Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 189

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Эт холбогдох 1930003990236 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1961 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байх, хувийн мал ахуй эрхлэх, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг Д гэх газарт оршин суух,  П.Э.

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 Шүүгдэгч П.Э нь 2019 оны 06 дугаар сард өөрийн хонинд нийлсэн 14 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшиж хохирогч Н.Нт 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын сүүлээр шуурганаар манай хонинд хэсэг хонь ирж нийлсэн. Тэдгээр хонийг би тэмдэг хийгээд авчихсан юм. Айлын хоньтой манай хонь нийлэхэд алдчихгүй гэж бодоод будсан. Хүн нь өөрөө хонио танихгүй “ ээмэгтэй хонь “ гэж яриад байсан. Манайхан ойрхон нутагладаг, Н.Нынх ойролцоогоор 5 км зайтай. Манай хонинд 06 дугаар сард ирж нийлээд 08 дугаар сар хүртэл байсан. 08 дугаар сард эзэн мэдээд бүгдийг нь авсан. Хохирогчтой уучлалт гуйгаад эвлэрсэн. Энэ нь миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

- Хохирогч  Н.Нын: 2019 оны 06 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “ Дэрсэн худаг” гэх газраас 23 хонь тасдаж алдаад олохгүй байсан. Тэгээд эрэл хийж байгаад 9 хонио олоод үлдсэн хонио олохгүй байсан чинь Э гэх хүн миний 14 төлгийг чихэнд нь байсан ээмгийг авч хаяад дээрээс нь хул будгаар будаж өөрийнхөө хоньтой ижил тэмдэг хийсэн байсныг олж авсан. Уг нь тэр үедээ Эаас манай малчин Батхүү асуугаад байсан хэлэхгүй, хажуу айлынхаа Ууган гэж хүнд зээл авч хүнээс цуглуулсан мэтээр ярьж байсан байдаг. Одоо надад энэ хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 04/,

- Гэрч Г.Бгийн:  Би 2019 оны 05 дугаар сарын 27-нд Наас 200 толгой хонь сарын 250,000 төгрөгөөр харж өгөхөөр тохиролцоод Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Мандах” гэдэг газар гарч хариулж байсан юм. 2019 оны 06 дугаар сарын эхээр хонио тоолсон чинь хониноос 22 төлөг, 1 хязаалан эр хоньтой дутсан. Тэгээд тэр хавиараа эрээд олоогүй. Тэгсэн дараахан Н өөрөө надад эзнийг нь олсон. П.Э гэх хүний хонинд байгаа гэж хэлсэн. ..гэх мэдүүлэг /хх-ийн 09/,

- Гэрч Э.Уын: 2019 оны 06 дугаар сарын сүүлээр манайх Э ахын хониноос өөрийнхөө хонийг ялгаж авсан юм. Тэгэхэд манай хониноос мэдэхгүй олон янзын имтэй хонь гарч ирээд байхаар нь Э ахаас асуусан чинь би Б хүүхний хүүхдүүдээс авсан юм гэж надад хэлсэн. Тэгсэн Н ах тэр үед хонь алдсан гээд эрээд байхаар нь би манай хонинд хэдэн хонь ирсэн байна. Та тэрийг үзээрэй гэж хэлсэн. Тэгсэн тэр Н ахын хонь байсан, яг хэд байсныг тоолоогүй. Тэр хонинууд чих нь ээмэг зүүсэн нүхтэй, тэр нүхийг нь будгаар будаад байсан. Тэр үедээ надад Э ах тэтгэврийн зээл аваад хонь цуглуулсан гэхээр нь би итгээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 08/,
-    Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малын үнэлгээ /хх-ийн 10/

    - Хохирогч  Н.Нын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан ” Уулбаян сумын 2 дугаар багийн иргэн Н.Н нь 6 сарын 07-ны өдөр 14 тооны хонь алдсан. Үүнийг 3 дугаар багийн иргэн Энхээ аваад намайг хохиролгүй болгосон, одоо надад гомдол байхгүй “ гэх тодорхойлолт /хх- 23/.

-П.Эын Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 17/

 -  П.Эын оршин суугаа хаягийн лавлагаа /хх- 18/

- П.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19/

- Яллагдагч П.Эын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх- 27/,

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаартай санал /хх-28/,

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2019.10.30 /хх- 24 зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч П.Э нь 2019 оны 06 дугаар сарын 06-07-ны үед Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “ Д “ гэх газраас иргэн Н.Нын бороонд уруудаж алдагдсан 2 настай 14 тооны хонийг / төлөг/ бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн хонинд нийлүүлэн завшиж хохирогч Н.Нт 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Н.Н, гэрч Г.Б, Э.У нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малын үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

    Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч П.Э нь бороонд уруудаж алдагдан, өөрийн хонинд нийлсэн хонийг бусдын өмчлөл, эзэмшлийнх болохыг мэдсээр байж хонины чихэн дэх ээмгийг нь авч будгаар будаж өөрийн хониндоо нийлүүлсэн үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь түүний “ 2019 оны 06 дугаар сарын сүүлээр шуурганаар манай хонинд хэсэг хонь ирж нийлсэн. Тэдгээр хонийг би тэмдэг хийгээд авчихсан юм. Айлын хоньтой манай хонь нийлэхэд алдчихгүй гэж бодоод будсан. Манай хонинд 06 дугаар сард ирж нийлээд 08 дугаар сар хүртэл байсан. 08 дугаар сард эзэн мэдээд бүгдийг нь авсан“ гэх,
гэрч Г.Бгийн “ Би 2019 оны 06 дугаар сарын эхээр хонио тоолсон чинь хониноос 22 төлөг, 1 хязаалан эр хоньтой дутсан. Тэгээд тэр хавиараа эрээд олоогүй. Тэгсэн дараахан Н өөрөө надад эзнийг нь олсон. П.Э гэх хүний хонинд байгаа гэж хэлсэн ” гэх,
гэрч Э.Уын “ манай хониноос миний мэдэхгүй олон янзын имтэй хонь гарч ирээд байхаар нь Э ахаас асуусан чинь би Б хүүхний хүүхдүүдээс авсан юм гэж надад хэлсэн. Тэгсэн Н ах тэр үед хонь алдсан гээд эрээд байхаар нь би манай хонинд хэдэн хонь ирсэн байна. Та тэрийг үзээрэй гэж хэлсэн. Тэгсэн тэр нь Н ахын хонь байсан, яг хэд байсныг тоолоогүй. Тэр хонинууд чих нь ээмэг зүүсэн нүхтэй, тэр нүхийг нь будгаар будаад байсан. ” гэх мэдүүлгүүдээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна.

    П.Э гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын бусдын эд зүйлийг авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бороонд уруудан ижил сүргээсээ тасарч нийлсэн хонины тэмдэг буюу ээмгийг авч, чихийг будаж өөрийн эзэмшилд авч завшин бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
    
    Шүүгдэгч П.Эын, хохирогч Н.Нын алдуул 14 хонийг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

    П.Эын үйлдлийн улмаас хохирогч Н.Нт 700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь 14 хонийг зүсээр буцаан өгч хохирлыг барагдуулсан болох нь Н.Нын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан “ Уулбаян сумын 2 дугаар багийн иргэн Н.Н нь 6 сарын 07-ны өдөр 14 тооны хонь алдсан. Үүнийг 3 дугаар багийн иргэн Энхээ аваад намайг хохиролгүй болгосон, одоо надад гомдол байхгүй “ гэх тодорхойлолтоор нотлогдоно /хх- 23/.
    Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Малын үнэлгээгээр Н.Нын хонь/2 настай төлөг / тус бүрийг 50.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Шүүгдэгч П.Эын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.            

П.Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч П.Эын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд П.Эт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоолоо.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ Өмгөөлөгчийн зүгээс прокурорын гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин миний үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, орлого олох боломжийг  харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү саналтай байна “ гэх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч П.Э нь хувийн мал ахуй эрхэлдэг, тодорхой эд хөрөнгө, орлоготой, ам бүл хоёул зэрэг хувийн байдал хэргийн баримтаар тогтоогдох бөгөөд шүүхээс оногдуулах торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлөх боломжгүй тийм нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдъя.
        
    Шүүгдэгч П.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.


    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  П.Эыг алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эын 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

    3. Шүүхийн шатанд ялтан П.Э таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

    4. Ялтан П.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй,түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Н.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
    
    5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН