| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00604/И |
| Дугаар | 730 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 730
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багт оршин суух, 1977 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ77121709, Баавшууд овогт Адилбишийн Чулуунхүүгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бадархын 22 дугаар байрны 2 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ82102774, Зуутраг овогт Сэсээрийн Мөнхбатад холбогдох,
Орон сууц худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 19.951.000 төгрөг, алданги 10.048.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Чулуунхүү, хариуцагч С.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Чулуунхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэн С.Мөнхбаттай харилцан ярилцаж тохиролцоод Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 08-01 тоотод баригдсан 11 айлын орон сууцны 28 м.кв 1 өрөө байрыг 25.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж байрны урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр буюу гэрээ байгуулсан өдрөө С.Мөнхбатын Хаан банкны 5064060764 тоот данс руу шилжүүлсэн. 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу үлдэгдэл 15.000.000 төгрөгийг байрыг ашиглалтанд ормогц, гэрчилгээ гарахад өгөхөөр тохирсон. Гэтэл С.Мөнхбат надтай ирж уулзаад уг байрыг 23.000.000 төгрөгөөр аваарай, та одоо надад өмнө өгсөн байрны урьдчилгаа мөнгөн дээрээ нэмээд 3.000.000 төгрөг өгчих гэж гуйсан. Ингээд бид хоёр нотариатч дээр очоод уг тохиролцоогоо бичгээр үйлдэж, гэрчлүүлээд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр С.Мөнхбатын эхнэр Н.Оюунгэрэлийн Капитал банкны 2030003036 тоот данс руу 3.000.000 төрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр С.Мөнхбат бид 2 тохиролцоод 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 628 тоот худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 1 өрөө байраа 2 өрөө 39 м.кв байр болгон өөрчилж, байрны үнийг 33.000.000 төгрөгөөр тохиролцож, өмнө өгсөн урьдчилгаа мөнгөн дээрээ нэмээд 5.000.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 13.000.000 төгрөгийг байрыг ашиглалтанд орсны дараа 0,8 хувийн хүүтэй зээлд хамруулан өгөхөөр тохиролцсон. Мөн уг гэрээний нэмэлтээр байрыг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ашиглалтад оруулахаар тохирсон бөгөөд мөн өдөр ашиглалтад оруулж чадахгүй бол мөнгөө тухайн өдрөө эргүүлэн гаргахдаа хоног тутмын 0.5 хувийн алданги тооцож авахаар тохиролцсон болно. Ингээд гэрээний тохиролцоо ёсоор миний бие 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хас банк дахь өөрийн 5000973042 тоот данснаас 5.000.000 төгрөг авч С.Мөнхбатыг өөрийн дүүгийн дэлгүүр дээр дуудаж ирүүлээд дүүгийнхээ хажууд бэлнээр 5.000.000 төгрөг өгсөн. С.Мөнхбат нь түүнээс хойш надаас дээл оёулж авах, мах авах, бараа авах зэргээр бэлэн бусаар нийт 1.951.600 төгрөгийн зүйл авсан. Гэрээнд заасан байр ашиглалтад оруулах хугацаа аль хэдийн өнгөрсөн байхад С.Мөнхбат нь гэрээнд заасан үүргээ биелүүлж байрны өмчлөх эрхийг надад шилжүүлж өгөхгүй байгаа бөгөөд одоо уг байр нь Ц.Баясгалан гэдэг хүний нэр дээр өмчлөх эрх нь шилжсэн байх тул миний бие С.Мөнхбаттай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж, уг гэрээний дагуу бэлнээр шилжүүлсэн 18.000.000 төгрөг бэлэн бусаар өгсөн 1.951.600 төгрөг, нийт 19.951.600 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд заасны дагуу 0.5 хувийн алданги тооцохоор 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийтдээ 658 хоног, бэлнээр өгсөн 18.000.000 төгрөгөөс 0.5 хувийн алданги тооцохоор хоногийн 90.000 төгрөг, 658 хоногоор үржихээр 62.679.764 төгрөг гарч байна. Миний бие алдангийг гэрээнд заасныхаа дагуу нэхэмжлэх хүсэлгүй байгаа тул алдангид 10.048.400 төгрөг, нийтдээ 30.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч С.Мөнхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “А.Чулуунхүү нь байр захиалан 2013 оны 7 дугаар сард 10.000.000 төгрөг, 2013 оны 1 дүгээр сард 3.000.000 төгрөг , 2015 оны 9 дүгээр сард 5.000.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сард бараа таваар оролцуулан 1.951.600 төгрөг, нийт 19.951.600 төгрөгийн урьдчилгаа өгсөн нь үнэн. Надад өгсөн энэхүү мөнгөндөө зөрүүг өгөхгүйгээр 43 м.