Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 740

 

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг, Толгодын 22-29 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ59111019, Өөлд овогт Нямсамбуугийн Баярсайханы,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Н.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1959 онд төрсөн, 57 настай. Би 1979-1981 оны хооронд Увс аймгийн Техник мэргэжлийн сургуулийг тракторын жолоочоор төгссөн. Улмаар 1981 оны 8 дугаар сард Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд туслах ажилтнаар ажиллд орсон. Дараа нь Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1983 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 59 тоот тушаалаар тус газарт цэцэрлэгчнээр ажиллах болсон. Тус газарт цэцэрлэгчнээр 1984 оныг дуустал ажиллаж байгаад 1985 оны 1 дүгээр сараас эхлэн тус байгууллагад тракторчнаар шилжин ажиллаад 1989 оныг дуустал ажилласан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр болон ажилд шилжин ажилласан тушаалуудаа үрэгдүүлсэн тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Увс аймгийн Архивын газраас цалингийн тодорхойлолтоо шүүлгэхэд 1981 оны 8 дугаар сараас 1983 оны 3 дугаар сар хүртэл Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд туслах ажилтнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт нь гарч ирээгүй. Иймд Н.Баярсайхан намайг Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд 1983 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 1984 оныг дуустал цэцэрлэгчнээр, 1985 оны 1 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Д.Нийгэм, Д.Нарантуяа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Баярсайхан нь 1983 оны 3 дугаар сарын 24-нөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчин, тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

          Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Нямсамбуугийн Баярсайханы 1983 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчин, тракторчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

          Түүнчлэн Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1983 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 59 дүгээр “Шинээр ажилчин авах тухай” тушаалд: “Нямсамбуу овогтой Баярсайханыг 3 дугаар сарын 24-нөөс эхлэн цэцэрлэгчнээр авч ажиллуулсугай...” гэжээ.

        Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй болон Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн захиргаанаас 1983 оноос 1989 онуудад Н.Баярсайханыг шагнаж байсан баярын бичиг, сайшаалын үнэмлэх, аваргын диплом, нэхэмжлэгчийн тракторч машинчийн үнэмлэхийн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

          Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Нарантуяа, Д.Нийгэм нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Нарантуяагийн “Миний бие 1981 оноос 1998 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчин, жимсчнээр ажиллаж байсан. Би 1981 онд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр, Н.Баярсайхан туслах ажилтнаар анх ажилд орж байсан. Н.Баярсайхан туслах ажилтнаар ажиллаж байгаад 1983-1984 оныг дуусталх хугацаанд цэцэрлэгчнээр, 1985-1999 онуудад тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан.  Тухайн үед Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй даргаар Ц.Цэвээн, С.Дэчинпил, Сүхбат гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Д.Нийгэмийн “Миний бие нь 1971 оноос 1994 оныг дуусталх хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд талбайн бульдозерчнаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Н.Баярсайхан нь 1981 оноос эхлэн Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1983-1984 оныг дуусталх хугацаанд цэцэрлэгчнээр, 1985-1999 оныг дуусталх хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан ба Н.Баярсайхан нь трактораа хувьчилж аваад гарч байсан. Тухайн үед Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргаар Ц.Цэвээн, С.Дэчинпил, Сүхбат гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

        Нэхэмжлэгч Н.Баярсайхан нь 1983 оны 3 дугаар сарын 24-нөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчин, тракторчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1983 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 59 дүгээр “Шинээр ажилчин авах тухай” тушаал, Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй болон Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн захиргаанаас 1983 оноос 1989 онуудад Н.Баярсайханыг шагнаж байсан баярын бичиг, сайшаалын үнэмлэх, аваргын диплом, түүний тракторч машинчийн үнэмлэхийн хуулбар,  гэрч Д.Нарантуяа, Д.Нийгэм нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

         Иймд нэхэмжлэгч Н.Баярсайханы хүсэлтийг хангаж, түүний Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд 1983 оны 3 дугаар сарын 24-нөөс 1984 оныг дуустал цэцэрлэгчнээр 1 жил 9 сар 7 хоног, 1985 оноос 1989 оныг дуустал тракторчнаар 5 жил, нийт 6 жил 9 сар 7 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.  

         Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Өөлд овогт Нямсамбуугийн Баярсайханы Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд 1983 оны 3 дугаар сарын 24-нөөс 1984 оныг дуустал цэцэрлэгчнээр 1 /нэг/ жил 9 /ес/ сар 7 /долоо/ хоног, 1985 оноос 1989 оныг дуустал тракторчнаар 5 /тав/ жил, нийт 6 /зургаа/ жил 9 /ес/ сар 7 /долоо/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.              

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Н.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