Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 697

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Батзориг, шүүгч Г.Мөнхтулга, иргэдийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чингис, нэхэмжлэгч Г.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б-А, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н-Э, хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд Г.Б, түүний өмгөөлөгч Д.Х, иргэдийн төлөөлөгч Д.Э нарыг оролцуулан иргэн Г.Х ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Г.Х . 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Хаяг: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө-...

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газрын алба

Хаяг: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө-...

Гуравдагч этгээд: Тайжынхан овогтой Т-н Б .

Гуравдагч этгээд: Боржигин овогтой Ж-ын С 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар “Газар өмчлүүлэх” тухай захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжийн тус тус Т.Б т холбогдох хэсэг, Т.Б ийн 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03259.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ж.С ийн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02856.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 197 тоот захирамжийн Ж.С ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Х  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монгол Улсын иргэн Ч овгийн Г гийн Х миний бие нь 2004 оноос өөрийн өнчин охин С гийн Ө д үхэхээсээ өмнө авч өгье гээд Баянзүрх дүүргийн ..-р хороо Баяндөхөм .. гудамж ... тоот газарт хашаа хатган өмчилж авах хүсэлтээ харьяа газрын албанд удаа дараа гаргах гэхээр газар өмчлүүлэх ажил эхлээгүй байна болоогүй гэх мэт шалтгаан хэлж өргөдлийг маань авахгүй явсаар байгаад 2015 оны намар хашааг маань албадан нураагаад өөр айл буулгасан. Энэ айл ямар учиртай вэ гээд сураглаад очсон чинь 2013 онд Төмөрийн Б  гэдэг хүнд өмчлүүлсэн газар байна гэж хэлсэн. Миний бие нь дээрх газарт 2004 оноос хойш хашаа хатган худаг шуудуу гарган өдий хүртэл арчлан хамгаалсаар ирсэн гэдгийг тэр хавийн бүх айл хүмүүс мэднэ. Гэтэл төрийн нэрээр далайлган улайм цайм луйвар хийн миний өнчин охины газрыг булаан, газар дээр барьсан хашааг минь буулгаж бусдад өгсөнд гомдолтой байна” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр Баяндөхөм ..-... тоотод Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 195 дугаар захирамжаар иргэн Ж.С ид 700 м.кв талбай бүхий газрыг иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших эрх олгосон байна. Улмаар иргэн Ж.С , иргэн Т.Б тай 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ хийж иргэн Т.Б д газар эзэмших эрх шилжсэн байна. 

Иргэн Т.Б д тухайн газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгснийг үндэслэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/598 дугаар захирамжаар 700 м.кв талбай бүхий газрыг өмчилсөн байна. Иргэн Т.Б д газар өмчлүүлсэн нь Г.Х ын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ. 

 Гуравдагч этгээд Т.Б  нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Баянзүрх дүүрэгт амьдардаг ба гэрийн ойр чиглэлд газар авч, алсаараа жижиг үйлдвэрлэл эрхлэх бодолтой байдаг байсан. Ингээд 2010 онд зарлал харан, иргэн С той холбогдсон. Баянзүрх дүүргийн .. дугаар хороо Баяндөхөм ..-... тоот 3 тал хашаатай 700 м.кв газрыг /хоосон/ зарна гэх зараар тохиролцон, С ийн эзэмшлийн газрыг 5.5 сая төгрөгөөр худалдан авахаар болсон. Уг газар дээр С ийн хамт очиход гурван тал модон хашаатай, нэг тал задгай хоосон хашаа байсан. Мөн зэргэлдээ ...а тоотод Х нь ганц гэрээр ганцаараа байсан ба С той мэндлэлцээд, гэрт орж цай уу гэж хүүрнэж байсан. Тэр үед би эхнэр хүүхдүүдтэйгээ явж байсан ба Х нь гэрээс гарч ирээд биднийг хараад “Залуухан хөршүүдтэй болох нь, бас жоохон хүүхдүүдтэй юм” гээд бидний авах газрын зааг болох шон, зурвасыг зааж өгч байсан. Энэ үед С  нь хамт байсан болохоор Хын уг үйлдлийг гэрчлэх болно. Тэгээд 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших, ашиглах, эрх шилжүүлэх гэрээг нотариатаар баталж, 5.5 сая төгрөгийг бэлнээр эхнэр Л.Тын хамт “У и д”-ийн гадаа машиндаа байхдаа өгч, авалцсан. Ингээд бид худалдан авч, би өөрийн нэр дээр өргөдөл гарган Баянзүрх дүүргийн газрын албанаас 03259.. дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Мөн газар өмчлөх эрхийнхээ дагуу хугацаа нь дуусахаас өмнө гээд 2013 оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн Газрын албанд өмчлөх тухай өргөдлөө өгсөн. Уг газарт цахилгааны шугам огт байгаагүй ба 2010 оноос 2015 он хүртэл бид газар дээрээ огт үйл ажиллагаа явуулаагүй ба байнга эргэж тойрч хардаг байсан. Энэ үед Х нь ганц гэрээр байдаг байсан ба зөвхөн мэндтэй төдий байдаг байсан. Бас танай хашааг хардаг гэхдээ хашааны ганц нэг банз сугалагдсан байна гэх мэт харилцан ярилцдаг байсан. Харин 2015 оны 5 сараас цахилгааны өргөтгөл хийгдэж бид цахилгаанд холбогдох боломжтой болсон. 2015 оны 6 дугаар сараас Баянзүрх дүүргийн УБЦТС ТӨХК-тай 572656 тоот гэрээ хийж цахилгаанд холбогдсон. Ингээд би төлөвлөж байсан ажлуудаа хийж эхэлсэн. Газар нь хэвгий, авто замаас нам тул эхний ээлжид хамаатны 3 дүүгийн хамт 3 тал хашаагаа буулгаж, зөөгөөд ойрхон байдаг карьерээс том оврын НOWO машинаар 24 удаа хайрга авч асгуулсан. Мөн ковш машин хөлсөлж тэгшлүүлсэн. 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Ф” ХХК-тай гэрээ хийж, 12*24 хэмжээтэй сэндвичэн агуулах бариулж, 8 дугаар сард “Б-У” ХХК-тай гэрээ хийж НБО, НХ-н газрын зөвшөөрлийн дагуу 40 метр гүний худаг өрөмдүүлж, иргэн Н тай гэрээ хийж, зам талбай, блокон хашаа хийлгэж, иргэн Б-Этэй тохиролцож төмөр хаалга, хашаа хийлгэж, 10 дугаар сард иргэн Штай тохиролцож 5.5*7.5 хэмжээтэй 2 давхар байшин бариулсан болно. Мөн өөрийн зүгээс газраа өндөрлүүлж, тэгшлүүлж, бохирын ёмкость булуулж, 5 насны үрслэгээтэй чацарганын бут 12 ширхэг, нарс 3 ширхэг, гацуур 5 ширхэг нарны эрчим хүч ашиглан цахилгаан, дулаан гарган авах боломжтой бага оврын үйлдвэрлэл судлан дээрх хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж бодож, төлөвлөж байгаа билээ. Иймээс доорх тайлбаруудыг хийж байна. Анх биднийг 2010 онд газар худалдан авч байхад хүлээн зөвшөөрч, хил хязгаарыг зөвшилцөж байсан болно. Мөн манай кадастрыг давж хашаа хатгах гэхэд нь Хын бага хүүтэй нь хамт кадастрын зургийн дагуу хэмжиж, захын цэгүүдийг тогтоож байсан. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр танай газар дээгүүр автотрасс өнгөрч байна гэдэг нь огт үндэслэлгүй болно. Авто зам нь зөвхөн хуучин замаа хуулж, шинээр өргөсгөн зассан болно. Энэ нь бидний газар дээгүүр өнгөрөөгүй, зөвхөн зам руу хэт ойртон барьсан нүүрний эгнээний хашаанд нөлөөлж байсан. Иймээс тухайн айлуудад мэдэгдэл өгсөн. Энэ тухай газрын алба болон тухайн гүйцэтгэсэн замын компаниас тодруулж болно.

Хашааг албадан буулгасан байгууллага байхгүй. Би өөрийн хамаатны 3 дүүгийн хамт /А.Г, Г.Э, Э.Т/ хашаагаа буулгаж Дарь-Эх рүү тээвэрлэж, тэр даруй хайрга асгуулсан. Айл огт буугаагүй. Төрийн нэр барин луйвар хийсэн зүйл огт байхгүй. Зохих хууль, зөвшөөрлийн дагуу хандан 2013 онд өмчлөх шийдвэрийг гаргуулж авсан. Хэн нэгнийг луйвардан, газрыг булаан авсан явдал огт байхгүй. Х нь өндөр настай, хүнээс огт үг сонсдоггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг зайтай. Өөрийн амьдарч, эзэмшиж байсан хашаагаа 2016 онд худалдсан бөгөөд ...., ...а тоотын хороонд орших зайд уулруугаа сунган амьдарч байгаа. Энэхүү газрын зургийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Газрын албаны кадастрын зурагнаас харагдана. Энэхүү газар нь Б  миний өмчилсөн газар бөгөөд үндэслэлгүйгээр өнчин охины нэр барьж, өндөр насаараа түрий барьж, миний газарт халдаж байгаад бидний зүгээс гомдолтой байна. Миний газарт хийгдэж байсан ажлуудын зураг болон гэрээнүүд бусад баримтуудыг хавсаргасан болно” гэжээ. 

Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Баянзүрх дүүргийн газрын албанаас 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 02856.. дугаар бүхий Баянзүрх дүүргийн .. дугаар хороо Баяндөхөм ..-... тоотод байрлах иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр Ж ын С ид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 50 тоот “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулж, захирамжийн дагуу олгосон 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 03259.. тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нэмэгдүүлж байна” гэжээ. 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н-Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй эсэх талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг зааж өгсөн бөгөөд 54 дүгээр зүйлийн 54.1.5 нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамж гаргана гэжээ. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас харахад миний бие нь өндөр настай, олон жил өрх толгойлж өөрийн 8 хүүхдээс гадна том охин нас барснаар үлдсэн өнчин 2 хүүхдийг бодоод 2004 онд Улсын Их Хуралд манай тойргоос нэр дэвшигч гишүүд холбогдох дүүрэг хороодод уламжлан Баянзүрх дүүргийн .. дугаар хороо Баяндөхөм .. гудамж ... тоотын хавьд 3 айлын газар зааж өгснийг би хашаа хатган шуудуу гарган арчлан хамгаалсаар ирсэн. Миний бие дээрх 1 айлын газрыг өөрийн нэр дээр авч үлдэгдэл 1 айлын газрыг өнчин охин С гийн Ө д үхэхээсээ өмнө авч өгье гээд.. Иймээс миний эрх ашиг зөрчиж байгаа дээрх .... захирамжийг хүчингүй болгож миний шударгаар эзэмшиж байсан газрыг маань миний өнчин охинд өмчлүүлэх эрхээр хангаж өгнө үү гэсэн байна. Мөн хэрэгт иргэн С гийн Ө гийн иргэний үнэмлэхний хуулбар авагдсан байх ба 1997 онд төрсөн, одоо 19 настай шүүхэд нэхэмжлэгч байж чадах иргэн байна. Гэтэл иргэн Г.Х  нь өөрөө нэхэмжлэлээ гаргасан, нэхэмжлэлд бичсэнээр нэг бол миний эрх ашиг хөндөгдсөн гээд, нэг бол зээ охиныг нь өмчлүүлэх эрхээр хангаж өгөөч гэсэн байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэхээр байна. Түүнчлэн хэрэгт нэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/173 дугаар захирамжаар 20 дугаар хороо, Баяндөхөм ...-... тоот, 353 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон баримт байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөх боломжгүй юм. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байна. Үүнээс үзэхэд захиргааны хууль бус үйл ажиллагаа байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байхыг хуулиар шаардаж байна. Гэтэл дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх боломжгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”, “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ба нэхэмжлэлээс харахад нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн нь тодорхойгүй, түүнчлэн маргаан бүхий акт нь хуульд үндэслэж гарсан захирамж тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна” гэжээ. 

Нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ... тоот захирамжийн Ж ын С ид газар эзэмших эрх олгосон холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ. 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ж.С  нь “Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Баяндөхөм гэдэг газарт 2007 оноос хашаа хатган 3 жил амьдарч байгаа тул тухайн газрыг өөрийн нэр дээр болгож, шийдвэр гаргаж өгнө үү” хэмээн өргөдөл гаргасан нь дүүргийн Газрын албаны бүртгэл хяналтын дэвтэрт 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэгдсэн байна. Иргэний гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байсан тул Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 197 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн .. дүгээр гудамжны ... тоотод байрлалтай 700 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар иргэн Ж.С ид 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгож шийдвэрлэсэн байна. Маргаан бүхий уг актаар .. дугаар хороо, Баяндөхөмийн .. дүгээр гудамжны ...а тоотод байрлалтай 700 м.кв газрыг нэхэмжлэгч Г.Х ад мөн эзэмшүүлж шийдвэрлэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг заасан ба захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно гэж заажээ. Үүнээс үзэхэд тухайн захиргааны акт хууль бус захиргааны акт байх, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг ойлгохоор байна. Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Г.Х  болон иргэн Ж.С  нарт тус бүрд нь 700 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй байна” гэжээ. 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Б-У нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Ж.С  нь 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 197 дугаар захирамжаар газар эзэмших эрх үүссэн бөгөөд 02856.. дугаар бүхий гэрчилгээ бичүүлж авсан байна. Иргэн Г.Х ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй байна” гэжээ. 

Гуравдагч этгээд Ж.С  нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие 2004 онд иргэн Г.Х  эгч бид 2 хоорондоо ярилцаж Гачууртад очиж газар үзэж байгаад 2 айлын газар авсан нь үнэн. Тухайн үед ойр орчим хоёр талаас 7-8 метр зайтай айлууд байхгүй байсан учраас газрыг ярилцаж байгаад авсан. Хашааны шонг Х эгч авсан. Хашааны гурвын банзыг би өөрөө бүгдийг нь 500 000 – 600 000 төгрөгөөр авсан. Харин хүүхдүүдтэй нь нийлж хашаагаа хамтарч барьсан. Газрынхаа кадастрын зургийг Г.Х  эгч бид 2 явж хүмүүсийг нь авчирч зураг авахуулсан. Өөр өөрсдийн нэр дээр гаргуулж авсан нь үнэн. Энэ хашааны газрыг ёс журмаар нь бүх бичиг баримтыг нь авсан” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Х  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлсэн бөгөөд шүүх маргааны үйл баримтыг хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон бодит нөхцөл байдлыг шинжлэн судалсны үндсэнд “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар “Газар өмчлүүлэх” тухай захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжийн тус тус Т.Б т холбогдох хэсэг, Т.Б ийн 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03259.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ж.С ийн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02856.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын ..-ны өдрийн ... тоот захирамжийн Ж.С ид холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “... маргаан бүхий газрыг олон жил эзэмшин амьдарч байхад Т.Б т өмчлүүлсэнд гомдолтой байна, өрх толгойлсон олон хүүхэдтэй, тус газрыг өөрөө биш бүтэн өнчин зээ охин Ө д эзэмшүүлэх хүсэлтэй байгаа...” гэх, хариуцагч болон гуравдагч этгээдийн талаас “...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан...” гэж маргадаг. Шүүх энэ нөхцөл байдлыг тодруулахад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... маргаан бүхий газрыг зээ охин Өнөрзаяд эзэмшүүлэх гэсэн нэхэмжлэгчийн өөрийнх нь бодол, хүсэл байгаа боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул Өнөрзаягийн өмнөөс нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй...” гэх тайлбарыг хийсэн. 

Иймд нэхэмжлэгч Г.Х , нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тайлбарласан тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч өөрийн эзэмшиж байсан гэх газраас зээ охиныхоо нэр дээр эзэмшүүлэх хүсэлтэй байгаа, маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлж, өмчлүүлсэн нь хууль бус гэж маргаж байгаа боловч зээ охин С.Ө гийн өмнөөс түүний эрх, ашиг зөрчигдсөн гэж маргаагүй, энэ асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгчийг зээ охиныхоо өмнөөс, өөрөөр хэлбэл, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээргүй байна. 

Хариуцагч, гуравдагч этгээдийн талаас нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэх тухайд. Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 6-ний өдрийн 7176 дугаар захирамжаар  нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд хандах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн байна.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/598 дугаар захирамжийг мэдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн талаарх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байх тул хариуцагч, гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

“Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/598 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 50 дугаар захирамжийн гуравдагч этгээд Т.Б т холбогдох хэсэг, Т. Б ийн 2011 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 03259.. дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд.

2010 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн гэрээ  болон газрын албанд гаргасан хүсэлтээр гуравдагч этгээд Ж.С  нь гуравдагч этгээд Т.Б т газар эзэмших эрхээ шилжүүлснийг үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээг Т.Б ийн нэр дээр шилжүүлж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 2 дугаар сарын 7-ний өдрийн 50 дугаар захирамжаар газар эзэмшигчийн нэр шилжсэн байна. 

Нэхэмжлэгч Г.Х  тус газрыг гуравдагч этгээд Т.Б ийн эзэмшилд шилжсэний дараа буюу 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн газраа худалдсанаа дурдаж, ахуй, амьдралыг нь харгалзан амьдарч буй газрыг нь түүнд эзэмшүүлэхийг хүссэн хүсэлтийг  гаргаж байжээ. 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2016 оны архивын зураг  болон нэхэмжлэгчийн хүсэлтэд хавсаргасан зураг дахь нэгж талбарын дугаар, байршил зөрүүгүй, тус газар нь гуравдагч этгээд Т.Б ийн газартай давхцалгүй байна. 

Ж.С оос газар эзэмших эрхээ Т.Б т шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд улмаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн Засаг дарга газар өмчлөх өргөдлийг хүлээн авч тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасан эрхийнхээ хүрээнд маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Т.Б т өмчлүүлсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй юм. Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан бөгөөд маргаан бүхий газрыг хуульд заасны дагуу бусдад эзэмшүүлж, өмчлүүлсэн захиргааны байгууллагыг буруутгаж, гэрчилгээгүйгээр олон жил амьдарч байсан учраас тухайн газрыг эзэмших эрхтэй, улмаар зээ охиндоо эзэмшүүлэх хүсэлтэй гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Тус газрыг эзэмшиж байсан Ж.С оос гуравдагч этгээд Т.Б т шилжүүлсний дараа 2015 онд нэхэмжлэгч Г.Х  газар эзэмших хүсэлт гаргаж өөрийн бусдад худалдсан болон Т.Б ийн эзэмшлийн газрын дунд байрлах одоо амьдарч байгаа 353 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг авсан болохыг дурдах нь зүйтэй юм. 

Захиргааны байгууллагаас гуравдагч этгээд Т.Б т маргаан бүхий газрыг эзэмшүүлж, өмчлүүлсний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул “Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/598 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 50 дугаар захирамжийн гуравдагч этгээд Т.Б т холбогдох хэсэг, Т. Б ийн 2011 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 03259.. дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

“Ж.С ийн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02856.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ... тоот захирамжийн Ж.С ид холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлагын тухайд. 

Ж.С ид 02856.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 195 дугаар захирамжийг үндэслэн олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргаж, 34 дүгээр зүйлийн 34.1-д “уг шийдвэрийг үндэслэн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоно” гэсэнтэй нийцэж байна.  

Харин хэрэгт нотлох баримтаар авагдсан 195 дугаар захирамжийн хавсралтад Ж.С ийн нэр байхгүй бөгөөд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “...захирамжийн дугаарыг 197 гэхийг 195 гэж бичсэн техникийн шинжтэй алдаа бөгөөд энэ нь Ж.С ид олгосон 02856.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй... ” гэжээ. 

Ж.С ийн 02856.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Т.Б т шилжсэнээр хүчингүй болсон тул түүний газар эзэмшихтэй холбоотой эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй хэдий ч “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 197 тоот захирамжийн Ж.С ид холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан түүнийг гуравдагч этгээдээр татсан. Тэрээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...2004 онд иргэн Г.Х  эгч бид 2 хоорондоо ярилцаж Гачууртад очиж газар үзэж байгаад 2 айлын газар авсан нь үнэн, тухайн үед ойр орчим хоёр талаас 7-8 метр зайтай айлууд байхгүй байсан учраас газрыг ярилцаж байгаад авсан, газрынхаа кадастрын зургийг Г.Х  эгч бид 2 явж хүмүүсийг нь авчирч хийлгэсэн, ... газрыг тусгаарлахгүйгээр нийтэд нь хашаалж хамт амьдарч байсан, гэхдээ тус бүрдээ хашааны газар эзэмших талаар ойлголцсон байсан...” гэжээ.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд газар эзэмших тухай хүсэлт гаргах харилцааг зохицуулж, 32.2-д тусгайлан заасан бүрдүүлбэрийг хангаж газар эзэмших хүсэлтийг тухайн шатны Засаг даргад гаргах хуулийн зохицуулалттай. 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн Газрын албаны 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 10/570 тоот албан бичигт  “...иргэн Г.Х , С.Ө нар нь тус байршилд газар хүссэн хүсэлтийг Газрын албаны архив, албан хэрэг хөтлөлтийн программ, ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт шүүж үзэхэд өргөдөл гаргаж байсан тухай бүртгэл алга байна” гэжээ. Мөн гэрч П.А ын мэдүүлэгт “... гэрчилгээ олгохгүй байна гэсэн болохоор ... ээжтэй хамт нэг удаа очиж байсан, ... өргөдлийг хүлээж аваагүй, дахиж очиж байгаагүй..” гэснийг дурдах нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч тус газрыг эзэмших хүсэлтээ хуульд зааснаар гаргаж байсныг тогтоох боломжгүй байна.

Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг болон хэргийн оролцогчдын талбараас дүгнэхэд Г.Х ын эзэмшиж байсан гэх газар нь гурван айлын хашаанд хуваагдсан байдалтай, гуравдагч этгээд Т.Б ийн өмчлөлийн газар хамгийн захад байрлалтай, харин нэхэмжлэгчийн амьдарч байгаа газар нь ертөнцийн зүгээр зүүн талд нь байрлалтай ба түүнтэй залгаа байрлах 700 м.кв газрыг Г.Х  эзэмшин өмчилж байгаад бусдад худалдсан байх тул хуулийн дагуу Т.Б ийн эзэмшил өмчлөлд шилжсэн маргаан бүхий газрыг эзэмших ёстой гэж маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн өмчилж байгаад худалдсан газар нь Ж.С ийн эзэмшиж байгаад хуульд заасны дагуу Т.Б т шилжүүлсэн газартай давхцалгүй, хэмжээ, байршлын хувьд маргаангүй болох нь хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний 2/1747 тоот албан бичиг, 2010, 2012, 2016 оны Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн архивын мэдээллээр тогтоогдож байна. 

Мөн хавтаст хэрэгт авагдсан 2010 онд Ж.С оос Т.Б т маргаан бүхий газрыг шилжүүлэх үеийн газрын кадастрын зургаас  дүгнэхэд тус газартай залгаа хашаалсан талбай байхгүй харин хэсэг хоосон газрын цаана хашаалсан газар нь 2014 онд Т.Б ийг маргаан бүхий газрыг өмчлөх үеийн кадастрын зурагт өөрчлөгдөөгүй, хоосон хэвээр байна. Хаягжилт тэмдэглэгээний хувьд Т.Б ийн газар дээр ..., дараагийн хашаалсан газарт ...а гэсэн байх ба Г.Х ын газар худалдсан гэрээнд  “...а тоот 700 м.кв газар” гэж бичсэн зэргээс үзэхэд Г.Х , Ж.С  нар анх газар эзэмшихийг хүсэж хашаалсан газартаа тус бүрдээ 700 м.кв газрыг хуулийн дагуу эзэмшсэн байх ба тухайн газрууд нь ямар нэгэн давхцалгүй байна. 

Иймд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг ... зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу Ж.С ийн 2010 оны 02856.. дугаар бүхий эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан газрыг нэхэмжлэгч Г.Х  эзэмших эрхтэй болох нь тогтоогдохгүй байх тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.         

Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 197 тоот захирамж нь газар эзэмшүүлэх эрх олгох, баталгаажуулах тухай Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэж гарсан ба захирамжийн хавсралтын 171-д Ж.С ийн нэр байгааг дурдах нь зүйтэй бөгөөд захирамжийн дугаарыг 195 гэж бичиж техникийн алдаа гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл болохгүй юм.   

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Х ын “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар “Газар өмчлүүлэх” тухай захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжийн тус тус Т.Б т холбогдох хэсэг, Т.Б ийн 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03259.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ж.С ийн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02856.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 197 тоот захирамжийн Ж.С ид холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Х ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ДОЛГОРСҮРЭН

                  ШҮҮГЧИД                               М.БАТЗОРИГ 

                                                                   Г.МӨНХТУЛГА,