Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 188

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр
Шүүгдэгч Т.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Шад холбогдох 1930004070256 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
 
 Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “Б” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Т.Ш.

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 Шүүгдэгч Т.Ш нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Д.Хын ХААН банкны 5640025770 тоот данснаас 1.313.600 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт  хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч Т.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019.09.11-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд ирсэн. Д.Х ах надаар адуу хариулуулна гэж хэлж авчирсан. Гэтэл энд ирснийхээ дараа бог мал хариулах уу? гэж асуухаар нь бодож байгаад хариу хэлнэ гэж хэлсэн. 2019.09.20-ны өдөр надаар адууны зүчээ бариулж эхэлсэн. Надаар адуу маллуулна гэж хэлж авчирчхаад бог мал маллуулна гэсэн учраас үүнийг би зөвшөөрөөгүй. Тиймээс гэр рүүгээ харихаар болоод 2019.09.27-ны өдөр явсан. Явахдаа Д.Х гэдэг хүний виза картыг нь аваад явсан. Би Улаанбаатар хотод ирээд “Драгон” автовокзал дээрээс гэр рүүгээ явсан...гэв.

- Хохирогч Д.Хын: Би 2019 оны 09 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ш гэх залуугаар малаа маллуулах гэж авчирсан юм. Би авчраад хөдөө явуулаагүй Уулбаян сумын төвд өөрийн гэртээ байлгаж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн үед 89479060 гэсэн дугаараас нэг эмэгтэй хүн над руу залгаад “танайд байгаа Шын ээж нь байна. Наад хүүхдийн аав нь аваарт ороод бие нь муу байна” гэхээр нь би “за энэ хүүхдийг хот явах унаа олоод явуулъя гэж хэлсэн. Би 15 цаг 22 минутад залгаж ярихад “нөгөө хүн нас барчихлаа” гэж надад хэлсэн. Тэгээд би Уулбаян сумын төв дээрээс Улаанбаатар явах унаа олоод нөгөө Ш гэх хүүхдийг явуулсан юм. Тухайн үедээ би тэр хүүхдийг явуулахдаа зардлын мөнгө 80.000 төгрөг бэлэн өгч явуулсан. Өнөөдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө би өөрийн утсаа нээгээд харсан чинь миний утсанд мессеж ирэхээр нь харахад миний данснаас 1 сая 322 мянган төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгээд би өөрийн ХААН банкны виза картаа үзэхэд миний карт алга болсон байсан. Манайд Шаас өөр хүн байгаагүй юм. Би Шад картынхаа кодоо хэлж өгөөгүй. Шатахуун түгээх станц дээр түлш аваад тооцоо хийх үед түгээгч надаас асуухаар тэр үед тогтоож авсан байх гэж бодож байна. Улаанбаатар хотод 6 удаа уншуулаад нийт 1 сая 322 мянган төгрөг авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,

- Гэрч Х.Огийн: Манайх Уулбаян сумын 2 дугаар баг 24-н айлын 12 тоотод байдаг юм. Нэг гэр болохоор хөдөө “М” гэх газар байдаг. Манай нөхөр мал харуулна гээд 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн харьяат гээд Ш гэдэг хүүхэд гэртээ авч ирсэн юм. Тэгээд нөхөр тэр хүүхдийг шууд мал дээрээ гаргаад яах юм, таньж мэдэхгүй, хүн таньж байгаад мал руугаа явуулна гээд 10 гаран хоног сумын төвд өөрөө дагуулаад морины жүчээ бариад яваад байсан. Тэгсэн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхрийн утас руу нэг эмэгтэй хүн залгаад Шыг өргөж авсан аав нь хотод аваарт орчихлоо гэж ярьсан байсан. Тэгээд Шыг унаа эрж байгаад Улаанбаатар хот явах унаад суулгаад өөрт нь 80.000 төгрөг өгөөд явуулсан. Явахдаа ажлаа зохицуулчихаад буцаад ирнэ гээд явсан. Тэгсэн 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай нөхрийн утсанд данснаас нь мөнгө гарсан мессеж ирээд байсан. Тэгээд дансаа хаалгаж амжилгүй нийт 1 сая 300 мянган төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Тэгсэн Ш явахдаа манай картыг хулгайлж авч явсан байсан. Тэгээд утсаар ярьж байгаад 820.000 төгрөгөө буцааж аваад үлдэгдэл мөнгөө авч чадахгүй болохоор цагдаад хэлсэн. Карт нь манай гал тогоонд хоолны шүүгээний дээд хэсэгт байсан. Ш өөрөө манайд цуг амьдарч байсан болохоор явахдаа л хулгайлж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

