Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 182

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир                                                                                                                     
Улсын яллагч Э.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч У.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Сад холбогдох 1930000000210 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн харьяат,1980 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, охины хамт Баруун-Урт сумын 6 дугаар багийн ... тоотод оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг тэнсэж 1 жил 5 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, У.С.   

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч  У.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Далангийн 3-1 тоот хашаанд иргэн Ц.Атай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа болон нуруун тус газар хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “ хэвлийн хөндийн битүү гэмтэл, баруун бөөрний няцрал, хальсан доорх цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт, баруун нүдний дээд зовхины болон баруун бөөр орчимын зөөлөн эдийн цус хуралт, няцралт” бүхий  хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч У.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ц.А надтай уулзахынхаа өмнө нүд нь хөхөрсөн, гар, чихнээс нь цус гоожсон, хуруугаа хутгаар зүсчихсэн, гар нь энд тэндгүй шалбарсан, хүнд зодуулсан байдалтай байсан. Бид хоёр бие биедээ өс санасан зүйл байхгүй. Урьд нь муудаж, маргалдаж байгаагүй. Гэтэл тухайн өдөр над руу залгаад хаана байна, байгаа газарт чинь очиж ална гэж хэлсэн. Мөн А, Э хоёрыг хөдөөнөөс ээжийндээ ирсэн байхад өглөө эрт очоод У.С хаана байна, хутга шааж ална гээд заналхийлж явсан байсан. Ямар учиртай намайг хайгаад байсныг мэдэхгүй байна.
Би түүний нуруун хэсэгт гутлынхаа өсгийгөөр тийрсэн, хором өмсөж явсан. Буруугаа хүлээж байна. Би тухайн үед халамцуу л байсан, болсон асуудлыг бүгдийг нь санаж байгаа. Түүний эмчилгээнд өмнө нь 540.000 төгрөг төлсөн. Одоо уулзахаар янз бүрийн зүйл хэлдэггүй. Харин цаашид гарах эмчилгээний зардалд туслаарай, мөнгө гаргаж өгөөрэй гэж л хэлдэг. Эмчилгээний зардалд өөрийнхөө чадах чинээгээр тусална. Цаашид гарах эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг шүүхэд өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

- Хохирогч Ц.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: Би  2019 оны 08 дугаар сарын 26-ны өглөө  Э, Идэрээ / бүтэн нэрийг нь мэдэхгүй / мөн танихгүй залуутай хамт 0,75 литрийн архи хувааж  ууцгаасан юм. Тэгээд гадуур явж байгаад өдрийн 14-15 цагийн хооронд Баруун-Урт сумын 6 дугаар баг Далангийн 3-1 тоотод байх Болороо гэх хүүхний гэрт очиход тэнд Д.Х, Э, Б, С нар болон өөр миний танихгүй 2,3 залуучууд байсан. Тухайн үед би нилээн согтуу Болороогйин гэр рүү орсон юм. Нэг мэдсэн би Болороогийн хашаанд С гэх залуутай хоорондоо маргалдаж байсан бөгөөд хажууд Х байсан. Тэгтэл С нь миний шанаа руу 2 удаа цохиж, хавирч газар унагасан. Миний баруун бөөр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Үүнээс болж миний ухаан балартаж ухаан орж гараад байхад намайг хоёр хүн сугдаж өргөөд хашааны гадаа гаргасан. Удалгүй бороо орж би сэрээд арай гэж хажууханд нь байдаг айл руу ортол тэр айлын хүн ахаа би явлаа гээд байхаар нь би хажуу талынхан айл руу орж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ..гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 хуудас /,

- Гэрч Д.Хын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн орчим Далангийн 3-1 тоотод байдаг Болороо гэдэг хүүхний гэр рүү ганцаараа очтол Батангаа / бүтэн  нэрийг нь мэдэхгүй/ Э түүний эхнэр А, Уулбаяг сумынх гэсэн цэнхэр цамцтай нэг залуу байсан. Тэгээд бид нар нийлээд 0,75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж ууцгаасан. Тэгээд архи ууж байтал 12 цагийн үед шиг санаж байна Ц.А гэх залуу гаднаас согтуу баруун талын нүд нь хөхөрч хавдсан байдал, хөл нүцгэн, цээж нүцгэн орж ирсэн. Ц.А нь эхний шилтэй архинаас хувааж уусан. Гэтэл Батангаа нь нэг залуутай хамт мотоцикльтой архинд явах гэтэл Ц.А нь мотоциклийнх нь ард гарч суучихаад эхлээд намайг хүргэж өг гээд буухгүй байсан. Гэтэл Батангаа нь Ц.Аыг татаж буулгаад хоёр шанаа руу нь ээлжлээд нэг нэг удаа гараараа цохитол Ц.А нь газар ойчтол Батангаа Ц.Аын бөөр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Батангаа нөгөө залуутай  хамт архинд яваад өгсөн. Би буцаад Болороогийн гэр рүү орсон. Ц.А нь гадаа ганцаараа үлдсэн бөгөөд буцаж Ц.А нь орж ирээгүй. Удалгүй Батангааг буцаад ирэхэд бороо ороод намайг манай ээж дуудаад байхаар нь би гэр рүүгээ алхаад явсан. Намайг явснаас хойш тэнд юу болсон талаар би мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуудас /,

- Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед найз Гомборагчаа гэдэг найзтайгаа хамт Баруун-Урт сумын Далангийн 3-1 тоотод байх Болороо гэх айл руу очиж Э ахтай уулзахаар очсон. Тэнд Э ах эхнэр болох А, Батангаа гэж дууддаг С нар байсан бөгөөд миний араас танихгүй 1,2 хүмүүс орж ирсэн. Өдөр 14 цагийн үед сууж байхад гаднаас цээж нүцгэн, баруун нүд нь хавдаж хөхөрсөн согтуу хүн орж ирсэн. Би тэр ахыг хэн гэдэг талаар мэдэхгүй сүүлд нь сонсоход Ариубаяр гэдэг гэж хүнээс сонссон. Би С ахтай гадаа юм яриад зогсож байтал араас Ариунбаяр гарч ирээд С ахыг ална гээд зууралдаад байхаар нь би хашааны гадаа гараад  мотоцикль дээрээ сууж байтал С гарч ирээд надтай хамт айл руу яваад буцаад иртэл Ариунбаяр хашааны гадаа хэвтэж байсан. Би хашааны гадаа гараад зогсож байсан болохоор зодоон болсон талаар сайн  мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн  09/

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 441 дугаартай:  Ц.Аын биед “хэвлийн хөндийн битүү гэмтэл, баруун бөөрний няцрал, хальсан доорх цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт, баруун нүдний дээд зовхины болон баруун бөөр орчимын зөөлөн эдийн цус хуралт, няцралт” бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт 60 хувь тогтонги нөлөөлнө “ гэх дүгнэлт /хх-ийн 14-15/,

-Шинжээч Ц.Болор-Эрдэнийн  “Ц.Аын биед учирсан баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт няцралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна  “ гэх мэдүүлэг /хх- 16/

 - Яаралттай тусламжийн хуудас /хх-ийн 12/

-Жижүүрийн эмчийн үзлэгийн тэмдэглэл/хх- 13/

- Ц.Аын өвчны түүх  /хх-ийн 17-46/

        -  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 8/747 дугаартай тодорхойлолт /хх-ийн 60/

-У.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61/

-У.Сын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/

- Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/ хх- 65- 67/,

- Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27/638 дугаартай шийдвэр /хх- 68- 70/,

- С.Пүрэвсүрэнгийн 0000804404 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар /хх- 62/,
- Хохирогч Ц.Ат хохирол төлбөр төлсөн баримт.2019.09.07. /хх-ийн 71/,
- Хохирогч Ц.Ат Хохирлын мөнгө хүлээлцсэн баримт.2019.10.24 ,

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ... зэрэг баримтууд болно.


