуудлаар нэхэмжлэл гаргана” гэсэн заалтын 28.2.6-д заасан “Хууль тогтоомжид заасан бусад асуудлаар” гэсэн заалтыг удирдлага болгон Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хугацаандаа төлөөгүй татварын өрийг хураах шат дараалсан арга хэмжээний дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргав. Иймд “Тэлмэн төгөлдөр” ХХК-аас 2013 оны Хяналт шалгалтын актаар тогтоосон татварын 931.900 төгрөгийн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын оны эхний дутуу 4100 төгрөг, нийт 936.000 төгрөгийн татварын өрийг гаргуулж өгнө үү” гэжээ. 
         Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн дарга Б.Бямбажаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Тэлмэн төгөлдөр” ХХК нь хугацаандаа төлөөгүй татварын 936.000 төгрөгийн өрийг бүрэн барагдуулсан тул 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/352 дугаар нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “Тэлмэн төгөлдөр” ХХК-аас татварын өр 936.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Тэлмэн төгөлдөр” ХХК нь нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох татварын өр 936.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч “Тэлмэн төгөлдөр” ХХК нь нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.  

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын өр 936.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Тэлмэн төгөлдөр” ХХК биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
               2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай. 
         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 


ШҮҮГЧ                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