Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2025/ХШТ/117

 

Э.Б, Н.Б-т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ц.Оч, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Д.Оргил, хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, иргэний нэхэмжлэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, С.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б-т нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1585 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1058 дугаар магадлалтай Э.Б, Э.Б-т нарт холбогдох 2506 00000 0099 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Д.Оргил, иргэний нэхэмжлэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ж.Ганболд, С.Мягмарсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, 1998 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 761 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 711 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусаж, суллагдсан,

Б овгийн Э-ын Б (РД: ...);

 

2.Монгол Улсын иргэн, 1997 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдпага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ... хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, “...” хотхоны ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-ын Б (РД: ... ).

 

Холбогдсон хэргийн талаар:

 

1.Шүүгдэгч Э.Б нь ганцаараа:

 

  • 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хохирогч С.А-аас “Toyota Vellfire” загварын тээврийн хэрэгслийг залилж, 27.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хохирогч А.Г-ийн “Iphone 15 pro max”, “iphone 15 pro” загварын гар утсуудыг залилж авсан,
  • 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хохирогч З.А-ийн “Iphone 15 pro”, “Iphone 15 promax” загварын гар утсыг залилж, 5.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2024 оны 09 дүгээр сарын 01- ний өдөр хохирогч А.М-ын “Iphone 15 promax” загварын гар утсыг залилж, 3.679.920 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Б.Г-ийн 00-00УБУ улсын дугаартай “Toyota Crown” загварын тээврийн хэрэгслийг “худалдаж авна” хэмээн итгэл төрүүлж, залилсан,
  • 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч О.Б-ийн “Iphone 16 promax” загварын гар утсыг залилж, 4.350.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Б.У-ын өмчлөлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
  • 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б.Б-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