    Шүүгдэгч У.С нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 15.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Далангийн 3-1 тоот хашаанд иргэн Ц.Атай маргалдаж, түүний нуруун тус газар хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “ хэвлийн хөндийн битүү гэмтэл, баруун бөөрний няцрал, хальсан доорх цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт, баруун нүдний дээд зовхины болон баруун бөөр орчмын зөөлөн эдийн цус хуралт, няцралт ” бүхий хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгч У.Сын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ц.А, гэрч Д.Х, Д.Б нарын мэдүүлгүүд, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 5834 дугаартай Яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 4441 дугаартай дүгнэлт, Ц.Аын Өвчний түүх, шинжээч А.Болор-Эрдэнийн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн баримтыг үндэслэвэл, хохирогч Ц.А нь согтуурсан үедээ шүүгдэгч У.Сыг “ ална “ гэж, хоолойг цамцны захаар боох зэргээр маргаан үүсгэсний улмаас У.С нь түүнийг гараар цохиж унаган, ар нууруу бөөрөнд өшиглөж эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь түүний “...Би Ариунбаярын араас бие засахаар Х, Баатараа нарын хамт гарсан. Гэтэл Ариунбаяр намайг хутгалж ална гээд миний цамцны захаар хоолой боогоод би тавиулах зорилгоор  алгадсан чинь тавьсан. Тэгээд дараа нь баруун гараараа зүүн шанаа руу нь нэг удаа цохитол хажуу талаараа хэвтээд өгөхөөр нь тухайн үед өмсөж байсан хоромон гутлынхаа өсгийгөөр Ц.Аын нуруу, баруун бөөр орчимд нэг удаа өшиглөсөн. Гэтэл Ариунбаяр босохгүй хэвтээд байхаар нь Хтай хамт Болороогийн хашааны гадаа гаргаад үлдээсэн ” гэх,
хохирогч Ц.Аын “С нь миний шанаа руу 2 удаа цохиж, хавирч газар унагасан. Миний баруун бөөр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Үүнээс болж миний ухаан балартаж ухаан орж гараад байхад намайг хоёр хүн сугдаж өргөөд хашааны гадаа гаргасан...гэх,
гэрч Д.Хын “Батангаа  буюу У.С нь нэг залуутай хамт мотоцикльтой архинд явах гэтэл Ц.А мотоциклийнх нь ард гарч суучихаад эхлээд намайг хүргэж өг гээд буухгүй байсан. Гэтэл Батангаа нь Ц.Аыг татаж буулгаад хоёр шанаа руу нь ээлжлээд нэг нэг удаа гараараа цохитол Ц.А нь газар ойчтол бөөр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Батангаа нөгөө залуутай  хамт архинд яваад өгсөн... гэх,
            гэрч Б.Бын “..Би С ахтай гадаа юм яриад зогсож байтал араас Ариунбаяр гарч ирээд С ахыг ална гээд зууралдаад байхаар нь би хашааны гадаа гараад  мотоцикль дээрээ сууж байтал С гарч ирээд надтай хамт айл руу яваад буцаад иртэл Ариунбаяр хашааны гадаа хэвтэж байсан ”...гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 441 дугаартай “ Ц.Аын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, баруун бөөрний няцрал, хальсан доорх цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт, баруун нүдний дээд зовхины болон баруун бөөр орчимын зөөлөн эдийн цус хуралт, няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

    Шүүгдэгч У.С нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг өшиглөж, цохисноор гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ц.Аыг бөөр рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

Шүүгдэгч У.Сын, хохирогч  Ц.Аыг зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
    
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Аын эрүүл мэндэд хүнд хохирол  учирсан бөгөөд шүүгдэгч У.С нь түүний эмчилгээний болон бусад зардалд мөрдөн байцаалтанд 540.000 төгрөг, шүүх хуралдаанд цаашид гарах эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Харин гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, бүрэн эдгэрээгүй байгаа зэргийг үндэслэн өөрт учирсан тухайн гэмтлийн улмаас хойшид гарах эмчилгээний буюу хохирол, хор уршгийн зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.

     Шүүгдэгч У.Сад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    Шүүгдэгч У.Сын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, тухайн гэмт хэрэг нь хохирогчийн согтуурсан зүй бус үйлдлээс эхлэлтэй зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн бага насны буюу 12 настай охин С.Пүрэвсүрэнгийн хамт хоёул амьдардаг зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч У.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

    Шүүгдэгч У.Сын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хуульд заасны дагуу шүүхээс оногдуулах торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтооно.

У.Сад эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор гаргаж буй прокурорын “ шүүгдэгч нь ажил эрхэлдэггүй, ямар нэгэн орлого олдог талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас торгох ял оногдуулах боломжгүй “ гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Учир нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх бөгөөд шүүгдэгчийн ажил эрхлээгүй, орлогогүй байгаа, хөрөнгө чинээний байдал нь түүний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн төрлийн ялыг оногдуулахгүй байх үндэслэл болохгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 2 “ Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй “ гэж заасан шударга ёсны зарчимд нийцэх учиртайг дурдъя.
     Шүүгдэгч У.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлнэ.


    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У.Сыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Сыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/ арван  сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

     3. Ялтан У.Сад шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсгийг баримтлан ялтан У.Сад оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн  хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

    5. Ялтан У.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.С нь хохирогч Ц.Аын эмчилгээний зардалд 1.040.000 төгрөгийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.А нь өөрт учирсан хүнд хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН