Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 183/2017/00624/и |
Дугаар | 001/ХТ2018/00624 |
Огноо | 2018-04-17 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2018/00624
Б.Хгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02436 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2018/00026 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Б.Х
Хариуцагч: М НӨБТ-д холбогдох
Үндсэн нэхэмжлэл: ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай,
Сөрөг нэхэмжлэл: Нэр төр сэргээлгэх, эдийн бус гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч М.М, Л.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х, түүний өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч М.М, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017-03-31-ний өдөр ажлаас халсан тухай мэдэгдсэн ч 2017-04- 03-ны өдөр эргүүлж авахаар боллоо өргөдлөө бич гэм буруугаа ойлгож байна гэж бичээрээ гэж бичүүлж авсан. Ажлаа хийх гэтэл 2017-04-04-ний өдөр мэдэгдэх хуудас гэх хаяг, гарын үсэггүй зүйл өгөөд ажлаас халж, орны багш томилсон гэж мэдэгдсэн. Мөн 2017 оны 03 дугаар сарын цалин дутуу орсон, энэ тухай нягтлангаас асуухад сахилгын шийтгэл ногдуулсан цалингийн 20 хувь хассан гэсэн. Энэ тухай тушаал шийдвэр танилцуулаагүй юм. Авах ёстой цалингаас 229 956 төгрөг дутуу орсон байсан. Энэ цалин хассантай холбоотой ямар тушаал шийдвэр байгаа, хуулийн ямар заалтаар арга хэмжээ авагдсанаа мэдэж амжилгүй ажлаасаа халагдсан юм. Ажлаас халсан тушаал нь 2017-04-03-ны өдрийн 52 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т заасныг үндэслэл болгон 2017-03- 31-ний өдрөөр тасалбар болгон халсан тушаал байсан. Энэ асуудлаар өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн зүгээс Цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэргийг шалгаж 2017-02- 12-ны өдрийн 2787 дугаар прокурорын тогтоол гарч, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Тогтоолд гомдол гаргаж дахин хянуулсан ч тогтоол хэвээр үлдсэн. Иймд ордоны бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа: Монголын Хүүхдийн Ордны захирал Б.Цэнгэлмаа нь 2017-04-03-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3, дотоод журмын 11.1.1, 11.1.3, 11.1.4, 11.1.13, 11.2-г үндэслэн Б/52 тоот тушаал гаргаж, бүжгийн багш Б.Хг 2017-03- 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн. Б.Х нь өөрийн буруутай үйлдэл, сахилгын зөрчлөө хүлээн зөвшөөрч ажилд эргэн орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2017-04-04-ний өдөр өргөдөл бичиж өгсөн. Б.Х 2017-03-17-ны өдөр зохион байгуулагдсан "Дэгдээхий нас” улсын уралдаан дууссан байхад холбогдох материалыг өгөөгүй, мөн ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажлаа чанаргүй гүйцэтгэж, албан үүрэгтээ хайнга хандсан сахилгын зөрчил гаргаснаас болж уралдааны явцад оролцогч хамтлагуудын зүгээс хэл ам гарсан. Б.Хд 2017-03- 20-ны өдрөөс эхлэн үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20% бууруулах шийтгэл ногдуулсан. Уг шийтгэл ногдуулаад Б.Хгийн 3 дугаар сарын цалингаас 107 117 төгрөг хассан. Б.Х 2017-03- 31-ний өдөр хуралдсан захирлын зөвлөлийн хурлаар орохдоо ямар шалтгаанаар сахилгын шийтгэл авснаа мэдэж байсан. Ингээд улсын уралдаанд оролцсон хамтлагуудаас дахин бичгээр гомдол ирсэн мөн БНЭУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг "Ганга мөрний уянга" улсын чанартай тэмцээнийг зохион явуулахад дахин албан үүрэгтээ хайнга хандаж алдаа гаргасан. Зөрчлийг Монголын Хүүхдийн Ордны Дотоодын хяналт шалгалт явуулах нэгж шалгахад хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам зөрчсөн ноцтой зөрчлүүд илэрсэн. Иймд хяналт шалгалтын тайлан, дүгнэлт, аймгуудын хамтлагуудын гаргасан гомдол зэргийг 2017-03-31-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн Б.