            2.Шүүгдэгч Э.Б, Н.Б-т нар нь бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Б.Д-ийн гар утсыг худалдаж авахаар уулзаж, “imei кодыг шалгана” хэмээн гар утсыг нь авч машиндаа суугаад, хохирогчийг “урд талын суудалд суучих” гэж хэлж, түүнийг урд суудалд суухаар тээврийн хэрэгслийг тойрч явахад зугтаан залилж, 8.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Э.Б-ыг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Б-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, түүний баривчлагдсан болон цагдан хоригдсон 127 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-ийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-аас 3.750.000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Г-т, 59.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Г-д, 5.800.000 төгрөгийг гаргуулан хохирогч З.А-д, 3.679.920 төгрөгийг гаргуулан хохирогч А.М-д, 2.650.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.А-д, 3.500.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Б-д тус тус олгож,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Toyota Crown” загварын 00-00УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлийг цуцалж, прокурорын “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах” тухай тогтоолыг хүчингүй болгохыг даалгаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Б, хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “... 59.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-д олгож ...” гэснийг “... 40.000.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ж.Д-д олгож ...” гэж, 8 дахь заалтад “Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц AWS********** арлын дугаартай “Toyota Crown” загварын 00-00УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлийг цуцалж, прокурорын “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах” тухай тогтоолыг хүчингүй болгохыг даалгасугай” гэснийг “Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц AWS********** арлын дугаартай “Toyota Crown” загварын 00-00УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалж, хохирогч Б.Г-д олгосугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Д.Оргил хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан байхад анхан шатны шүүхээс 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байх ба энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байхад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр, зөвхөн шүүгдэгчийн давж заалдах шатны гомдлын хүрээнд хянаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Д.Оргил хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Э.Б өмнө нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо болон мөрдөн шалгах явцад өөрийн үйлдсэн хэргүүдээ илчилж, 10 гаруй үйлдлийг мэдүүлсэн байдаг. Үүнээс 3 үйлдлийг шүүхэд шилжүүлээгүй бөгөөд “мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдоогүй” гэдэг үндэслэлээр оруулж ирээгүй байдаг. Миний бие шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцсон. Энэ хугацаанд урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, Э.Б-ын илчилж мэдүүлсэн үйлдлийн талаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст очиж, хэргийг байгаа эсэхийг тодруулж ажилласан. Прокуророос бусад дүүрэг болон аймгууд руу албан бичиг явуулахдаа шүүдэгчийн нэрээр зааж явуулдаг бөгөөд “энэ хүнд холбогдох хэрэг байна уу” гэсэн агуулга бүхий тоот явуулдаг. Энэ албан бичгийн хариу “хэрэг байхгүй” гэж ирсэн. Гэтэл Э.Б нь өөрийн үйлдсэн хэргээ үйл баримтаар нь илчилж мэдүүлсэн ба тэр үйлдлээр очиж үзэхэд хэрэг нь байсан. Иймээс хэрэг нь байсан учраас энэ хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг зарласан, мөн анхан шатны шүүх хуралдаанд ч энэ байр сууриар оролцсон байдаг. Иймд энэ хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна. Учир нь, анхнаасаа энэ хэргийн талаар урьдчилсан хэлэлцүүлэг болон анхан шатын шүүх хуралдаанд мэдүүлж байсан. Энэ хэрэг нь Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн 250900266 дугаартай хэргээр бүртгэгдсэн байсан. Хэрэгт Э.Б-ын лавлагаа авагдсан, Д.Ч-ийн гомдолтой үйл баримтаараа таарч байсан. Энэ хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Төвхүү хяналт тавьж байсан бөгөөд хүсэлт гаргаад прокурортой уулзаж ярилцсан. Мөн энэ хэрэгт хяналт тавьж байгаа прокурор М.Сүхчулуун өөрөө холбогдоод энэ хэргийн талаарх мэдээллийг авсан байдаг. Улмаар анхан шатны шүүх хуралдаанд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс авсан албан бичгийг гаргаж өгсөн бөгөөд цагдаагийн газраас Э.Б-ын нэр дээр тоот гаргаж өгөөгүй, “хэргийн үйл баримттай, Д.Ч-ийн гомдолтой ийм хэрэг байна” гэсэн агуулга бүхий тоотыг гаргаж өгсөн. Үүний талаар прокурор М.Сүхчулуун прокурор Л.Төвхүүтэй энэ хэргийн талаар мэдээлэл солилцсон. Миний бие 60 хоногийн хугацаа авч, хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг авч хэлэлцэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүгдэгч Э.Б-ын хувьд гэм буруугийн талаар болон хохирол төлбөрийн талаар маргаагүй. Иймээс цааш шүүх хуралдаан үргэлжилж, гэм буруугийн талаар маргахгүйгээр шүүх хуралдаанд оролцсон ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулсан. Шүүгч шүүх хуралдаанд тогтоолыг уншиж танилцуулсны дагуу шийтгэх тогтоол гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялын дээд хэмжээг 1-ээс 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх зохицуулалттай. Гэтэл 6 сарын хорих ял оногдуулсан нь шүүх хэт яллах талыг баримталсан байна гэж үзсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ж.Ганболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “... зөрчигдсөн эрхийг сэргээх нь Эрүүгийн хуульд заасан “гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах” зохицуулалтад нийцэж, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангана гэх үндэслэлээр гэмт хэргийн объект болсон тээврийн хэрэгслийг биет байдлаар нь хохирогч Б.Г-ийн эзэмшилд шилжүүлэхээр өөрчилсөн.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу “... Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан ...” гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн Ж.Д нь ямар нэгэн байдлаар гэмт хэргийн замаар олсон орлого гэдгийг мэдээгүй.

2.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.

Монгол Улсын дээд шүүхийн тогтоол нь энэ зүйлийн 90.1-д заасан “шударга эзэмшигч” гэдэгт мөн зүйл, хэсэгт заасан этгээдээс гадна өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож, эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хууль бус эзэмшигчийг хамааруулж болно гэж тайлбарласан.

Ж.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 26-нд 00-00УБУ улсын дугаартай шүүгдэгчийн нэр дээрх “Toyota Crown” загварын тээврийн хэрэгслийг 40.000.000 төгрөг төлөөд худалдаж авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймээс иргэний нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан шударга өмчлөгч болно.

3.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалаар шударга эзэмшигч нь өөрийн эзэмшилдээ байгаа эд хөрөнгөө ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учирч байгаа тул Ж.Д нь уг саадыг арилгуулахаар шаардах эрхтэй болно.

Давж заалдах шатны энэ дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу “... Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан ...” нь тогтоогдоогүй, мөн үндэслэлгүй учир иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг, үлдэх мөнгөн дүнгээс хохирогчийн хохирлыг барагдуулах нь Эрүүгийн хуулийн зорилтыг хангана гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг мэдсээр байж авсан үйл баримт тогтоогдоогүй байх тул тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ж.Д-д олгож шийдвэрлэсэн байдаг. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “шударга ёсны зарчимд нийцнэ” гэж амаар хууль зүйн үндэслэлээ тайлбарласан бөгөөд бичгээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцнэ” гэсэн үндэслэлээр тээврийн хэрэгслийг хохирогчид хохирогчид олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн энэ дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна. Учир нь, хохирогч мөнгөө аваагүй байж тээврийн хэрэгслийнхээ өмчлөх эрхийг бусдад шилжүүлснээс болж иргэний нэхэмжлэгч хохирогч, хууль ёсны дагуу шударгаар олж авсан хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй болсон. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрүүтэй тайлбарласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн агуулгыг тодруулж харахад нэн тэргүүнд иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд үүнийг шударга ёсны зарчимд нийцнэ. Иймд хүчин төгөлдөр хэлцлийг, хүчин төгөлдөр бус болгох боломжгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Оюунбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. “Э” ХХК-ийн бартераар авсан эд хөрөнгө болох автомашиныг шүүгдэгч Э.Б нь залилан мэхэлж авсан. Шүүгдэгч Э.Б нь урьдаас судалж байгаад “нэг өдрийн өмнө, хоёр өдрийн өмнө энэ тээврийн хэрэгслийг авъя, мөнгийг нь төлөөд авна” гэж хэлээд авсан. Өөрөөр хэлбэл, Централ тауэрийн кофе шопод “чи сууж бай, би эгчээсээ очоод мөнгийг чинь аваад ирье” гэж хэлээд мөнгийг нь төлөхгүйгээр автомашиныг аваад явсан бөгөөд хүлээгээд ирэхгүй болохоор нь араас нь залгахад “би машиныг чинь аваад явсан шүү, мөнгийг шилжүүллээ” гэж хэлээд шилжүүлгийн хуурамч баримт өгсөн. Улмаар маргааш өглөө мөнгө орж ирэхгүй байхаар нь залгахад утсаа авахгүй байхаар нь автомашиныхаа бүртгэлийг үзэхэд өглөө эрт Ж.Д-д худалдсан байсан. Ж.Д-д худалдахдаа 20.000.000 төгрөгийг нь авсан, үлдэгдэл 20.000.000 төгрөгийг авсныг нотлох баримт хэрэгт байхгүй. Ж.Д нь “40.000.000 төгрөг өгсөн” гэдэг боловч 20.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн талаарх нотлох баримт байхгүй. Мөн Ж.Д нь автомашины ченж хийдэг. Энэ нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтаар, Иргэний хуулийн 228, 497, 106 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар хохирогч Б.Г-д буцаан өгч, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлын асуудал. Өөрөөр хэлбэл, автомашиныг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7, 8 дахь заалтад өөрчлөлт оруулж, автомашиныг автомашинаар гаргуулж өгсөн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хөрөнгө орлогыг хураах талаар гомдол гаргадаг. Өөрөөр хэлбэл, автомашинаа өгсөн хүн буцаагаад автомашинаа авч байгаа юм. Харин Ж.Д-ийн хувьд бусдаас залилж авсан тээврийн хэрэгслийг хагас төлбөрөөр нь авсан. Харин хохирогч болон шүүгдэгч нар нь тухайн тээврийн хэрэгслийн үнийг 59.000.000 төгрөгөөр тохирсон. Гэтэл Ж.Д нь тухайн тээврийн хэрэгслийг 20.000.000 төгрөгөөр худалдан авч, өөртөө ашиг гаргасан байх магадлалтай. Иймээс хохирогч Б.Г нь шударга өмчлөгч, харин Ж.Д нь бусдын гэмт хэрэг үйлдэж авсан эд хөрөнгийг хямд үнээр худалдаж авсан байна. Иймд давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Д хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Би “Toyota Crown” загварын тээврийн хэрэгслийг 40.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Авахдаа 20.000.000 төгрөгийг дансаар, 20.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Шүүгдэгч Э.Б “бүгдийг нь надад бэлнээр өгөөч” гэхэд нь би “үгүй, дансаар ямар ч байсан шилжүүлнэ” гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний хууль ёсны өмч тул чөлөөлж өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Г хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Автомашинаа буцааж авах хүсэлттэй байна” гэв.

