| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00665/И |
| Дугаар | 739 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 739
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Мөнхтолгой, Орхон гудамжны 1-7 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОО65090801, Цагаач овогт Махминийн Отгонбаярын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Увс аймгийн Тэс сумын ясли, цэцэрлэгт 1986 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 жил 1 сар хүмүүжүүлэгч багшаар, 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 1 жил 5 сар 10 хоног асрагчаар, 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 6 сар 15 хоног сувилагчаар тус тус ажиллаж байсан. Тус цэцэрлэгийн архивын материал шатаж устсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Л.Шура, Д.Жүүхээ нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Отгонбаяр нь 1986 оны 2 дугаар сарын 01-нээс 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын ясли, цэцэрлэгт хүмүүжүүлэгч багш, асрагч, сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 341 дүгээр архивын лавлагаанд: “Увс аймгийн Тэс сумын ясли, цэцэрлэгийн комбинатын 1986-1994 оны баримтыг шүүн үзэхэд Махминь овогтой Отгонбаярын 1984 оны 1-11 дүгээр сар, 1988 оны 2-3 дугаар сар, 10 дугаар сарын цалингаас бусад он, сарын цалин тушаал гараагүй нь үнэн болно” гэжээ.
Улаанбаатар хотын барилгын техникумаас М.Отгонбаярт 1985 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1986 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс сумын ясли, цэцэрлэгийн комбинатын хүмүүжүүлэгч багшаар түр авч ажиллуулав, 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Тэс сумын ясли, цэцэрлэгийн комбинатын хүмүүжүүлэгч багшийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Тэс сумын ясли, цэцэрлэгийн комбинатын асрагчаар түр хугацаагаар авч ажиллуулав, 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Тэс сумын ясли, цэцэрлэгийн комбинатын асрагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Тэс сумын ясли, цэцэрлэгийн комбинатын сувилагчаар түр хугацаагаар авч ажиллуулав, 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Тэс сумын ясли, цэцэрлэгийн комбинатын сувилагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлөв...” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Жүүхээ, Л.Шура нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Жүүхээгийн “Миний бие нь Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн яслид 1990 оноос 1991 он хүртэл эрхлэгчээр ажиллаж байсан. Тухайн үед Тэс суманд сумын Ясли цэцэрлэгийн комбинат, Тэжээлийн аж ахуйн ясли гэж 2 ясли, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд миний бие нь М.Отгонбаяртай нэг суманд, нэг салбарт ажиллаж байсан учраас түүний ажиллаж байсан байдлын талаар би сайн мэдэж байна. М.Отгонбаяр нь 1986 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Ясли цэцэрлэгийн комбинатад хүмүүжүүлэгч багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1990-1991 он хүртэл асрагч, 1991-1992 он хүртэл тус яслид сувилагчаар ажиллаж байсан. Тухайн үед Увс аймгийн Тэс сумын Ясли цэцэрлэгийн комбинатын эрхлэгчээр Шура гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч Л.Шурагийн “Миний бие нь Увс аймгийн Тэс сумын Ясли цэцэрлэгийн комбинатад 1975 оноос 1996 он хүртэл эрхлэгчээр ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад М.Отгонбаяр нь 1986 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Ясли цэцэрлэгийн комбинатад хүмүүжүүлэгч багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1990 оны 3 дугаар сараас 1991 оны 8 дугаар сар хүртэл асрагч, 1991 оны 9 дүгээр сараас 1992 оны 4 дүгээр сар хүртэл тус яслид сувилагчаар ажиллаж байсан. Тухайн үед Увс аймгийн Тэс сумын Ясли цэцэрлэгийн комбинатын эрхлэгчээр миний бие тасралтгүй 21 жил ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч М.Отгонбаяр нь 1986 оны 2 дугаар сарын 01-нээс 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын ясли, цэцэрлэгт хүмүүжүүлэгч багш, асрагч, сувилагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 341 дүгээр архивын лавлагаа, Улаанбаатар хотын барилгын техникумаас түүнд 1985 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Жүүхээ, Л.Шура нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч М.Отгонбаярын хүсэлтийг хангаж, түүний Увс аймгийн Тэс сумын ясли, цэцэрлэгт 1986 оны 2 дугаар сарын 01-нээс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар 4 жил 1 сар, 1990 оны 3 дугаар сарын 15-наас 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл асрагчаар 1 жил 5 сар 10 хоног, 1991 оны 9 дүгээр сарын 01-нээс 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сувилагчаар 6 сар 14 хоног, нийт 6 жил 24 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Цагаач овогт Махминийн Отгонбаярын Увс аймгийн Тэс сумын ясли, цэцэрлэгт 1986 оны 2 дугаар сарын 01-нээс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сар, 1990 оны 3 дугаар сарын 15-наас 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл асрагчаар 1 /нэг/ жил 5 /тав/ сар 10 /арав/ хоног, 1991 оны 9 дүгээр сарын 01-нээс 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сувилагчаар 6 /зургаа/ сар 14 /арван дөрөв/ хоног, нийт 6 /зургаа/ жил 24 /хорин дөрөв/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