Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 190

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Н.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нд холбогдох эрүүгийн 1930004150228 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 21-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр  хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг .. тоот оршин суух, ял шийтгэлгүй,  Н.Н.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч  Н.Н  нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ө “ дэлгүүрийн кассан дээр орхиод гарсан  хохирогч  Р.Мгийн эзэмшлийн “Самсунг жи 3” маркийн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талууд дараах нотлох    шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2019.09.29-ний өдөр “Ө” дэлгүүрээс ногоо авах гэж орсон юм. Тэгээд гарах гэтэл үйлчлэгч нь та гар утсаа ав гэхээр нь би тэр утсыг нь аваад гарсан. Хүний утас гэдгийг мэдсээр байж аваад гарсан. Тэр үед би утасгүй байсан юм. Би маргааш өдөр нь гар утсыг  буцааж өгсөн...гэв.

 

- Хохирогч Р.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “ Ө ” дэлгүүрээс хүнс цуглуулаад гарахдаа 15:48 минутанд Ундрах дэлгүүрийн кассан дээрээс өөрийн эзэмшлийн Самсунг Ж-3 маркын гар утсаа хулгайд алдсан юм. Уг дэлгүүрийн камерыг шалгаж үзэхэд миний ард зогсож байсан эмэгтэй авч байгаа нь харагдаж байсан, тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...гэх мэдүүлэг /хх- 09 хуудас/,

 

- “ Эд мөрийн баримтаар тооцох тухай “ Мөрдөгчийн тогтоол.2019.10.22/ хх-ийн 03/

- Цагаан өнгийн41 секундийнДВД бичлэг

 

- Дууны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “ Ө ” дэлгүүрийн камерын бичлэг нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цаг 38 минутын үед бичигдсэн 41 секундийн бичлэг байв. Камерын бичлэгийн 02-22 секунд хүртэл Н.Н нь  “ Ө ” дэлгүүрээс авсан зүйлээ кассан дээр бичүүлчхээд зогсож байна. 26 секундэд бараагаа бичүүлж дуусаад аваад гарах гэж байгаад эргэж хараад дэлгүүрийн кассан дээр буцаж очоод 32 секундэд алдагдсан гэх гар утсыг аваад 36 секундэд гарч байгаа дүрс харагдав“ / хх-ийн 4 хуудас/

 

- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл / хх-ийн 05 хуудас/

 

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл.2019.10.03 /хх-ийн 06 хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт суман дахь эд зүйлийн үнэлгээ: Шаргал өнгийн Самсунг Ж-3 загварын гар утас, үнэ 350.000 төгрөг. 2019.10.03. /хх-ийн 07 хуудас/

 

-Шүүдэгч Н.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22 хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 23 хуудас/

 

-Шүүдэгч Н.Нын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21

хуудас

 

-Хохирогч Р.Мгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт “ Н.Нд холбогдох хэрэгт хохирогчоор оролцож байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй. Надаас уучлалт гуйсан, бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Иймд хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү “ гэх хүсэлт /хх- 30/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 11 дүгээр сарын  01-ний өдрийн 85 дугаартай санал /хх-31/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч  Н.Н  нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15.38 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Ө“ дэлгүүрийн кассан дээрээс иргэн  Р.Мгийн орхиж гарсан “ Самсунг Жи-3 ” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшиж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Нын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Р.Мгийн мэдүүлэг, Дууны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Мөрдөгчийн “ Эд мөрийн баримтаар тооцох тухай “ тогтоол. 2019.10.22, ДВД бичлэг, Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Баруун-Урт сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Харин хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Н.Н нь Ө дэлгүүрийн лангуун дээр иргэн Р.Мгийн гээж орхисон Самсунг Жи-3 маркийн гар утсыг авсан үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч Н.Нын “ Би 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 15 цаг 30 минутын орчимд Ө дэлгүүрээс кетчуп аваад кассан дээр бичүүлээд гарах гэсэн чинь худалдагч нь утсаа аваарай гэхээр нь тэр утсыг аваад  гарчихсан  юм. Би тэр утсыг авч ашиглах гэж байсан. Би дэлгүүрээс гарахдаа хүний гэр утас гэдгийг мэдэж байсан гэх...” гэх,

хохирогч Р.Мгийн “ Би 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Ө” дэлгүүрээс хүнс цуглуулаад гарахдаа 15:48 минутанд Ундрах дэлгүүрийн кассан дээрээс өөрийн эзэмшлийн Самсунг ж-3 маркийн гар утсаа хулгайд алдсан юм. Уг дэлгүүрийн камерыг шалгаж үзэхэд миний ард зогсож байсан эмэгтэй авч байгаа нь харагдаж байсан...” гэх мэдүүлгүүд,

- Дууны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “ Ө ” дэлгүүрийн камерын бичлэг нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цаг 38 минутын үед бичигдсэн 41 секундийн бичлэг байв. Камерын бичлэгийн 02-22 секунд хүртэл Н.Н нь  “ Ө ” дэлгүүрээс авсан зүйлээ кассан дээр бичүүлчхээд зогсож байна. 26 секундэд бараагаа бичүүлж дуусаад аваад гарах гэж байгаад эргэж хараад дэлгүүрийн кассан дээр буцаж очоод 32 секундэд алдагдсан гэх гар утсыг аваад 36 секундэд гарч байгаа дүрс харагдав “ гэх тэмдэглэл зэргээр хэрэгт хангалттай, бүрэн нотлогдоно.

 

          Н.Н гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын бусдын эд зүйлийг авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын гээж орхисон гар утсыг өөрийн эзэмшилд авч завшин бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

           

Иймд шүүгдэгч Н.Нын бусдын дэлгүүрийн лангууд орхиж гарсан гар утас буюу мартаж гээсэн эд зүйлийг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн  шинжийг  бүрэн агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв

 

Н.Нын үйлдлийн улмаас хохирогч Р.Мд 350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь уг гар утсыг биетээр буцаан өгч хохирлыг барагдуулсан болох нь Р.Мгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн “ гэх хүсэлтээр нотлогдоно.

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суман дахь эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Р.Мгийн шаргал өнгийн Самсунг Жи-3 загварын гар утсыг 350.000 төгрөг үнэлжээ.

 

Шүүгдэгч Н.Нын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.            

 

Н.Нын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.

Тухайлбал, шүүгдэгч Н.Нын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Н.Нд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоолоо.

 

Шүүх шүүгдэгч Н.Нын “ Надад оногдуулах торгуулийн ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байна “ гэх, мөн түүний өмгөөлөгчийн “ Миний үйлчлүүлэгч нь нөхөр, 7-8 насны хоёр хүүхдийн хамт, 95 нас хүрсэн эмээгээ асран амьдардаг. Нөхөр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөө мал малладаг. Хоёр хүүхдийн 40.000 төгрөг болон эмээгээ асардаг асаргааны мөнгөнөөс өөр орлогогүй. Н.Н нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг руу шилжиж байгаа учраас урьд нь авдаг байсан зорилтод бүлгийн хүнсний талон авдаг байсан ч авахаа больсон. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас шилжүүлгээ хийсний дараа материалаа бүрдүүлээд эргээд хүнсний талоноо ав гэж хэлсэн. Иймд шүүгдэгчид оногдуулах торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү “ гэх хүсэлтийг хангах үндэстэй гэж үзэж түүнд оногдуулах торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэнэ.

 

 Шүүгдэгч Н.Н нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17 5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Н.Ныг гээгдэл эд хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шатанд ялтан Н.Нд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсгийг баримтлан ялтан Н.Нд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг таван  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Ялтан Н.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Р.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.НАСАНБУЯН