- Гэрч Д.Эын: Манай хүү Ш Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумаас 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод очиж ажил хийнэ гэж гарсан юм. Улаанбаатарт очоод хэд хоног ажил хийж байна гээд яриад байсан. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш утас нь холбогдохгүй болсон. Тэгсэн 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өөрийнхөө утсаар гэр рүүгээ явж байна гэж мессеж бичсэн байсан. Тэгсэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд гэртээ ирсэн байсан. Би тэр үед гэртээ байхгүй Өмнөговь аймагт уурхайд ажиллаж байсан юм. Тэгсэн 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай эхнэр рүү танай хүүхдийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна гэж хүн ярьсан байсан. Тэгээд би шууд Өмнөговь аймгаас Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд ирж хүүтэйгээ уулзахад Сүхбаатар аймгийн Уулбаян суманд очиж айлд ажил хийж байгаад ирэхдээ уг айлынхаа хүний виза картыг нь авч ирээд 1 сая 300 мянган төгрөг аваад хагасыг нь үрээд 820.000 төгрөгийг нь буцааж өгсөн гэж надад хэлсэн. Тэгээд би яагаад хүний карт авч ирсэн талаар асуухад урьд өдөр нь надад картаа өгч бензин авахуулаад картаа надаас буцааж аваагүй, би өмднийхөө халаасанд хийчихсэн тэр чигээрээ ирсэн гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10 /

-Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/,

-Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 24-25/,

- Хохирогч Д.Хын цагдаагийн газарт гаргасан: Уулбаян сумын 2 дугаар багийн иргэн Д.Х  би 2019.09.25-нд гэрээсээ виза картаа алдаж 1 300 000 төгрөгөө алдсан. Ш нь надад учруулсан хохирлоо барагдуулсан болно. Иймд Ш холбогдох хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү...гэх хүсэлт /хх-ийн 26/,

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02/402 дугаартай тодорхойлолт  /хх-04/

-Т.Шын иргэний үнэмлэхийн хуулбар/ хх-ийн 28/,  

-Т.Шын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/

- Хохирогч Д.Хт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-ийн 34/
 
-  Яллагдагч Т.Шад Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-ийн 33/

- Т.Шын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт  /хх-ийн 36/,

- 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 83 дугаартай “ Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх “ прокурорын санал/хх- 37/ зэрэг баримтууд болно.