 

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Э.Б-ын үйлдсэн бусадтай бүлэглэн болон ганцаараа залилах, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргүүдийг, шүүгдэгч Н.Б-т нь бусадтай бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Хэргийг уншиж танилцахад, хууль буруу хэрэглэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлж болохоор дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар хуульчлаагүй буюу торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан. Түүнчлэн зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээ нь 3 сарын хугацаатай байхад шууд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль буруу хэрэглэсэн гэх нөхцөл болж байна. Шүүгдэгч Э.Б-ын үйлдсэн гэмт хэргийн цаг хугацааны байдалд дүгнэлтийг дараах байдлаар тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ болон анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч өөрийн үйлдсэн бусад гэмт хэргийн талаар хүлээн мэдүүлж, шалгуулах талаар хүсэлт гаргаж байсан ба давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн үйлдэлд, Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа нь шүүхээр хянан шийдвэрлэгдсэн энэ хэргүүдийн хамгийн сүүлийн цаг хугацаанаас өмнө байна. Үүнээс дүгнэхэд, шүүгдэгчийн одоо эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан байгаа үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн” гэдэг нь нэг төрлийн буюу үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох хэд хэдэн үйлдэлд шууд хамаарахгүй, харин өөр өөр төрлийн буюу нийлмэл гэмт хэрэгт хамаарах үндэслэл болох талаар хяналтын шатны шүүхийн тогтоолоор жишиг тогтоож шийдвэрлэж байсан байна. Мөн хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Э.Б нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон байж болзошгүй буюу өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг “1xbet” тоглоом тоглох, өөрийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулах, гадаад улсад зорчих зэргээр хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд үүнд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлд анхаарах шаардлагатай байна. Иймд хэргийн зүйлчлэлд нөлөөлөх нөхцөл байдал байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Д.Оргил болон иргэний хариуцагч Ж.Д-ийн өмгөөлөгч Ж.Ганболд, С.Мягмарсүрэн нарын гаргасан гомдлоор Э.Б, Н.Б-т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

2.Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн нь энэхүү хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх үндэслэл болсон бөгөөд хэргийг хянахад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэж, дараах дүгнэлтийг хийж байна.

 

2.1.Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Д.Оргил хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан байхад анхан шатны шүүх 6 сарын хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байна ...” гэжээ.

 

Хүний эрх, эрх чөлөөг хуулиар бэхжүүлэн хангах, хуулийг нэг мөр, хэлбэрэлтгүй сахин биелүүлэх, зөв хэрэглэх нь хууль дээдлэх ёсны агуулга болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан нь энэхүү зарчмын илэрхийлэл юм.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж хууль ёсны зарчмыг тодорхойлсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэгт 450 нэгжээс 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгон оногдуулахаар заасан буюу хууль тогтоогч тухайн зүйл, хэсэгт хорих ял оногдуулахаар хуульчлаагүй.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хуулийн тодорхой заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэгт байхгүй ял оногдуулсан алдааг зөвтгөн залруулахын оронд “... Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох, хорих ялын төрлүүдээс … хорих ялыг сонгон оногдуулсан нь үндэслэлтэй …” гэж дүгнэн хэвээр үлдээж, хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй байх ба энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2.2.Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Д.Оргилоос “... эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулах ...” талаар гаргасан саналыг мөн хүлээн авч, шийтгэх тогтоол магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

А.Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог бол шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол тус тусын хэргүүдэд нь ял оногдуулж, нэмж нэгтгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан байдаг.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн ижил төрлийн буюу нэг зүйл, хэсэгт холбогдох хэргүүдийг нэг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлүүлэх нь шүүхээр ял шийтгүүлсний дараа өмнө үйлдсэн нэг ижил төрлийн хэрэг илэрч, нэмж ял шийтгүүлэхгүй байх боломжийг бий болгодог.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой боловч энэ нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлэх хүсэл зоригоос хамаарна.

 

Сэжигтэн, яллагдагч нь нэг ижил зүйл, хэсгээр зүйлчлэгдэх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдүүлсэн, энэ талаарх мэдээлэл, баримтыг гарган өгсөн тохиолдолд прокурор тэдгээр үйлдлүүдийг нэгтгэж, нэг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлүүлэх үүрэгтэй ба энэ хүрээнд ял оногдуулах нь гагцхүү гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шударгаар ял оногдуулах зорилгод суурилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байхад чиглэнэ.

 

Б.Шүүгдэгч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр сэжигтнээр, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар “... Циркийн хажуу талд байрлах Орос 3 дугаар сургуулийн урд талын ... өнгийн ... давхар байранд хоногоор байр түрээслээд, “утас зарна” гэсэн зарын дагуу хүн рүү яриад “Iphone 16 pro max гар утас нэгийг авъя” гээд дуудаж уулзаад, гэртээ оруулж ирээд “Та энд байж байгаарай, би мөнгийг нь аваад ирье” гэж хэлээд гар утсыг нь аваад явсан ...” (1 дүгээр хавтаст хэргийн 64-66, 3 дугаар хавтаст хэргийн 79 дэх тал) гэж прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаагүй гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдүүлж байжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс дээрх хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцаах, мөн хэргийг 60 хүртэлх хоногоор хойшлуулах талаар хүсэлт гаргахдаа мэдүүлэгт дурдсан хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа талаарх албан бичиг (4 дүгээр хавтаст хэргийн 99 дэх тал)-ийг гарган өгсөн боловч анхан шатны шүүх “хүсэлтийнхээ үндэслэлийг тогтоох баримтыг шүүхэд ирүүлээгүй” үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан, давж заалдах шатны шүүхэд Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн прокурорын газруудаас Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолуудыг гарган өгсөн боловч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй” хэмээн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн үйлдсэн бусад хэргүүдээ илчлэн мэдүүлж, прокурор, шүүхийн шатанд өөрт холбогдох ижил зүйл, хэсгээр зүйлчлэгдэх хэргүүдийг нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн бол түүний өмгөөлөгчийн зүгээс холбогдох баримтуудыг боломжит хэмжээнд гарган өгсөөр байжээ.

 

Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, эрх зүйн байдал нь дордох нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Д.Оргилын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэл ийнхүү хангагдаж байгаагаас гадна прокурорын хэлсэн хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

2.3.Эрүүгийн эрх зүйд үйлдэл, эс үйлдэл нэг гэмт хэргийн шинжээр эхэлж, өөр гэмт хэргийн шинжийг ханган төгсөх буюу нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт хүндэрч шилжих тохиолдол гардаг.

 

Нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт шилжихэд эхний гэмт хэрэг төгсөөгүй байхад дараагийн гэмт хэрэг эхэлсэн байх, сүүлд үйлдэгдсэн гэмт хэрэг нь эхний гэмт хэргээс ямагт хүнд байх шинжийг агуулсан байх ёстой.

 

Өөрөөр хэлбэл, эхний гэмт хэрэг төгсөхөөс өмнө сайн дураараа татгалзаж өөр гэмт хэрэг үйлдсэнийг гэмт хэрэг шилжих ойлголтоос ялган зүйлчлэх ёстойгоос гадна болж анх үүссэн гэмт санаагаар нь өнгөрсөн үйл явдлыг бүхэлд нь дүгнэж хэрхэвч болохгүй.

 

Тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, шүүгдэгч Э.Б, Н.Б-т нар нь бүлэглэн хохирогч Б.Д-ийн гар утсыг худалдан авахаар ярилцаж, “кодыг нь шалгана” хэмээн утсыг авч машиндаа суун хохирогчийг машинд нь суухаар явж байх үед зугтсан,

шүүгдэгч Э.Б нь ганцаараа хохирогч О.Б-ийн гар утсыг худалдаж авна хэмээн өөрийн жолоодон явсан машиндаа суун үзэж байх үед араас нь машин ирэхэд “урагшлаад зогсоодохъё” гэж хэлээд зугтсан,

мөн хохирогч З.Алтантуяагийн гар утсыг худалдаж авна хэмээн ярилцаж, машиныхаа цонхоор утсыг үзэхээр авч зугтсан үйл баримт тогтоогддог.

 

Дээрх үйлдлүүдийн хувьд хоёр шатны шүүх шүүгдэгчийн хохирогч нараас гар утсыг шилжүүлэн авч байгаа арга, үр дагавар гарахын өмнөх үйлдэлд илүү анхаарснаар гэмт хэргийн шилжилт буюу өмчлөх эрхийн эсрэг өөр гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байна.

