| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00745/И |
| Дугаар | 738 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 738
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 404-52 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, регистрийн дугаар УС61100921, Харагчууд овогт Баатарын Уранчимэгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1961 онд төрсөн, 55 настай. Би 1980 оноос эхлэн Монгол банк, Өмнөговь сумын Ахуйн үйлчилгээний төвийн нягтлан бодогч, Төвлөрсөн нягтлан бодох бүртгэлийн анги, Зам барилга ашиглалтын трест, Аймгийн шүүхэд тус тус ажиллаж ирсэн билээ. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон ба баримтаа бүрдүүлэхэд зарим байгууллагад ажилд орсон гарсан тушаалууд аймгийн архивт байхгүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд 1980 оны 7 дугаар сарын 15-наас 1984 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс Банкны конторын нягтлан бодогчоор, 1984 оны 10 дугаар сарын 02-ноос 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь сумын Ахуйн үйлчилгээний төвд нягтлан бодогчоор, 1988 оны 1 дүгээр сарын 25-наас 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Төвлөрсөн нягтлан бодох ангид Биеийн тамир, спорт хорооны нягтлан бодогчоор ажиллаж байсныг тус тус сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Р.Алтанцэцэг, Е.Маамуу, Б.Баттулга нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Уранчимэг нь 1980 оны 7 дугаар сарын 15-наас 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Увс Банкны контор, Өмнөговь сумын Ахуйн үйлчилгээний төв, Увс аймгийн Төвлөрсөн нягтлан бодох ангид нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Баатарын Уранчимэгийн 1984 оны 10 дугаар сараас 1987 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Ахуй үйлчилгээний төвд нягтлан бодогчоор ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Мөн Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 315 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Банкны конторын 1980-1984 оны, Төвлөрсөн нягтлан бодох ангийн 1988 оны цалингийн баримтууд шилжиж ирээгүй тул Баатар овогтой Уранчимэгийн ажилласан жилийг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.
Увс Банкны контороос Б.Уранчимэгт 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1980 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Увс банкны конторын зээлийн байцаагчаар авч ажиллуулав, 1980 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, оператор нягтлан бодогчоор ажиллуулав, 1984 оны 8 дугаар сарын 31-ний өдөр оператор нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлж Өмнөговь Ахуйн үйлчилгээний ангийн мэдэлд шилжүүлэв, 1984 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь сумын Ахуйн үйлчилгээний төвд төлөвлөгч тооцооны нягтлан бодогчоор авч ажиллуулав, 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь Ахуйн үйлчилгээний төвийн төлөвлөгч нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөв, 1988 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Төвлөрсөн нягтлан бодох ангид түр авч ажиллуулав /Биеийн тамир, спорт хороо, асрамжийн газрын нягтлан бодогчоор/, 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төвлөрсөн нягтлан бодохийн анги татан буугдсантай холбогдуулан ажлаас чөлөөлж, аймгийн санхүүгийн хэлтсийн мэдэлд шилжүүлэв...” гэжээ.
Түүнчлэн Увс банкны конторын даргын 1984 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 46/111 дүгээр “Ажлаас халах тухай” тушаалд: “Ар гэрийн гачигдал, өөрийнх нь гаргасан өргөдөл, хүсэлтийг үндэслэн н.Уранчимэгийг 1984 оны 8 дугаар сарын 31-нээр тасалбар болгон оператор нягтлан бодогчийн үүрэгт ажлаас халсугай...” гэжээ.