 Шүүгдэгч Т.Ш нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн иргэн Д.Хын гэрээс түүний ХААН банкны виза картыг хулгайлан авч 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод 5640025770 тоот данснаас нь 6 удаагийн гүйлгээгээр нийт 1.313.600 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь шүүгдэгч Т.Шын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Х, гэрч Х.О, Ц.Э нарын мэдүүлэг, Д.Хын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Харин хэргийн баримтыг үндэслэвэл, Т.Ш нь хохирогч Д.Хынд хөлсөөр мал хариулахаар ирж амьдрах явцдаа Сүхбаатар аймгийн Уулбаян сумын төвд дэх гэрээс нь түүний Хаан банкны виза картыг хулгайлан авч, Улаанбаатар хотод очиж 6 удаагийн гүйлгээгээр нийт 1 313 600 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдох ба энэ нь шүүгдэгч Т.Шын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2019.09.20-ны өдөр надаар адууны зүчээ бариулж эхэлсэн. Надаар адуу маллуулна гэж хэлж авчирчихаад бог мал маллуулна гэсэн учраас үүнийг би зөвшөөрөөгүй. Тиймээс гэр рүүгээ харихаар болоод 2019.09.27-ны өдөр явахдаа Д.Х гэдэг хүний виза картыг нь аваад явсан. Би Улаанбаатар хотод ирээд “Драгон” автовокзал дээрээс гэр рүүгээ явсан” гэх,
хохирогч Д.Хын “ 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө би өөрийн утсаа нээгээд харсан чинь миний утсанд мессеж ирэхээр нь харахад миний данснаас 1 сая 322 мянган төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгээд би өөрийн ХААН банкны виза картаа үзэхэд миний карт алга болсон байсан. Манайд Шаас өөр хүн байгаагүй юм. Би Шад картынхаа кодоо хэлж өгөөгүй. Шатахуун түгээх станц дээр түлш аваад тооцоо хийх үед түгээгч надаас асуухаар тэр үед тогтоож авсан байх гэж бодож байна. Улаанбаатар хотод 6 удаа уншуулаад нийт 1 сая 322 мянган төгрөг авсан” гэх,
гэрч  Х.Огийн “ 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай нөхрийн утсанд данснаас нь мөнгө гарсан мессеж ирээд байсан. Тэгээд дансаа хаалгаж амжилгүй нийт 1 сая 300 мянган төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Тэгсэн Ш явахдаа манай картыг хулгайлж авч явсан байсан. Тэгээд утсаар ярьж байгаад 820.000 төгрөгөө буцааж аваад үлдэгдэл мөнгөө авч чадахгүй болохоор цагдаад хэлсэн. Карт нь манай гал тогоонд хоолны шүүгээний дээд хэсэгт байсан” гэх мэдүүлгүүд,
Д.Х/ Х.О/ дансны 2019 оны  10 дугаар сарын 30-ны өдрийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр хэрэгт хөдөлбөргүй  нотлогдсон байна.

    Т.Ш гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын бусдын эд зүйлийг авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын эзэмшлийн виза картыг хулгайлж, данснаас нь мөнгө авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

    Шүүгдэгч Т.Шын бусдын виза картыг хулгайлан данснаас нь мөнгө авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Хт учирсан 1.313.600 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ “Миний хохирлыг барагдуулсан учир, миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү “ гэж  дурджээ.

Т.Шын гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Т.Шын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч Т.Шын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Т.Шад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  240 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

    Шүүгдэгч Т.Ш энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.


    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Т.Шыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Шыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Шад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.
    
    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ялтан Т.Шад  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
        
       5. Шүүхийн шатанд ялтан Т.Шад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

        6. Ялтан Т.Ш энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.Х гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
    
    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН




 2019 оны 07 сарын 30                   2019/ШЦТ/                                  Баруун-Урт сум


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул                                                                                                                     
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч О.Идэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Идэрмаад холбогдох эрүүгийн 1930002680162 дугаартай  хэргийг  2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн 1995  оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Номадик Жорнис аяллын компанид  хост ажилтай, ам бүл  4 эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр 12 айлын 12 тоотод  оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /рд:ЛЮ95031508/ Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмаа.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай  хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт  хэрэгт  холбогджээ.
 
  Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч  О.Идэрмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ээж, аав хоёр ажилдаа дээрээ байсан. Харин би гэртээ ганцаараа байсан. Ээж, аав хоёрын мэддэггүй гар утас надад байсан тэрийгээ цэнэглэчихээд гэрээсээ гараад явсан хойгуур ээж, аав хоёр гэртээ ирээд над руу залгаад хаана байна, гэрийн түлхүүрээ авъя гэж ярьсан. Тэгээд намайг тэр хоёр ирж авсан. Гэртээ ирэхэд аав тэр утсыг харчихаад юу утас юм бэ? гэж надаас асуугаад, бид хоёр маргалдаж зодоон болсон. Ээж бид хоёрыг салгах гэж дундуур ороход нь аав ээжийг зодсон. Тухайн үед ээж цагдаа дуудсан байсан. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. Ээж бид хоёрыг зодсон учраас би цагдаад намайг хүчирхийлж байсан гэж худал мэдүүлэг өгсөн. Ингэж хэлвэл энэ хүн шоронд орчихно. Тэгээд ээжтэйгээ хамт тайван амьдарна гэж бодсон гэв.  

       Хохирогч Б.Чинбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэгээд гэртээ ирээд хаалга нээгээд дотогш ороход гэрт урьд нь харж байгаагүй гар утас  цэнэглээтэй байхаар нь хэний утас юм хаанаас авсан юм гэхэд аль миний утас өгөөдөх пизда минь  гэхээр нь өдийгөөс төдий хүртэл тэжээлэгчихээд намайг пизда гэлээ гэж хэлээд 2-3 удаа алгадчихаад утсыг нь аваад явсан. Тэгээд удалгүй цагдаагаас ярьж байна гэрийнхээ гадаа хүрээд ир гэсэн. Тэгээд 2 цагдаа та охиныхоо утсыг авсан байна утсыг нь өг гэсэн.  Тэгье өгье гэсэн чинь цагдаа дээр очоод учраа ол гэсэн. Тэгээд манай охин Идэрмаа надад зодуулсандаа шаралхаад намайг өөрийг нь хүчирхийлдэг байсан. Өөрийг нь жирэмсэн болгосон гэж гүтгэсэн. Миний хувьд яагаад ийм хэрэгт гүтгэсэн талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй. Идэрмаань өөрөө учраа ойлгоод буюу мэдүүлэг өгснөө хүлээж байгаа учраас гомдол байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/.