 

3.Дээрх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн давтамж, арга, хувийн байдал, хохирлын хэмжээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.Б-т урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Э.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

4.Иргэний хариуцагч Ж.Д-ийн өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн нар хяналтын шатны шүүхэд “... Ж.Д нь автомашины шударга өмчлөгч мөн ...” хэмээн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.

 

Хэргийн нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Э.Б нь хохирогч Б.Г-ийн 00-00УБУ улсын дугаартай “Toyota Crown” загварын тээврийн хэрэгслийг 59.000.000 төгрөгөөр худалдан авна хэмээн залилан өөрийн нэр дээр шилжүүлэн авч, Ж.Д-д 40.000.000 төгрөгөөр худалдсан нь хөдөлбөргүй нотлогдсон байна.

 

Анхан шатны шүүх тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ж.Д-д шилжүүлж, шүүгдэгч Э.Б-аас 59.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Г-д олгохоор шийдвэрлэхдээ өмчийн эрх зүйд холбогдох Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээг удирдлага болгосон бол давж заалдах шатны шүүхийн хувьд дээрх шийдлийг үгүйсгэж, тээврийн хэрэгслийг Б.Г-д шилжүүлж, шүүгдэгчээс 40.000.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ж.Д-д олгох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж дүгнэснээс үүдэн хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийн хооронд илт зөрүү үүсчээ.

 

Иргэний эрх зүйд эд юмсыг хууль ёсоор эзэмших эрхгүй байсан боловч түүнийг шударгаар өмчлөл, эзэмшилдээ олж авсан этгээдийн итгэл үнэмшлийг хамгаалах буюу шударга эзэмшигчийн хамгаалалт хэрэгждэг.

 

Аливаа эд хөрөнгийн эзэмшлийг бий болгоход зохих этгээдээс тухайн хөрөнгийг өөрийн эзэмшилдээ олж авч байгаа байдалд анхаарах буюу эд хөрөнгө олж авч буй үйлдэлд шударгаар хандсан эсэх нь гол шалгуур болно.

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Д-ийн хувьд тухайн автомашиныг Э.Б хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсныг мэдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно …” гэж заасны дагуу түүнийг автомашины өмчлөх эрхийг шударгаар авсанд тооцох учиртай.

 

Иргэний хууль дахь дээрх зохицуулалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг дэх “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэх зохицуулалттай агуулгын хувьд зөрүүгүй, харилцан уялдаа бүхий хэм хэмжээ юм.

 

Иймд Ж.Д нь Э.Б-ыг тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч хэмээн төөрөгдсөн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болохыг мэдээгүйгээс гадна мэдэх боломж байгаагүй учраас түүнийг өмчлөх эрхийг хууль ёсоор хийгдсэн хэлцлийн үндсэнд шударгаар олж авсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхээс хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянах эрх хэмжээний хүрээнд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

5.Хяналтын шатны шүүхээс мөрдөн шалгах болон шүүхийн шатанд дараах алдаа, зөрчил гарсныг энэхүү тогтоолд анхааруулан тэмдэглэв.

 

5.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт хойшлуулшгүйгээр, эсвэл мэдүүлэг өгөгч хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглосон.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан дээрх журмыг зөрчин хохирогч Б.Д (1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал), хохирогч О.Б (1 дүгээр хавтаст хэргийн 139-140 дэх тал), хохирогч С.А (1 дүгээр хавтаст хэргийн 202 дахь тал), хохирогч Б.У (3 дугаар хавтаст хэргийн 101-102 дахь тал) нараас шөнийн цагаар мэдүүлэг авсан байхад хоёр шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, эдгээр мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ.

 

5.2.Хэргийн 1 дүгээр хавтасны 202 дахь талд авагдсан “хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-д хохирогч С.А-ын биеийн байцаалт тэмдэглэгдсэн боловч “Д.Ө” гэх нэрээр гарын үсэг зурагдсан ба Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, мөн оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаартай “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгүүдэд “… хохирогч Д.Ө-аас … залилсан … хохирогч Д.Ө-ын … мэдүүлэг …” гэх зэргээр Д.Ө гэгчийн нэрийг дурдсан нь 2406 03051 0176 дугаартай эрүүгийн хэргийн хохирогч нь Д.Ө, эсхүл С.А нарын хэн нь болох нь тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгосон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1585 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1058 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.Б-т урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

           ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 Ц.ОЧ

 Ч.ХОСБАЯР

                                                                                     Б.ЦОГТ