Увс аймгийн Өмнөговь сумын Ахуй үйлчилгээний ангийн даргын 1984 оны 10 дугаар сарын 66 дугаар тушаалд: “Ахуйн үйлчилгээний төвд тооцооны нягтлан бодогчоор Баатар овогтой Уранчимэгийг 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай...” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Р.Алтанцэцэг, Б.Баттулга, Е.Маамуу нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Р.Алтанцэцэгийн “Миний бие нь Увс аймгийн Банкны контор буюу одоогийн Монгол банкинд 1979 оноос 1991 он хүртэл тоологч, хянагч болон оператор нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Б.Уранчимэг нь Увс аймгийн Банкны конторт 1980 оноос хянагч нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн бөгөөд 1984 оныг хүртэл ажилласан. Манай байгууллага олон нягтлан бодогчтой байсан бөгөөд Б.Уранчимэг нь тэдгээрийн нэг юм. Тухайн үед Увс аймгийн Банкны конторын даргаар Ц.Бадарч гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч Б.Баттулгын “Миний бие нь 1985 оноос 1988 он хүртэл Увс аймгийн шүүхэд тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тухайн үед Өмнөговь суманд Хэсгийн ардын 5 дугаар шүүх гэж Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумуудыг хамарсан шүүх ажилладаг байсан бөгөөд намайг тус газар ажиллаж байхад Б.Уранчимэг нь 1984 оноос 1987 он хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Ахуйн үйлчилгээний ангид нягтлан бодогчоор ажиллаж байсан. Б.Уранчимэгийн нөхөр нь Өмнөговь суманд Хэсгийн ардын 5 дугаар шүүхэд шүүгчээр ажилладаг байсан ба би түүний нарийн бичиг, тогтоол гүйцэтгэгчээр ажилладаг байсан бөгөөд Өмнөговь суманд манай хоёр гэр айл хөрш амьдардаг байсан. Тиймээс би Б.Уранчимэгийн ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна. Тухайн үед Увс аймгийн Өмнөговь сумын Ахуйн үйлчилгээний ангийн даргаар Д.Цэдэнбал ажиллаж байсан” гэж, гэрч Е.Маамуугийн “Миний бие нь 1957 оноос 1991 он хүртэл Увс аймгийн Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргаанд Санхүүгийн хянан байцаах тасагт байцаагч, Аж ахуйн хэлтэст нягтлан бодогч, Төвлөрсөн нягтлан бодох ангийн орлогч даргаар тус тус ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Б.Уранчимэг нь 1988 оны 1 дүгээр сараас 1988 оны 5 дугаар сар хүртэл Төвлөрсөн нягтлан бодох ангид Биеийн тамир, спорт хорооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тухайн үед Төвлөрсөн нягтлан бодох ангийн даргаар Д.Төвжаргал, орлогч даргаар миний бие ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Б.Уранчимэг нь 1980 оны 7 дугаар сарын 15-наас 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Увс Банкны контор, Өмнөговь сумын Ахуйн үйлчилгээний төв, Увс аймгийн Төвлөрсөн нягтлан бодох ангид зээлийн байцаагч, нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс Банкны контороос 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдөр түүнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс банкны конторын даргын 1984 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 46/111 дүгээр “Ажлаас халах тухай” тушаал, Увс аймгийн Өмнөговь сумын Ахуй үйлчилгээний ангийн даргын 1984 оны 10 дугаар сарын 66 дугаар тушаал, гэрч Р.Алтанцэцэг, Б.Баттулга, Е.Маамуу нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Уранчимэгийн хүсэлтийг хангаж, түүний Увс Банкны конторт 1980 оны 7 дугаар сарын 15-наас 1980 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл зээлийн байцаагчаар 2 сар 12 хоног, 1980 оны 9 дүгээр сарын 27-ноос 1984 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оператор нягтлан бодогчоор 3 жил 11 сар 4 хоног, 1984 оны 10 дугаар сарын 02-ноос 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Ахуйн үйлчилгээний төвд төлөвлөгч тооцооны нягтлан бодогчоор 3 жил 2 сар 28 хоног, 1988 оны 1 дүгээр сарын 25-наас 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Төвлөрсөн нягтлан бодох ангид Биеийн тамир, спорт хороо, асрамжийн газрын нягтлан бодогчоор 3 сар 5 хоног, нийт 7 жил 7 сар 19 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Харагчууд овогт Баатарын Уранчимэгийн Увс Банкны конторт 1980 оны 7 дугаар сарын 15-наас 1980 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл зээлийн байцаагчаар 2 /хоёр/ сар 12 /арван хоёр/ хоног, 1980 оны 9 дүгээр сарын 27-ноос 1984 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оператор нягтлан бодогчоор 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 4 /дөрөв/ хоног, 1984 оны 10 дугаар сарын 02-ноос 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Ахуйн үйлчилгээний төвд төлөвлөгч тооцооны нягтлан бодогчоор 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар 28 /хорин найм/ хоног, 1988 оны 1 дүгээр сарын 25-наас 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Төвлөрсөн нягтлан бодох ангид Биеийн тамир, спорт хороо, асрамжийн газрын нягтлан бодогчоор 3 /гурав/ сар 5 /тав/ хоног, нийт 7 /долоо/ жил 7 /долоо/ сар 19 /арван ес/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