    Гэрч Х.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн:Отгонбилэгийн Идэрмаа гэдэг хүн над дээр ирж үр хөндүүлсэн зүйл байхгүй. Миний хувьд Оточ болор нэртэй эмнэлэг дээр хувиараа эмэгтэйчүүдийн үзлэг хийдэг.  Уг газар ямар нэгэн мэс ажилбар хийх эрх байхгүй зөвхөн эхо болон үзлэг хийж эмчилгээ заадаг. Идэрмаа гэх хүнд үр хөндөлт хийсэн байлаа гэхэд би  уг хүмүүсийг огт танихгүй уулзаж байгаагүй хүмүүс байна. Насанд хүрээгүй хүн жирэмсэн болоод үр хөндөлт хийлгэх бол эмч нарын зөвлөгөөнөөр заавал оруулж, заавал улсын эмнэлэг дээр хийдэг. Миний хувьд Идэрмаа гэх хүнд огт үр хөндөлт хийгээгүй...  гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Яллагдагч О.Идэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Эхний мэдүүлгүүд дээр худлаа яриад байсан бололхоор ээж тэрийг мэдээд намайг үнэн ээ хэл гээд байгаа. Чинбаяр нь ээжийг байнга дарамталдаг мөн намайг гадуур гаргахгүй байсан болохоор чадах гээд  худал мэдүүлэг өгсөн. Би Чинбаярыг гүтгээд мэдүүлэг өгсөн болохоор үнэмшилтэй болгох гээд Чинбаяраас жирэмсэн болж үр хөндүүлсэн  гээд мэдүүлэг өгсөн. Би тухайн үед үерхэж байсан залуугаасаа жирэмсэн болоод үр хөндүүлсэн. Намайг жирэмсэн болгосон гэх үеийн хүүхдийг одоо санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын О.Идэрмаагийн ам бүл, оршин сугаа газрын талаарх  7/363 дугаар тодорхойлолт /хх-ийн 17-р хуудас/
О.Идэрмаагийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны  өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/
О.Идэрмаагийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны  өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31/
О.Идэрмаагийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны  өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл  /хх-ийн 32/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 45-46/
    О.Идэрмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай  хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч О.Идэрмаагийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Чинбаяр,  гэрч У.Отгонбилэг, Х.Батмөнх нарын  мэдүүлэг, 20180001720222 дугаартай эрүүгийн хэрэгт О.Идэрмаагийн хохирогчоор өгсөн  “...2010 оны зун 7 сард байх манай хамаатны надтай үеийн охидууд ээж ааваасаа зөвшөөрөл аваад Улаанбаатар хот явна гэсэн энэ үед би бас хотыг ямар байдгийг үзэх гээд аав Чинбаярт хэлэхэд чи надтай нэг л удаа унтчих тэгвэл чамайг шууд явуулна гэж хэлсэн. Миний хувьд ямар нэгэн зүйл хэлээгүй, чи  ишээ хэвт гээд газраар хэвтүүлээд миний өмдийг шууд тайлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийж бэлгийн ажил хийсэн. Энэ үед би боль гэж эсэргүүцсэн боловч болиогүй хийж дуусгасан.  Энэ бүх зүйл ингэж эхэлсэн... Үүнээс хойш ээж гэртээ байхгүй байх үед Чинбаяр надад хандаж 2-лаа унтъя гэж хэлдэг болсон энэ үед үгүй гэхээр  1-2 хоногийн дараа архи ууж ирээд ээжийг болон намайг зодож дарамталж, гэрээс  хөөж гаргадаг байсан.  Үүнээс болоод би ээж болон өөрийгөө зодуулж, шөнө нойргүй хонож байснаас хүссэн үед нь бэлгийн харьцаанд орж байя гэж бодоод бэлгийн харьцаанд орох санал тавьсан үед нь эсэргүүцэлгүй ордог байсан ....2012 оны 01 сард 10 дугаар ангид байхад миний биеийн юм ирэхгүй байхаар нь Чинбаярт хэлсэн чинь жирэмсэн эсэхийг шалгадаг тест авчирч өгөөд шалгасан чинь жирэмсэн гэсэн тэмдэг гаргсан.  Маргааш нь надад эм авчирч өгөөд уулгасан боловч үйлчлээгүй,  Би ээжид жирэмсэн болсон гэж хэлэхэд ээж намайг болон Чинбаярыг загнаад байсан... Тухайн үед Батмөнх гэх эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд 3 сартай жирэмсэн байна гээд Батмөнх эмчээр үр хөндүүлсэн... Миний  хувьд Чинбаярын  бэлгийн хүчирхийлэл 2010 оны 07 дугаар сараас эхлээд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хүчиндүүлсэн. Энэ байдал 7 хоногт хамгийн багадаа 1 удаа эсвэл 2-3 удаа болдог байсан...” гэх мэдүүлэг,  шүүх сэтгэц эмгэг судлалын 661 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхна шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч О.Идэрмаад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч  О.Идэрмаа нь  худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг өөрийн хойт эцэг Б.Чинбаярыг ээжийг нь байнга зодож, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдэг шалтгаанаар түүнээс хариугаа авах зорилгоор  Б.Чинбаярыг өөрийг нь 15 нас 4 сартайгаас эхлэн  хүчиндсэн, түүнээс жирэмсэн болж үр  хөндүүлсэн  хэмээн мөрдөн шалгах ажиллаганы явцад удаа дараа зориуд худал мэдүүлэг  уг гэмт хэргийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлджээ. Шүүгдэгч  өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдыг хүнд  гэмт  хэрэгт гүтгэж хохирол учруулсан байна.

Шүүгдэгч О.Идэрмаагийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул О.Идэрмааг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
    
    Шүүгдэгч О.Идэрмаад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  
    
    Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар О.Идэрмаад хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Идэрмаа  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмааг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Идэрмааг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.        
    
     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Идэрмаагийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй    
    
    4. Ялтан  О.Идэрмаа  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Чинбаяр, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
    
     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Идэрмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    
    
    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
    
    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.СУГАР