кв байранд орно гэхэд нь бидний зүгээс тийм боломж байхгүй гэсэн хариу өгсөн . Нэхэмжлэгч нь энэхүү байрандаа 6 сар амьдарсан бөгөөд цаашид байрандаа амьдрахгүйгээр намайг 25.000.000 төгрөг өгөөд эгч нь өөр байранд оръё гэж ярьж байсан. Уг байрыг босгосон өр төлбөр их байгаа учир 10.000.000 төгрөгийн алданги төлөх боломж байхгүй. Алдангид 5.000.000 төгрөг л өгнө. Тэрнээс илүү өгч чадахгүй. Урьдчилгаанд өгсөн 19.951.600 төгрөг төлөхийг зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Чулуунхүү нь хариуцагч С.Мөнхбатад холбогдуулан орон сууц худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 19.951.000 төгрөг, алданги 10.048.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.Мөнхбат нь “Урьдчилгаанд өгсөн 19.951.600 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Алданги хэмээн нэхэмжлээд байгаа 10.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийн төлөх боломжтой. Үлдсэн алдангийг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, хариуцагч нь тус гэрээний 1 дүгээр зүйлд зааснаар “Улаангом сумын 3 дугаар баг, 8-1 тоотод байрлах 28 м2 талбайтай, 1 өрөө орон сууцыг 25.000.000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдаж, нэхэмжлэгч нь орон сууцны нийт үнэд 10.000.000 төгрөгийг бэлнээр, үлдэх 15.000.000 төгрөгийг байр ашиглалтад ормогц буюу гэрчилгээ гарахад төлөхөөр тус тус тохиролцжээ.
А.Чулуунхүү, С.Мөнхбат нар нь 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дээрх “Худалдах, худалдан авах гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулж, 1 өрөө 28 м2 байрыг 2 өрөө 39 м2 байр болгон өөрчилж, байрны үнийг 33.000.000 төгрөгөөр тохиролцсон байна.
Зохигчдын хооронд “Худалдах, худалдан авах гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч нь тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээг тогтоон орон сууц захиалж, хөлсийн тодорхой хувийг төлсөн, хариуцагч нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч А.Чулуунхүүгийн захиалгаар гүйцэтгүүлсэн орон сууцын өмчлөгчөөр Ц.Баясгалан бүртгэгдсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, хариуцагчаас мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.5-д зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн 19.951.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ.
Түүнчлэн зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний нэмэлт өөрчлөлтөд байрны захиалгын урьдчилгаанд 15.000.000 төгрөг өгсөн бөгөөд гэрээг цуцалсан тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан ба 15.000.000 төгрөгт ногдох алдангийг /хоног тутам 75.000 төгрөг/ тооцож үзэхэд үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 15.000.000 төгрөгийн 50 хувь буюу алданги 7.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Харин зохигчид нь 3.000.000 төгрөг болон бэлэн бусаар өгсөн гэх 1.951.600 төгрөг, нийт 4.951.600 төгрөгт алданги тооцохоор тохиролцоогүй байх тул уг мөнгөнд ногдох алдангийг гаргуулах боломжгүй байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх зааснаар хариуцагч С.Мөнхбатаас гэрээний дагуу шилжүүлсэн 19.951.000 төгрөг, алданги 7.500.000 төгрөг, нийт 27.451.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Чулуунхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.548.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхбатаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээ буюу 27.451.600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 295.208 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Чулуунхүүд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Мөнхбатаас гэрээний дагуу шилжүүлсэн 19.951.000 /арван есөн сая есөн зуун тавин нэгэн мянга/ төгрөг, алданги 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг, нийт 27.451.600 /хорин долоон сая дөрвөн зуун тавин нэгэн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Чулуунхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.548.000 /хоёр сая таван зуун дөчин найман мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307.950 /гурван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамж 295.208 /хоёр зуун ерэн таван мянга хоёр зуун найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Чулуунхүүд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