Хг ажлаас халах шийдвэр гаргасан. Б.Х нь хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.13, ажлын байрны тодорхойлолтын 1.14-н дагуу орон нутгаас ирүүлсэн уралдаанд оролцогчдын мэдүүлэг, оролцох эрх бүхий хамтлагийг тодорхойлсон тухайн орон нутгийн тодорхойлолт, уралдаантай холбоотой бүхий л баримт материалуудыг холбогдох ажилтан, албан тушаалтанд одоо хүртэл гаргаж өгөөгүй. “Дэгдээхий нас” улсын уралдааны удирдамжийн 4 дүгээр зүйлд заасан аймаг тус бүрээс шалгарсан нэг хамтлаг улсын уралдаанд оролцдог байдлыг зөрчиж Дорноговь аймгаас шалгараагүй хамтлагийг Орхон аймгийн нэр дээр оруулах ажлыг санаатайгаар зохион байгуулж, тухайн үед бусад хамтлагийн багш нар хэлж гомдол гаргаж байсан ч тэдгээрийн гомдол, баримт материалыг нуун дарагдуулаад зогсохгүй дээрх хамтлагийг 1-р байрт шалгаруулсан. Мөн тэмцээнийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгохдоо өөрийн аав Ц.Батбаяр, багш Н.Оюун, найз Ч.Саранчимэг нарыг томилсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, эртнээс зохион байгуулалттай байсан нь харагдна. Б.Х нь 2016-2017 оны хичээлийн жилд нийт 15 хүүхдийн сургалтын төлбөр болох 3 150 000 төгрөгийг хувьдаа завшиж төсөвт тушаагаагүй. Б.Х нь төсөвт байгууллагын эд хогшил, өрөө талбайг ашиглан ажлын байрандаа, ажлын цагаар байгууллагын захиргаанд мэдэгдэхгүйгээр гадуур нэмэлт орлого олж байсан. Б.Х нь ажлаас халагдах тушаал гарсан өдөр ордонд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, Төрийн байгууллагын нэр хүндэд маш ноцтойгоор халдсан. Энэхүү ёс зүйгүй үйлдэлдээ хүүхдийг ашиглаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа өгүүлж, самбар лоозон бариулан зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийж, эмх замбараагүй байдалдаа хүүхдүүдийг татан оруулж эрх ашгийг нь зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргасан. Б.Хгийн журналд 213 хүүхдийн нэр бичигдсэн байдаг. Ажлын хэсгийн дүгнэлтээр хүүхдүүдийн эрх зөрчигдөөгүй нь нотлогдсон. 2017-05- 07-ны өдрийн тайлан тоглолтод нийт 165 хүүхэд 87 хувийн ирцтэй хамрагдсан. Тайлан тоглолтонд орж амжихгүй чөлөө авсан 4 хүүхэд, өвчний учир 4 хүүхэд чөлөөлөгдсөн нийт 2016 оноос 2017 оны хичээлийн жилд 173 хүүхэд оролцож 94 хувийн ирцтэй суралцаж төгссөн. Б.Хгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Х ажлаасаа халагдсаныхаа дараа тус ордны дугуйлангуудад бүртгэлгүй болон бусад 70 гаруй хүүхдийн эцэг эх болон хүүхдүүдийг ятган турхирч цахим хэлбэрээр болон телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгууллагын нэр хүндэд халдсан хууль бус худал мэдээлэл тараасан. Энэ үйл ажиллагаандаа насанд хүрээгүй хүүхдүүдийг ашигласан нь өөрөө хүүхдийн эрхийн ноцтой зөрчил юм. Б.Х нь байгууллагыг 213 хүүхдийн эрхийг зөрчсөн гэж гүтгэсэн гомдлыг харьяалах дээд байгууллагуудад хүргүүлсэн болон олон нийтийн Стар, МТV, ЕТV-үүдэд тараан цацсан. Захирал Б.Цэнгэлмааг хууль бусаар ажлаас халсан, ажлаас халсан тушаалаа буцаасан гэх мэтээр олон нийтийн хэвлэл мэдээллийг ашиглан тараасан нь байгууллагын нэр хүндэд халдсан ноцтой үйлдэл гэж үзэхээр байна. Түүнчлэн Б.Цэнгэлмаа захирлыг нотлох баримтгүйгээр ажлаа мэддэггүй хэмээн хувь хүнийх нь нэр хүндэд мөн халдсан байдаг. Монголын Хүүхдийн Ордны нэр хүндэд халдсан үйлдлийг тогтоолгож, нэр төрийг сэргээлгэх, нэр төрийн хохирол 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Монголын Хүүхдийн Ордны удирдлагыг гүтгэсэн зүйл байхгүй. Мөн нэр хүндэд халдсан нэр хүндийг хохироосон зүйл огт хийгээгүй. Намайг ажлаас халагдсан гэдгийг сурагчид дуулаад аав ээждээ хэлснээр үл ойлголцол бий болж хэвлэл мэдээлэлд хандсан байсан. Би тэд нарыг хандаад өгөөч гэж огт хэлээгүй. Холбогдох байгууллагад хандсан асуудлууд нь зөвхөн эцэг эхчүүдийн санаа байсан. Телевизүүдээр 2 багш халлаа, халсан багш нараа буцаан авлаа гэсэн мэдээллүүдийг би өгөөгүй гэдгээ тухайн үед тодорхой хэлж байсан. Мөн ямар үндэслэлээр яаж хохироод 10 000 000 төгрөг нэхэмжилж буй нь тодорхойгүй байна. Монголын Хүүхдийн ордны эрх эсхүл иргэн Б.Цэнгэлмаагийн эрх аль нь зөрчигдсөн хэн аль нь хэдэн төгрөгөөр хохироод байгаа зэрэг нь ойлгомжгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02436 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан Б.Хг Монголын Хүүхдийн ордны багшийн албан тушаалд эгүүлэн томилж, хариуцагчаас 4 605 404 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Хгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монголын Хүүхдийн ордноос 88.636 төгрөгийг гаргуулж улсын орлогод, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Д.Эрдэнэцэцэгт олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2018/00026 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагчийн өмгөөлөгч нар хяналтын гомдолдоо: Шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчлөө. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо сөрөг нэхэмжлэлд захирал Б.Цэнгэлмаа гэж дурдсан бөгөөд захирлын нэр төр сэргээлгэх, хохирол гаргуулах шаардлагыг хариуцагч гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Б.Хгийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч нь “М” НӨТБ бөгөөд сөрөг нэхэмжлэлийг хариуцагчийн төлөөлөгч гаргасан байдаг. “М” НӨТБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг нь 2017.09.08-ны өдөр Б.Хд холбогдуулан байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаснаар шүүх хуралдааныг хойшлуулахдаа “байгууллагын нэр хүндтэй холбоотой” гэдэг утгаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан байдаг. Хэдийгээр “М” НӨТБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ “захирал Б.Цэнгэлмааг хувь хүнийх нь нэр хүндэд мөн халдсан” гэж бичсэн нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлан дэмжсэн агуулга болохоос бүхэлдээ Б.Цэнгэлмаа гэдэг хувь хүний нэр төр сэргээлгэх, хохирол гаргуулах шаардлага биш юм. Энэ нь сөрөг нэхэмжлэлд “...байгууллагын ажил хэргийн нэр хүндийг хохироож унагаасан...” гэж тодорхой дурдсан болон шүүх хуралдааны явцад байгууллагын нэр хүндтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаж буйгаа тодорхой илэрхийлснийг шүүх анхаарч үзээгүй байна. Мөн Иргэний хуулийн 27.6-д “Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна” гэж заасан бөгөөд сөрөг нэхэмжлэлд Иргэний хуулийн 21-р зүйлийг дурдан шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлсоныг буруутгах үндэслэлгүй юм. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь шүүхийн үүрэг бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан хэлсээр байхад төлөөлөх эрхгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэрлээгүй орхигдуулсан буюу хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнийг зөвтгөн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх нь хэргийн үйл баримтыг буруу үнэлж дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Захирлын 2017.03.20-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар Б.Хд сахилгын хариуцлага тооцсон буюу сахилгын шийтгэлтэй байсан үйл баримтыг үнэлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Б.Х захирлын 2017.03.20-ны өдрийн Б/38 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлтэй маргаагүй, тушаал гарсан даруй байгууллагын хурлаар хэлэлцэж танилцуулан, цалинг бууруулан тооцсон буюу энэ тушаал хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа. Б.Хгийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйтэй холбоотойгоор 2017.03.31-ний өдрийн захирлын зөвлөлийн хурлаар давтан зөрчил гаргасанг хэлэлцэн тогтоож захирлын 2017.04.03-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг агуулгаар нь тайлбарлан, мөн хуулийн 131.3-т зааснаар тушаал гаргасан хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Хэрэгт цугларсан үйл баримтаар сахилгын зөрчил давтан гаргасан нь тогтоогдсон. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Х нь М НӨБТ-д холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаж, бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахыг шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч /хх 18-22/ 2017-09-08-ны өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж, Монголын Хүүхдийн ордны нэр хүндэд халдсан Б.Хгийн үйлдлийг тогтоолгож, нэр төрийг сэргээлгэх, нэр төрийн хохирол 10 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд, ийнхүү шийдвэр гаргахдаа “...үндсэн цалинг гурван сарын хугацаатай 20 хувиар бууруулах 2017-03-02-ны өдрийн Б/38 тоот тушаалыг дотоод журмын 11.6-д заасны дагуу Б.Хд танилцуулаагүй...сахилгын ноцтой зөрчил гэх үндэслэлгүй... сөрөг нэхэмжлэл нь захирлын нэр төр сэргээлгэх, хохирол гаргуулах шаардлага байна...” гэсэн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байв.
Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “... шүүх сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэлгүй дүгнэлт хийсэн...мөн ажилтан давтан зөрчил гаргасан байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу...” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Ажил олгогч 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 52 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, дотоод журмын 11.1.1, 11.1.3, 11.1.4, 11.1.13, 11.2 дахь хэсгийг баримтлан, “...хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах ноцтой алдаа гаргасан, шаардлагатай мэдээллийг БНЭУ-ын элчин сайдын яаманд хугацаанд нь хүргүүлээгүйгээс байгууллагад хохирол учруулсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлж, ажлын хариуцлага алдсан...” гэх үндэслэлээр Б.Хг бүжгийн багшийн ажлаас халжээ.
Хариуцагчийн тушаалын үндэслэл нотлогдоогүй буюу ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн аль үндэслэлээр халсан нь тодорхойгүй байна.
Хоёр шатны шүүх Б.Хгийн нэхэмжлэл, зохигчийн тайлбарын талаар хэрэгт буй баримтын хэмжээнд нэг бүрчлэн дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул үндсэн нэхэмжлэлтэй холбоотой хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
2. Сөрөг нэхэмжлэлтэй хэргийг шүүх хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй байгаа хэдий ч энэ нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхой байгаагаас гадна шаардлагыг эрх бүхий этгээд гаргасан тул сөрөг нэхэмжлэлтэй хэргийг шүүх хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийг баримталсан нь буруу юм. Харин сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй байна.
Б.Х бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахыг шаардсан, харин хариуцагч нэр төр сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
Нэр төр сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохооргүй байх тул шүүх сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээв.
Хариуцагч нь байгууллагын ажил хэргийн нэр хүнд, нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг дахин гаргахад шүүх Б.Хг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02436 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2018/00026 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